Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 898

 

           Ч.Х, А.Г нарт холбогдох

            эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Х.Анхцэцэг,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Түвшинтөгс, 

          шүүгдэгч Ч.Х-н өмгөөлөгч Э.Ганбат, С.Намжилмаа, Э.Энххэрлэн,  

          шүүгдэгч А.Г,

          нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

       Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 726 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Х-н өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Х, А.Г нарт холбогдох 1808 02460 0569 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Ч-н Х, 19.. оны .. дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2002 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 164 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хугацаагаар тэнссэн;

2. А  овгийн А-н Г, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт ... .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

Ч.Х нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ........... дүүргийн 5 дугаар хороо, .........65-8 тоотод Ч.Г-той маргалдаж толгойн тус газар нь цохиж алсан,

          А.Г нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ............ дүүргийн 5 дугаар хороо,......... тоотод Ч.Х-тай “цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан биеийг нь маажиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Х-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, А.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Г-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Х-г 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Ч.Х-н урьдчилан цагдан хоригдсон 405 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Х-с 7.490.210 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.940.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Ч.Х-н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч А.Г 48 цаг цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт хураагдан ирсэн труба, түмпэн, 1 тал нь далий төмөр, цамц, 1 хос цагаан өнгийн кет, 1 хос саарал өнгийн оймс, футболк, биеийн тамирын өмд, пүүз 1 хос, дотоож тус бүр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Х-н өмгөөлөгч Э.Энххэрлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэл байна гэж үзэн, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

1. Ч.Х-д холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.1, 1.2, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэж байна.

