Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/00185

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 181/ШШ2019/00185

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.А

Хариуцагч: Д.Т

Хариуцагч: И ХХК-д  холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 259.169.605 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Д.Т, түүний өмгөөлөгч З.Х, хариуцагч Б.А, хариуцагч Б.А ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, түүний өмгөөлөгч Л.Батцэцэг, шинжээч А.Шижирмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Б.А, Д.Т нар нь Х ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 10500112622 дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулж 100.000 ам долларын зээлийг 36 сарын хугацаатай, 365 хоногт 15,6%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар,

2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1050026165 дугаартай зээлийн гэрээг байгуулж 50.000.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай 365 хоногт 24%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус авсан.

Банк 1050012622 дугаартай ам долларын зээлд ханшийн өсөлт, эдийн засгийн хямрал, орлогын бууралт зэргээс шалтгаалан зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэн шалтгаанаар зээлдэгчийн зүгээс зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, зээлийн хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу дараах нөхцөл өөрчлөлтүүдийг хийсэн байна. Үүнд:

1. 2013 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нөхцөл өөрчилж үндсэн зээлийн төлөлтөөс 6 сар чөлөөлж, зээлийн дансны дугаарыг 1050014591 болгож өөрчилсөн.

2. 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөхцөл өөрчилж гэрээний зээлийн хугацааг 12 сараар сунгаж зээлийн дансны дугаарыг 1050021758 болгож өөрчилсөн.

3.2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин нөхцөл өөрчилж гэрээний зээлийн хугацааг 44 сараар сунгаж зээлийн дансны дугаарыг 1050026161 болгож өөрчилсөн.

Зээлдэгч 1050012622 болон 1050026165 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 05/860 дугаартай баталгаат ипотекийн гэрээнд заагдсан дараах хөрөнгүүдийг барьцаалсан байдаг.

1.Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв хувийн сууц

2.Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар

3.Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн 2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга

4.Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо 5а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар

5.0490 УНН улсын дугаартай сувдан өнгийн Ланд крузер-100 маркийн авто машин

Харин И ХХК нь Б.А, Д.Т нарын 1050026161, 1050026165 дугаартай зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд түүний өмнөөс үүрэг гүйцэтгэхээр Хтай 1050026161-01, 105002665-01 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан.

Зээлдэгч Б.А, Д.Т, И ХХК нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээл, зээлийн хүү төлөх үүрэгтэй боловч 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн нөхцөл өөрчлөлтөөс хойш дахин зээлийн төлөлтийн хугацаа хэтрүүлж улмаар банк АНУ-ын ам долларын зээлийг зээлдэгчтэй хамааралтай бус эрсдэл үүссэн гэж үзэн зээлдэгчид дахин боломж олгож, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 49.632,27 ам долларын зээлийг төгрөгт хөрвүүлж төгрөгийн зээлийн үлдэгдэл 50.000.000 төгрөгтэй нэгтгэн 168.968.551,19 төгрөгийн 1050031259 дугаартай дансыг шинээр үүсгэж мөн эргэн төлөлтийн хуваарийг шинээр гаргаж, зээлийн хүүг 24 %-иас бууруулан 16,5%-ийн хүүтэй болгосон.

Уг нөхцөл өөрчлөлтийг хийхдээ шинээр байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөгүй нөхцөлд 1050026165 дугаартай төгрөгийн зээлийн хуримтлагдсан хүү төгрөгийг төлүүлж, 1050026161 дугаартай ам долларын зээлийн хуримтлагдсан хүү 9.854,09 ам доллараас чөлөөлж үндсэн зээлээс 12,408 ам долларыг ЗТУБЭХ сангаас хаахаар шийдвэрлэсэн.

Гэсэн ч зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаа хэтрүүлж банкны зүгээс тавьсан удаа дараагийн мэдэгдэл шаардлагыг үл тоомсорлон төлбөр төлөх талаар арга хэмжээ авахгүй үүргээ биелүүлэхгүй, биелүүлэхээс санаатай зайлсхийж, гэрээний үүргээ ноцтой зөрчин өнөөдрийг хүрлээ.

Иймд банк нэг талын санаачилгаар гэрээгээ цуцалж, одоогийн идэвхитэй байгаа зээл хүүгийн төлбөрийг, 2016 оны 10 сард чөлөөлөхөөр шийдвэрлэсэн зээл, зээлийн хүүгийн хамт нэхэмжилж байгаа болно.

