Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогтохын Гандиймаа |
Хэргийн индекс | 102/2018/04346/И |
Дугаар | 102/ШШ2019/00267 |
Огноо | 2019-01-21 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2019/00267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХХК
Хариуцагч: Б.Б
Гэм хорын хохиролд 41,438,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Д
хариуцагчийн төлөөлөгч Ө.П
хариуцагчийн өмгөөлөгч Б.Б
иргэдийн төлөөлөгч Ч.Ад
нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
Нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Э 2017 оны 12 сарын 22-ны өглөө 08:30 цаг орчимд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15-р хорооны 109 байрнаас Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал Тауэрт байрлах ажилдаа явганаар ирж явах замд гарцаар гарч явахад замаар явж байсан 17-44 улсын дугаартай автобусны жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 7.6, 2.3а заалтуудыг зөрчиж, явган хүний гарцан дээр мөргөж, түүнд хүнд гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан. Ажилтан маань зам тээврийн осолд орсноор Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” гэмтсэн тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасны дагуу эн ослыг үйлдвэрийн осолд тооцож, акт тавигдсан. Мөн жолооч Б.Бын буруутай энэ үйлдлийн улмаас манай ажилтан Ц.Эгийн бие махбод, эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирч, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 6 сарын 20-ны өдөр 54814 тоот шийдвэр болон актаар хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан болох нь тогтоогдсон. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ажил олгогч 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхөөр заасны дагуу дээрх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актуудыг тус тус үндэслэн “Э” ХХК-ийн Ерөнхийлөгч 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар ажилтан Ц.Э ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан байх тул түүнд 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 41,438,375 /дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин найман мянга гурван зуун далан1 тав/ төгрөгийн нөхөн төлбөр олгох тушаал гарган, 2018 оны 8 дугаар сарын 31 -ны өдөр тус нөхөн төлбөрийг олгосон. Иймд зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээд болох Б.Боос, компанийн Ц.Эд олгосон нөхөн төлбөр болох 41,438,375 /дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин найман мянга гурван зуун далан тав/ төгрөгийг төлүүлж, компанийг хохиролгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Даваабилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн хангамж гэрээний үйл ажиллагааны ажилтан Ц.Э 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 8 цаг 30 минутын орчим гэрээсээ гарч ажилдаа явах замдаа зам тээврийн осолд орж, хүнд гэмтэл авсан. Тухайн ослыг үйлдсэн Б.Б гэх автобусны жолоочийн буруутай үйл ажиллагааны улмаас Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 7.6, 2.3а заалтуудыг зөрчиж, осол гарсан байдаг. Тухайн ослын улмаас Ц.Э нь ажлаас чөлөөлөгдөж, хүнд гэмтэл авсан. Маш удаан хугацаагаар хэвтрийн байдалтай байгаа. Ажилтан маань зам тээврийн осолд орсноор Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.5-д ажилтан ажилдаа ирэх, буцах хугацаанд осолд орсон байдал нь үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасны дагуу эн ослыг үйлдвэрийн осолд тооцож, акт тавигдсан. Үйлдвэрийн осол тогтоогдсоны улмаас Ц.Эд 75 хувийн хөдөлмөрийн чадвар алдалтай гэсэн акт тогтоогдсон. Энэ актын дагуу манай компаниас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ажил олгогч 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхөөр заасны дагуу манайх 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгосон. Манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй. Хариуцагч Б.Бын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан байдаг. Бид бусдын буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн нөхөн төлбөрийг өгч байгаа учраас гэм хор учруулсан этгээд болох Б.Боос буцаан шаардаж байгаа. Иймд зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээд болох Б.Боос Ц.