Учир нь, мөрдөн байцаалтад гэрч А.Г “2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “... Ч.Х нь миний цалинг өгөхгүй гээд элдэв янзаар хэлээд байхаар нь би өөдөөс нь салаавч өгөөд түлхэхэд Ч.Х манай гэрийн зуухыг өшиглөөд гараад явсан. Араас нь талийгаач Г  айлын гэр яаж байгаа юм бэ гээд Ч.Х-тай хэрэлдээд гарсан. Гэрийн гадаа хэрүүл маргаан болоод байх шиг байсан би согтоод юу болсныг санахгүй унтсан байгаа юм. ... манай гэрт зодоон болоогүй ... Ч.Х манай гэрээс гарах үед Г  хамт гарсан. Өөр хүн хамт гарсан эсэхийг санахгүй байна. Гэрт надтай хамт 3 бага хүүхэд маань үлдсэн байсан. ... би архи уухаараа ухаан тасраад юу болсон талаар санадаггүй юм...” /1-хх-86/, “...Бид хоёрыг маргалдах үед талийгаач хажууд байсан. Талийгаач маргаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй...” /1хх-90/, шүүхийн хэлэлцүүлэгт А.Г “...Тэгсэн талийгаач “чи одоо юу яриад байгаа юм бэ, бид нар хийсэн ажлынхаа цалинг авах гэж байна. Чамаас ямар зээлэх гэж байгаа биш” гэсэн. Тэгээд талийгаач болон Ч.Х хоёр барьцалдаж авсан бөгөөд Ху, А-гоо, бид гурав салгах гээд дийлээгүй. Дараа нь би “гарцгаа” гээд гэрээс гаргасан бөгөөд гэрт уначихсан байсан зуухаа янзлаад гэртээ үлдсэн. ...”, мөрдөн байцаалтад гэрч Б.Х: “... 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ... Г, Х, Ху, А-наа, А-гоо, А.Г болон нэг танихгүй ах бид хэд архи хувааж уусан. ... талийгаач Г нь Х-с 150.000 төгрөг өгчих тэгээд больё гээд нэхээд байсан чинь Х 1 дэх өдөр өгнө гээд маргалдаад гэрээс гарч Ч.Х, талийгаач 2 зодолдсон. Тухайн үед хашаан дотор Ч.Х, Г.Ху, талийгаач бид 4 байсан ба би 00 орж бие засчихаад гарч ирэхэд Ч.Х, талийгаач 2 барьцалдаад авчихсан хажууд нь Г.Ху зогсож байхаар нь боль гээд Г-г өмөөрөөд Ч.Х руу тоосго аваад шидсэн чинь Ч.Х хашаа даваад зугатаачихсан. Тэгээд талийгаач дээр очиход Г-н зулай хэсэг нь хагараад цус гоожоод байхаар нь би толгой дээр нь А.Г эгчийн гэрээс шанагатай ус авчраад толгой дээр нь хийж өгөхөд эхнэр Г.Ху нь толгойг нь угааж өгсөн. ... Гэрт маргалдаад Ч.Х, Г  2 гарах үед Г.Ху бид 2 хамт гарсан ба би жорлон ороод хүндээр бие засаад гарч ирэхэд талийгаач Г, Ч.Х-тай зодолдоод зууралдсан байдалтай 2-лаа зогсоо байдалтай байсан. Тэгээд би салгах гээд дийлэхгүй Ч.Х над руу дайрахаар нь тоосго аваад Ч.Х руу шидэхэд шидсэн тоосго Ч.Х-г онохгүй газар унасан ба Ч.Х шууд зугатаасан. Ч.Х, талийгаач Г 2 хоорондоо зодолдоод хэн нь хэнийгээ хаана, юугаар хэдэн удаа цохисон эсэхийг би хараагүй. ...” /1 хх 78-79/, “... намайг жорлонгоос гарч ирээд талийгаач Г , Ч.Х 2-ыг салгахад Ч.Х зугатаагаад явсан. Дараа нь талийгаач Г  надад хэлэхдээ “Ч.Х толгой хагалчихлаа, пизда чинь” гэж хэлээд толгой дээр ус хийгээд өгөөч гэсэн. ... Надад яг юугаар толгойг нь хагалсан гэдгийг хэлээгүй. Зүгээр Ч.Х толгой хагалчихлаа гэж хэлж байсан. ...” /1 хх 80-81/, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Х “... намайг 00 гарах үед Ч.Х талийгаач 2 барьцалдаад зогсож байсан. ... Талийгаачийн толгой нь зулай хэсэгтээ хагарчихсан байсан. ... Талийгаачийн толгойны цусыг би толгой дээр нь ус хийж өгсөн бөгөөд талийгаачийн эхнэр толгойг нь угаасан ... Ч.Х-г хашаа давж явснаас хойш ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон болоогүй ... нойлоос гарч ирээд Ч.Х талийгаач 2 руу тоосго авч шидсэн, ... Ч.Х талийгаач 2 бие биетэйгээ заамдалцаад зогсож байсан. ... талийгаачийн толгойноос цус гоожсон байсан. ... Ч.Х талийгаачийг тоосгоор цохисныг би хараагүй. ... Тухайн үед харахад талийгаачийн толгойноос цус гараад хатсан байсан. ... Тэгсэн талийгаач ядахдаа 150.000 төгрөг өгчих гэсэн чинь Ч.Х гэрээ байгуулаагүй байж шүүхдээд аваарай гэж хэлсэн. ...”, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ч.Х зугатаагаад явсаны дараа талийгаач “пизда чинь, толгой хагалчихлаа ус хийгээд өгөөч...” /1 хх 80/ гэсэн мэдүүлгээ сайн санахгүй байна. Тухайн үед талийгаач “толгой дээр ус хийгээд өгөөч гэж надад хэлсэн.”, мөрдөн байцаалтад гэрч Г.Ху “... Бид хэд хоорондоо маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Архиа уучихаад унтах үед манай нөхөр амьд байсан. ...” /1 хх 57/, “...