Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
Хэргийн индекс | 101/2017/02243/и |
Дугаар | 332 |
Огноо | 2018-01-29 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 332
“Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03682 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Т.Г, Г.О-нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 125 532 260.60 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Зээлийн гэрээний 2.1.4-д заалтад зээлийн хүүг сарын 1.7 хувь хүртэл бууруулж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,
Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
Хариуцагч Г.О,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Т.Г, Г.О-нар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т бтай 31/11тоот зээлийн гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь зээл зээлийн хүүг төлөх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгч нартай удаа дараа уулзаж зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах хүртэл мэдэгдлийг өгсөн. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, барьцааны гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, 6.2-т тус тус зааснаар гэрээг хугацаанаас өмнө дангаар цуцлах талаар зээлдэгчид мэдэгдсэн тул гэрээг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон зээлдүүлэгчийн санаачилгаар цуцлах шаардлага гаргасан. Т.Г, Г.О-нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж үндсэн зээлийн үлдэгдэл 96 230 537.73 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл 17 640 589,97 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 544 168,01 төгрөг, нотариатын зардал 11 600 төгрөг, нийт 114 426 895.71 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 808 219,17 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2 242 191,78 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2 169 868,01 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээлд 3 755 808,22 төгрөг, хүүд 2 242 191,78 төгрөг, буюу үндсэн зээлд 3 769 462,27 төгрөг, хүүд 8 245 442,08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 975 05 төгрөг, нийт 12 218 278,96 төгрөг төлсөн, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Үүнд: 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 147 хоногийн хугацааны хуримтлагдсан хүү нь 1 хоногт 68 155,78 төгрөг, торгууль хүүний дүн нь өдрийн 8 047,93 төгрөгөөр бодогдож байна. Хариуцагч нар нэхэмжлэл гаргаснаас хойш 4 000 000 төгрөг төлснөөс үндсэн зээлээс 3 000 000 төгрөгийг, үлдэх 1 000 000 төгрөгийг хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 544 168,01 төгрөг, үндсэн хүүнээс хассан. 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш мөн оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 147 хоногийн хуримтлагдсан хүүний дүн 9 567 074,85 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний дүн 934 641,43 төгрөг болж нэмэгдсэн.
Ингээд хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл нэмэгдсэн дүнгээр 27 207 664,82 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 934 641,43 төгрөг, нийт 121 372 843,98 төгрөг болсон тул улсын тэмдэгтийн хураамжийн зөрүү болох 34 730,21 төгрөг төлсөн.
2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 52 хоногийн хугацааны хуримтлагдсан хүү нь хоног тутам 71 322.83 төгрөг, торгууль хүүний дүн нь өдрийн 8 442.86 төгрөгөөр бодогдож байна. Хуримтлагдсан хүүний дүн 3 708 787.42 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний дүн 439 029.19 төгргөөр нэмж хуримтлагдсан байна. Нийт 93 230 537.73 төгрөгийг хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл нэмэгдсэн дүнгээр 30 916 452.24 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 1 373 70.63 төгрөг, нийт 125 520 660.60 төгрөг болсон тул улсын тэмдэгтийн хураамжид 20 739.09 төгрөг нэмж төлсөн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 93 230 537.73 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 30 916 452.24 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 1 373 70.63 төгрөг, нотариатын зардал 11 600 төгрөг, нийт 125 532 260.60 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
Зээлдэгч нарын 2017 оны 12, 2018 оны 1, 2 сард 3 500 000 төгрөг төлөх, үлдсэнийг график гарган төлж дуусгаснаар эхний удаа итэмжлэлээр барыдаалсан байрыг чөлөөлөх, НШГА-нд барьцаа хөрөнгийг шилжүүлэхгүйгээр зээлийг төлөх санал тавьсныг банкны зүгээс төлөлт дээр тохироогүй учраас нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон, торгууль гэж тохироогүй, торгуулийн хүү гэдгийг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгоно, бид алдаатай бичсэн байна. Хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барыдаалсан Эрхийн улсын бүртэлийн Ү-2204000762 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 78 тоот 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016217 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 30 дугаар байр 55 тоот 2 өрөө орон сууц зэрэг үлхөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 000 төгрөгийг, жилийн 24,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Т б-наас зээлж авсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас зээлийг төлж чадалгүй өдий хүрсэн нь тодорхой шалтгаантай юм. Т.