Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00183

 

Мичид Энержи Солюшн ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01203 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1511 дүгээр магадлалтай,

Мичид Энержи Солюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГазар, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох

   Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 170,431,851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэцэгээ, Ц.Батхүү, хариуцагчийн төлөөлөгч Б.Эрдэнээ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Мичид Энержи Солюшн ХХК нь агаарын бохирдлыг бууруулах зориулалттай тоос, тоосонцор, утаа шүүгч зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Япон Улсын АКО ХХК-тай хамтран утаагүй Улаанбаатар төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд, 2014 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос зохион байгуулсан агаарын бохирдлыг бууруулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн уулзалтад бид оролцон өөрсдийн төслөө танилцуулснаар эхний ээлжид нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрүүдийн нэг болох хотын захын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн ажиллуулж байгаа нам даралтын зуухнуудад утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулах болсон юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, манай төслийн туршилтыг хамгийн эхлээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт харьяалагддаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, Ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн халаалтын зуух дээр хэрэгжүүлэхээр болж утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулах, туршихыг даалгасан. Ингээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар болон Мичид Энержи Солюшн ХХК-иудын хооронд 2014 оны 08 сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, сонгогдсон 68 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулахаар болсон. Дээрх утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулахаас өмнө 2014 оны 6 сард АКО ХХК-ийн япон мэргэжилтнүүд Монголд ирж, АББҮХорооноос сонгож өгсөн 68 дугаар сургуулийн халаалтын зууханд нарийн хэмжилт хийж, уг хэмжилт дээр үндэслэн утаа шүүгчийг Японд үйлдвэрлэж 2014 оны 08 сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж ирэн байрлуулах, угсрах, сургуулийн халаалтын зууханд холбох, туршилт хийхэд бэлдэх зэрэг бүхий л үйл ажиллагааг манай компани хийж гүйцэтгэсэн. АББҮХорооноос өгсөн зааварчилгааны дагуу туршилтыг 2014 оны 09 сарын 15-ны өдөр буюу халаалтын улирал эхлэх үеэр хийж үзэхэд зуухыг +300 С градус хүртэл галлаж халаахад утаа гараагүй бөгөөд сургуулийн ойр орчимд ч утаа, угаар огт байхгүй болсон байсан. 2014 оны 09 сарын 22-ны өдөр Нийслэлийн агаарын чанарын албаны утааны хэмжилт хариуцсан тусгай мэргэжилтнүүд төхөөрөмж суурилуулсны дараах албан ёсны хэмжилтийг хийхэд утааны тоосонцрын хэмжээ 99% -аас дээш шүүгдсэн гэсэн хариу гарч хэмжилт хийх шаардлагагүй болтол утаагүй болсон гэж мэргэжилтнүүд нь онцолж байсан. Дээрх утаа, тоосонцор шүүгч төхөөрөмж нь 2014 онд Ногоон бүтээгдэхүүнээр шалгарч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас /тухайн үеийн нэрээр/ Ногоон бүтээгдэхүүн гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгож байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд манай компани төрийн болон төрийн бус байгууллагаас ямар нэгэн санхүүжилт, дэмжлэг авахгүйгээр бүх зардлыг 100 хувь өөрөөсөө гаргасан. Нийт зардлын хэмжээ нь ашиг орохгүйгээр 170,431,851 төгрөг болсон. Утаа, тоосонцор шүүгч төхөөрөмжийг суурилуулсны дараа АББҮХорооноос туршилтын хугацааг 1 жил байна, уг хугацаа дууссаны дараа төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж бид нар амаар тохирсон байсан. Гэвч төхөөрөмжийг ашиглах явцад 2014 оны 12 сарын 11-ний өдөр утаа шүүгчийн шүүлтүүрийг (фильтр) шатаасан учир дахин Япон руу захиалж, шинээр фильтр худалдан авч 2015 оны 4 сард тавьж өгсөн. Дахин шинээр фильтр тавьснаар туршилтыг хугацааг мөн 1 жилээр сунгаж, төлбөрийн асуудал ч хойшлогдсон. Манай компанийн суурилуулсан тоног төхөөрөмж 2014 оны 9 сараас эхлэн одоог хүртэл ямар ч асуудалгүй ажиллаж, утаагүй Улаанбаатар болоход зохих хувь нэмрээ оруулж байгаагийн гадна, 68 дугаар сургуулийн сурагчид, ажиллагсдын болон тус сургуулийн ойр орчим амьдарч, оршин суудаг хүмүүсийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалахад тодорхой хэмжээгээр, бодитойгоор нөлөөлж байгаа билээ. АББҮХорооноос тогтоосон тоног төхөөрөмжийн туршилтын хугацаа 2016 оны 4 сард дуусан бөгөөд өнгөрсөн хугацаанд төр засаг солигдож, засаг солигдох бүрт дарга нар нь өөрчлөгдөж, төлбөрийг асуудал шийдвэрлэгдэхгүй байсны гадна, бидний зүгээс төхөөрөмжийн үнийг удаа дараа нэхэмжилж албан бичиг хүргүүлдэг боловч төсөвт суулгаагүй учир өгч болохгүй байна гэх эсвэл манай байгууллагад хамаарахгүй гэсээр өдийг хүргэсэн билээ. Иймд утаа шүүгч тоног төхөөрөмжийн үнэ 170,431,851 төгрөгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГазрын шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 08 сарын 21 өдөр Мичид Энержи Солюшн ХХК-тай Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 68 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийхээр суурилуулах талбайг бэлтгэхэд туслах гэрээ байгуулсан. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын Хамтран ажиллах гэрээ-гээр хүлээсэн үүрэг нь тоног төхөөрөмж буулгах, суурилуулах талбай бэлтгэхэд туслах, угсралтын ажлын явцад галч хяналт тавих, мэргэжилтэн харилцан мэдээлэл солилцон ажиллах, тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд суурилуулан туршсаны дараа тус байгууллагад техникийн бичиг баримтын хамт, актаар хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ёсоор тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Удирдах байгууллага болох Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 01 сарын 06 өдрийн Мичид Энержи Солюшн ХХК-д хүргүүлсэн албан тоотод Баянзүрх цогцолбор сургууль буюу 68-р сургуулийн халаалтын зууханд суурилуулсан тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр нийслэлийн өмчлөлд шилжүүлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт хандивлаж байгаа бол манай байгууллага дараах бичиг баримтыг үндэслэн тухайн байгууллагын хөрөнгөнд бүртгэх, авах зөвшөөрөл олгодог талаар албан бичгээр тодорхой хариу хүргүүлсэн байна. Тухайн тоног төхөөрөмжийг манай газар хүлээн аваагүй, нэхэмжлэгч тус тоног төхөөрөмжийг одоог хүртэл ашиглаж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 68 дугаар сургууль төвийн халаалтад холбогдсон байдаг. Нэхэмжлэгч Мичид Энержи Солюшн ХХК-ийн гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 170,431,851 төгрөгийг гаргуулах хүсэлт нь манай байгууллагад дээд удирдах байгууллагаас хөрөнгө бүртгэлд авах талаар шийдвэр гарч байгаагүй тул үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын шүүхэд ирүүлсэн тайлбарт: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 66 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журмын дагуу холбогдох байгууллагуудын шийдвэрээр өмчийн бүртгэлд бүртгэдэг болно. Мичид Энержи Солюшн ХХК нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж 2014 оны 11/03 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт Баянзүрх цогцолбор сургууль буюу 68 дугаар сургуулийн халаалтын зууханд суурилуулсан тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид шилжүүлэн өгөх тухай хүсэлт ирүүлсэн байдаг. Манай газраас 2015 оны 01 сарын 06-ны өдрийн 7/56 тоот албан бичгээр тус тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр нийслэлийн өмчлөлд шилжүүлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт хандивлаж байгаа бол холбогдох баримт бичгийг бүрдүүлэн дахин хандах тухай тодорхой хариу хүргүүлж байсан ба үүнээс хойш нийслэлийн өмчид бүртгүүлэх тухай албан хүсэлт ирээгүй байна. Иймээс тус тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэж аваагүй тул нэхэмжлэгч Мичид Энержи Солюшн ХХК-ийн гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 170,431,851 төгрөгийг гаргуулах хүсэлт нь манай газарт хамааралгүй бөгөөд хариуцах үндэслэлгүй байна. Тухайн тоног төхөөрөмжийг суурилуулахад манай газраас ямар нэгэн зөвшөөрөл авч, гэрээ хэлцэл хийгээгүй болно гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01203 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.2.2, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мичид Энержи Солюшн ХХК-ийн 170,431,851 төгрөг гаргуулах тухай хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мичид Энержи Солюшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1511 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.21-ний өдрийн 183/ШШ2019/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.14-ний өдрийн 1511 дугаар магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс дор дурдсан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнэхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар-тай 2014.08.21-ний өдөр Хамтран ажиллах гэрээ-г байгуулж, тус газарт харьяалагддаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, ерөнхий боловсролын 68 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд 2014 оны 9 сард тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулан бүрэн туршилт хийж ажиллуулан эрх бүхий этгээдүүд нь хүлээн авч, тус сургуулийн эзэмшил, ашиглалтад биет байдлаар хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа билээ. Уг тоног төхөөрөмжийг турших суурилуулах ажил Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд эрх бүхий байгууллагуудын хүсэлтийн дагуу хийгдсэн бөгөөд манай компани үүнийг хүчээр хийгээгүй болно. Хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар хамтран ажиллах гэрээ байгуулсан, тоног төхөөрөмжийг дээрх сургууль дээр суурилуулах шийдвэр гаргаж, зааж өгсөн, суурилуулсан, ашиглаж байснаа хүлээн зөвшөөрдөг ба энэ талаар маргадаггүй атлаа хүлээлгэн өгөөгүй гэсэн тайлбар гаргадаг. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж зааснаар талуудын хооронд 2014.08.21-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ"-ний дагуу утаа тоосонцор шүүгч тоног төхөөрөмжийг 68 дугаар сургуулийн халаалтын уурын зууханд суурилуулснаар хариуцагчид тоног төхөөрөмжийг эзэмших эрх үүсч, 2018 оны 9 сарыг хүртэл буюу дулааны төвлөрсөн системд холбогдох хүртэл эзэмшиж, ашигласан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон.

