Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0350

 

Иргэн Д.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Д.Зоригтбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Чулуун нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Д.Зоригтбаатарын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Газар эзэмшүүлэх тухай 2012 оны 05-р сарын 23-ны өдрийн А/205 тоот захирамжийн хавсралт дахь 80, 81 дүгээрт заасныг буюу иргэн Гантулгын Сүрэн, Цэвээнбаатарын Угтахбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Миний бие нь Дорноговь аймгийн засаг даргын 2005 оны 11 сарын 08-ны өдрийн 362 тоот захирамжаар одоогийн миний оршин сууж буй хаягт байрлах 0.15 га газрыг өөрийн хүү болох Зоригтбаатарын Баясгалангийн хамт 2 хүний өмчлөлөөр авч улмаар уг газраа 2008 оны 01 сарын 14-ний өдрийн "Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000055149 тоот гэрчилгээг авч баталгаажуулсан билээ. Уг газрын холбогдол бүхий газрын татвараа жил бүр хураалгаж байсан бөгөөд улмаар газрынхаа кадастрын зургийг аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газраар баталгаажуулан тус байгууллагын мэдээллийн санд хамруулснаар хууль зүйн бүх боломжит нөхцлийг буй болгосон юм.

Гэтэл миний энэхүү өмчлөлийн газрыг Сайншанд сумын Засаг даргын 2012 оны 05 сарын 23-ны өдрийн А/205 тоот захирамжаар Гантулгын Сүрэн, Цэвээнбаатарын Угтахбаяр нарт давхардуулан тус бүр 350 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээгээр олгож, иргэн миний газар өмчлөх эрхийн асуудлыг бүдүүлгээр зөрчсөнийг 2015 оны 7 сарын эхээр мэдэж энэ үеэс эхлэн өөрийнхөө зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд сумын Засаг дарга, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аймгийн Засаг дарга нарт хандаж зохих ёсны хариуг авсныг уг өргөдөлд хавсаргав.

Иргэн миний хувьд хамгийн сүүлд буюу 2015-11-24-ний өдөр аймгийн Засаг даргын 2015-11-24-ний өдрийн 1/1896 тоот албан бичгийг сумын Засаг дарга Батбаярын нэр дээр явуулж хуулбарыг надад ирүүлснийг гардаж авсан бөгөөд энэхүү албан бичигт уг газрын талаар гарсан үндэслэл бүхий маргаантай асуудлыг нэн даруй шийдэж хариуг 2015-11-26-ны өдөр ирүүлэхийг бичсэн боловч сумын Засаг даргаас уг албан бичгийн хариуг аймгийн Засаг даргад ирүүлээгүй ба ямар ч арга хэмжээ аваагүй.

Иймд Сайншанд сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/205 тоот Иргэнд газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралтын 80, 81 дэх хэсэгт бичигдсэн Цэвээнбаатарын Угтахбаяр, Гантулгын Сүрэн нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар аргагүйн эрхэнд шүүхэд хандсан бөгөөд дээрх шийдвэр гарснаар миний хувьд төрөөс өгсөн газрыг өмчлөх эрх маань зөрчигдөж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагч шүүхэд өгсөн хариу тайлбартаа: “Сайншанд сумын Засаг дарга нь 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/205 тоот захирамжаар иргэн Ц.Угтахбаяр, Г.Сүрэн нарт тус бүр 350 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээнд нь зориулан эзэмшүүлж шийдвэрлэсэн. Тус захирамжаар эзэмшүүлсэн газар нь сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар байсан учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг үндэслэж мөн Газрын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу гаргасан захирамж тул хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин Д.Зоригтбаатарт 0020253 гэсэн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр 500 мкв хэмжээ бичигдсэн газрын гэрчилгээ олгосон хуулбар нь манайд байсан юм. Гэтэл Д.Зоригтбаатарын өмчлөгдсөн газрын хувийн хэрэгт гэрчилгээн дээр 1500 мкв гэж гарсан.

Нэхэмжлэгч Д.Зоригтбаатарт 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн сумын Засаг даргын 170 тоот захирамжийг үндэслэн 500 мкв газарт гэрчилгээг олгож зарцуулагдснаар тухайн ажилтан гэрчилгээ зарцуулалтын тайланг гаргаж өгсөн ба зарцуулалтын тайлангаас үзэхэд гэрчилгээг эзэмшигчид олгосон нь тогтоогдсон байдаг.