Г миний бие сахар /чихрийн шижин/ өвчний 2 дугаар үе буюу хүндрэлийн улмаас хөл тайруулах мэс засалд орох оноштойгоор хэвтэрт орж, ажлаа үргэлжлүүлж хийх чадваргүй болсон. Үүний улмаас Хятад явж, эхнэр, хүү 2 асарч эмчилгээ хийлгэсэн бөгөөд 6 сарын хугацаанд хэвтэрт байж, хөлөө тайруулахгүй буцаж ирсэн. Эхнэр, хүү 2 маань намайг сахиж байсны улмаас ажил үйлдвэрлэл зогсож, зээлийн хүү төлбөрөө төлж чадалгүй өдий хүрсэн юм. Зээлийн гэрээний дагуу зээл дуусгавар болох хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бөгөөд зээлийн гэрээг цуцалж, төлбөрөө төлөхийг өдөр бүр шаардаж байсан. Биеийн эрүүл мэндийн хувьд бүрэн гүйцэд эдгээгүй, ажлаа удаан хугацаагаар хийгээгүй зогсоосон, дөнгөж хийж эхлэх боломж хайж байгаа, ажил эхлэх санхүүгийн хүндрэл байгаа энэ үед банк их хэмжээний хүү нэг өдөр төлөх шаардлага тавьж байгааг биелүүлэх боломж одоогоор байхгүй байгаа ч ажлаа эхлээд байна. Банк 2017 оны 5 дугаар с арын 01-ний өдөр зээлийн гэрээг цуцална гэж нэхэмжлэл гаргасан болохоор зээлийн хүү зогссон гэж бодсон чинь зогсоогоогүй байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тооцож цуцлахаар шаардсаныг зөвшөөрч байна. Энэ өдрөөр тооцож нэхэмжлэл гаргасан байсан ба зээлийн гэрээний үүрэгт 114 426 895.71 төгрөгөөс бидний 2017 оны 6 дугаар сарын 20-ноос эхлэн төлсөн 4 000 000 төгрөгийг хасч үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн банкнаас ирүүлсэн хэргийн 163 дугаар талд авагдсан баримтад хүүг зогсоосон гэсэн мөртлөө хойш хүү нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчид тодорхой хуваарь гарган төлбөр төлөх санал хүргүүлж, барьцаа хөрөнгөөс эхлээд бусдын байрыг, дараа нь өөрийн өмчлөлийн байраа чөлөөлж авахыг хүссэн боловч зөвшөөрөөгүй. Иймд банкны зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг зөвшөөрч байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн шаардлагыг хангахгүй орхиж, зээлдэгч нараас төлсөн 4 000 000 төгрөгийг анхны нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцож өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Г, Г.О-нар Т бнаас 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 100 000 000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан бөгөөд зээлдүүлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлах нэхэмжпэлийг шүүхэд гаргасан. Зээлдэгч Т.Гийн биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зээлийг эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөх үүргээ зөрчсөн.Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж байгааг зээлдэгч нар зөвшөөрч байх тул шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзаж байна. Иймд талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-д заалтад зээлийн хүүг сарын 1.7 хувь хүртэл бууруулж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжпэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Г, Г.О-нар сөрөг нэхэмжпэлийнхээ шаардлагаас татгалзаж байх тул татгалзлыг баталж өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Т.Гид Т бнаас зээл авахад нь өөрийн байрыг барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл гаргаж өгсөн. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 30 дугаар байр, 55 тоот хаягт байршилтай, Ү-2205016217 тоот бүртгэлтэй, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц болно. Миний бие Т.Г, Г.О-нарын Т бны өрийг өөрийн байраараа үүргийн гүйцэтгэл хангуулах үүднээс зарж борлуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.У шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Т.Гид Т бнаас зээл авахад нь өөрийн байрыг барьцаанд тавихыг зөвшөөрч итгэмжлэл гаргаж өгсөн. Миний бие нь Т.Г, Г.О-нарын Т бны өрийг өөрийн байраараа үүргийн гүйцэтгэл хангуулах үүднээс зарж борлуулахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Отгонтуяа, Т.Г нараас зээлийн гэрзэний үүрэгт 110 424 395.73 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 107 865 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Т.Г, Г.О-нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т.Г, Г.О-нарын хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000762 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 78 тоот хаягт байршилтай, №000102969 тоот гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 2 өрөө орон сууц, Н.Э, Э.У нарын хамтран өмчлөх Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016217 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 30 дугаар байр, 55 тоот хаягт байршилтай, №000235655 тоот гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д тус тус зааснаар Т б ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.4-д заалтад зээлийн хүүг сарын 1.7 хувь хүртэл бууруулж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагаас хариуцагч Т.Г, Г.О нар татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 730 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Т б" ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785 553.30 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр гарсан 101/ШШ2017/03682 дугаартай шүүхийн шийдвэрт ИХШХШТухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заагдсан эрх үүрэг зөрчигдсөн тул дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, өөрчлөх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг эдэлдэг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг” нэмэгдүүлж гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Банк нь хадгаламж эзэмшигч, татвар төлөгчдийн мөнгийг зээлдэгч нарт тодорхой хугацаа, хүү, буцаан төлөх хуваарь, зээлийн гэрээнээс үүдэн гарах эрсдэл зэргийг үндэслэн ашиг олдог хуулиар олгогдсон эрх бүхий этгээд бөгөөд, зээлдэгч Т.Г, Г.