 
  Text Box: * (
Дээрх үйл баримтыг хариуцагч тал ямар нэгэн баримтаар үгүйсгэж чадаагүй байхад 2 шатны шүүх зөвхөн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй гэсэн нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, тухайн эд хөрөнгийн эзэмшил гэрээний дагуу буюу хууль ёсоор үүссэн, олон сая төгрөгийн үнэтэй, зөвхөн 68 дугаар сургуулийн халаалтын зууханд зориулагдан хийгдсэн, тус сургууль бодитойгоор ашиглаж байсан зэрэг байдлуудыг харгалзан үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2014.08.21-ний өдрийн хамтран ажиллах гэрээ гээр тоног төхөөрөмжийн үнэ, зардлыг хэн хариуцах талаар заагаагүй нь төлбөр мөнгө нэхэмжлэхгүй байх, хариуцахгүй байх үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж хөрөнгийг шилжүүлснээр төрийн байгууллага хөрөнгөтэй болсон байгаа. Тус компани үндэсний хэмжээний асуудал болсон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсний төлөө олон сая төгрөгөөрөө хохирох ёсгүйгээс гадна тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн Япон Улсын АКО ХХК-д уг тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгч төлж Монгол Улсын хилээр оруулж ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүхүүд тоног төхөөрөмжийн үнэ тодорхойгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн. Эдгээр үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Мичид Энержи Солюшн ХХК нь Захирагчийн ажлын албаны харъяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт тус тус холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 170,431,851 төгрөг гаргуулна гэжээ.

Шаардлагынхаа үндэслэлийг 2014 оны 08 сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн хороонд байрлах 68 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулсан зардал гэж тайлбарласан байна.

Хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгөөгүй, байгууллагын өмчид бүртгэгдээгүй гэж, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар ...нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журмын дагуу холбогдох байгууллагуудын шийдвэрээр өмчийн бүртгэлд бүртгэдэг. Тус тоног төхөөрөмж нийслэлийн өмчид бүртгэгдээгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

1. Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх бөгөөд шүүх тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нотлох баримтыг үнэлнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Мичид Энержи Солюшн ХХК болон Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын хооронд 2014 оны 8 сарын 21-ний өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн VIII хороонд байрлах 68 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд тоосонцор, утаа шүүгч төхөөрөмж суурилуулах ажлыг хийх, суурилуулалтын явцад гарах зардлыг бүрэн хариуцах, тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд суурилуулж туршсаны дараа техникийн бичиг баримтын хамт хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Харин дээрх гэрээнд тоног төхөөрөмжийн үнэ тодорхойгүй, суурилуулсан зардлыг буцаан төлөх нөхцөл заагдаагүй, гэвч нэхэмжлэгч нь утаа, тоосонцор шүүгч төхөөрөмжийг суурилуулсны дараа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос туршилтын 1 жилийн хугацаа дууссаны дараа төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж тохирсон, ... ашиглах явцад 2014 оны 12 сарын 11-нд шүүлтүүрийг шатааснаас 2015 оны 4 сараас дээрх хугацааг мөн 1 жилээр сунгасан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй хамтран ажиллах гэрээний 2.3 дахь заалтын дагуу тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчээс хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт хүлээлгэн өгсөн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2014 оны 8 сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу тоног төхөөрөмжийг суурилуулсан гэж шаардах эрхийнхээ үндэслэлийг тайлбарласан боловч гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан, хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн зэрэг нөхцөлд хамаарах баримтыг гаргаагүй байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд шаардлага гаргаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн, шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв хэрэглэжээ.

 2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул энэ шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтран ажиллах гэрээнд талууд төлбөр, тооцооны талаар тохиролцсон нөхцөл тусгагдаагүй, тоног төхөөрөмжийн зардлыг буцаан авах ёстой гэсэн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байх тул ...тоног төхөөрөмжийг үйлдвэрлэсэн Япон Улсын АКО ХХК-д уг тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгч төлж Монгол Улсын хилээр оруулж ирсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүхүүд тоног төхөөрөмжийн үнэ тодорхойгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн гэсэн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01203 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1511 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,110.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД