Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 900

 

           Х.Ж-д холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Мөнгөншагай,

            хохирогч М.О,

            шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч А.А-ны гаргасан давж заалдах гомдлоор Х.Ж-д холбогдох 1903 00332 0212 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Х-н Ж, 19.. оны 1 дүгээр сарын 4-ний өдөр ..... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн менежмент мэргэжилтэй, “Э х” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ............ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......../;

Х.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 23 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын галт тэрэгний төв буудлын баруун хойд уулзвар замд “Тоёота витз” загварын, .... УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-т заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-т заасны дагуу төмөр замын гарамын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас М.О-н жолоодон явсан “Хьюндэй грандеүр” загварын, ... УБУ улсын дугаартай В к ш ТББ-ын машиныг мөргөж, жолооч М.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Х.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүний нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Х.Ж-г торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Ж-с 2.396.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, хохирогч М.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Иргэний нэхэмжлэгч А.А давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийн заримыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгчийн зүгээс энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Х.Ж-н үйлдсэн гэмт хэргийн улмаас осолдсон “Хьюндэй грандеүр” загварын, ... УБУ улсын дугаартай автомашин нь В к ш Төлөөлөгчийн газрын эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ж-с 2.396.000 төгрөг гаргуулж, нийт нэхэмжилсэн дүнгээс 453.000 төгрөгийг хасаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Шүүхээс иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтыг дутуу, буруу үнэлж шийдвэрлэсэн байна. Учир нь:

Гэмт хэргийн улмаас автомашинд 2.396.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн явах эд ангийн оношлогооны 55.000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгүүлсний хураамж 108.000 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны 110.000 төгрөг, ачилтын 180.000 төгрөг тус тус зарцуулсан. Ингээд нийт 2.849.000 төгрөгийн хохирол учирсан талаар иргэний нэхэмжлэгчийн зүгээс холбогдох баримтуудаа хэрэгт өгсөн. Эдгээр хохирол нь шууд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол биш боловч гэмт хэрэгтэй шалтгаант холбоотой, уг гэмт хэрэг гараагүй байсан бол манай байгууллагад учрахгүй байсан хохирол. Гэтэл бидний зүгээс уг осол гарахад буруутай үйлдэл хийгээгүй атлаа учирсан хохирлоо бүрэн төлүүлж чадалгүй хохирч байгаад гомдолтой байна. Тухайн үед автомашиныг жолоодож явсан М.О-р дээрх төлбөрийг төлүүлсэн баримт хэрэгт авагдсан боловч, төлсөн мөнгө нь манай компаниас гаргаж төлсөн тул байгууллагын хохирол юм. Шүүх хуралдааны явцад шүүхийн зүгээс хасаж шийдвэрлэсэн 453.000 төгрөгийн талаар огт тодруулаагүй, шийтгэх тогтоолдоо ч тусгаагүй байна. М.О нь энэхүү төлбөрийг Х.Ж-с нэхэмжлээгүй, манай байгууллага нэхэмжилж байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ тодруулж болох байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд холбогдох өөрчлөлтийг оруулж, 2.849.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Х.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо дахин ямар үндэслэлээр хохирлын мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Гэхдээ давж заалдах шатны шүүхээс нэмж хохирол төлөхөөр шийдвэрлэвэл төлөхөд бэлэн байгаа. ...” гэв.

            Шүүгдэгч Х.Ж-н өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлөхөөр шийдвэрлэсэн. Уг иргэний нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулсан. Төлөгдөөгүй хохирол төлбөр байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч М.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Иргэний нэхэмжлэгч А.А-ны нэхэмжилж байгаа төлбөрөөс ачилт болон саатуулах байрны төлбөр зэрэг баримтад би гарын үсэг зурсан. Энэ хэргийн улмаас ачилт, саатуулах байрны төлбөр болон үнэлгээ хийлгэхэд зардал гарсан. Үүнийг нэхэмжилж байгаа. ...” гэв.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Тухайн үед иргэний нэхэмжлэгчээс ачилт, саатуулах байрны зардлын талаар ярьж байсан. Шүүх шийдвэр гаргахдаа баримтаа гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Х.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 23 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар Төмөр замын галт тэрэгний төв буудлын баруун хойд уулзвар замд “Тоёота витз” загварын, .... УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-т заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-т заасны дагуу төмөр замын гарамын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас М.О-н жолоодон явсан “Хьюндэй грандеүр” загварын, .. УБУ улсын дугаартай В к ш ТББ-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч М.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.О-н “... 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 23 цаг 50 минутын орчим “Хьюндэй грандеүр” загварын ... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан. Тэгээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Вокзалын баруун хойд талын улзвараар зүүн тийш эргэтэл зүүн талаас нэг машин хурдтай ирээд урд гупер хэсгээрээ миний жолоодон явсан машины зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн. Би газар дээрээ бүтэн эргээд зогссон. Тухайн үед машин дотор эгч М.Т, М.Б, М нар сууж явсан. Миний баруун гарын бугуйн хэсгээс цус гарч байсан. ...” /1 хх 28-29/,

хохирогч М.Б-н “... Ослын улмаас миний тархи доргисон, духны зүүн дээд хэсэгт хавдаж хөхөрсөн гэмтэл учирсан. ...” /1 хх 32-33/,

хохирогч М.Т-н “... Тухайн үед миний тархи доргисон, баруун шилбэнд цус хурсан гэмтэл учирсан байсан. ...” /1 хх 37-38/,  

иргэний нэхэмжлэгч А.А-ны “... Манай В к ш-ы төлөөлөгчийн газрын “Хьюндэй грандеүр” загварын....... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, машины зүүн хойд ангиудыг эвдэж гэмтээсэн байсан. ... Нийт 2.849.000 төгрөгийн хохирол учирсан. ...” /1 хх 42-43/,

гэрч М.М-н “... Дүү О, эгч Б, Т нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Вокзалын баруун хойд уулзварт явж байтал гэнэт пүс, пас гээд явчихсан. Машин бүтэн эргээд зогссон. ...” /1 хх 44/,

насанд хүрээгүй гэрч Н.Д-н “... Би Ж ахын хамт “Тоёота витз” загварын машины хойд талын суудал дээр унтаад явж байтал гэнэт ойгоод босоод ирсэн. Сэрээд хартал Жавка ах машинтайгаа төмөр замын вокзалын баруун хойд уулзварын саадны дэргэд зогссон байсан. Буух гэтэл хаалга онгойхгүй байсан. ...” /1 хх 47/,

насанд хүрээгүй гэрч Э.Х-н “... Би гэртээ харихаар Ж ахын машинд суугаад явж байтал гэнэт урдуур машин орж ирээд пүс хийх чимээ гарсан. Агаа баруун тийш дараад уулзварын баруун хойд талын садны төмөр хашааны бетонон ханыг мөргөөд зогссон. ...” /1 хх 50/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... М.О-н биед баруун богтос ясны дистал төгсгөлийн шөвгөн сэртэнгийн хугарал, бугуйнд няцарсан шарх, савуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэх 4161 дугаартай дүгнэлт /1 хх 55/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... М.Б-н биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 4164 дугаартай дүгнэлт /1 хх 58/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... М.Т-н биед тархи доргилт, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хэл, зүүн бугалга, тохой, бүхэлхийд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 4162 дугаартай дүгнэлт /1 хх 61/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 3-10/,

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 81-84/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /1 хх 131-134/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ж-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Ж-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

            Иргэний нэхэмжлэгч А.А-с “.... Машины явах эд ангийн оношлогооны 55.000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгүүлсний 108.000 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны 110.000 төгрөг, ачилтын 180.000 төгрөг, нийт 453.000 төгрөгийн хохирлыг нэмж гаргуулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг гэмт хэргийн улмаас В к ш ТББ-ийн эзэмшлийн “Хьюндэй грандеүр” загварын, .. УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлд үнэлгээгээр 2.396.000 төгрөгийн шууд хохирол учирснаас гадна шууд бус зардал буюу энэ гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар болох тээврийн хэрэгслийн явах эд ангийн оношлогооны 55.000 төгрөг /1 хх 135 урд тал/, үнэлгээ хийлгүүлсний 108.000 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны 110.000 төгрөг /1 хх 136/, ачилтын 180.000 төгрөг буюу нийт 453.000 төгрөгийг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

            Гэтэл анхан шатны шүүх зөвхөн тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 2.396.000 төгрөгийг шүүгдэгч Х.Ж-с гаргуулахаар шийдвэрлэж, шууд бус зардал болох 453.000 төгрөгийг тооцоогүй, орхигдуулсан нь буруу болжээ.

            Иймд давж заалдах шатны шүүх иргэний нэхэмжлэгч А.А-ны давж заалдах гомдлыг хүлээн авч, 453.000 төгрөгийн шууд бус хохирлыг нэмж тооцох боломжтой тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.