2017 оны 20 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар талуудын хооронд байгуулагдсан 1050031259 дугаартай зээлийн төлбөрт үндсэн төлбөр, 168.968.551 төгрөг, хүү 24.528.513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265.599 төгрөг, нийт 193.762.662 төгрөг, 1050026165 дугаартай зээлийн хүү 10.730.136,98 төгрөг, 1050026161 дугаартай зээлийн үндсэн төлбөр 12.408 ам доллар, хүү 9.854,09 ам доллар, нийт 22.262,09 ам доллар буюу 54.676.806,14 төгрөг, нийт 259.169.605 төгрөгийг зээлдэгч Б.А, Д.Т, И ХХК нараас гаргуулан, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулан өгнө үү гэв.

Хариуцагч Д.Т, хариуцагч бөгөөд хариуцагч И ХХК-ийн төлөөлөгч Б.А нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А ,Т бид нар 2011 онд Х, Хаан банкинд 100.000.000 төгрөгийн зээл олгож өгөөч гэсэн хүсэлтийг аль алинд нь хүсэлт өгч зээлийн судалгаа хийлгэсэн. Зээлийн судалгаа хийлгээд байж байтал Хаан банк нэг өдрийн өмнө, дараа өдөр нь Х -ны 100.000.000 төгрөг авах боломжтой гэсэн хариу гарсан.

Х-наас Хаан банк 0.2 хувиар хүү бага байсан учраас Хаан банктай харилцаж Хаан банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан. Хаан банкинд 100.000.000 төгрөгийн зээлийн төлөлт хийгээд 50-60 хувийн төлөлт хийгээд хэвийн хэмжээнд явж байхад Х-наас бидний байнгын харилцдаг байсан зээлийн мэргэжилтэн Алтансувд утсаар яриад та нар яагаад манай банктай харилцахаа больсон бэ гэхэд нь Хаан банктай харилцаж байгаа танайхаас 0.2 хувийн хүү бага учраас 100.000.000 төгрөгийн зээл авсан төлөлт явагдаж байгаа гэж хэлсэн.

Тэгэхэд Алтансувд хэлэхдээ та нар мөнгөний хэрэгцээ байгаа бол манай банктай дахин харилцаарай би боломж олгоно гэж хэлсэн. Би хаан банк дээр 45.888.653 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, бид малтай гэхдээ мал дээрээ фермийн аж ахуй байгуулах сонирхолтой байгаа гэхэд та нар манай банктай харилцаач гэсэн.

Бид Х-тай очиж уулзахад та нарт зээл олгох боломжтой байна. Хаан банкны үлдэгдэл мөнгийг бид хааж өгье та нар зээл авч болно гэж хэлсэн. Хинд 150.000.000 төгрөгийн зээл хүссэн хүсэлт өгсөн. 150.000.000 төгрөгийн хүсэлт өгөөд байж байхад Х манайд монгол мөнгөний нөөц бага байна долларын нөөцтэй байна та нар дээр 100.000 долларын зээл батлагдсан гэж хэлсэн.

Хны эдийн засагч та нар найдвартай зээлдэгч тул манай банктай хамтарч ажиллаад Хаан банкны зээлийн үлдэгдэлээ Хнаас авах зээлээсээ төлчих гээд Хнаас 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Хаан банкны үлдэгдэл 45.888.593 төгрөгний зээлийг хааж, үлдэгдэл мөнгийг долларт шилжүүлэн бидний дансруу хийсэн байсан. Бид эргэн төлөлтийг дандаа төгрөгөөр хийдэг байсан. Х үндсэн төлөлтөөс хийхгүйгээр 6 сарын хүү төлөх болгон өөрчилж биднийг хүндрэлтэй болгосон.

Бид удаа дараа үүрэг үүсэх үеийн ханшаар бодож төгрөгт шилжүүлж өгөхийг хүсэж байхад банк зээл зээлийн хүүгээ авахын тулд 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөг батлаад бидний зөвшөөрөлгүйгээр өмнөх эргэн төлөлт хүү болох 9.113.200 төгрөгийг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр суутгаж, үлдэгдэл 18.800.000 төгрөгийг бид хоёрын гар дээр өгсөн.

Үүний дараа дахиад хүндрэлд орлоо бид дийлэхгүй байна гэхэд зөвхөн 6 сарын долларын хүүг төл тэр хугацаанд доллар бууж эхэлнэ тэр үед төлөлт хий гэсэн. Доллар буухгүй бол яах юм гэж хэлхэд 6 сард хангалттай бууна та нар зөвхөн хүүгээ төл гэж хэлсэн. Ингээд 6 сарын хугацаанд зөвхөн хүү төлсөн.