А.Г эгч Г ыг чи цалингаа авья гэж хэлээч юундаа айгаад байгаа юм гээд уурлаад хэлэхэд талийгаач Г  битгий муудалцаад бай. Чимгээ эгчийг мөнгөө автал битгий хэрүүл хий гээд хэлж байсан.... тэр үед болсон явдлыг сайн санахгүй байна...” /1 хх 59/, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.А “... энэ хоёр гадаа гарч хашаанд зодолдсон. Гадаа гарч зодолдсоныхоо дараа бригадын дарга ах манай хашааг хойш нь даваад зугатаачихсан. Ганаа ах хашаан дотор 1 урт модон дээр доошоо хараад сууж байсан, толгойноос нь цус гоожиж байсан. ...” /1 хх 69-70/, “Манай гэрт бригадын дарга Ч.Х ах, нас барсан Г  ахтай зодолдсон. Тэгээд хашаан дотор зодолдож байхдаа бригадын дарга Ч.Х ах Г  ахыг тоосгоор толгой хэсэгт нь цохиод, хашаа даваад зугатаасан ... би мартаад хэлээгүй юм. Одоо бол санаж байна. ...” /1 хх 192/, шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч Г.А “...Ганаа ах Ч.Х ах хоёр зодолдсон бөгөөд манай гэрийн зуухыг унагаагаад тэр хоёр бие бие дээрээ давхралдаж ойчсон чинь ээж уурлаад гэрээс хөөсөн. Тэгсэн Ганаа ах, Ч.Х ах гадаа гараад зодолдсон ... гадаа гараад бие биенийгээ заамдалцаж авсан бөгөөд Ч.Х ах байшингийн урд талд байсан тал шар тоосгыг аваад Ганаа ахыг цохичихсон. ... Ч.Х ах Ганаа ахыг тоосгоор цохих үед хашаан дотор манай ээж урд талын шонгийн модны хажуу талд унтаж байсан. Нөгөө хэд нь гэрт байсан. ... Манай 00-с Б.Х ах гарч ирсэн... Ганаа ахыг тоосгоор цохичоод дээгүүрх хувцасаа тайлаад нүцгэн хашаа давж зугатаасан. ...”, мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.Хүсэлбаяр “... манай гэрт манай ээж олон хүнтэй архи уусан. Тэр үед бригадын дарга ах Г.Ху эгчийн нөхөртэй зодоон хийгээд тоосгоор толгой руу нь цохисон. Тэгээд хашаа даваад явсан. Тэгэхэд манай ээж шонгийн модон дээр сууж байсан. Тэр 2 ах гэрт бас зодолдсон. Өөр хүн зодолдоогүй. ...” /2 хх 191/, шүүхийн шатанд насанд хүрээгүй гэрч Г.Хүсэлбаяр “Тухайн үед цагдаа ахад ярьсан зүйлээ одоо ярьж чадахгүй, санахгүй байна.”, мөрдөн байцаалтад гэрч М.А “...Талийгаач Г , Г.Ху, Ч.Х, Б.Х бид хэд Г-нд ирээд 5-6 шил уусан. ... А.Г, Ч.Х-тай цалингаас болоод маргалдаж байгаад Ч.Х нь гараад явлаа гээд яваад өгсөн юм. ... Хоорондоо маргалдаад зодолдсон зүйл байхгүй. ...” /1 хх 51-52/, “Тэр үед бид нар Ч.Х-с цалингаа авах гээд нэхсэн чинь Ч.Х “та нар согтуу байна, би согтуу хүнд мөнгө өгөхгүй ...” гэж хэлсэн. Тэр үед талийгаач Г  Ч.Х-д хандаж “ядаж 50.000 төгрөг өгчих” гэхэд Ч.Х өгөхгүй чадахгүй гэсэн. ... Бид нар А.Г эгчийн гэрт 21 цаг өнгөрөөд ороход А.Г эгч байхгүй 4 хүүхэд нь байсан. Тэгээд А.Г эгчийг Ч.Х-н утсаар дуудахад А.Г эгч Ариунаа эгчтэй архи уучихсан гээд бага зэрэг халамцуу Мөнхбаатар ахтай 22 цаг дөхөж байхад орж ирсэн. ... Талийгаач Г  нь бригадын дарга Ч.Х-с ядаж 50.000 төгрөг өгчих гэхэд Ч.Х нь чадахгүй гэсэн. Тэгээд талийгаач Г  бригадын дарга Ч.Х-тай зууралдсан. ... тухайн үед Г.Ху юм угааж байсан. А.Г эгч Ч.Х руу дайрсан. Ч.Х өөдөөс нь салаавч өгөөд байсан. Гэрт хэн хэн нь бие биенийгээ цохиж зодоогүй, салаад Ч.Х гэрээс гараад явсан.” /1 хх 53-54/, “...Ч.Х тэр өдөр харина гэж хэлээгүй. Өөрөө гаднаас архи авчраад хамт ууж байсан. Тэрнээс Ч.Х-г харих гэхэд нь хэн ч хориглоогүй. Ч.Х-г явсныг мэдээгүй. ...” /1 хх 55/ нарын өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг харьцуулан судлахад өөр хоорондоо эрс зөрүүтэй, эргэлзээ бүхий байхад миний үйлчлүүлэгчийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ... Ч.Г той маргалдаж, толгойн тус газар нь цохиж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Тухайлбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1062 дугаартай магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1989 дугаартай шүүхийн тогтоолын тодорхойлох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, шүүхийн тогтоолын 1, 2 дахь заалтууд болон магадлалд заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр шийдвэрлэсэн атал дээрх заалтуудад заасан ажиллагаануудыг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан хийлгүйгээр шүүгдэгч А.Г-г яллагдагчаар татаж, ял сонсгосноос бус магадлалд заагдсан ажиллагаа хийгдээгүй.

Мөн энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй урьд хэргийн талаар ямар нэгэн байдлаар мэдүүлээгүй, насанд хүрээгүй 6 настай гэрч Г.Хүсэлбаяраас “... тоосгоор Ч.Х нь талийгаач Ч.Г ын толгой тус газар нь цохисон” гэж авсан мэдүүлэг нь хуулийн шаардлага хангаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасан шаардлагад арван найман насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл төрөл, садангийн хүн, сурган хүмүүжүүлэгч нарыг оролцуулахгүйгээр зөвхөн өмгөөлөгч Б.Баттөрийг ямар үндэслэлээр мэдүүлэг авах ажиллагаанд оролцуулж мэдүүлэг авсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Насанд хүрээгүй гэрч Г.Хүсэлбаярыг анхан шатны шүүх “... 6 настай, 1 жилийн өмнө өгсөн мэдүүлгээ санахгүй байгаа нь түүний нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогтой холбоотой бөгөөд түүний “өмнөх мэдүүлгээ санахгүй" гэж хэлсэн тайлбар түүний өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй.” гэж дүгнэжээ.

Уг хэрэг явдал 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр өрнөсөн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж мөрдөн байцаалтын шатанд буцсан хойно 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хүртэлх хугацаа 9 сар өнгөрсний дараа /тухайн үед 5 настай байсан хүүхэд/ 6 настай хүүхэд болсон үйл баримтыг гэнэт тод санаж эрх зүйн бүрэн чадамжтай, насанд хүрсэн хүн мэт өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон анхан шатны шүүхийн тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйл /Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх/-ийн 1 дэх хэсэг “Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.” мөн хуулийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж хуульчилсан атал Ч.Х нь яллах дүгнэлт гардаж авахгүй байгаа талаар хавтаст хэрэгт тэмдэглэл үйлдэн өмгөөлөгч нарт нь мэдэгдэлгүй хэргийг шүүхэд яаравчлан шилжүүлсэн нь миний үйлчлүүлэгчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мэдээлэл авах, яллах дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт, гомдол гаргах эрхийг нь зөрчсөн ба анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэх явцад Ч.Х-г шүүгдэгч нэр томьёотой оролцож, хэрэг шүүхэд шилжсэн хойно анхан шатны шүүхийн санаачилгаар гардуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчжээ.

 Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Ч.Х-н гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмыг үндэслэн түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Ч.Х-н өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй гарсан. Шүүгдэгч Ч.Х-д шүүх хуралдаан болсон өдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдааныг завсарлуулж байгаад яллах дүгнэлтийг гардуулаад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүгдэгч Ч.Х нь бичиг үсэг мэдэхгүй, яллах дүгнэлтийг гардуулах гэхэд “өмгөөлөгчтэйгээ хамт танилцаж, гардаж авна” гэхэд прокуророос “завгүй байна” гээд гардуулаагүй байсан. Хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу байсан.  Ч.Х-г “зодолдох явцдаа гараараа цохиж амь насыг хохироосон” гэж яллах дүгнэлт үйлдсэн. Юугаар, хэрхэн яаж гэмтээсэн талаар нарийвчлан тогтоогоогүй. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогчийн биед учирсан гэмтэл нь ангайсан, тэгш ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн шарх байсан нь нотлогдсон. Энэ талаар шинжээч “ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн, гараар үүсэхгүй” гэж шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцаагаад насанд хүрээгүй гэрч нараас мэдүүлэг авахдаа “тоосго” гэх зүйлээр цохисон болгож мэдүүлэг авч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Насанд хүрээгүй гэрч Г.А урьд нь мэдүүлэхдээ “зодолдож зууралдаж байсан. Ч.Х ах гараад хашаа даваад зугтаасан” гэдэг. Шүүх хуралдааны явцад энэ талаар нь асуухад “тал тоосгоор цохисон” гэж мэдүүлдэг. Г.А зарим зүйлээ санахгүй байна гэдэг. Мөн гэрч Б.Х-н мэдүүлэгтэй зөрдөг. Б.Х-г “тоосго шидсэн” гэж Г.А мэдүүлдэг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл гарахгүй их удсан. Тэгээд бид тэмдэглэл гараагүй байхад гомдлоо гаргасан. “Ээж надад ингэж хариулаарай гэсэн” гээд шүүх хуралдааны явцад мэдүүлж байсан. Энэ нь тэмдэглэлд тусгагдсан байх. Ч.Х-г бригадын дарга байсныг мэднэ гэдэг нь эргэлзээтэй болох нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Ч.Х нь манайд урьд нь ирж байгаагүй гэж зөрүүтэй мэдүүлсэн. Гэрч Б.Х анх мэдүүлэхдээ тоосго шидсэнээ хүлээн зөвшөөрсөн. Б.Х-н шидсэн тоосгыг олж тогтоогоод, фото зургаар бэхжүүлсэн боловч хэргийг бүх талаас нь шалгалгүй зөвхөн Ч.Х-д хамааруулж нэг талыг барьж шалгасан. Гэтэл Б.Х “би тоосго шидсэн. Ч.Х-н гарт ямар нэгэн зүйл байгаагүй” гэдгийг өөрөө нотолж мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн шүүгдэгч Ч.Х нь 2018 оны 5 дугаар сараас хойш цагдан хоригдсон. Хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн биеийн байдлыг харгалзан үзэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч Ч.Х-н өмгөөлөгч С.Намжилмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсанаас хойш гэмтэл аваад, 2 сар гаруй хэвтэрт байсан. Энэ хугацаанд миний байгаа газрын хаягаар шийтгэх тогтоолыг хүргүүлж болох байсан. Би олон удаа хүсэлт гаргаж байсан. Хамгийн сүүлд хавтас хэргийн материалтай танилцуулчихаад гомдол гаргах хугацаа олголгүйгээр, яллах дүгнэлтийг ажил тарж байхад Ч.Х-д өгөх гэсэн. Ч.Х нь бичиг үсэг мэдэхгүй бөгөөд “уншаад өгөөч” гэхэд прокурор “зав алга” гээд уншиж өгөөгүй, өмгөөлөгч нарыг нь дуудаж өгөөгүй гэж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг анхан шатны шүүх буруу тогтоосон гэж үзэж байна. Камерын бичлэгт шүүгдэгч Ч.Х 17 цаг 40 минутад гэрийнхээ гадаа байсан байдаг. Шүүхийн дүгнэлтээр бол 19 цагт хүний амь насыг хохироочихоод буцаж ирсэн болоод байна. 17 цаг 40 минутаас хойш гэрээсээ гараагүй байтал гэрч нарын мэдүүлгийг шүүх үнэлээгүй. Мөн 19 цаг 45 минутад хамт гадаа сууж байсан хүнийг асуугаад өгөөч гэхээр мөрдөн байцаагч асуугаагүй. Мөн “Болор” гэх хүнсний дэлгүүрээс гуйж байгаад хүнсний зүйлээ авдаг гэдэг. Энэ хүмүүсийг асууж өгөөч гэхээр асуудаггүй. Эдгээр хүмүүсийг байцаахад гэмт хэрэг гарсан цаг хугацаа тогтоогдоно. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Ч.Х-г байхгүй хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь харагдаж байна. Насанд хүрээгүй гэрч нарт үг зааж өгдөг. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч “ээж намайг ингэж хэлээрэй гэсэн” гэж хэлсэн. Уг гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоож өгөхийг хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Түвшинтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэр үнэн зөв гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Ч.Х-д  холбогдох хэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон. Насанд хүрээгүй гэрч Г.Н, Хүсэлбаяр нар тоосгоор цохисон гэж мэдүүлдэг. Уг мэдүүлгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж авсан. Урьд нь яагаад энэ талаар мэдүүлээгүй вэ гэж тодруулж асуухад “тэр үед санахгүй байсан юм аа” гэж хүүхдүүд хариулдаг. Яг энэ мэдүүлгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Г.А, Хүсэлбаяр нар мэдүүлсэн. Өмгөөлөгч нарын ярьж байгаа шиг хүүхдүүдийн ярих зүйлд хажуу талаас нь нөлөөлсөн зүйл байхгүй. ... Би Ч.Х-д яллах дүгнэлт гардуулж өгөхөөр Цагдан хорих 461 дүгээр ангид очиход тэрээр яллах дүгнэлт авахаас татгалзсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар татгалзсан тухай баримт үйлдээд шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан ба яллах дүгнэлт гардаж аваагүй талаарх гомдлоо шийдвэрлүүлэх боломжтой байсан. Шийтгэх тогтоолд “Ч.Х-г буцаж ирээгүй” гэж, мөн хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Г.Н гэдэг хүүхэд хичээлээ тараад 18 цагт ирсэн. 23 цагт ирэхэд зодоон болсон байсан. Энэ талаар “бригадын дарга Ч.Х ах зодоон хийсэн” гэдэг. Бригадын дарга Ч.Х ахыгаа заагаад өг гээд таньж олуулах ажиллагаа хийхэд Ч.Х-г заадаг. Нэрийг нь би бүтэн мэдэхгүй байсан. Дараа нь ээжээс асуухад Ч.Х гэж байсан. Бригадын дарга ах гэж ярьдаг. Насанд хүрээгүй гэрч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт “тоосгоор цохисон” гэдэг. Мөн “Ганаа ах бригадын дарга ах хоёр зодолдоод, Ганаа ахын толгойноос цус гараад, тал тоосгоор цохисон байсан. Хашаа даваад яваад өгсөн. Араас нь би дүүтэйгээ харсан чинь Тосон дэлгүүрийн тэнд явж байсан” гэж үйл баримтыг тодорхой мэдүүлдэг. Энэ гэмт хэрэг нь согтуу хүмүүсийн дунд үйлдэгдсэн. Хэд хоног архидсан, орон зай, цаг хугацааны баримжаа байхгүй болсон хүмүүс байсан. Хөндлөнгөөс харж буй хүүхдийн мэдүүлгийг гол нотлох баримт гэж үзсэн. Иймд шүүгдэгч Ч.Х-н өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ч.Х нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ........ дүүргийн 5 дугаар хороо, ........ тоотод Ч.Г той маргалдаж толгойн тус газар нь цохиж алсан,