О-мэт зарим нэг иргэдээс болж хохирч, хянан шалгах дээд байгууллага Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам зэрэг шат шатны байгууллагуудын шалгуур үзүүлэлтэд 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр сан байгуулагдаж нэхэмжлэгч буюу Т бны өөрийн хөрөнгө буюу нийт активаас 96 230 573.73 төгрөгийг Монгол банкны “Эрсдлийн санд” байршуулж хохироод байхад анхан шатны шүүх нь нэмэгдүүлсэн шаардалыг хэрэгсэхгүй болгосонд энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.3, 118 дугаар зүйлийн 118.2-т заасныг зөрчин нэхэмжлэгч Т бны нэрийг солих, хариуцагч нарыг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлбөр төлж байсан гэх 4 000 000 төгрөгийг нэхэмжилсэн үнийн дүнгээс хасаж тооцсон байгаа нь шүүх илт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь хууль зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хууль ёсны бус, үндэслэлгүйгээр гарсан шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Т.Г, Г.О-нараас гэрээний үүрэгт нэмэгдүүлэн шаардсан 15 107 865 төгрөгийг гаргуулж шийдвэрлүүлэхээр гомдлыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17 ний өдрийн 03682 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Шүүх шийдвэрлэхдээ Н.Э, Э.У нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо. 4 дүгээр хороолол, 30 дугаар байр 55 тоот хаягт байршилтай, 000235655 тоот гэрчилгээтэй, орон сууцны зориулалттай 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай гэж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо албадан дуудлага худалдаагаар худалдуулах тухай шаардлага гаргаагүй байхад ийм шийдвэр гаргаж байгаа явдал нь үндэслэл муутай гэж үзэж байна. Иймд шийдвэрт залруулга хийж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлжээ.
Нэхэмжлэгч “Т б” ХХК-аас хариуцагч Т.Г, Г.О-нарт холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 114 426 895.71 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж 125 532 260.60 төгрөг болгосноос хариуцагч нар гэрээг цуцалж, анх нэхэмжилсэн 114 426 895.71 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид зээлийн төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгийг хасч тооцуулахыг зөвшөөрч, үлдэх хэсэг, нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь зээлийн гэрээний 2.1.4 дэх заалтад дурьдсан зээлийн хүүг сарын 1.7 хувь хүртэл бууруулж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаасаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд татгалзжээ.
Талууд 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр УБЗДХ №31/11 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 2.20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 100 000 000 төгрөгийг хариуцагч Т.Г, Г.О-нар нь нэхэмжлэгч “Т б” ХХК-аас зээлж, үүргийн гүйцэтгэлд өөрсдийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204000762 дугаартай, 000102969 тоот гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 11 дүгээр байр, 78 тоот 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Н.Э, Э.Уын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205016217 дугаартай, 000235655 тоот гэрчилгээтэй Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 30 дугаар байр, 55 тоот 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүсжээ. /хэргийн 7-14, 206, 207 дугаар тал/
Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Т.Г, Г.О-нар нь зээлийн гэрээний хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 3 769 462.27 төгрөг, хүүд 8 245 442.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 975.05 төгрөг, бүгд 12 218 278.96 төгрөг төлсөн ба 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн төлбөр төлөх үүрэг зөрчигдсөн талаар зохигч маргаагүй байна.
Хариуцагч Т.Г, Г.О-нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчих болсноор нэхэмжлэгч “Т б” ХХК нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх, улмаар зээлийн төлбөрийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөр тооцож, гэрээг цуцлах мэдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлээр, зээлдэгч, барьцаалагч нарт мэдэгджээ. /хэргийн 4-5 дугаар тал/
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд заасан зээл, түүний хүүг төлөх үүргээ хугацаанд нь хариуцагч нар биелүүлээгүй, үүрэг гүйцэтгэх хугацааг зөрчсөн болон энэ талаар нэхэмжлэгч мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт зааснаар нэг талын санаачлагаар гэрээг цуцалж, гэрээний үүргийг шаардах эрхтэй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө буюу 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нарын төлсөн 4 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж зааснаар шүүх үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлтэй болжээ.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуултад нийцжээ. Нэхэмжлэгч гэрээний хугацааг дуусгавар болохоос өмнө нэг талын буюу өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг шаардсаныг хариуцагч нар зөвшөөрсөн буюу гэрээг дуусгавар болгохоос татгалзаагүй тул шүүх нэхэмжлэгчийн дуусгавар болсон гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. Учир нь нэмэг дүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүү гэж тайлбарлажээ.
Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хугацаа нь дуусгавар болоогүй гэрээг хариуцагч үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч өөрөө цуцалж, дуусгавар болгосон тохиолдолд гэрээний үүрэг буюу хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй болно.
Харин анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дараалал журмыг зөрчиж, барьцаа хөрөнгийг шууд албадан дуудлага худалдаанд оруулах замаар хангуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймээс хариуцагч талын давж заалдах гомдлын “барьцаа хөрөнгөөр төлбөрийг барагдуулах талаар хуульд заасан дараалал журмыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03682 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулсугай.” гэснийг “үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангасугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 490 төгрөгийг, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
С.ЭНХТӨР