Дахиад үндсэн мөнгө рүүгээ орж эхлэхэд төлж чадахаа больж 2-3 сар төлөлт хийгдээгүй. Их хэмжээний эргэн төлөлтөөс болж уналтанд орлоо гэсэн хүсэлт өгөхөд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 50.000.000 төгрөг баталж бидний зөвшөөрөлгүйгээр 15.363.372 төгрөгийг өмнөх зээл, зээлийн хүүд, 9.232.984 төгрөгийг долларт шилжүүлэн өмнөх зээл, зээлийн хүүд буцааж татаад бид нарын гар дээр 21.612.500 төгрөг гаргаж өгсөн.

Ийм байдлаас болж бид хоёрын бизнес хүндэрч хаалгаа барьсан. Бид Хинд нийт 160.000.000 орчим төгрөг төлсөн. Бидний авсан хэмжээний зээлийг төлж дөхүүлсэн гэж үзэж байна. Дахиж 168.000.000 төгрөгийг нэхэж байгаа хүний амьдралд байхгүй, хэд дахин нугалсан бизнес байхгүй нөхцөлд Хны нэхэмжлэлийг ойлгохгүй байна. Х байнга утасдаж, гэр, ажлын байранд ирж төлбөр төл гэж байнга дарамталж байсан учраас 30.000.000, 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зурахад хүргэсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ихэр Алтай ХХК, Б.А, Д.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 259.169.605 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ихэр Алтай ХХК, Б.А, Д.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

НЭГ: Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Б.А, Д.Т нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан №1050012622 дугаартай гэрээгээр 100.000 ам долларыг 15,6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

1.Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах Ү-2203009279 улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний 0065682 дугаартай 96 м.кв талбайтай дэлгүүрийн барилга,

2.Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамжны 50А тоот, Г-2203004515 дугаарт бүртгэлтэй, гэрчилгээний ГД000029759 дугаарын гэрчилгээтэй, 612 м.кв талбайтай газар

3.Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 45 дугаар гудамжны 50Б тоот Ү-2203019931 улсын бүртгэлийн гэрчилгээтэй, гэрчилгээний ГД-000096936 дугаарын гэрчилгээтэй, 517,75 м.кв талбайтай хувийн орон сууц,

4.Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 45 дугаар гудамжны 50Б тоот улсын бүртгэлийн Г-2203004514 дугаартай, гэрчилгээний ГД-000029758 дугаартай , 553 м.кв талбайтай газар зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, №1050012622 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, №05-860 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, Барьцаат зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, зээл төлөлтийн хуваарь, мөнгө шилжүүлсэн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 23-29, 36-42,123-127-р хуудас /

1.1.Зээлдэгч Б.А нь 100.000.000 ам долларын зээлийг төгрөгт шилжүүлж өгнө үү, боломжгүй бол 6 сарын хүү төлөх боломжтой байна гэсэн хүсэлтийг 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хинд өгсний дагуу Хны зээлийн хорооны 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр уг зээлийн үлдэгдэл 88.500 ам долларын зээлийг 2014 оны 3 дугаар сарын дуустал үндсэн төлбөрөөс чөлөөлөх, үлдэх саруудад зээлийн үндсэн төлбөрийг сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн хуваан төлөхөөр эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, 1050012622 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулж Х ХХК, Б.А, Д.Т нар нь 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр №1050012622 дугаартай Барьцаат зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх болсонтой холбогдуулан зээлийн дансны дугаарыг 1050014591 болгон өөрчилж, үйлчилгээний шимтгэлийг зээлийн үндсэн дүнгийн 0,3%-иар тооцон зээлийг бэлэн бусаар олгох үед харилцах данснаас суутган авахаар тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 30,128-133-р хуудас/

1.2. .№1050012622 дугаартай гэрээний талууд 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дээрх гэрээнд дагуу олгосон 100.000 ам долларын үлдэгдэл болох 62.040,27 ам долларын зээлийн үндсэн гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх болгон сунган өөрчилж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн зээлийн дансны дугаарыг 1050021758 тоот болгон өөрчилжээ. /хх-ийн 192,193-р хуудас/

1.3.№1050012622 дугаартай гэрээний талууд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дээрх гэрээнд дагуу олгосон 100.000 ам долларын үлдэгдэл болох 62.040,27 ам долларын зээлийг үндсэн гэрээний дагуу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болгохоор өөрчилж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөн зээлийн дансны дугаарыг 1050026161 тоот болгон өөрчилжээ./хх-ийн 33-34,151,152-р хуудас/

ХОЁР. Зээлдэгч Б.А нь 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Х ХХК-д хандан дээрх долларын зээлийн үлдэгдлийг 1500 төгрөгөөр бодож шилжүүлэн нийт 200.000.000 төгрөгийн зээл авах хүсэлтийг гаргажээ./хх-ийн 134,135-р хуудас/

Х ХХК нь зээлдэгч Б.Аийн хүсэлтийн дагуу Х ХХК-ийн зээлийн удирдлагын дэд хорооны 2014 оны 6 дугаар сарын 10-ний өдрийн хуралдаанаар 30.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 24,5%-ийн хүүтэй олгохоор 338 дугаартай шийдвэрийг гаргажээ./хх-ийн 136,137-р хуудас/

Нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Б.А, Д.Т нарын хооронд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан №1050017179 дугаартай гэрээгээр 30.000.000 төгрөгийг 24,5%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авсан болох нь зохигчийн тайлбар №1050017179 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч Б.Аийн дансны хуулга, мөнгө хүлээн авсан баримт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 138-142-р хуудас/

ГУРАВ.Зээлдэгч Б.А нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Х ХХК-д хандан долларын зөрүүнээс болж алдагдалд хүрч байна. Энэ алдагдлыг арилгахын тулд дахин 100.000 ам долларын зээлийг олгоно уу гэсэн хүсэлтийг гаргажээ./хх-ийн 147,148-р хуудас/

Х ХХК нь Б.Аийн хүсэлтийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗТН/640 дугаартай зээлийн шийдвэрээр үлдэгдэл 62.040,27 ам долларыг төлөх хугацааг 44 сараар сунгаж, дансны дугаарыг 1050026161 болгон өөрчилж 1050012622 дугаартай барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулжээ./хх-ийн 150-152-р хуудас/

Зээлдэгч Б.А нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн дээрх хүсэлтийн дагуу тус банкны зээлийн хорооны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗТ8/1192 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Х ХХК, хариуцагч Б.А, хамран үүрэг гүйцэтгэгч Д.Т нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №1050026165 дугаартай гэрээгээр 50.000.000 төгрөгийг 24%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд өмнө хийсэн №1050012622 дугаартай Барьцаат зээлийн гэрээний барьцааны зүйлийг мөн барьцаалсан хэвээр үргэлжлүүлж зээл авсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, мөнгө хүлээн авсан баримтууд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 13-16,153-р хуудас/

Х ХХК нь зээлийн удирдлагын дэд хорооны шийдвэрийг үндэслэн 1050026165 дугаар зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр эхнэр Д.Тийг оруулж, Ихэр Алтай ХХК-иар батлан даалт гаргуулснаар Б.Атой 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №1050026165 дугаартай гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийн зээлийг олгосон байна./хх-ийн 17-20-р хуудас/

Зээлдэгч Б.А нь дээрх 50.000.000 төгрөгийг өөрийн 5000040580 дугаартай дансандаа 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч зарлагын маягтаар 23.357.000 төгрөгийг бэлнээр авч 1050017179 дугаар зээлийн үндсэн төлбөрт 14.072.546,37 төгрөгийг, зээлийн хүүд 1.290.826,09 төгрөгийг, 5000902366 дугаартай өөрийн харилцах дансанд 9.621.885 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /хх-ийн 154,155,157-160-р хуудас/

ДӨРӨВ. Зээлдэгч Б.А нь долларын зээлийг төгрөгт шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасны дагуу зээлдүүлэгч Х ХХК, зээлдэгч Б.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Т нар нь 2015 оны 1050026165 дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон 50.000.000 төгрөгийг, 2013 оны 1050012622 дугаартай Барьцаат зээлийн гэрээний дагуу олгосон 100.000 ам долларын зээлийн үлдэгдэл төлбөр болох 49.635,27 ам долларын зээлийг тухайн өдрийн долларын ханш болох 2397 төгрөгөөр тооцон 118.968.551,98 төгрөгтэй нэгтгэн 168.968.551,19 төгрөгийн зээлд шилжүүлэн бүртгэж, хугацааг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 60 сарын хугацаагаар сунгаж, хүү 24% гэснийг 16,5% болгон өөрчилж зээлийн дансны дугаарыг 1050031259 болгон №1050026165/НӨ-1 дугаартай 2015 оны 1050026165 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт гэрээг байгуулжээ./ххийн 43-46,51-53, 56, 58,161-р хуудас/