  А.Г нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ...... дүүргийн 5 дугаар хороо, ......тоотод Ч.Х-тай “цалин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдан биеийг нь маажиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Т-н “... Би талийгаач ахтайгаа хамгийн сүүлд 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр уулзсан. Биед нь ил харагдах шарх сорвигүй байсан. ... Төрсөн ахыгаа алдсандаа маш их гомдолтой байна. ...” /1 хх 48-50/,

Гэрч М.А-ийн “... 2018 оны 5 дугаар сарын 18-ны орой хэдэн цагийн үед ирсэн талаараа мэдэхгүй байна. Ху, Ч.Х, Х, талийгаач Г  бид хэд А.Г-нд ирээд 5-6 шил архи уусан. ... Талийгаач Г  нь бригадын дарга Ч.Х-с “ядаж 50.000 төгрөг өгчих” гэхэд Ч.Х салаавч гаргаад “чаддаг юм бол шүүхдээд аваарай, та нар хөдөлмөрийн гэрээгүй юм чинь мөнгө олж авч чадахгүй” гэсэн. Тэгээд талийгаач Г  бригадын дарга Ч.Х-тай зууралдсан. ... Бид нар Ч.Х-г бригад, бригадын дарга гэж дууддаг. Х-баярыг болохоор Хишигээ гэж дууддаг. ...” /1 хх 51-54/,

 

Гэрч Г.Х-н “... Бид нар архиа хувааж уугаад сууж байтал А.Г эгч Ч.Х-аас цалингаа авмаар байна гээд уурлаад “чи миний дүү нарын цалинг өгөхгүй байна, манай дүү нар робот биш шүү” гэж хэлэхэд Ч.Х “би өгнө ш дээ, мөнгө дансанд ороогүй байна, 1 дэх өдөр хийе” гээд хоорондоо хэрэлдээд Ч.Х уурлаад ширүүн байсан. ...  Би их согтоод тасраад унтсан байсан. ... А.Г эгчийн хүүхэд Г.А надад “талийгаач Г , Ч.Х нарыг хоорондоо зодолдоод байсан. манай ээж А.Г гадаа унтаж байсан” гэж хэлсэн. ...” /1 хх 59-60/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.Н-н “... Намайг гэртээ ирэхэд манай ээж А.Г, Х, М.А, А-наа эгч, Хишгээ ах бас танихгүй ах нар архи ууж байсан. Миний доорх дүү Г.А “аниа өнөөдөр орой таныг гэртээ ирээд гарсны дараа манай гэрт зодоон болоод Б.Х ах Г  ахтай зодолдоод, Г  ахын духнаас цус гараад зодсон. Х ах хашаа даваад зугтаад явчихсан” гэж хэлсэн. Тухайн үед манай гэрт талийгаачтай зодолдсон гэх Б.Х ах байхгүй байсан ба М.А эгчийн нөхөр Хишгээ ах байсан. ... Б.Х нь манай ээжтэй нэг газар ажилладаг ба бригадын дарга нь гэсэн. ...” /1 хх 64-66/, “... Манай дүү надад хэлэхдээ бригадын дарга Ч.Х ахыг талийгаач Ганаа ах буюу Г  ахтай зодолдсон гэж хэлсэн. Би өмнөх мэдүүлэгтээ бригадын даргын жинхэнэ нэрийг мэдэхгүй учраас буруу Х гэж хэлсэн байсан. ...” /1 хх 67/,

 

Насанд хүрээгүй гэрч Г.А-н “... Ээж маань архи уугаад сургуульд хүргэж өгөөгүй тул хичээлээ тасалчихсан юм. Ээж өчигдөр ажлынхаа олон хүмүүстэй цуг архи уусан. Заримыг нь би мэдэхгүй, заримыг нь мэднэ. Ажлынх нь хүмүүс болох Алтаа гэдэг эгч, Ганаа ах, түүний эхнэр Ху, Хишгээ гэдэг ах, А-наа эгч, түүний дүү нэрийг нь мэдэхгүй ах байсан. Тэгээд архи уугаад байж байхдаа нар жаргах гэж байхад бригадын дарга ах, Ганаа ах хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр зодолдоод гэр замбараагүй болгочихсон. Гэрт байсан хүмүүс болиулах гээд чадаагүй. Тэгээд энэ хоёр гадаа гарч хашаанд зодолдсон. Гадаа гарч зодолдсоныхоо дараа бригадын дарга ах манай хашааг хойш нь даваад зугтчихсан. ... Ганаа ах хашаан дотор нэг урт модон дээр доошоо хараад сууж байсан. Толгойноос нь цус гоожиж байсан. Хишгээ ах шанагатай усаар толгой руу хийсэн чинь Ганаа ах цусаа өөрөө угаагаад цус  нь тогтсон. Ганаа ах, бригадын дарга хоёрыг зодолдсоны дараа аниа маань ирсэн. Аниа тэр хоёрыг зодолдож байхыг хараагүй боловч би аниад бүгдийг нь хэлсэн. ...” /1 хх 68-70/,

 

Гэрч Б.Х-ын “... Талийгаач Г  нь Ч.Х-аас 150.000 төгрөг өгчих больё гээд нэхээд байсан чинь Ч.Х “нэгдэх өдөр өгнө” гээд маргалдаад Ч.Х, талийгаач хоёр зодолдсон. Тухайн үед хашаанд Ч.Х, Г.Ху, талийгаач бид дөрөв байсан ба би нойль орж бие засчихаад гарч ирэхэд Ч.Х, талийгаач хоёр барьцалдаад авчихсан хажууд нь Х зогсож байхаар нь “боль” гээд Г ыг өмөөрөөд Ч.Х руу тоосго аваад шидсэн чинь Ч.Х хашаа даваад зугтаачихсан. Тэгээд талийгаач дээр очтол зулай хэсэг нь хагараад цус гоожоод байхаар нь би толгой дээр нь ус авчраад хийсэн. ... Би тэр хоёр салгах гээд дийлэхгүй Ч.Х над руу дайрахаар нь тоосго аваад Ч.Х руу шидэхэд шидсэн тоосго Ч.Х-ыг оноогүй газар унасан ба Ч.Х шууд зугтаасан. ...” /1 хх 78-80/,

 

Шинжээч Т.Амартүвшингийн “... Шинжилгээгээр тогтоогдсон гэмтэл нь амьд байх үед үүссэн байх боломжтой. Талийгаачийн биед учирсан духны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн зулайн урд хэсгийн хуйхны шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд хэвийн үйл хөдөлгөөн хийх боломжтой. Тархинд үүссэн цусан хураа нь тархиа дарж үхэлд хүрэх хүртэл саруул үе гэж байдаг. Энэ хугацаанд хэвийн үйл хөдлөл хийж чаддаг. Саруул үеийн хугацаа нь өдөр, цаг, минут, хэдэн өдрөөр яригддаг. ...” /1 хх 117-118/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дух ясны баруун талаас, их далавч, суурийн дунд хонхорын яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа /170 гр/, духны баруун хуйхны дотор тал, чамархайн булчингийн цус хуралт, тархи дарагдал, шахагдалт, зүүн зулайн урд хэсгийн хуйхны шарх, духны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь амьддаа үүсгэгдсэн болно. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь тархины баруун тал бөмбөлгийн дух чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хурааны улмаас тархи дарагдал, шахагдалт үүсч амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. ...” гэх 1122 дугаартай дүгнэлт /1 хх 110-112/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Ч.Х-н биед хамар, хөмсөг, хүзүү, цээж, хэвлий, шуу, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 6476 дугаартай дүгнэлт /1 хх 152/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад уранхай, цоорхой гарсан байна. Хүрэн цамцанд гарсан 58 см, саарал цамцанд гарсан 55 см хэмжээтэй уранхай хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдсэн уранхай байна. ... Улаан хүрэн цамцанд гарсан гарсан 3.5х2.5 см, саарал цамцанд гарсан 3см, 11см, хөх саарал дотоожинд гарсан 9см хэмжээтэй уранхай шинээр гарсан байна. ...” гэх 3774 дугаартай дүгнэлт /1 хх 121-124/,

 

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 5-18/, гэрч Б.Х-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 32-36/, насанд хүрээгүй гэрч Г.Н-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 37-38/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1 хх 39-40/  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс Ч.Х-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

 

Шүүгдэгч Ч.Х-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

 

Мөн шүүхээс Ч.Х-д оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Х-н өмгөөлөгч Э.Энххэрлэнгээс “... Ч.Х-д холбогдох хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасныг шалгаж тогтоогоогүй, гэрчүүдийн мэдүүлэг эрх зөрүүтэй, эргэлзээ бүхий байхад Ч.Х-г бусдыг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй, өмнөх мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан магадлалд заасан ажиллагаануудыг хийгээгүй, насанд хүрээгүй гэрч Г.Хүсэлбаяраас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлд заасныг зөрчиж, хууль ёсны төлөөлөгч эсхүл төрөл садангийн хүн, сурган хүмүүжүүлэгч нарыг оролцуулахгүйгээр мэдүүлэг авсан, Ч.Х-д яллах дүгнэлт гардаж авахгүй байгаа талаар өмгөөлөгч нарт мэдэгдэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ч.Х-н гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтад бодиттой үнэлэлт өгч, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдлийг тогтоож, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хариуцлага оногдуулдаг учиртай.

Мөн нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог. Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

 Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хэрэг учрал болох үед гадаа хамт байсан Г.Х, Б.Х, гэрт байсан А.Г, М.А нар нь цаг хугацааны хувьд болон болсон үйл явдлын талаар Ч.Х-н мэдүүлгийг үгүйсгэсэн байдлаар мэдүүлдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Г.Н-н “... Намайг гэртээ ирэхэд миний доорх дүү Г.А “аниа өнөөдөр орой таныг гэртээ ирээд гарсны дараа 19 цагийн үед манай гэрт зодоон болоод Б.Х ах Г  ахтай зодолдоод, Г  ахын духнаас цус гараад зодсон Б.Х ах хашаа даваад зугтаад явчихсан” гэж хэлсэн. ...” /1 хх 64-67/, насанд хүрээгүй гэрч Г.А-н “... Тэгээд архи уугаад байж байхдаа нар жаргах гэж байхад бригадын дарга ах, Ганаа ах хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд тэр хоёр зодолдоод гэр замбараагүй болгочихсон. Гэрт байсан хүмүүс болиулах гээд чадаагүй. Тэгээд энэ хоёр гадаа гарч хашаанд зодолдсон. Гадаа гарч зодолдсоныхоо дараа бригадын дарга ах манай хашааг хойш нь даваад зугтчихсан. ... Ганаа ах хашаан дотор нэг урт модон дээр доошоо хараад сууж байсан. Толгойноос нь цус гоожиж байсан... Ганаа ах, бригадын дарга хоёрыг зодолдсоны дараа аниа ирсэн. ...” /1 хх 68-70/ гэсэн мэдүүлгүүдээс дүгнэж үзэхэд Ч.Х нь амь хохирогчийг толгой хэсэгт цохиж, цус гаргасан түүний гэмт үйлдлийг шууд гэрчилснээс гадна хохирогчийг нэг бус удаа цохисон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... Талийгаачид учирсан гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, ... учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” /1 хх 110-112/ гэсэн 1122 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож байна.

 

Үүнээс гадна насанд хүрээгүй гэрч Г.Н тухайн хэрэг учрал болох үед байгаагүй хэдий ч түүний дүү Г.А түүнд болсон үйл явцын талаар тухайн өдөр хэлж байсан, Г.Н нь дүү Г.А-н хэлснийг мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрчээр тогтоож, түүнээс мэдүүлэг авч нотлох баримтаар бэхжүүлснийг буруутгах, түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй орхих хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн насанд хүрээгүй гэрч Г.Н-н мэдүүлэгт талийгаач Ч.Г , гэрч Ч.Х нарыг зодолдсон мэтээр мэдүүлсэн боловч Г.Н-н “... Манай дүү надад хэлэхдээ бригадын дарга Ч.Х ахыг талийгаач Г  ахтай зодолдсон гэж хэлсэн. Би өмнөх мэдүүлэгтээ бригадын даргын жинхэнэ нэрийг мэдэхгүй учраас буруу хэлсэн байна. Бригадын дарга гэж нэг хүнийг дууддаг, тэр нь Ч.Х ах. ...” гэж Б.Х-г бригадын дарга Ч.Х гэж андуурч мэдүүлэг өгснийг мөрдөн шалгах ажиллагаагаар зөвтгөж мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй гэж үзлээ. 

 

Насанд хүрээгүй гэрч Г.Х-с хэрэг учрал болсноос хойш 8 сар гарангийн дараа мэдүүлэг авсан, 2018 оны 5 дугаар сард 5 настай байсан ба анхан шатны шүүх хуралдааны явцад өмнөх мэдүүлгээ санахгүй байгаа нь түүний нас, сэтгэхүй, биеийн хөгжлийн онцлогтой холбоотой гэж, мөн түүнээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг дагуу мэдүүлэг авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийн яллагдагчид гардуулж, ...” өгөх үүрэгтэй хэдий ч түүнд яллах дүгнэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гардуулах ажиллагааг хийсэн боловч Ч.Х нь яллах дүгнэлт гардаж авахаас татгалзсан ба энэ талаар прокурор тайлбар бичиж хэрэгт /3 хх 7-8/ хавсаргажээ.

 

Улмаар анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр яллах дүгнэлтийг Ч.Х-д гардуулан өгч энэ талаар тэмдэглэл үйлдсэн нь түүний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай дээрх хуульд заасан эрхийг эдлүүлсэн гэж үзнэ.

 

Нэгэнт яллагдагч нь яллах дүгнэлтийг авахаас татгалзвал хуульд заасан шаардлагын дагуу тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргасан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд шүүгдэгч Ч.Х-н өмгөөлөгч Э.Энххэрлэнгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр Ч.Х-д холбогдох хэргийг цагаатгах үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.