Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2019/01203

 

2019 оны 05 сарын 21 өдөр

   Дугаар 183/ШШ2019/01203

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Гэгээнтэн оффис центр, 0 тоот хаягт байрлах, М ХХК /РД:000000 /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Захирагчийн ажлын албаны харъяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГазар,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Бага тойруу-0, Хөвсгөл лейк сити товер 0 тоот хаягт байрлах, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох,

 

            Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 170 431 851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баяр-эрдэнэ нар оролцов.          

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч МХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь агаарын бохирдлыг бууруулах зориулалттай тоос, тоосонцор, утаа шүүгч зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Япон улсын АКО ХХК-тай хамтран утаагүй Улаанбаатар төсөл хэрэгжүүлж байсан бөгөөд, 2014 онд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос цаашид /АББҮХ/ зохион байгуулсан агаарын бохирдлыг бууруулах зорилготой үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн уулзалтад бид оролцон өөрсдийн төслөө танилцуулснаар эхний ээлжинд нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрүүдийн нэг болох хотын захын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн ажиллуулж байгаа нам даралтын зуухнуудад утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулах болсон юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, манай төслийн туршилтыг хамгийн эхлээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт харьяалагддаг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах, Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн халаалтын зуух дээр хэрэгжүүлэхээр болж утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулах, туршихыг даалгасан. Ингээд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар болон МХХК-иудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, сонгогдсон 0 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулахаар болсон. Дээрхи утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилуулахаас өмнө 2014 оны 6 сард Япон улсын АКО ХХК-ийн япон мэргэжилтнүүд Монголд ирж, АББҮХорооноос сонгож өгсөн 0 дугаар сургуулийн халаалтын зууханд нарийн хэмжилт хийж, уг хэмжилт дээр үндэслэн утаа шүүгчийг Японд үйлдвэрлэж 2014 оны 8 сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр оруулж ирэн байрлуулах, угсрах, сургуулийн халаалтын зууханд холбох, туршилт хийхэд бэлдэх зэрэг бүхий л үйл ажиллагааг манай компани хийж гүйцэтгэсэн. АББҮХорооноос өгсөн зааварчилгааны дагуу туршилтыг 2014 оны 9 сарын 15-ны өдөр буюу халаалтын улирал эхлэх үеэр хийж үзэхэд зуухыг +300 С градус хүртэл галлаж халаахад утаа гараагүй бөгөөд сургуулийн ойр орчимд ч утаа, угаар огт байхгүй болсон байсан. 2014 оны 9 сарын 22-ны өдөр Нийслэлийн агаарын чанарын албаны утааны хэмжилт хариуцсан тусгай мэргэжилтнүүд төхөөрөмж суурилуулсны дараах албан ёсны хэмжилтийг хийхэд утааны тоосонцрын хэмжээ 99% -аас дээш шүүгдсэн гэсэн хариу гарч хэмжилт хийх шаардлагагүй болтол утаагүй болсон гэж мэргэжилтнүүд нь онцолж байсан. Дээрх утаа, тоосонцор шүүгч төхөөрөмж нь 2014 онд “Ногоон бүтээгдэхүүнээр” шалгарч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас /тухайн үеийн нэрээр/ Ногоон бүтээгдэхүүн гэрчилгээг 2 жилийн хугацаагаар олгож байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд манай компани төрийн болон төрийн бус байгууллагаас ямар нэгэн санхүүжилт, дэмжлэг авахгүйгээр бүх зардлыг 100 хувь өөрөөсөө гаргасан. Нийт зардлын хэмжээ нь ашиг орохгүйгээр 170 431 851 төгрөг болсон. Утаа, тоосонцор шүүгч төхөөрөмжийг суурилуулсны дараа АББҮХорооноос туршилтын хугацааг 1 жил байна, уг хугацаа дууссаны дараа төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж бид нар амаар тохирсон байсан. Гэвч төхөөрөмжийг ашиглах явцад 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр утаа шүүгчийн шүүлтүүрийг (фильтер) шатаасан учир дахин Япон руу захиалж, шинээр фильтер худалдан авч 2015 оны 4 сард тавьж өгсөн. Дахин шинээр фильтер тавьснаар туршилтыг хугацааг мөн 1 жилээр сунгаж, төлбөрийн асуудал ч хойшлогдсон. Манай компанийн суурилуулсан тоног төхөөрөмж 2014 оны 9 сараас эхлэн одоог хүртэл ямар ч асуудалгүй ажиллаж, утаагүй Улаанбаатар болоход зохих хувь нэмрээ оруулж байгаагийн гадна, 0 дугаар сургуулийн сурагчид, ажиллагсдын болон тус сургуулийн ойр орчим амьдарч, оршин суудаг хүмүүсийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос хамгаалахад тодорхой хэмжээгээр, бодитойгоор нөлөөлж байгаа билээ. АББҮХорооноос тогтоосон тоног төхөөрөмжийн туршилтын хугацаа 2016 оны 4 сард дуусан бөгөөд өнгөрсөн хугацаанд төр засаг солигдож, засаг солигдох бүрт дарга нар нь өөрчлөгдөж, төлбөрийг асуудал шийдвэрлэгдэхгүй байсны гадна, бидний зүгээс төхөөрөмжийн үнийг удаа дараа нэхэмжилж албан бичиг хүргүүлдэг боловч төсөвт суулгаагүй учир өгч болохгүй байна гэх эсвэл манай байгууллагад хамаарахгүй гэсээр өдийг хүргэсэн билээ. Иймд утаа шүүгч тоног төхөөрөмжийн үнэ 170 431 851 төгрөгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажпын албаны харьяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар, Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэв.

 

Хариуцагч Захирагчийн ажлын албаны харъяа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ОНӨААТҮГазар шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 дугаар сарын 21 өдөр М ХХК-тай Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороонд байрлах 0 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмж суурьлуулах ажлыг хийхээр суурьлуулах талбайг бэлтгэхэд туслах гэрээ байгуулсан. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын “Хамтран ажиллах гэрээ”-гээр хүлээсэн үүрэг нь тоног төхөөрөмж буулгах, суурьлуулах талбай бэлтгэхэд туслах, угсралтын ажлын явцад галч хяналт тавих, мэргэжилтэн харилцан мэдээлэл солилцон ажиллах, тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд суурилуулан туршсаны дараа тус байгууллагад техникийн бичиг баримтын хамт, актаар хүлээлгэн өгнө гэж тохиролцсон.

Нэхэмжлэгч гэрээгээр тохирсон ёсоор тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн зүйл байхгүй. Удирдах байгууллага болох Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 06 өдрийн МХХК-д хүргүүлсэн албан тоотод Баянзүрх цогцолбор сургууль буюу 0-р сургуулийн халаалтын зууханд суурьлуулсан тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр нийслэлийн өмчлөлд шилжүүлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт хандивлаж байгаа бол манай байгууллага дараах бичиг баримтыг үндэслэн тухайн байгууллагын хөрөнгөнд бүртгэх, авах зөвшөөрөл олгодог талаар албан бичгээр тодорхой хариу хүргүүлсэн байна. Тухайн тоног төхөөрөмжийг манай газар хүлээн аваагүй, нэхэмжлэгч тус тоног төхөөрөмжийг одоог хүртэл ашиглаж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 0 дугаар сургууль төвийн халаалтад холбогдсон байдаг. Нэхэмжлэгч МХХК-ны гаргасан Үндэслэлгүй хөрөнгөжсөн 170 431 851 төгрөгийг гаргуулах хүсэлт нь манай байгууллагад дээд удирдах байгууллагаас хөрөнгө бүртгэлд авах талаар шийдвэр гарч байгаагүй тул үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

МХХК-ны нэхэмжпэлд дараах тайлбар гаргаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 66 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журмын дагуу холбогдох байгууллагуудын шийдвэрээр өмчийн бүртгэлд бүртгэдэг болно. МХХК нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандаж 2014 оны 11/03 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд тус албан бичигт Баянзүрх цогцолбор сургууль буюу 0 дугаар сургуулийн халаалтын зууханд суурилуулсан тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид шилжүүлэн өгөх тухай хүсэлт ирүүлсэн байдаг. Манай газраас 2015 оны 01 сарын 06-ны өдрийн 7/56 тоот албан бичгээр тус тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр нийслэлийн өмчлөлд шилжүүлэн Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт хандивлаж байгаа бол холбогдох баримт бичгийг бүрдүүлэн дахин хандах тухай тодорхой хариу хүргүүлж байсан ба үүнээс хойш нийслэлийн өмчид бүртгүүлэх тухай албан хүсэлт ирээгүй байна. Иймээс тус тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгэж аваагүй тул нэхэмжлэгч МХХК-ийн гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 170 431 851 төгрөгийг гаргуулах хүсэлт нь манай газарт хамааралгүй бөгөөд хариуцах үндэслэлгүй байна. Тухайн тоног төхөөрөмжийг суурилуулахад манай газраас ямар нэгэн зөвшөөрөл авч, гэрээ хэлцэл хийгээгүй болно гэв.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 170 431 851 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар нь хамтран ажиллах гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч МХХК нь тоног төхөөрөмжийг актаар хүлээлгэн өгөөгүй, тухайн тоног төхөөрөмж байгууллагын өмчид бүртгэгдээгүй гэж, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 66 дугаар тогтоолоор нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журмын дагуу холбогдох байгууллагуудын шийдвэрээр өмчийн бүртгэлд бүртгэдэг. Тус тоног төхөөрөмж нийслэлийн өмчид бүртгэгдээгүй гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарлан нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна. 

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2014 оны 08 сарын  21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт харьяалагдах Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилууласны үнэ 170 431 851 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” гэж тайлбарлаж байна.

           

            МХХК нь Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газартай 2014 оны 08 сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, суурилалтын явцад гарах зардлыг нэхэмжлэгч МХХК бүрэн хариуцах, угсралтын ажлын явцад мэдээлэл солилцож хамтран ажиллахаар тохиролцсон ба тоног төхөөрөмж суурилуулсан зардлыг буцаан төлүүлэх талаар тохиролцоо хийгдээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь утаа, тоосонцор шүүгч төхөөрөмжийг суурилуулсны дараа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос туршилтын хугацааг 1 жил байна, уг хугацаа дууссаны дараа төлбөрийн асуудлыг шийдвэрлэнэ гэж тохирсон. Тоног төхөөрөмжийг ашиглах явцад 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр утаа шүүгчийн шүүлтүүрийг (фильтер) шатаасан учир дахин шинээр фильтерыг 2015 оны 4 сард тавьснаар туршилтыг хугацааг мөн 1 жилээр сунгасан гэж тайлбарлаж байгаа ч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, туршилтын хугацааг хэдий хугацаагаар тогтоосон, хугацааг сунгасан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

           

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

            Нэхэмжлэгч МХХК, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газартай байгуулсан хамтран ажиллах гэрээний 2.3-т МХХК  тоног төхөөрөмжийг бүрэн гүйцэд суурилуулан туршсаны дараа Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт суурилуулсан тоног төхөөрөмжийг, техникийн бичиг баримтын хамт актаар хүлээлгэн өгнө” гэж тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч МХХК тухайн тоног төхөөрөмжийг хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газарт гэрээнд заасны дагуу актаар хүлээлгэн  өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд суурилуулсан гэх тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмж нь хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газар  эзэмшилдээ авсан, эзэмшилд нь байгаа гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх ба харин 0 дугаар сургууль хэрэглэгчийн дулааны төвлөрсөн системд холбогдсон болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул тухайн тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзлээ. /хх-103-109/

 

Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2-т шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй гэж заасан бөгөөд мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 01 сарын 06-ны өдөр тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүй шилжүүлж байгаа тохиолдолд бичиг баримт бүрдүүлэн дахин хандах талаар нэхэмжлэгчид 7/56 дугаар албан тоотыг хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч 2015 оны 01 сарын 28-ны өдрийн албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчлөлд бэлэглэхгүй гэдгээ мэдэгдэж байна гэсэн агуулгатай хариуг хүргүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрх дээрх хугацаанд үүссэн гэж үзнэ.  /хх-21, 32/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2014 оны 08 сарын         21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах Ерөнхий боловсролын 0 дугаар сургуулийн халаалтын зуухны янданд тоосонцор, утаа шүүгч тоног төхөөрөмжийг суурилууласны үнэ 170 431 851 төгрөг гэж тодорхойлж байгаагаас дүгнэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааны дотор шаардлага гаргаагүй, шаардах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

Энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхээ нэхэмжлэгч тал нотлоогүй тул шүүх уг хугацааг сэргээх боломжгүй юм.

 

Эдгээрээс дүгнэхэд МХХК нь хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолоогүй, түүнчлэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэл тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хоролгарав 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй тул хэрэгт авагдсан хэрэгт нотлох баримтыг хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч МХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 010 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.2.2, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МХХК-ийн 170 431 851 төгрөг гаргуулах тухай хариуцагч Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар болон Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан МХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 010 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                             Д.МӨНХЦЭЦЭГ