Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 300

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00300

 

 

АФгрупп ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02282 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч АФгрупп ББСБ ХХК-ийн хариуцагч П.Бт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 279 836 800 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс гарсан зардалд 10 240 000, нийт 290 076 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг, хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч П.Б нь манай Банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 02 дугаар сарын 02-ны 02/02/16/04 тоот Зээлийн гэрээ байгуулан 157 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн. Энэхүү зээлийн барьцаа болгож 000453641 тоот Улсын бүртгэлийн дугаар, Ү-2204026629 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 13130 гудамж 113-9 тоотод байрлах амралтын зориулалттай 247 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, 000453640 тоот Улсын бүртгэлийн дугаар, Ү-2204046184 тоот гэрчилгээний дугаартай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 13130 гудамж 113/14-1 тоотод байрлах амралтын зориулалттай 245.92 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаалан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/05 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг байгуулсан. П.Б нь 2016 оны 3 дугаар сарын 09-ны өдөр зээлийн хүүд 1 удаа 9 420 000 төгрөгийг төлсөн үүнээс хойш төлбөр хийгдээгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон. П.Бт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 16/0033 дугаартай мэдэгдэл, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2015 оны 2 дугаар сарын 02-ны 02/02/16/04 тоот зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15, 3.1, 3.2, 3.5, 4 дүгээр зүйлийн 4.1.8,4.1.9, 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.4.3, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1.2 дугаар зүйлийн 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.2, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/05 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 157 000 000 төгрөг, зээлийн хүү 39 878 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 311 400 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох нийт 203 189 400 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 10 000 000 төгрөг, мэдэгдэл нийтлүүлсэн төлбөр 240 000 төгрөг, нийт 213 429 400 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 02/02/16/05 дугаартай үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасан үл хөдлөх хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Үүнд П.Баас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл буюу хүүг 127 хоног, нэмэгдүүлсэн хүүг 67 хоногоор тус тус тооцсон бөгөөд уг шаардлагыг нэмэгдүүлж зээлийн хүүг 336 хоног, нэмэгдүүлсэн хүүг 276 хоногоор тооцож, нийт шаардлагыг 76 647 400 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 290 076 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ББСБ нь бага хэмжээний зээл олгоно гэж гэрээ байгуулаад өндөр үнийн дүнтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлж, иргэд биднийг хохироож, зээл нэрээр мөнгийг ашиглан шамшигдуулж байна. Түүнчлэн компани, аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт татна, хөрөнгө оруулна гэж итгэл төрүүлэн компанийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авч 1 жилийн хугацаанд удахгүй хөрөнгө оруулна гэх мэтээр худал ярьж байна. БНХАУ-ын иргэн Wu-Jianguo нь АФгрупп ББСБ ХХК-ийн 85 хувийн хувьцааг худалдан авах зорилгоор СЗХ-д 85 хувийн худалдан авах 850 сая төгрөгийн гарал үүслийг баталгаажуулах зорилгоор БНХАУ-ын иргэн Wu Jianguo Чень Ань хотын Юань Шиан ХХК-ний хувьцаа эзэмшигч Ү Жиангуо, Дү Рон Ли, Жоа Шень нарын хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, 2014 оны 2015 жилийн ногдол ашгийг хуурамчаар үйлдсэн. Мөн АФгрупп ББСБ ХХК-ийн 85 хувийг худалдан авах мөнгөн хөрөнгийг гарал үүслийг Санхүүгийн зохицуулах хороонд баталгаажуулах зорилгоор, БНХАУ-ын Аудитын байгууллагын тамга, БНХАУ-ын татварын албаны тамга, БНХАУ-ын Юань Шиан ХХК нь 2014, 2015 жилийн татварын тайлан хуурамчаар үйлдэж Юань Шиан ХХК нь ашигтай ажилласнаа баталгаажуулсан. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэдэг боловч уг мөнгийг хүлээн аваагүй, харин зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсантай маргахгүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.1-д зааснаар бүхий л баримтыг үндэслэн зээл олгоно гэсэн боловч зээлийн хувийн хэрэг ч байхгүй, мөн 100 000 000 төгрөгөөс дээш зээлийн асуудлыг хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр гаргах ёстой, гэтэл тийм шийдвэр ч байхгүй. Мөн зээлийн гэрээ нь 2015 онд байгуулсан зээлийг 2016 онд олгосон гээд бичиг баримт буюу санхүүгийн баримтууд нь зөрүүтэй. Зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээл олгосонд тооцохоор байхад энэ нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Барьцааны зүйлийн хувьд ойлгомжгүй, манай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй, эрхийг нь зөрчсөн, уг барьцаа хөрөнгө нь итгэмжлэлээр С.