Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Янжиндулам |
Хэргийн индекс | 125/2020/0022/З |
Дугаар | 125/ШШ2021/0022 |
Огноо | 2021-09-24 |
Маргааны төрөл | Тендер, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 125/ШШ2021/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Янжиндулам би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч : Ховд аймгийн Засаг дарга, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Тендерийн үнэлгээний хороодод холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1. “Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх тендерт сонгон шалгарч, Үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан боловч манай компанид “мэдэгдэл” хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
2. Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,
3. Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах,
4. Үнэлгээний хорооны 2020 оны 7 сарын 10-ны өдрийн хуралдааны тэмдэглэл хүчингүй болгуулах,
5. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 7 сарын 16-ны өдрийн А/115 дугаар “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах
6. 2020 оны 9 сарын 01-ний өдрийн 03 дугаартай Сургуулийн барилга, 240 суудал ажлын тендерийг үнэлэх үеийн хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах,
7. 2020 оны 9 сарын 10-ны өдрийн 3 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах,
8. Захиалагч Ховд аймгийн Засаг даргын Х Б ХХК-тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээг хүчингүй болгуулах,
9. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4 дугаартай “дахин хуралдсан” хуралдааны тэмдэглэлийг хүчингүй болгуулах,
10. 2020 оны 7 сарын 07-ны өдрийн 3 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ ажлын тендер”-ийг үнэлэх үеийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай,
Гуравдагч этгээд “Х Б” ХХК-ийн “... БСШУСЯ-202001240 дугаартай сургуулийн барилга 240 суудал, Ховд /Ховд сум/ тендерийг үнэлсэн үнэлгээний хорооны 2020 оны 7 сарын 7-ны өдрийн хуралдаанаар “Х ” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах...”-ын хүссэн бие даасан шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Ховд сумын 240 суудалтай барилгын ажил гүйцэтгэх тендер сонгон шалгаруулж үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан боловч манай компанид мэдэгдэл хүргүүлэхгүй байгаа нь эс үйлдэхүй, хууль бус гэдгийг тогтоолгох, Ховд аймгийн ховд сумын 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын барилга 240 суудал барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах, үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 07 болон 10-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай, Ховд аймаг дахь Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай үнэлгээний хороо байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай сургуулийн барилга, 240 суудалтай Ховд аймгийн Ховд сумын ажлын тендер үнэлэх үеийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай гэрээ байгуулах, эрх олгох тухай үнэлгээний хорооны эрх олгох, үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай, захиалагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д -ын гүйцэтгэгч Ховд багана ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1240 дугаартай сургуулийн барилга, 240 суудал бүхий барилга угсралтын гэрээ байгуулсан гэрээг хүчингүй болгуулах тухай, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4 дугаартай, дахин оролцох тухай хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаа бүхэлд нь дэмжиж байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан.
Хавтаст хэрэгт хариуцагч Б.Г-ийн тайлбарт “Ховд аймгийн Засаг даргын тушаалаар Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулсан. Тус үнэлгээний хороо нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж, тендерийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нээхэд тендерт 7 компани саналаа ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо 2019 оны 07 дугаар сарын 7-ны өдөр Б.Г , С.М , Т.Г , Х.Д нар оролцсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д зааснаар Х ХХК шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлж шалгарсан гэж тайлбарладаг
Мөн Гэрч Г мэдүүлэгт “ ... Ховд аймгийн Ховд сумын 240 суудал бүхий сургуулийн барилгын ажил гүйцэтгэх тендер шалгаруулах үнэлгээний хорооны анхны хуралдаанд 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хийсэн. Тэр өдрийн үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны дарга Б.Г , гишүүн С.М , нарийн бичгийн дарга Х.Д бид нар оролцсон. н.А нь уг хуралдаанд оролцоогүй ба утсаар холбогдож асуухад " би Булган суманд хөл хорионд байна. Наадмаас өмнө очиж чадахгүй..." гэж хэлсэн. Уг тендерт Д ХХК, ХША ХХК, Х ХХК, "ДХ" ХХК, "БЭ" ХХК, "ББ" ХХК, "ХУК" ХХК зэрэг компаниуд тендерийн материал ирүүлсэн байсан. Ингээд үнэлгээгээ хийж эхэлсэн ба бага үнийн саналтай тендерээс үнэлгээ хийж эхэлсэн. "БЭ" ХХК, "ДХ" ХХК-нийн ирүүлсэн тендер нь өндөр үнийн саналтай байсан тул тэр өдөр үнэлээгүй. Үлдсэн 5 компанийн ирүүлсэн тендерийг үнэлэхэд тодорхой хэмжээний зөрчил байсан. Худалдан авах ажиллагааны газрын проектороор дүрс нь муу гарсан, баримтууд сайн харагдахгүй байсан. Ингээд би тухайн үед дахин үнэлгээ хийх саналтай байна гэдгээ хэлсэн. Тэгээд дахин хуралдах товоо зарлахгүйгээр хурал тарсан. 2020 оны 7 сарын 6, 7-ны өдрүүдэд байхаа, сайн санахгүй байна, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Д над руу утсаар яриад 2020 оны 7 сарын 07-ны өдрийн 10:00 цагт үнэлгээгээ хийе гэж хэлсэн. 2020 оны 7 сарын 07-ны өдөр үнэлгээний хорооны гишүүн н.А -ээс бусад дарга, гишүүд цугларч үнэлгээ хийх гэсэн боловч аймгийн Засаг даргын Тамгын газар тог байхгүй байсан тул Стандартчилал хэмжил зүйн байранд үнэлгээ хийж эхэлсэн. Тэр өдөр бүх компаниудын ирүүлсэн тендерийг бүгдэд нь үнэлгээ хийсэн. Энэ хэрэгт авагдсан үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээний хуудас нь 2020 оны 7 сарын 03-ны өдрийн үнэлгээний хуудас байна. Миний хувьд ША ХХК-ний ирүүлсэн тендер нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хувьд зөрчилтэй, холбоо дохиоллын инженерийн хувьд байсан. "Д " ХХК-нийн ирүүлсэн нийгмийн даатгалын тайлан нь хуурамч байсан. Үүнийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс лавлагаа авч шалгахад хуурамч болох нь тогтоогдсон тул Д ХХК-нийг тендерийг шалгаруулаагүй. Ингээд хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр ХТ ХХК-нийг шалгаруулах санал өгсөн. Үнэлгээний хорооны дарга Г н, гишүүн М бид 3 "ХТ" ХХК-нийг шалгаруулах санал өгснөөр үнэлгээний хорооны шийдвэрээр "ХТ" ХХК-нийг шалгаруулсан. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 9 цагийн үед үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Д утсаар яриад "ХТ" ХХК нь өмнө нь авсан тендерээ дуусгаагүй асуудалтай юм байна..." гэх агуулгатай зүйл хэлээд ...үнэлгээний хороо дахин хуралдах шаардлагатай байна..." гэсэн. Тэр өдөр би Мөнххайрхан сум руу амралтаар явахаар болсон байсан ба ....би хөдөө явлаа гэж..." гэж хэлсэн. 2020 оны 7 сарын 10-ны өдрийн хуралдаанд би оролцоогүй. Хурал болсон эсэхийг би мэдэхгүй”
Гэрч М-ын мэдүүлэг “Тендерийн үнэлгээний хороо 2 удаа хуралдсан. Эхний удаагийн хуралдаан 2020 оны 7 сарын 03-ны өдөр хуралдаж уг хуралдаанд үнэлгээний хорооны дарга Г , нарийн бичгийн дарга Х.Д , гишүүд Т.Г бид 4 оролцсон. А уг тендерийн үнэлгээний хорооны гишүүн байсан хэдий ч тэр өдөр хөдөө байгаа тул оролцох боломжгүй талаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Д -д утсаар холбогдож хэлсэн байсан. Тэр өдрийн хуралдаанаар ББ ХХК, ХША ХХК, "Д ХХК, Х ХХК, ДХ ХХК, ХУ ХХК, БЭ ХХК зэрэг 7 компанийн тендерийн материалыг үнэлсэн. Үнэлгээний хорооны гишүүн Т.Г бид хоёр "шаардлага хангасан тендер ирүүлээгүй" гэж үнэлсэн. Харин үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нар "Д " ХХК-ныг шалгаруулахаар санал өгсөн. Санал тэнцсэн тул дахин үнэлгээ хийхээр шийдвэрлээд тарсан. Ингээд 2020 оны 7 сарын 06, 07 ны өдрүүдийн аль нэг өдөр нь, сайн санахгүй байна, тэр өдөр Тамгын газрын тог тасарсан тул Стандартчилал хэмжилзүйн газарт очиж үнэлгээний хорооны 2 дахь удаагийн хурал хийсэн. Энэ хуралд үнэлгээний хорооны гишүүн А оролцоогүй, бусад гишүүд оролцсон. Тэр өдрийн хуралдаан дээр үнэлгээний хорооны дарга Б.Г , гишүүн Т.Г болон миний бие Х ХХК-нийг шалгаруулахаар саналаа өгсөн. Нарийн бичгийн дарга Х.Д аль компанид санал өгснийг санахгүй байна. Олонхийн саналаар Х ХХК-нийг шалгаруулахаар шийдвэрлэсэн” гэж мэдүүлдэг.
Мөн гэрч нар мэдүүлэхдээ Х.Д нь 2 тэмдэглэл дээр гарын үсэг зуруулсан тухайн үед хэрэгт байгаа тэмдэглэлийг харахад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хэлэлцсэн асуудлыг бичсэн. 2020 оны 07 дугаар сарын 10-ны хурлын тэмдэглэл нь 2020 оны 07 дугаар сары 07-ны өдрийн хурлын шийдвэрийг тусгасан боловч 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гаргасан саналыг тусгаж, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын шийдвэрийг өөрчлөн бичсэн талаар хэлсэн байдаг.
2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар ХТ ХХК шалгарсан. 2020 оны 07 дугаар сарын 03, 07 өдрийн хурлын тэмдэглэлүүдийг хооронд нь хольж хутгасан. Үнэлгээний хорооны 3 гишүүний шийдвэрийг үл хүндэтгэсэн.
Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааг зохицуулах журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд хуралдаанаас хамтын шийдвэр гаргана". Мөн хуулийн 4.2-д "Үнэлгээний хорооны хуралдаан үнэлгээний хорооны дарга, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр хүчин төгөлдөрт тооцогдоно". Мөн хуулийн 4.4-д зааснаар "Хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхийн санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно. Үнэлгээний хорооны бүх гишүүд саналын тэгш эрхтэй байна" гэж зохицуулсан. Комиссын гишүүд нь олонхийн саналаар шийдвэрлэсэн боловч нарийн бичгийн дарга Дэмид нь шийдвэрийг өөрчилсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэж заасан. ХТ ХХК-ийн зүгээс удаа дараа хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнуудад өгсөн боловч 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дахин тендер сонгон шалгаруулахаар хурал зарлаж, ХТ ХХК-ийг сонгон шалгаруулаагүй гэх асуудал яригдах болсон тул Сангийн яам руу гомдол гаргаж, хурлын тэмдэглэлийн хамтаар явуулахад дээрх албан тушаалтнууд үнэлгээний хорооны шийдвэрийг өөрчилж тэмдэглэл үйлдсэн гэж үзвэл холбогдох хуулийн байгууллагад холбогдох албан тушаалтныг шалгуулах боломжтой гэсэн тул шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. 2020 оны 07 дугаар сарын 03, 07 өдрийн хурлын тэмдэглэлүүдийг өөрчилж, хольж, утгыг өөрчилсөн. Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 115 дугаартай тушаалаар үнэлгээний хороо дахин байгууллагдсан явдал нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг үнэлэж, үнэлгээний хороо байгуулсан. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 3 дугаартай хурлаар гуравдагч этгээдийг сонгосон. Үүний дараагаар гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлт гарсан. Миний зүгээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед Захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргаж, үүссэн нөхцөл байдлуудаас үүдэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байсан. Захиргааний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуульд зааснаар үнлэж өгнө үү. Хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч үнэлгээний хорооны дарга Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон "ХТ" ХХК-ний гаргасан гомдолтой танилцлаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хороо 5 дугаар сарын 15 ний өдөр хуралдаж тендерийг 6 дугаар сарын 15-ны өдөр нээж хүлээн авахаар зарласан. Үнэлгээний хороо 6 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээхэд тендерт 7 компани саналаа ирүүлсэн байсан. Тендерийг нээснээс хойш үнэлгээний хороо 7 дугаар сарын 7-ны өдөр хуралдаж, хуралд Б.Г , С.М , Т.Г , Х.Д нар оролцож, тендерийн баримт бичгийн дагуу үнэлж "ХТ" ХХК Б.Г , С.М , Т.Г нарын саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгарсан.Үүнээс хойших асуудлыг мэдэхгүй бөгөөд миний бие ямар нэгэн хуралд суугаагүй болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д , Ч.Э шүүхэд гаргасан тайлбар болон Х.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч "ХТ" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
1.Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга /240 суудалтай/-ын ажлын тендер шалгаруулалтыг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хооронд зарлаж, уг тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд Үнэлгээний хорооны дарга Б.Г /Стандарт хэмжил зүйн хэлтсийн дарга/, Гишүүд С.М /Аймгийн ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн/, Т.Г /Төрийн бус байгууллагын төлөөл/, Д.А иргэний төлөөлөл, Нарийн бичгийн дарга Х.Д /Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн/ гэсэн бүрэлдэхүүнтэй тендер шалгаруулалтыг зохион байгуулсан.
2.Явцын тухайд эхний хурал нь 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр болж, гишүүдийн санал тэнцээд олонхийн шийдвэр гараагүй гэж үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга танилцуулсан байдаг. Дараагийн хурал нь 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр болж уг хурлаар "ХТ" ХХК шалгарсан боловч Захиалагчаас тендерийн баримт бичгийн "Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа ТОӨЗ/-НЫ 22.4-т зааснаар мэдээлэл нийтэд ил тод болгохыг хүлээн зөвшөөрөөгүй, үнийн саналын тендерийн баримт бичигт заасан маягтын дагуу ирүүлээгүй, барилгын инженер А.Т -ийн 2019 оны 1, 2, 3, 4 дүгээр саруудын инженерийн нийгмийн даатгалын төлөлт байхгүй. ТОӨЗ-ийн 5.2 (в)-д заасан холбоо дохиоллын инженер нь үндсэн ажилтан биш хөлсөөр ажиллах гэрээтэй тул уг заалтыг зөрчсөн. ТОӨЗ-ийн 5.3 (б)-д зааснаар сургуулийн спорт заалны барилга /Ховд, Булган сум/ ажлын гүйцэтгэл байхгуй, уг ажлын гүйцэтгэл нь суурь цутгаж байгаа мөн Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн цементэн замыг үргэлжлүүлэн барих, гэрэлтүүлэг хийх ажлыг одоог хүртэл хийж ашиглалтанд оруулаагүй, хугацаа хэтрүүлсэн, 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/1324 тоот аудитын дүгнэлтээр өмнөх ажлыг хийж гүйцэтгээгүй гэх мэдээллийг ирүүлсэн.
3.Мөн Үнэлгээний хорооны гишүүн С.М нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний хорооны бүрэлдэхүүнээс татгалзсан учраас олонхийн санал авч чадаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, Үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар "шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй" гэдэг шалтгаанаар тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т "Энэ хуулийн 30.1-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч тендерт оролцогчийн өмнө хариуцлага хүлээхгүй" байхаар хуульчилсан.
4.Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6 1/5211 тоот албан бичгээр дээрхи тендерт шалгаруулалттай холбоотой худалдан авах ажиллагаа хууль журмын дагуу явагдсан мөн дээрхи компаний гомдлыг бүхэлд нь хангахгуй болгож, захиалагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй хэмээн шийдвэрлэсэн. Иймд "Хатан түнгэл" ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Э -ын итгэмжлэгдсэн төөлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 7 дугаар 7 сарын 16-ны өдрийн А/115 дугаар "Үнэлгээний хороо байгуулах тухай" тушаалыг хүчингүй болгуулахыг хүсчээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д "Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна", 46.1.1-д "энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах" гэж зааснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 7 сарын 16-ны өдрийн А/115 тоот тушаалаар "Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ тендерийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актыг захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа байхаар зохицуулсан ба Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын энэхүү тушаал нь бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг зохион байгуулах хүрээнд Үнэлгээний хороо байгуулсан буюу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд сумын сургуулийн барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар гаргасан акт юм. Энэ нь “ХТ” ХХК-нийн эрхийг хөндсөн агуулгагүй буюу хуульд заасан эрх хэмжээг хориглосон, хязгаарласан агуулгагүй тушаал тул уг тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд “ХБ” ХХК-нийн захирал Ц.Д шүүхэд гаргасан тайлбартаа: “ХТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газар, Засаг дарга нарт холбогдох Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга барих тендерийн сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна. “ХТ” ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа "захиалагчийн тендер шалгарсан Үнэлгээний хорооны дүгнэлт гарсан тул “ХТ” ХХК-д мэдэгдэл хүргүүлэхгүй байгаа болон тус тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхийг хууль бус болохыг тогтоолгох, гэрээ байгуулахыг даалгах Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
2020 оны 05 дугаар сард тус тендер зарлагдаж 2020 оны 07 дугаар сарын 07-10-гы өдрүүдэд шалгаруулалт явуулсан байх бөгөөд Сангийн яамны 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 6-1/6211 дугаар албан бичгээр "ХТ” ХХК-ийг барилгын инженерийн 2019 оны 1.2.3,4 дүгээр сарын төлөлт байхгүй холбоо дохиоллын инженер нь үндсэн ажилтан биш тул ТОӨЗ 5.2в-д заасан шаардлагад нийцэхгүй Ховд аймгийн Булган сумын 1 дүгээр сургуулийн спорт заалны барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа нь ТОӨЗ 5.3 б-д заасан шаардлагыг хангахгүй байгаа талаарх захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна." гэж ирүүлсэн байна. Үүний дагуу дахин нээлттэй тендер зарласан. Тус дахин зарласан тендерт үнэлгээний хорооны олонхийн саналаар шалгарч ХБ ХХК нь Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга БСШУЯ/202001240 дугаартай тендерийн ажлын гүйцэтгэгчээр шалгарсан бөгөөд ХША ХХК Сангийн яамд гомдол гаргаснаар дахин тендер шалгаруулалтын үнэлгээ хийж дахин шалгарсан тул Ховд аймгийн ОНӨГ-ын 2020 10.02-ны өдрийн 518 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулах мэдэгдлийн дагуу 2020 оны 10 дугаар сараас ажлаа эхлээд Энэхүү 2020 оны 05 дугаар сард зарласан тендерийн шалгаруулалтад манай “ХБ” ХХК оролцсон Тендер шалгаруулалтын гэрээнд заасан үүргийнхээ дагуу 2021 оны 08 дугаар сард тухайн барилгыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй тул маш шахуу хугацаанд их ажил амжуулах шаардлагатай байгаа. Иймээс ч өнөөдрийн байдлаар нийлүүлэгч олон компанитай бараа материал бэлтгэн нийлүүлэх гэрээ хийгдэж 2020 оны 02 дугаар сараас эхлэн хүлээн авч 03 дугаар сараас ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд мөнгө хөрөнгөө гаргаад явж байгаа билээ. Хэрвээ Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга БСШУЯ/202001240 дугаартай тендерийн ажил хугацаандаа баригдахгүй бол тус сургуулийн нийт сурагчид, нийтийн ашиг сонирхолд цаашлаад хууль журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцож гэрээ байгуулсан Манай компанийн эд хөрөнгөнд ноцтой хохирол учрах эрсдэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захиргааны акт хэрэгжиж дууссан тул дахин тендер зарлуулах боломжгүй. Захиргааны акт хэрэгжиж дууссан. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрх нь хөндөгдөж байна гэж үзвэл Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар шаардах эрхтэй байсан. Гуравдагч этгээдийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн хамгийн сайн тендерээр шалгарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХТ” ХХК нь Ховд аймгийн Засаг дарга болон БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендер шалгаруулсан Үнэлгээний хороонд /дарга Б.Г / холбогдуулан Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх тендерт сонгон шалгарч, Үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан боловч манай компанид “мэдэгдэл” хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах, Үнэлгээний хорооны 2020 оны 7 сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад
1.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах
2. БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендер шалгаруулсан Үнэлгээний хороонд /дарга Ш.Н / холбогдуулан
- 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендерийг үнэлэх үеийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах
- 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах
- 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Дахин хуралдсан” хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах
3.Ховд аймгийн Засаг дарга болон БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендер шалгаруулсан Үнэлгээний хороонд /дарга Б.Г / холбогдуулан
- 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ ажлын тендерийг үнэлэх үеийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах
4. Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан
- Захиалагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д , гүйцэтгэгч “ХБ” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга болон БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Гуравдагч этгээд “ХБ” ХХК-ны захирал Ц.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендер шалгаруулсан Үнэлгээний хороонд /дарга Б.Г / холбогдуулан БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендер шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “ХТ” ХХК-ны шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болон бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Гуравдагч этгээд “ХБ” ХХК-ны захирал Ц.Д нь БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендер шалгаруулсан Үнэлгээний хороонд /дарга Б.Г / холбогдуулан БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендер шалгаруулсан Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “ХТ” ХХК-ны шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн бие даасан шаардлага гаргасан.
Гуравдагч этгээд нь шүүх хуралдаанд бие даасан шаардлагаасаа татгалзаж, татгалзлалаа бичгээр илэрхийлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болно гэжээ.
Иймд гуравдагч этгээдийг бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч “ХТ” ХХК-ны Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ.[1]
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино, 54 дүгээр зүйлийн 54.1-т Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана, 54.1.1-т захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж, мөн Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна, 11.1.1-д захиргааны акт, 37 дугаар зүйлийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын үндсэн шинж болох өөрөө бие дааж эрх зүйн үр дагавар үүсгэх урьдчилсан нөхцөлийг хангаагүй, захиргааны хэргийн шүүхийн хянан хэлэлцэх захиргааны акт биш байна.
Өөрөөр хэлбэл дээрх тушаал нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд сумын суругуулийн барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар гарсан акт бөгөөд энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулахгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.
3. Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх тендерт сонгон шалгарч, Үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан боловч манай компанид “мэдэгдэл” хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах, Үнэлгээний хорооны 2020 оны 7 сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/71 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар[2] байгуулсан, уг үнэлгээний хороо тендерийн бичиг баримтыг боловсруулж тендерийг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг хүртэл авахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэлээр [3] тогтоогдож байна.
Улмаар тендерийн үнэлгээний хороо 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тендерийн нээлтийг хийж, нийт 7 компани /”ХША” ХХК, “ББ” ХХК, “Д” ХХК “ХУК” ХХК, “ДХ” ХХК, “ХТ” ХХК, “БЭ“ХХК/ тендер ирүүлсэн ба тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн 70-аас дээш хувь нь бүрдсэн үед тендерийн үнэлгээг хийхээр шийдвэрлэсэн байна.[4]
Ингээд “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ ажлын тендерийг үнэлэх үнэлгээний хороо 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж хурлаас “Хуралд оролцсон үнэлгээний хорооны гишүүдийн олонхын санал авч чадаагүй тул дахин хуралдахаар шийдвэрлэсэн[5],
2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж “Хуралд оролцсон Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн санал авч чадаагүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д зааснаар шаардлага хангасан нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж дахин зарлахаар шийдвэрлэсэн[6] байна. /хэрэгт авагдсан үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдсанаар/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний хорооны хурлаас “ХТ” ХХК-ныг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж олонхын саналаар шалгаруулсан, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэлийг өөрчилж бичсэн, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний хороо хуралдаагүй гэж тайлбарлаж байна.
“Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ ажлын тендерийг үнэлэх үнэлгээний хороо 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж “ХТ” ХХК-ныг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулсан, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэл өөрчлөгдсөн, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний хороо хуралдаагүй болохыг хариуцагч Үнэлгээний хорооны дарга Б.Г шүүхэд ирүүлсэн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар Ховд аймгийн Ховд сумын сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хороо 05 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж тендерийг 06 дугаар сарын 15-ны өдөр нээж хүлээн авахаар зарласан. Үнэлгээний хороо 06 дугаар сарын 15-ны өдөр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээхэд тендерт 7 компани саналаа ирүүлсэн байсан.
Тендерийг нээснээс хойш үнэлгээний хороо 7 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж Б.Г , С.М , Т.Г , Х.Д нар оролцож, тендерийн баримт бичгийн дагуу үнэлж “ХТ” ХХК-нд Б.Г , С.М , Т.Г нар санал өгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтын дагуу шаардлагад нийцсэн хамгийн сайн тендер ирүүлсэн гэж шалгарсан. Үүнээс хойшхи асуудлыг мэдэхгүй бөгөөд миний бие ямар нэгэн хуралд суугаагүй болно.[7] гэсэн хариу тайлбараараа хүлээн зөвшөөрсөн.
Мөн Гэрч С.М-ын /үнэлгээний хорооны гишүүн/ “...Тендерийн үнэлгээний хороо 2 удаа хуралдсан. Эхний удаагийн хуралдаан 2020 оны 7 сарын 03-ны өдөр хуралдаж уг хуралдаанд үнэлгээний хорооны дарга Гомбосүрэн, нарийн бичгийн дарга Х.Д , гишүүд Т.Г бид 4 оролцсон. А уг тендерийн үнэлгээний хорооны гишүүн байсан хэдий ч тэр өдөр хөдөө байгаа тул оролцох боломжгүй талаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Д -д утсаар холбогдож хэлсэн байсан. Тэр өдрийн хуралдаанаар “ББ” ХХК, “ХША” ХХК, "Д ХХК, “ХТ” ХХК, “ДХ” ХХК, ХУ ХХК, БЭ ХХК зэрэг 7 компанийн тендерийн материалыг үнэлсэн. Үнэлгээний хорооны гишүүн Т.Гиймаа бид хоёр "шаардлага хангасан тендер ирүүлээгүй" гэж үнэлсэн. Харин үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга нар "Д " ХХК-ныг шалгаруулахаар санал өгсөн. Санал тэнцсэн тул дахин үнэлгээ хийхээр шийдвэрлээд тарсан. Ингээд 2020 оны 7 сарын 06, 07 ны өдрүүдийн аль нэг өдөр нь, сайн санахгүй байна, тэр өдөр Тамгын газрын тог тасарсан тул Стандартчилал хэмжилзүйн газарт очиж үнэлгээний хорооны 2 дахь удаагийн хурал хийсэн. Энэ хуралд үнэлгээний хорооны гишүүн А оролцоогүй, бусад гишүүд оролцсон. Тэр өдрийн хуралдаан дээр үнэлгээний хорооны дарга Б.Г , гишүүн Т.Г болон миний бие ХТ ХХК-нийг шалгаруулахаар саналаа өгсөн. Нарийн бичгийн дарга Х.Д аль компанид санал өгснийг санахгүй байна. Олонхийн саналаар ХТ ХХК-нийг шалгаруулахаар шийдвэрлэсэн...”2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үнэлгээний хорооны хурал болоогүй. .... гэх мэдүүлэг[8]
Гэрч Т.Г-гийн /үнэлгээний хорооны гишүүн/ “...2020 оны 7 сарын 6, 7-ны өдрүүдэд байхаа, сайн санахгүй байна, үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Д над руу утсаар яриад 2020 оны 7 сарын 07-ны өдрийн 10:00 цагт үнэлгээгээ хийе гэж хэлсэн. 2020 оны 7 сарын 07-ны өдөр үнэлгээний хорооны гишүүн н.А -ээс бусад дарга, гишүүд цугларч үнэлгээ хийх гэсэн боловч аймгийн Засаг даргын Тамгын газар тог байхгүй байсан тул Стандартчилал хэмжил зүйн байранд үнэлгээ хийж эхэлсэн. Тэр өдөр бүх компаниудын ирүүлсэн тендерийг бүгдэд нь үнэлгээ хийсэн. ... Ингээд хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр ХТ ХХК-нийг шалгаруулах санал өгсөн. Үнэлгээний хорооны дарга Г, гишүүн М бид 3 "ХТ" ХХК-нийг шалгаруулах санал өгснөөр үнэлгээний хорооны шийдвэрээр "ХТ" ХХК-нийг шалгаруулсан. 2020 оны 7 дугаар сарын 10-ны өглөө 9 цагийн үед үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Х.Д утсаар яриад "ХТ" ХХК нь өмнө нь авсан тендерээ дуусгаагүй асуудалтай юм байна..." гэх агуулгатай зүйл хэлээд ...үнэлгээний хороо дахин хуралдах шаардлагатай байна..." гэсэн. Тэр өдөр би Мөнххайрхан сум руу явахаар болсон байсан ба ....би хөдөө явлаа гэж..." гэж хэлсэн. 2020 оны 7 сарын 10-ны өдрийн хуралдаанд би оролцоогүй. Хурал болсон эсэхийг би мэдэхгүй “ гэх мэдүүлэг[9]
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д-ийн шүүх хуралдаанд өгсөн “...он сарыг нь сайн санахгүй байна. Үнэлгээний хороо эхний удаа хуралдаад гишүүдийн санал тэнцсэн тул дахин үнэлгээ хийхээр болсон. Тэгээд дахин хуралдаж үнэлгээ хийхдээ “ХТ” ХХК-ныг шалгаруулсан. Энэ өдөр Засаг даргын тамгын газарт тог байхгүй байсан тул Стандартчилал хэмжил зүйн газар дээр очиж хуралдсан. Тэгээд би хурал тараад ажил дээрээ ирж хурлын тэмдэглэлээ гаргах гээд сууж байхад үнэлгээний хорооны гишүүн С.М над руу утсаар ярьж “ХТ” ХХК өмнө нь дуусгаагүй ажилтай юм байна. Би “ХТ” ХХК-нд өгсөн саналаасаа татгалзаж байна гэж хэлсэн. Тэгээд С.М саналаасаа татгалзсан тул “ХТ” ХХК нь олонхын санал авч чадаагүй. Иймд бүх тендерээс татгалзаж дахин зарлахаар болсон” гэх тайлбар зэргээр нотлогдож байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж заасан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ ажлын тендерийг үнэлэх үеийн хурлын тэмдэглэл, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барих барилгын ажлын гүйцэтгэгчээр “ХТ” ХХК нь шалгарсан болох нь тогтоогдох боловч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэхээс үл хамааран цаг хугацааны хувьд бодит нөхцөл байдал, мөн шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмын хувьд Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх тендерт сонгон шалгарч, Үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан боловч манай компанид “мэдэгдэл” хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах боломжгүйгээс гадна Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 7 болон 10-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах шаардлагыг ч мөн хангах боломжгүй байна.
Учир нь Сангийн яамны 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 6-1/5211 шийдвэрээр “Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлд гишүүдийн олонх санал нэгдээгүй тул дахин хуралдуулахаар шийдвэрлэсэн. Харин Үнэлгээний хорооны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлд шаардлагад нийцсэн нэгч тендер ирээгүй учраас хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтад заасны дагуу бүх тендерээс татгалзах шийдвэр гаргасан байх тул захиалагч үнэлгээний хорооны шийдвэрийг өөрчилсөн гомдол үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн[10] ба уг шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага... гомдлыг хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно гэсний дагуу хүчинтөгөлдөр болсон байна.
Сангийн яамны дээрх шийдвэр гарснаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан, Үнэлгээний хороо 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийт 5 компаний /”Д ” ХХК, “ЭМ” ХХК, “ЖЛ” ХХК, “ХША” ХХК, “ХБ” ХХК/ ирүүлсэн тендерт үнэлгээ хийж “ХБ” ХХК-ны хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн[11], 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дахин хуралдсан үнэлгээний хорооны хурлаар Сангийн яам хянаад ирүүлсэн 6-1/6279 тоот албан бичгийн дагуу[12] дахин үнэлгээ хийж үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар өмнөх шийдвэрээ хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.[13]
Улмаар Захиалагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д , гүйцэтгэгч “ХБ” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга болон БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барилга угсралтын ажлын гэрээ[14] байгуулсан, гэрээнд зааснаар 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтанд оруулахаар заасан, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 444 дугаар албан бичигт “Улсын төсвийн тухай хуулийн XIII.1.1.39 дугаартай Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барилга угсралтын ажил нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй дуусах шатандаа орсон байна” гэснээс үзэхэд бодит байдалд биелэгдэх боломжгүй болжээ.
Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т зааснаар захиргааны акт хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн боловч ашиг сонирхол байгаа гэж үзсэн бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоолгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломжтой байсан ба маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсныг тогтоолгох байдлаар өөрчлөөгүй тул шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендерийг үнэлэх үеийн хурлын тэмдэглэлийг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “ДУ” хурлын тэмдэглэлийг, Захиалагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д , гүйцэтгэгч “ХБ” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга болон БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендерийг дахин зарлахдаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай тушаалаар Үнэлгээний хороог дахин байгуулжээ. Тендерийн үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байхаар хуульд заасан бөгөөд дахин тендер зарласан тул тендерийн Үнэлгээний хороог дахин байгуулсан байна.
Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэж захиалагч Ховд аймгийн засаг дарга, “ХБ” ХХК-ны хооронд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барилга угсралтын ажлын гэрээ байгуулагдсан ба нэгэнт тендерийг дахин зарлаж, үнэлгээний хорооны шалгаруулсан оролцогчтой захиалагч гэрээ байгуулсныг буруутгах боломжгүй юм.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна, 46.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэсэнтэй нийцэж байна.
Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 .Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна, 47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно гэж заасныг дурьдах нь зүйтэй байна.
Дүгнэвэл дээрх дурьдсан үндэслэлүүдээр шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдал, шүүхийн шийдвэрийн биелэгдэх боломжтой байх зарчмыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/115 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаарддлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх тендерт сонгон шалгарч, Үнэлгээний хорооны дүгнэлт гаргасан боловч манай компанид “мэдэгдэл” хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын Сургуулийн барилга, 240 суудал барих барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг даалгах, Үнэлгээний хорооны 2020 оны 7 дугаар сарын 07-ны болон 10-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлийг, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 03 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ -ын тендерийг үнэлэх үеийн хурлын тэмдэглэлийг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 04 дугаартай “Дахин хуралдсан” хурлын тэмдэглэлийг, Захиалагч Ховд аймгийн Засаг дарга Б.Д , гүйцэтгэгч “ХБ” ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга болон БСШУСЯ/202001240 дугаартай “Сургуулийн барилга, 240 суудал /Ховд, Ховд сум/ барилга угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээ зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
6.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсэгт тус тус зааснаар /энэхүү шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад/ гуравдагч этгээд нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ
[1] Хх2-ын 2 дах тал
[2] Хх1-ийн 39 дэх тал
[3] Хх1-ийн 47 дахь тал
[4] Хх1-ийн 84 дэх тал
[5] Хх1-ийн 91 дэх тал
[6] Хх1-ийн 92, 93 дахь тал
[7] Хх1-ийн 21 дэх тал
[8] Хх1-ийн 127-129 дэх тал
[9] Хх1-ийн 143-145 дахь тал
[10] Хх1-ийн 10 дахь тал
[11] Хх1-ийн 235-236 дахь тал
[12] Хх1-ийн 247-248 дахь тал
[13] Хх1-ийн 244-245 дахь тал
[14] Хх1-ийн 174-177 дахь тал