2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан №1050012622 дугаартай гэрээгээр 100.000 ам долларыг, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан №1050017179 дугаартай гэрээгээр 30.000.000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан №1050026165 дугаартай гэрээгээр 50.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх, Б.А, Д.Т нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /х.х-ийн 23-29, 36-42,122-127, 138-146, 154-161-р хуудас/

Мөн 2015 оны 1050026165 дугаартай зээлийн гэрээний дагуу олгосон 50.000.000 төгрөгийг, 2013 оны 1050012622 дугаартай Барьцаат зээлийн гэрээний дагуу олгосон 100.000 ам долларын зээлийн үлдэгдэл төлбөр болох 49.635,27 ам долларын зээлийг нэгтгэн 168.968.551,19 төгрөгийн зээлд шилжүүлэн бүртгэж 2015 оны 1050026165 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт №1050026165/НӨ-1 дугаартай гэрээг байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсан талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 13-16, 23-29,43-44-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

Х ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул №1050012622, №1050026165 дугаартай зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /х.х-ийн 123-127, 141, 142-144,154-160-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан №1050017179 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар талууд маргадаггүй болно.

Дээрх гэрээнүүдэд заасан үүргээ Х ХХК биелүүлсэн учир зээлдэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Б.А, Д.Т нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцөлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, өөрөө захиран зарцуулсан байна.

Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байгаад 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хуваарийн дагуу зээлээ төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 100.000 ам долларын, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 30.000.000 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээний бодолт, эргэн төлөлтийг зөв бодсон эсэхэд шинжээч томилуулах тухай хариуцагч Д.Т, И ХХК-ийн захирал Б.А нарын хүсэлтийн дагуу шинжээч томилоход гаргасан Шинжээчийн дүгнэлтэд:

1.Хнаас харилцагч Б.Аид олгосон 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 100.000.000 ам доллар, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 30.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 50.000.000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн хүүний бодолтыг зөв бодсон байна. /хх-ийн 185,188-191-р хуудас/

2.Харилцагч Б.Аийн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн зээл авах хүсэлтийг харгалзан Хны зээлийн удирдлагын дэд хорооны 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 338 дугаартай тогтоолоор эргэлтийн хөрөнгийн зориулалттай 30.000.000 төгрөгийн бизнесийн зээлийг 24,5 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай олгохоор шийдсэн байна. Х нь Зээлийн удирдлагын дэд хорооны шийдвэрийг үндэслэн Б.Атой 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 1050017179 дугаар зээлийн гэрээ байгуулж, 2 тал харилцан гарын үсэг зурж баталгаажуулсны үндсэн дээр 30.000.000 төгрөгийн зээлийг олгосон байна. Харилцагч Б.А 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 29.699.800 төгрөгийг зарлагын маягт бичин бэлнээр гаргуулж авсан байна.

Б.Аийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн зээл авах хүсэлтийг харгалзан Хны зээлийн дэд хорооны 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ЗТ8/1192 дугаар тогтоолоор холимог зориулалттай 50.000.000 төгрөгийн жижиг бизнесийн зээлийг 24 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, банк зээлийн удирдлагын дэд хорооны шийдвэрийг үндэслэн 1050026165 дугаар зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр эхнэр Д.Тийг оруулж И ХХК-иар батлан даалт гаргуулснаар Б.Атой 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1050026165дугаартай зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг бэлнээр олгосон байна. Харилцагч Б.А нь 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зарлагын маягтаар нийт 23.357.000 төгрөгийг бэлнээр авч, 1050017179 дугаартай зээлийн үндсэн төлбөрт 14.072.546,37 төгрөгийг, зээлийн хүүд1.290.826,09 төгрөгийг 5000902366 дугаартай өөрийн харилцах дансанд 9.621.885 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Хны гүйцэтгэх захирлын 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А-506 дугаар тушаалаар баталсан Эрсдэлтэй зээлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны заавар-ын 12.2 дах заалтад ... чанаргүй зээл хэвийн зээлд шилжсэн тохиолдолд зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн төлбөр гэсэн дарааллаар төлүүлнэ гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг тус тус төлүүлсэн байна.

3.2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1050012622 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж, зээлийн дансыг 1050021758 тоот болгосон байна.Тус гэрээний эргэн төлөлтийн хуваарийг дансны хуулгатай тулган үзэхэд 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуримтлагдсан зээлийн хүү 4.573,28 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 63,38 ам доллар, нийт 4.636,66 ам долларын гүйлгээг хийж хассан байна.

4.Х харилцагч Б.Атой 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 100.000.00 ам долларын, 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 88.500.00 ам долларын, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 62.041,20 ам долларын, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 62.040,27 ам долларын, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 30.000.000 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 50.000.000 төгрөгийн, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 168.968.551,19 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.

Зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодохдоо 2013 оны зээлийн хүүг 360 хоногоор, 2014, 2015, 2016 оны зээлүүдийн хүүг 365 хоногоор гэрээнд заасан хүүг тооцож авсан болохыг хүснэгтээр харууллаа. /хх-ийн 186-р хуудас/

Зээл тус бүрийн зээлийн эргэн төлөгдөх хуваарь хүүний тооцооллыг хянаж үзэхэд 2013 онд байгуулсан 2 зээлийн гэрээг Хны гүйцэтгэх захирлын 2011 оны А-23 дугаартай тушаалаар батлагдсан Хны зээлийн үйл ажиллагааны ерөнхий журамын 2.3.3 дах заалтад заасны дагуу зээлийн хүүгийн хувийг сарын 30 хоногоор, жилийг 360 хоногоор тус тус тооцсон байна.

Харин 2014 оноос хойшхи хугацаанд байгуулсан 5 зээлийн гэрээг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журамд нийцүүлэн зээлийн жилийн хүү тооцоолох хоногийг 365 хоногоор тус тус тооцож олгосон байна.

Хны нэхэмжилсэн 259.169.605,00 төгрөгийн тооцооллыг хянаж үзэхэд 44.066,74 төгрөгөөр дутуу буюу 259.213.671,74 төгрөг болж байна. Тооцооллын задаргааг хүснэгтээр харууллаа гэжээ./хх-ийн 187 дугаар хуудас/

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч нар нь Х байнга утасдаж, гэр, ажлын байранд ирж төлбөр төл гэж байнга дарамталж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч, татгалзсан үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч нар нь 1050031259 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 168.968.551 төгрөг, зээлийн гэрээний хугацааны болон хэтэрсэн хугацааны хүүд 24.528.513 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 265.599 төгрөг, нийт 193.762.662 төгрөгийг,

1050026165 дугаартай зээлийн гэрээгээр авсан 50.000.000 төгрөгийн зээлийн хүү 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд 10.730.136,98 төгрөгийг,

1050026161 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 2015 оны 10 дугаар сарын12-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээлд 12.408 ам доллар, мөн хугацааны хүүд 9.854,09 ам доллар нийт 22.262,09 ам доллар буюу 54.676.806,14 төгрөгийг, бүгд нийтдээ 259.169.605 төгрөг төлөх үүрэгтэй байна.

Хны нэхэмжилсэн 259.169.605,00 төгрөгийн тооцооллыг Монгол банкны шинжээч хянаж нягтлан бодоод 259.213.671,74 төгрөг болж байна гэсэн дүгнэлт гаргасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх нь зүйтэй.

Иймд хариуцагч Д.Т, Б.А, И ХХК нараас 259.169.605 гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар шинжээчийн зардлыг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А Д.Т, И ХХК нараас 259.169.605 /хоёр зуун тавин есөн сая нэг зуун жаран есөн мянга зургаан зуун тав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Х ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а.Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот, улсын бүртгэлийн Ү-2203029931 дугаар бүхий 517,75 м.кв хувийн сууц

б.Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 45 дугаар гудамж 502б тоот, улсын бүртгэлийн Г-2203004514 дугаар бүхий 553 м.кв өмчлөх эрхтэй газар

в.Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах улсын бүртгэлийн 2203009279 дугаар бүхий 96 м.кв дэлгүүрийн барилга

г.Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо 5а тоот, улсын бүртгэлийн Г-2203004515 дугаар бүхий 612 м.кв өмчлөх эрхтэй газар зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3. ИХШХШТХ-ийн 53.1.1.,56.1.-т зааснаар Шинжээчийн ажлын хөлс 343.946,5 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж шинжээч А.Ш-д голомт банкны 1109188336 тоот данс/ олгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.523.998 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.523.998 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО