Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 128/шш2021/0329

 

 

 

 

 

   2021               5              18                                             128/ШШ2021/0329

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/909 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч Д.Энь Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороонд байрлах 31.008 га газрыг Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг шилжүүлэх эзэмшиж эхэлсэн байгаа. Уг газрын эзэмших хугацаанд хоёр удаа газрын маргаан үүссэн. Үүн дээр захиргааны хэргийн шүүхээ эцэслэн шийдвэрлэх хүртэл их хугацаа зарцуулсан бөгөөд энэ хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ямар хэрэг вэ гэхээр Атархүүгийн нэхэмжлэлтэй газар зогссон маргаан гэж байгаа. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч Д.Энь өөрийн эзэмшил газар дээр аж ахуйн үйл ажиллагааг явуулж ирсэн бөгөөд газар эзэмших гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг бүрэн төлж, одоогийн байдлаар илүү төлөлттэй байгаа ба гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн болно. Улмаар Д.Энь 2019 оны 9 дүгээр сард гаргасан хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн А/1097 дугаартай захирамжаар Д.Эийн эзэмшил газрыг 1801709701 нэгж талбарын дугаартай 28504 метр кв, 1801702954 нэгж талбарын дугаартай 50000 метр кв, 1801709814 нэгж талбарын дугаартай 146114 метр кв, 1801709702 нэгж талбарын дугаартай 1245 метр кв, 1801709703 нэгж талбарын дугаартай 45000 метр кв талбайтай 5 нэгж талбар болгон, газар талбай, эзэмших зориулалтыг өөрчлөн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээ болон 40000 метр кв газрыг нь Нисээч интернэшил ХХК-д газар эзэмших гэрчилгээний нэрийг шилжүүлж шийдвэрлэсэн. Үүний дараа Д.Эмөн хүсэлт гаргаж 1801709814 нэгж талбарын дугаартай 146114 м.кв газраас ВХХК-д 50000 м.кв шилжүүлэх хүсэлт гаргасныг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаартай захирамжаар шийдвэрлэж одоо уг газраас Д.Э96114 м.кв газрыг нь эзэмшиж байгаа болно. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн А/909 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасныг баримтлан Д.Эийг газар эзэмших гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлэхгүй хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр 000049987, 000049988, 000046670, 000060803, 00046669 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших эрх олгох тухай А/1097 дугаар захирамжийн Д.Эхолбогдох хавсралтын 10-14 дэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль Газрын тухай хуулийг зөчсөн хууль бус шийдвэр байна. Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульлд заасан журмын дагуу мэдээлэл авах захиргааны шийдвэр гаргахаас өмнө оролцогч нотлох баримт гаргах шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрхтэй гэж, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж, мөн зүйлийн 24.2 дахь хэсэгт энэ хуулийн 24.1 дэх хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээн гэж, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна гээд мөн зүйлийн 25.1.2 дахь хэсэгт оролцогчийн сонсох тайлбар гаргуулах гэж заасан, мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтох, нотлох баримт цуглуулах сонсгох ажиллагаа явуулах журмыг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан төрийн алба ил тод байх, ард түмэнд үйлчлэх зарчмыг тус тус тогтоосон байна. Түүнчлэн мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан захиргааны актыг мэдэгдэх, 92, 93-95 дугаар зүйлд гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэх журмуудыг тогтоож өгсөн бөгөөд захиргааны байгууллага албан тушаалтан захиргааны актыг гаргахдаа дээрх хуулийн заалт тогтоосон зарчим олон журмуудыг хатуу мөрдөх ёстой. Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/909 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаа гаргахдаа Д.Эт сонсгох ажиллагаа явуулаагүй, түүний тайлбар нотлох баримт гаргаж өгөх эрхийг ноцтой зөчсөнөөс гадна гаргасан шийдвэрээ өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдэгдээгүй байгаа болно. Ийнхүү захиргааны албан тушаалтан шийдвэр гаргахдаа сонсгох ажиллагаа явуулаагүй нь уг шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болох юм. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болгож Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримталсан байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөчсөн тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Д.Энь газар эзэмших эрхийн гэрээний ямар ч нөхцөлийг ямар нэг байдлаар зөрчөөгүй ийм баримт байхгүй . Нийслэлийн Засаг даргаас Д.Эт ямар зөрчлийг хэзээ хэрхэн удаа дараа гаргасан энэ талаар тайлбарлаагүй ийм нотлох баримтыг үзүүлээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан байна. Нэхэмжлэгч Д.Энь өөрийн эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа буюу 2009 онд уг газар дээр оффисын болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж барьж тухайн үеэс тасралтгүй өвс малын тэжээл бэлтгэх зарах аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2019 онд талбайн хэмжээг өөрчилж 6 хэсэгт хувааж зарим газар дээрээ орон сууц үйлчилгээ барихаар 2008 онд батлуулсан зургаа өөрчилж батлуулах шатанд ажлаа явуулж байхад ийнхүү зориулалтаар газрыг ашиглаагүй гэрээний үүргээ зөрчсөн гэж үзсэн нь хууль бус үндэслэлгүй байна. Д.Энь 2009 оноос газартаа оффис үйлдвэрлэлийн зориулалттай барилга байгууламж барьсан бөгөөд мөн уг загар дээрээ өвс малын тэжээл бэлтгэх худалдан борлуулах аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа. 2019 оны 10 дугаар сард газрын хэмжээг өөрчилж 6 хэсэг болгосонд шийдвэр гаргуулснаас хойш 1 жилийн хугацаа ч өнгөрөөгүй байгаа тул уг газрыг зориулалтаар ашиглаагүй гэх үндэслэл байхгүй. Д.Эхэмжээнд өөрчлөлт оруулснаас хойш буюу 2019 оны 10 дугаар сараас хойш барилга байгууламж барих ажиллагаа эхлэхээр төлөвлөн зураг төслийг хийлгэх хөрөнгө оруулалт цуглуулах тул АНУ-аас ирэх боломжгүй болсон байгаа бөгөөд энэ хуульд заасан хүндэтгэх үзэх шалтгаан мөн болно. Нэхэмжлэгч Д.Энь газар эзэмших гэрээнд заасан төлбөрийг зохих журмаар төлсөн газрын зориулалтыг дур мэдэн өөрчлөөгүй өөр бусад хууль зөрчсөн зөрчил байгаагүй байхад гэрээний үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн ч мөн үндэслэлгүй байна. Нөгөө талаас Нийслэлийн Засаг дарга нь Д.Эийг гэрээний үүргээ зөрчсөн газрыг зориулалтаар нь ашиглаагүй гэсэн үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өөрийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн газар эзэмших, ашиглах эрхийн талбай хэмжээ зориулалт нэр өөрчлөх тухай А/1097 дугаартай захирамж нь Д.Эт газар эзэмших эрх олгосон шийдвэр биш, газрын талбайн хэмжээ, зориулалт өөрчилсөн шийдвэр тул Засаг даргын шийдвэр зорилгодоо нийцээгүй утга агуулгын алдаатай илт хууль бус захиргааны акт байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/909 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн газар эзэмших ашиглах эрхийн талбайн хэмжээ зориулалт нэр өөрчлөх тухай А/1097 дугаар захирамжийн Д.Эт холбогдох хавсралтын 10-14 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь эрх зүйн хувьд алдаатай байна. Тодруулбал уг захирамжийн 12 дахь заалт нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар захирамжаар хүчингүй болж, Д.Эийн эзэмшиж байсан 146114 м.кв газраас 50000 м.кв газар нь ВХХК-д шилжиж, Д.Эийн эзэмших газрын хэмжээг багасан 96114 м.кв болгосон шинэ захирамж гарсан байгаа билээ. Дээрх үндэслэлээр Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг хууль зөрчин гаргаж нэхэмжлэгч Д.Эийн газрыг хуульд заасан журмаар эзэмших, ашиглах, үйл ажиллагаа явуулах, уг газар дээр орших эд хөрөнгөө зохих ёсоор ашиглах ашиг шимийг хүртэх эрхийг нь хөндөж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/909 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мшүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1097 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Эт 28504 м.кв, 50000 м.кв, 146114 м.кв 1245 м.кв, 45000 м.кв газруудыг орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