Боос Г.Бд захиран зарцуулах эрхийг олгож, өмчлөл шилжсэн байдаг. Энэ нь шүүхэд гаргасан С.Бын тайлбараар ч нотлогддог. Мөн шүүхээс нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгнө гэсэн журмыг зөрчиж, шүүх хуралдааны явцад нотлох баримтыг авч байгаа нь журам зөрчсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: С.Б миний бие нь АФ групп ББСБ нэхэмжлэлтэй иргэн П.Бт холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Тус маргаанд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113/14-1 тоот, 113-9 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгүүд нь Г.Бны өөрийнх нь өмчлөл болно. Иймд миний эрх ашиг зөрчигдөхгүй байна гэж би үзэж байна. Иймд миний бие шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна. Цаашид намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэнэ үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Баас 278 266 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АФгрупп ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11 810 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Б нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113/14-1 тоот хаягт байршилтай 245,92 м.кв талбайтай Ү-2204046184 дугаарт бүртгэлтэй, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой гудамж, 113-9 тоот хаягт байршилтай 247 м.кв талбайтай Ү-2204026629 дугаарт бүртгэлтэй, амралтын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 785 124 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 549 534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...зээлийн гэрээг 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан болох нь тогтоогдож байна гэж үзэв гэжээ. Хэргийн 10-14 дүгээр талд авагдсан зээлийн гэрээний огноо 2015 оны 02 дугаар сарын 02 гэсэн байх ба шүүхийн шийдвэрт дурдсан хэргийн 17-18 дугаар талд байх 2 ширхэг зарлагын болон орлогын баримт нь санхүүгийн тамга тэмдэггүй, хэнд хэдэн төгрөг хэн олгоод буй, эсхүл аваад байгаа эсэх нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл ямар ч нотолгооны ач холбогдолгүй баримт атал шүүхээс түүнийг хариуцагчийн эсрэг үнэллээ. Мөн "...хариуцагчийн өмгөөлөгчийн П.Бын дансаар гүйлгээ хийгээгүй тул зээлийн гэрээ байгуулагдаагүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв" гэжээ. Хэрэгт зээлийг бэлнээр олгосон гэх баримт байхгүй бөгөөд зарлагын баримт гэх зүйл анх шүүхэд гарган өгсөн боловч тэрхүү баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, зээлийн гэрээ байгуулсан хугацаанаас өөр хугацаатай байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "мөн хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 5.1.1-д зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, барьцаалбар, фидуцын гэрээний хүчин төгөлдөр эх хувийг ББСБ хүлээн авсны дараа зээлдэгчид зээлийг олгох гэж заасныг зөрчсөн, зээлийн хувийн хэрэг байхгүй гэсэн боловч ...баримтгүйгээр зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй байна" гэжээ. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд тухайн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хорооны шийдвэр гараагүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Энэ учраас хувийн хэрэгт нь үзлэг хийлгэх, энэхүү шийдвэрийг ББСБ-аас гаргуулах хүсэлт гаргахад шүүхээс хүлээн аваагүй. Зээлийн хорооны дарга нь ийм зээл гараагүй гээд гараараа бичээд нотариатаар батлуулаад өгсөн байгаа. Тэрхүү хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс дуудаагүй, албадан ирүүлээгүй. Тус шүүх дээр өөр хэрэг дээр нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд энэ хэргийн нэхэмжлэгч нь тэрхүү хэргийн хариуцагч юм. Зээл олгох эрх бүхий зээлийн хорооны даргыг нь гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүхээс шийдвэрлээгүй атлаа тэрхүү хүний тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэжээ. Тухайлбал, тийнхүү гараараа өөрийн мэдэж буй зүйлийг шүүхэд бичин нотариатаар гэрчлүүлэн өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ямар журам зөрчиж байгаа нь тодорхойгүй, шийдвэрт заагаагүй.Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс зөвхөн нэг баримтын талаар бус хэд хэдэн санхүүгийн баримтууд нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй тухай маргасан. Энэ талаар шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, тайлбарт тодорхой бичигдсэн байгаа. Гэтэл шүүхээс ганцхан орлогын баримтын талаар маргасан мэт дүгнэлт хийжээ. Хэрэгт авагдсан П.Бт зээл олгосон гэх, түүнийг хүү төлсөн гэх баримтууд нь бүгд эргэлзээтэй, санхүүгийн тамга тэмдэггүй, хэн, хэнд хүлээлгэн өгөөд буй нь тодорхойгүй байгаа юм. Үүнийг шалгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан ч хангаагүй. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд тухайн маргаанд үндсэн төлбөр, хүүг хэрхэн тооцсон, хэзээ хэрхэн зээл олгогдсон эсэх, энэхүү зээлтэй холбоотой баримтууд нь банк бус санхүүгийн байгууллагын санхүү, татвар, аудитын тайланд хэрхэн тусгагдсан зэргийг шалгуулах хүсэлт гаргаж байсан. Мөн шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үед шүүхээс хариуцагч талын гаргасан хавтастай баримтуудаас баримт үзэж шинжлэн судалсан нь хууль зөрчлөө гэж хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд маргасан. Учир нь тэрхүү баримтуудыг хариуцагч тал үзээгүй, танилцаагүй. Хэрэгт байгаа баримтын эх хувь гэж чухам ямар баримтууд шүүхэд үзүүлээд байгааг мэдээгүй. Шүүх нотлох баримтаар хэрэгт аваагүй учраас хариуцагч талаас танилцаагүй, мөн шүүх хуралдааны дунд гэнэт болсон учраас ийм боломж ч байгаагүй. Зээлийн хувийн хэрэг болон санхүүгийн баримтуудад нь үзлэг хийлгэх хүсэлтийг анхан шатны шүүхээс хангаагүй атлаа хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, хариуцагчийн танилцаагүй нотлох баримтыг шинжлэн судалсанд гомдолтой байна. Мөн шийдвэрт "хариуцагчийн өмгөөлөгч нь барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь Г.Бны өмчлөлийн хөрөнгө, уг итгэмжлэлээр С.Боос Г.Бны өмчлөлд шилжсэн гэж тайлбарласан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Батболд нь уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг Г.Бнд шилжүүлсэн гэдгийг шүүхэд гаргасан тайлбартаа хүлээн зөвшөөрсөн боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцэл болон 112 дугаар зүйлд зааснаар уг эд хөрөнгийн үнийг төлсөн гэдгийг баримтаар нотлоогүй тул өмчлөх эрхийг итгэмжлэлээр шилжсэн гэдэг нь үндэслэлгүй байна гзж үзэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь барьцаа хөрөнгийн өмчлөгч гэдгийг баримтаар нотлоогүй" гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах үндэслэлийг "...маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал..." гэж маш тодорхой заасан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Г.Б нь гуравдагч этгээд С.Бдын шүүхэд гаргасан тайлбар болон 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр түүнд олгосон итгэмжлэл зэргээр тухайн зээлийн гэрээтэй холбоотой маргааны барьцааны зүйлийг захиран зарцуулах эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл тухайн барьцааны зүйлийг захиран зарцуулах итгэмжлэлтэй этгээдийн эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэх үндэслэлгүй билээ. Мөн тухайн хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа учраас гуравдагч этгээдээр оролцож болохгүй гэсэн ойлголт байхгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Мөн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батчулууны хүсэлтээр түүний биечлэн оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу түүний шүүхэд ирүүлсэн эмнэлгийн магадлагаанд заасан ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш товлон зарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан хэзээ болохыг шүүхийн мэдээллийн самбар, шүүхийн цахим хуудаснаас үзэх, шүүгчийн туслах, шүүгчээс лавлах үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно" гэжээ. Өмгөөлөгч шүүх хуралдааныг хариуцагч, болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хийх тухай хүсэлт огт гаргаагүй. Харин хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Г.Б нь хариуцагчийн төлөөлөгч төдийгүй гуравдагч этгээдийн тайлбар болон итгэмжлэлээр барьцааны зүйлийг захиран зарцуулах эрхтэй учраас эрх ашиг хөндөгдөж байгаа тухай хэлсэн. Нэгэнт шүүхээс хариуцагч болон түүний төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй учраас шүүх хуралдаан хойшилно гэж үзэж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдааны товыг мэдээгүйн дээр өвчний улмаас шүүхэд очиж чадаагүй болох нь эмнэлгийн холбогдох баримтуудаар тогтоогдсон. Дээрхээс дүгнэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хариуцагч талаас гаргасан хариу тайлбар, татгалзалтай холбоотой хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч АФгрупп ББСБ ХХК нь хариуцагч П.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 279 836 800 төгрөг, үүргээ гүйцэтгээгүйгээс гарсан зардалд өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, мэдэгдэл нийтлүүлсний хөлс 240 000 төгрөг, нийт 290 076 800 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг /хх.1-2/, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийн дагуу хариуцагч талаас гэрч асуулгах хүсэлт гаргасан байна. /хх.108/ Анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2017/05732 дугаар шүүгчийн захирамжаар гэрчээр О.Энийг асуулгах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дах хэсэгт зааснаар гэрчээс мэдүүлэг аваагүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, хариуцагчийн өмгөөлөгчид 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хэргийн материалтай танилцуулсан /хх.64,140/ байх ба түүнээс хойш хэргийн материалтай танилцуулаагүй.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримт ирүүлснийг хариуцагч талд танилцуулаагүй атлаа уг баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гарсан байна. Нэхэмжлэгчээс гаргасан дээрх нотлох баримтуудыг хариуцагчид танилцуулах, тэдгээрт тайлбар гаргах боломжоор шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 6.3, 25 дугаар зүйлийн 25.1.1, 42 дугаар зүйлийн 42.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/02282 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бны давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 549 284 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

Ш.ОЮУНХАНД

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