Эд олгосон нөхөн төлбөр болох 41,438,375 төгрөгийг төлүүлж, компанийг хохиролгүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасны дагуу бид шаардаж байгаа. Бусад хуулийн этгээд гэдэгт манай байгууллага орж байгаа. Иргэний хуулийн 513.1 дэх хэсэгт нөхөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Энэ зүйлээр бол нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн байгууллага, бусад хуулийн этгээд бусдад олгосон тэтгэмж, нөхөн төлбөрөө гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байгаа бусад хуулийн этгээд гэдэгт манай байгууллага орж байгаа. Нийгмийн даатгал болон халамжийн байгууллага ч гэсэн ялгаагүй хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу л хохирсон хүнд нөхөн төлбөр олгодог. Түүнээс хэн нэгэнд сайн дураар нөхөн төлбөр олгодоггүй. Ингэж төлсөн нөхөн төлбөрөө буцааж буруутай этгээдээс шаардах эрхийг хуулиар олгосон байна. Гэм буруутэй этгээд манай компани биш байж, нөхөн төлбөр олгоод байгаа байдал нь хуулийн зарчимд нийцэхгүй байгаа. Ц.Э биднээс хамааралгүйгээр үйлдвэрлэлийн осолд орсон. Үйлдвэрлэлийн ослыг ажил олгогч комисс томилж тогтоох ажиллагаа явуулж мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар шалгаж, хянуулна, уг актыг улсын байцаагч зөвшөөрвөл баталгаажуулдаг байгаа. Манайх хуульд заасан журмын дагуу ослын актаа тогтоож, нөхөн төлбөрийг төлсөн. Хэрвээ буруутай этгээд байгаа бол нөхөн төлбөрөө буцаан шаардах талаар Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт заасан. Тийм болохоор бид нөхөн төлбөрөө гэм буруутай этгээдээс буцаан шаардаж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Ө.Пүрэвсүрэн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Б.Бын зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ бичсэн болно. Үндэсний томоохон компаниудын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Э” ХХК-ийн зүгээс 41,438,375 төгрөгийг иргэн надаас гаргуулахаар нэхэмжилжээ. Энэ мөнгө бол тухайн компанийн хувьд ямар байхыг хэлж мэдэхгүй ч миний хувьд асар их мөнгө юм. Нэхэмжлэлд акт тавьсан талаар, тус компанийн ерөнхийлөгч тушаал гаргаж нөхөн төлбөр олгосон тухай бичжээ. Энд дурдагдаад байгаа ослын актыг мэдэгдэх, судлан бүртгэх, нөхөн төлбөр олгох харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон уг хуулиудыг үндэслэн Монгол Улсын Засгийн Газрын 269 тоот тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ээр зохицуулдаг. Уг эрх зүйн актуудад тусгагдсанаар акт тогтоогдсон байдаг. Хариуцагч би уг актыг судлан бүртгээгүй. Дээр дурдсан хуулиудад зааснаар “нөхөн төлбөр” олгох үүрэг нь ажил олгогчид хамаардаг байна. Хохирогч Ц.Эгийн ажил олгогч нь хариуцагч Б.Б би бус “Э” ХХК юм. Хохирогч Ц.Э нь надад ажиллаагүй. Нэхэмжлэгчийн ажилтан байсан бөгөөд тус компанид ажил, үүргээ гүйцэтгэж байсан. Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг гаргахдаа Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн байдаг (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж хэсгээс тодорхой харагдана). Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн осол гэдэг ойлголт нь ажил олгогч болон ажилтан хоорондын харилцаанаас үүдэлтэй, хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу “нөхөн төлбөр” олгох үүргийг хуулиар ажил олгогчид хүлээлгэсэн байдаг. Нэгэнт хуулиар нэхэмжлэгчид өөрт нь “нөхөн төлбөр” олгох үүргийг хүлээлгэсэн байхад иргэн надаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч ч хохирол бүрэн төлөгдсөн талаар хэлсэн. Энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан байгаа. Мөн уг шийтгэх тогтоолд хохирогчийг болон Зорчигч Тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан байдаг. Зөрчигдсөн гэж үзсэн хэн ч шүүхэд хандах эрхтэй боловч хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг бусдаар гүйцэтгүүлэхээр шүүхэд хандах эрхгүй. Хэрвээ нэхэмжлэгч нь “нөхөн төлбөр” төлөх үүрэггүй гэж үзсэн бол “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д зааснаар харъяалах этгээдэд нь гомдол гаргах эрхтэй байсан. Харин “Э” ХХК нь өөрийн үүргийг хүлээн зөвшөөрч, “нөхөн төлбөр”-ийг хохирогчид төлсөн байдаг. Нэгэнт өөрийн байгууллагын үүрэг гэдгийг хүлээн зөвшөөрч төлсөн бол одоо надаас нэхэмжлэх учиргүй. “Э” ХХК нь миний өмнөөс хохирлыг төлсөн бус өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг биелүүлсэн. Энэхүү нэхэмжлээд байгаа 41,438,375 төгрөг нь хохирогчид учирсан гэм хор, хохирол бус харин хуульд заасан хөдөлмөрлөх эрхийн баталгаа бол ажил олгогчоос ажилтанд олгогдсон “нөхөн төлбөр” юм. Хариуцагч миний хувьд санаатайгаар хүний бие эрхтэнд хохирол учруулаагүй. Хохирогчийн зүгээс хохирол нэхэж байгаа бол өөр хэрэг. Гэтэл нэхэмжлэгчид нэхэмжлэл гаргах эрхийг хохирогч олгоогүй. Үнэхээр би хариуцах байсан бол хуульд тусгайлан ажил олгогчид үүрэг болгохгүй байсан. Өөрөөр хэлбэл холбогдогчид шууд үүрэг болгох байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрх нь зөвхөн хохирогчид байхаар хуульчилсан гэсэн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 41,438,375 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын баруун зам Хүннүгийн гудамжаар ... УНБ улсын дугаартай Daewoo-106 маркийн автобус жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө“, 7.6-д “жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчныг байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан Ц.Эг мөргөж, түүний биед амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан болох нь талуудын тайлбар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон буюу хариуцагчийн гэм буруугийн талаар зохигчид маргаагүй байна. Хариуцагч Б.Бын хууль бус гэм буруутай үйлдлийн улмаас Ц.Эгийн биед хүнд гэмтэл учирч, үүний улмаас Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн акт болон шийдвэрээр Ц.Эгийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар, 12 сарын хугацаагаар тогтоожээ.
Ц.Э нь зам тээврийн осолд орох үедээ нэхэмжлэгч “Э” ХХК-д ажиллаж байсан болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/104 дугаар тушаалаар тогтоогдож байна. Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Э” ХХК нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоох үүрэг бүхий этгээд байна. Энэхүү үүргийнхээ дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед гэмтсэн” гэж заасан үндэслэлээр 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр үйлдвэрлэлийн ослын акт тогтоожээ. Уг актыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 29.4.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянаж, ослын актыг зөвшөөрч баталгаажуулсан байх тул үйлдвэрлэлийн ослыг тогтоогдсон гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК нь үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтан болох Ц.Эд учирсан хохиролд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгох үүрэгтэй байна. Тухайн үүргийнхээ дагуу Ц.Эд нэхэмжлэгч 41,438,375 төгрөгийг олгосон болох нь “Э” ХХК-ийн ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/50 дугаар тушаал, төлбөрийн баримтаар тогтоогдсон болно. Дээрх үйл баримтын талаар хариуцагч маргаагүй бөгөөд харин “үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч өөрөө нөхөн төлөх үүрэгтэй, хариуцагч ийм үүрэггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч өөрөө шаардах эрхтэй” гэж маргаж байна.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь үйлдвэрлэлийн ослын улмаас Ц.Эд учирсан хохиролд төлсөн нөхөн төлбөрөө гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн хувьд ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй ч тухайн хохирлыг учруулсан гэм буруутай этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж ойлгоно. Үйлдвэрлэлийн осол /зам тээврийн осол/ гарсан шалтгаан нь хариуцагч Б.Бын хууль зөрчсөн үйлдэлтэй холбоотой тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасан “гэм буруутай иргэн” нь хариуцагч болно. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасан “төлбөр” нь гэмт хэргийн улмаас хохирогч буюу Ц.Эд учирсан хохирол биш бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохирол юм. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй бөгөөд үйлдвэрлэлийн ослын улмаас Ц.Эг хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардлыг Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчаас 41,438,375 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Боос 41,438,375 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,142 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Боос улсын тэмдэгтийн хураамжид 365,142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ХАНГАЛ
Ч.МӨНХЦЭЦЭГ