Маргаан бүхий Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/909 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтуудыг тус тус үндэслэж иргэн Д.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03-06/2954, 03-06/2955, 03-06/2956, 03-06-/2957, 03-06/2958 дугаартай албан бичгүүдээр маргаан бүхий газруудыг хүчингүй болгох талаар мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх Нийслэлийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03-06/3449 дүгээр албан бичгээр мэдэгдсэн гэх баримт газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан байгаа нь захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг төрийн захиргааны байгууллага явуулсан байна. Газар нь төрийн хяналт, шалгалтад байдаг газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмшиж, ашиглах ёстой байтал иргэн Д.Энь 2009 оноос эхлэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй учир маргаан бүхий захирамжийг гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                             ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э тус шүүхэд хандаж, “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/909 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй..., мэдэгдэх сонсох ажиллагаа явуулаагүй...” гэж тодорхойлсныг хариуцагчаас “...Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03-06/2954, 03-06/2955, 03-06/2956, 03-06-/2957, 03-06/2958 дугаартай албан бичгүүдээр маргаан бүхий газруудыг хүчингүй болгох талаар мэдэгдэл хүргүүлсэн...,иргэн Д.Энь 2009 оноос эхлэн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй учир уг захирамжийг гаргасан...” гэж тайлбарлан маргаж байна. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар “Газар эзэмшүүлэх ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар К ХХК-иас иргэн Д.Эт Сонгинохайрхан дүүрэгт 30 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн,

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/245 дугаар захирамжаар дээр дурдсан, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, уг захирамжийн хавсралтын 27-д “М овогт Дийн Эт Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших 300000 м.кв газрыг “Орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний” зориулалтаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаар шийдвэрлэсэн,

Уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 300000 м.кв газрын газар эзэмших эрхийн 000620952 дугаар гэрчилгээг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тухайн хаяг байршил, зориулалтаар олгосон,

Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар болон нэхэмжлэгчийн хооронд “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г 2016 оны 3 сарын 29-ний өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан,

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Газар эзэмших эрх олгох” тухай А/76 тоот захирамжаар “...тус дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Товчооны замд иргэн Д.Эт 1086 м.кв газрыг Ногоон байгууламж тохижилтын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн,

Уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000732107 дугаар гэрчилгээг Газрын албаны дарга Б.А2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр тухайн хаяг байршил, зориулалтаар олгосон,

Энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 4 сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын алба болон нэхэмжлэгчийн хооронд 5 жилийн хугацаатай байгуулсан,

иргэн Д.ЭНийслэлийн Газар зохион байгуулалтын албанд /он саргүй/ хандаж “...“Н” ХХК 4.0 га газарт хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулах гэж байгаа тул 4.0 га газар эзэмших эрхийг  “Н” ХХК-д шилжүүлж өгнө үү” гэж, мөн “миний эзэмшлийн 300000 га газрыг 6 хэсэгт хувааж газар эзэмших гэрээ гэрчилгээг тус бүр гаргаж өгнө үү” гэх хүсэлтүүдийг тус тус гаргасан,

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай” А/1097 дугаар захирамжийн 10-14 дэх хэсэгт М овогт Дийн Эт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 28504 м.кв, 50000 м.кв, 146114 м.кв, 1245 м.кв, 45000 м.кв газруудыг эзэмшүүлэх эрхтэйгээр 15 жилийн хугацаагаар олгож, харин 15-т “Н” ХХК-д “Орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний” зориулалтаар 4000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгохоор тус тус шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байх ба хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудтай маргаагүй.

Улмаар “В” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяраас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 02/04 албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “...иргэн Дашдаваа овогтой Эийн эзэмшил бүхий ... 000046670 эзэмших эрхийн гэрчилгээтэй 50000 м.кв ... газрыг “В” компанийн нэр дээр бүртгэж өгнө үү” гэх хүсэлт болон Д.Эээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1097 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт эзэмшиж байгаа 146114 м.кв газраас 50000 м.кв газрыг “В” ХХК-ийн нэр дээр тус тус гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ олгож өгнө үү” гэх хүсэлт тус тус гаргасан,

Эдгээр хүсэлтүүдийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын, 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар захирамжаар “Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу...Д.Эийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээ”-ний зориулалт бүхий нийт 146114 м.кв газраас Д.Эт өөрт нь 96114 м.кв газрыг “Орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний” зориулалтаар үлдээж, харин 50000 м.кв газрыг “В” ХХК-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ”-ний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэн, уг захирамжийн 3 дахь заалтаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1097 дугаар “Газар  эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” тухай захирамжийн иргэн Д.Эт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон,

Уг шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид 96114 м.кв газарт иргэний газар эзэмших эрхийн 000060803 дугаар гэрчилгээг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тухайн хаяг байршил, зориулалтаар, “В” ХХК-д 50000 м.кв газарт Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000015458 дугаар гэрчилгээг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр тухайн хаяг байршил, зориулалтаар тус тус олгосон үйл баримтууд тус тус тогтоогдов.

Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/909 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамжаар М улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч иргэн Д.Энь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 000049987, 000049988, 000046670, 000060803, 000046669 газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож...энэ тухай Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу иргэн Д.Эт мэдэгдэж газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж, энэ захирамж гарсантай холбогдуулан  Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших ашиглах эрх олгох тухай А/1097 дугаар захирамжийн иргэн Д.Эт холбогдох хавсралтыг 10-14 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэжээ.

М улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”...гэж, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно” 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан” гэж тус тус заасан.

Хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий актын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгчийг Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон байх боловч ийнхүү хүчингүй болгохуйц нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүйгээс тухайн захиргааны актыг үндэслэл бүхий акт гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, хариуцагчаас нэхэмжлэгч Д.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүчингүй болгож байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь “газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зөрчил гаргасан байх”, мөн тухайн зөрчил нь “удаа дараа буюу ноцтой байх”-ыг хуулиар шаардана.

Гэтэл тухайн тохиолдолд нэхэмжлэгч нь Газрын тухай ямар хууль тогтоомжийг болон газар эзэмших гэрээний ямар нөхцөл, болзлыг хэзээ, хэрхэн яаж зөрчсөнийг хариуцагч нарийвчлан шалгаж тогтоогоогүй, түүнчлэн гэрээний аль нөхцөлийг хэрхэн, 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн гэж үзсэн, ямар “ноцтой” зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байхад ийнхүү дүгнэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохын өмнө нөхцөл байдлыг шалган тогтоох үүрэгтэй атал Нийслэлийн Засаг даргаас энэ үүргээ биелүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн зүгээс “…Нийслэлийн Засаг дарга Д.Эт ямар зөрчлийг хэзээ, хэрхэн удаа дараа гаргасан гэж үзсэн талаар тайлбарлаагүй, нотлох баримтыг үзүүлээгүй..” гэж маргасныг үгүйсгэх баримтыг хариуцагч тал шүүхэд гаргаж өгөөгүйгээс үзвэл хариуцагч хуульд заасан шалган тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасантай нийцээгүй, хуулийн энэ заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх боловч Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт нь нэгдүгээрт газар эзэмшигч нь гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх, хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаангүй байх”-ыг шаардсан зохицуулалт.

Өөрөөр хэлбэл дээрхи хоёр нөхцөл хамт бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр тухайн шийдвэрийг гаргах учиртай.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчид анх орон сууц, үйлчилгээний барилга барих зориулалтаар газар эзэмших эрх үүссэн, газар эзэмших эрхийн талаар маргаан гарч шүүхээр шийдвэрлүүлсэн, одоо тухайн газар дээр худаг гарган, барилгын суурь /1ш/ хийсэн, малын өвс, тэжээл худалдан борлуулах цэг ажиллуулж байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, газрын төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн байхад хариуцагч чухам ямар үндэслэлээр, аль хугацаагаар тооцож нэхэмжлэгчийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзсэн нь  тодорхойгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/909 дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамж нь хууль бус, уг хууль бус захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул уг захирамжийг бүхэлд нь  хүчингүй болгох нь зүйтэй.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д.”Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т ”Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд... хүргүүлнэ...” гэж тус тус заасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн Д.Эт 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 03-06/2954, 03-06/2955, 03-06-2956, 03-06/2957, 03-06-2958, 03-06/2959 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгүүдийг хаяглан шуудангаар хүргүүлсэн боловч эдгээр албан бичгүүд нь “…хаягт байхгүй” гэх тэмдэглэгээтэйгээр буцаагдсан болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны явуулсан бичгийн бүртгэлд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдсон болно.

Үүнээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан тул нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актын талаар 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны актын 3 дахь хэсэгт “...энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших ашиглах эрх олгох тухай” А/1097 дугаар захирамжийн иргэн Д.Эт холбогдох хавсралтын 10-14 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” гэж дурдсан боловч уг актын 1 дэх хэсгээр “...000049987, 000049988, 000046670, 000060803, 000046669” дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосноос үзэхэд 000060803 дугаар газар эзэмших гэрчилгээ нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/230 дугаар захирамжаар “В” ХХК-руу шилжсэн 50000 м.кв газарт хамаарахгүй, харин Д.Эийн эзэмшилд үлдсэн 96114.0 м.кв газарт хамаарахаар байх тул “В” ХХК-ийн эрх, ашиг зөрчигдөхгүй дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Эээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай А/909 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ДУЛАМСҮРЭН