Харин Д.Зоригтбаатар гуай өөрөө болохоор аваагүй, эсвэл авсан юм болов уу гээд байна. Энэ дээр тодорхой хариулт авмаар байна. Гэтэл энэ гэрчилгээг авсан болоод өмчлөлийн асуудал үүссэн. Тухайн мэргэжилтэн эзэмшигчид мэдэгдэлгүйгээр хүний юмыг хийгээд явахгүй нь тодорхой юм. Иргэн хүсэлтээ тавьсны үндсэн дээр л үйл ажиллагаа явуулж гэрчилгээ бичигдэж олгогдсон байгаа” гэжээ.

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Газрын тухай 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Зоригтбаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2012 оны 05-р сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/205 тоот захирамжийн хавсралтын 81 дүгээрт заасан буюу гуравдагч этгээд Г.Сүрэнд холбогдох хэсгийг нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байна гэж үзэж хүчингүй болгож, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу хариуцагч Сайншанд сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх тухай А/205 тоот захирамжийн хавсралтын 80 дугаарт заасан буюу гуравдагч этгээд Ц.Угтахбаярт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснээр зарим дүгнэлт үндэслэлийг хянуулахыг хүсч давж заалдаж байна.Үүнд

Газар эзэмших эрхийн 0020253 тоот гэрчилгээ нь нэхэмжлэгчид гэрчилгээ олгогдож, улмаар нэхэмжлэгчээс газар өмчилж авах хүсэлтээ гаргах хүртэл хугацаанд гэрчилгээ нь гар дээр байх үед засварлагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд энэ нь 1500 м2 гэсэн тооны 1ийн тоог нэмж бичсэн байна гэж гарсан шинжээчийн дүгнэлттэй тохирч байна. Иймд нэхэмжлэгчийг газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээнд тохирч бичигдсэн газрын хэмжээг 1500 м2 болгон өөрчлөн засварласан талаар хариуцагчийн талаар гаргаж буй хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байх ба харин нэхэмжлэгчээс гэрчилгээг засварлаагүй талаарх тайлбарыг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гаргаж байсан боловч үүнийгээ нотолж чадаагүй байсан гэсэнтэй огтхон ч санал нийлээгүй хэтэрхий субьектив дүгнэлт хийж сэтгэл санааны дарамтанд оруулж байна гэж үзэж байна.Учир нь өндөр настан иргэн Д.Зоригтбаатар бол буяныг бодож бие хэл сэтгэлийн нүглийг тэвчиж явдаг болуу даа Бурхан номондоо үнэн ч явахаа илэрхийлж тангараг өргөсөн хувраг хүн билээ. 1ийн тоог нэмж бичиж үйлдлээрээ нүгэл үйлдэх нь битгий хэл сэтгэлээрээ буруу зүйл бодож зүрхэлдэггүй хүн болой.

Энэ ч яахав шүүгчийн олон үйл явцад сатаарсан алдаа байж болох юм гэж энэрэнгүй сэтгэлээр уучилж болох ч Сайншанд сумын засаг даргын 2004 оны 174 дүгээр захирамжийн хавсралтаас харахад уг захирамжаар зөвхөн Д.Зоригтбаатарт өмнө нь эзэмших эрхтэй 500м2 газрыг эзэмшүүлснийг баталгаажуулсан байх бөгөөд 2005 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран өмчлөхөөр Д.Зоригтбаатарын Баясгалан / хүү нь / бичигдсэн байгаа нь эзэмшигчийн зүгээс үүнийг хоёр хүний газар болгож уг газрын хэмжээг томруулан өмчилж авах зорилгоор гэрчилгээг гаргуулан авах үедээ хамтран өмчлөгч З.Баясгаланг гэрчилгээнд нэмж бичүүлэн улмаар түүнийгээ үндсэн гэрчилгээн дэх газрын хэмжээг засварласан гэж үзэж үндэслэлтэй байна гэж дүгнэлт хийж буруутган нэр төрд халдсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.Хавтаст хэргийн материалд байгаа шинжээчийн 2016 оны 3 сарын 22 ны өдрийн 0252 тоот дүгнэлт нь шинжлэгдэж буй 1500 м2 гэсэн тооны 1ийн тоог нэмж бичсэн байна гэсэн болохоос Д.Зоригтбаатар 1 ийн тоог нэмж бичсэн гэж нэр заасан дүгнэлт гараагүй, нотлоогүй байхад <газрын хэмжээг томсгож 2 хүний газар болгож өмчилж авах зорилгоор гэрчилгээн дэх газрын хэмжээг засварласан гэж үзэх үндэслэлтэй байна> гэж хийсвэр дүгнэлт хийсэнд туйлаас харамсаж ,шүүгчид төрийн хуульд итгэх итгэл алдагдаж байна.

2. Шинжээчийн дүгнэлтээр Энхтайван, Д.Зоригтбаатар 2 биш газрын болон захиргааны ажилтан Олзбаяр Анхилдөл нарын бичгийн хэвтэй, тоотой харьцуулан зохих журмын дагуу дахин шинжилгээ хийлгэх нь зөв зүйтэй гэсэн санал гаргаж нэр төрөө цэвэрлэх хүсэлтэй байна.

З. Нэхэмжлэгч шүүх хурлын өмнөх шатанд бичиж өгсөн анх газар хэмжиж өгсөн эмэгтэй нэрээ хэлж танилцуулаагүй давхраа нүдтэй өндөрдүү  бор эмэгтэй 50*30 газрын хэмжээ уртын хэмжээндээ хүрэхгүй 21 метр гаруй байсанд уртад нь шилжүүлээд авч болох уу гэж асуухад болно гэсний дагуу авсан.Газрын албанд ажиллаж байсан тэр эмэгтэйг он сар өдрөөр нь хөөн авч тодруулах ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/205 дугаар захирамжийн хавсралт дахь 80, 81 дүгээрт заасныг буюу иргэн Г.Сүрэн, Ц.Угтахбаяр нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

  1. Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн тухайд: Нэхэмжлэгч Д.Зоригтбаатар нь Дорноговь аймгийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/174 дүгээр захирамжаар, 3-р багийн Мааньзавын 7-69Б тоотод 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүссэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Газар эзэмших эрхийн 0020253 дугаар гэрчилгээгээр 500 м.кв газар эзэмшиж байсан болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивт хадгалагдаж байгаа газар эзэмших эрхийн 0020253 дугаар гэрчилгээний хуулбар болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2052 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Түүнчлэн Дорноговь аймгийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/174 дүгээр захирамжийн хавсралтаар Д.Зоригтбаатарт 20х25 м буюу 500 м.кв газар эзэмшүүлснээр шийдвэрлэсэн болох нь тэмдэглэгдсэн байна. Тиймээс гэрчилгээнээс гадна, захирамжийн хавсралтад аймгийн Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн 500 м.кв газрын хэмжээ тодорхой байгаа тул 1500 м.кв эзэмших эрх үүссэн гэх нэхэмжлэгчийн үндэслэл тогтоогдохгүй байна.

  1. Гуравдагч этгээдүүдийн газар эзэмших эрхийн тухайд: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2012 оны А/205 тоот захирамжаар гуравдагч этгээд Г.Сүрэнд 3-р багийн Мааньзавын 7-69Б тоотод 350 м.кв газрыг, Ц.Угтахбаярт 3-р багийн Мааньзавын 7-69а тоотод 350 м.кв газрыг тус тус эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Гэтэл нэхэмжлэгч Дорноговь аймгийн Засаг даргын 2004 оны А/174 дүгээр захирамжийн дагуу 3-р багийн Мааньзавын 7-69Б тоотод 500 м.кв газрыг Газар эзэмших эрхийн 0020253 дугаар гэрчилгээгээр эзэмшсээр ирсэн байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан байхад Сайншанд сумын Засаг дарга иргэн Г.Сүрэнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцсан эсэхийг  шалгасны үндсэн дээр шийдвэрлэхээр байжээ.

Харин Ц.Угтахбаярын газар эзэмших эрхийн хувьд нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшил 500 м.кв газар ямар нэг байдлаар давхцаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Харин, анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “... 0020253 тоот гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр Зоригтбаатарын Баясгалан нь бичигдсэн байгаа нь нэхэмжлэгчийн зүгээс үүнийг хоёр хүний газар болгож, газрын хэмжээг томруулан өмчилж авах зорилгоор гэрчилгээг гаргуулан авах үедээ хамтран өмчлөгчийг гэрчилгээнд нэмж бичүүлэн улмаар түүнийгээ үндэслэн гэрчилгээн дэх газрын хэмжээг засварласан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, буруу дүгнэлт байх тул нэхэмжлэгчийн гомдлын үүнд холбогдох хэсэг үндэслэлтэй байгааг тэмдэглэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН

                                    ШҮҮГЧ                                                           Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