Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 118/2023/0020/З |
Дугаар | 221/МА2024/0608 |
Огноо | 2024-09-18 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0608
М.Г ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Н.Б , Г.Д нар
Нэхэмжлэгч: М.Г
Хариуцагч: Завхан аймгийн Завханмандал сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хороо түүний дарга Н.Б ,
Хариуцагч: хурдан морины дэд хорооны дарга Г.Д нар;
Нэхэмжлэлийн шаардлага: “1. Завханмандал сумын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн азарган насны морины уралдаанд барианы зурхайгаар 2-р байранд орсон М.Г ийн хар азаргыг 2-р байранд орсноор цоллож баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох,
2. М.Г ийн хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2-р байранд орсон шийдвэр гаргахыг даалгах, тус хурдан азарганы уралдааны 2-р байрны бай шагнал мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгийн шагнал нийт 4.000.000 төгрөгийг гаргуулах” тухай;
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,
Хариуцагч Г.Д нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Номуунаа
Хэргийн индекс: 118/2023/0020/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Г аас Завхан аймгийн Завханмандал сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хороо түүний дарга Н.Б , хурдан морины дэд хорооны дарга Г.Д нарт холбогдуулан “Завханмандал сумын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн азарган насны морины уралдаанд барианы зурхайгаар 2-р байранд орсон М.Г ийн хар азаргыг 2-р байранд орсноор цоллож баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, М.Г ийн хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2-р байранд орсон шийдвэр гаргахыг даалгах, тус хурдан азарганы уралдааны 2-р байрны бай шагнал мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгийн шагнал нийт 4.000.000 төгрөгийг гаргуулах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2024/0039 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.5, 16.5.6 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд М.Г ийн нэр дээрээ бүртгүүлж уралдуулсан хар азаргыг 2 дугаар байранд орсныг цоллож баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2 дугаар байранд орсон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж, тус азарганы уралдааны 2 дугаар байрны бай шагнал мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгөний шагнал 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөгийг Завханмандал сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын хорооноос гаргуулж нэхэмжлэгч М.Г-т олгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагч Н.Б , Г.Д нараас давж заалдах гомдолдоо:
3.1. 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 09:00 цагаас 22:00 цаг хүртэл Засаг даргын Тамгын газар хурлын зааланд 6 насны морьдын бүртгэл болон хүүхдийн даатгал, номер тараах зэрэг ажлуудыг хийж уяачдад заавар зөвлөмжийг өгсөн. 2023 оны 07 дугаар сарын 20-ны өглөө Завханмандал сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой хурдан азарганы уралдаанаар эхэлж 08:00 цагт азарга төв талбайг тойрч нийт 69 азарга бүртгүүлж шүдлэгээний хашаа болон, сэрвээ хэмжих газарт очиж бүртгэгдсэн номерын дагуу дуудагдаж сэрвээ хэмжилтэд орсон. Хурдан морины дэд хороо комиссын бүх гишүүд бүгд ажиллаж байсан. Тухай сэрвээ хэмжилтийн газар луу уяачдыг болон наадамчдыг явуулахгүй байх, зөвхөн комиссын гишүүд л тухайн талбайд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр хамгаалалт гаргуулж Завханмандал сумын Цагдаагийн тасаг мөн говийн сумдын цагдаа нар, аймгийн төвөөс цагдаа нар ирж бүрэн бүрэлдэхүүнээр ажилласан боловч уяачид ирж хэл ам их хийсэн.
3.1.1. Нийт 69 азарга бүртгэл хийлгэснээс сэрвээний өндөр азарга насанд Засгийн газрын тогтоол болон, Монголын Морин спорт, Уяачдын холбоо тогтоосон дүрэмд 140 см байна гэж заасан байдаг. Уг дүрэм журмыг баримтлан хэмжилт хийхэд нийт 69 азарганаас Завханмандал сумын уяач М.Г ийн нэр дээрээ бүртгүүлсэн
Жич: /Жинхэнэ эзэн нь Яруу сумын аймгийн алдарт уяач Б.П гэдэг хүний буйлан тамгатай хар азарга угшил нь Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Т.Г-ын унаган адуу, 159 дугаартай буйлан тамгатай хар азарга 142 см буюу 2 см хэтэрсэн хашаанд аваад үлдсэн байхад М.Г сэрвээ хэмжилтийн газар өөрийн биеэр ирж тэнцээгүй азаргыг хөтлөөд гаргасан, буцаагаад комиссын гишүүд хасагдсан 159 дугаартай азарга гарчихлаа гээд комиссын дарга миний бие номер дуудаж цагаан хоолойгоор зарлаж байх явцдаа хар азаргыг буцааж хашаанд оруулаад үлдээгээд, комиссын машинд сууж чиглүүлэгчээр түрүүлж хөдөлсөн, энэ үйл явдлыг комиссын гишүүд бүгд харж байсан.
3.1.2. Сэрвээний өндөр тэнцээгүй тул бүх комиссын гишүүдийн шийдвэрээр хасаж азаргануудыг хашаанд үлдээж хүүхдүүдийг буулгаж авч үлдэж баярын талбай руу буцаасан, гарааны зурхай руу 64 азарга уралдахаар хөдөлсөн. Комиссын гишүүд хасагдсан азаргануудыг 2 дахин хэмжиж үлдээсэн.
Комиссын машин азарган насны морьдыг 1 км гаруй туугаад бэлчээрийн голоор гараад явж байхад араас 159 номертой М.Г буюу нэр дээрээ мордуулсан Яруу сумын уяач Б.П 159 номертой хар азарга сэрвээ хэмжилтээр хасагдаад буцаасан байхад араас 1 давхиж ирж азарга насны морьд руу шууд орсон комиссын гишүүд барьж авсан боловч явган гүйцээгүй, мөн унаач хүүхдэд анхааруулга өгч хасагдсан байж араас ирлээ хэрвээ айрагдах болон, цулбуурт орвол барихгүй хасах болно шүү гэдэг шаардлагыг тавьсан боловч үл сонсон зугтаж гарааны зурхай руу явж байсан азарганууд дунд орж нийлээд явсан.
3.1.3. Азарга насны морьд гарааны зурхайд хүрч төхөөрөмжийн араас нэгэн зэрэг эргэж нийт 20 км зайд уралдаж барианы газар уралдаж очиход М.Г ийн нэр дээрээ мордуулсан Яруу сумын уяач Б.П-ын 159 номертой хасагдаад араас ирж уралдсан буйлан тамгатай хар азарга нь аман хүзүүнд давхисан байсан тул айргийн 5 морины хашаа руу орж тавьсан шаардлагыг биелүүлээгүй сэрвээ хэмжилтээр хасагдсан азарга араас ирж уралдаж айрагдсан тул барихгүй аман хүзүүний пайзаа авах гэсэн боловч өгөөгүй. Тухайн үед хасагдаад үлдсэн азарга араас ирж уралдан баяр наадмыг будилуулсан нь тодорхой байхад шийдвэр нь нэхэмжлэгч талд гарах нь шударга биш байна.
3.2. Анхан шатны болон хэргийг шалгах хугацаанд холбогдох материал, нотлох баримтыг комиссын зүгээс хүргүүлсэн боловч нотлох баримтыг үндэслэхгүй байгаад гомдолтой байна. Идэр сумын 90 жилийн ой, Ардын хувьсгалын 100, 101 Завхан аймгийн баяр наадамд хасагдсан баримт нотолгоо нь байсаар байхад. 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 198 дугаар захирамжаар Завхан Аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны мэргэжилтэн Н.Б томилогдон хэмжилт хийж ажилласан боловч, шинжээч нь ашиг сонирхлын зөрчил гаргаж нэхэмжлэгч талд ажил албан тушаалаа урвуулан ашигласан.
Танил талаа харж сэрвээнд орохгүй байгаа адууг, улаан цайм комиссын гишүүд, ард түмний нүдэн дээр хэмжээнд орохгүй хасагдаж, сэрвээ хэмжилтийн хашаанд үлдээгээд явсан байхад ар талаа ашиглан уралдуулж баяр наадмыг будилуулсан.
Үндэсний баяр наадмын тухай хуулийг зөрчиж, ашиг сонирхлын зөрчлийг гаргаж, Монгол адууны удам угшил үйлдвэрлэг байдлыг устгаж, эрлийз цустай адууг түүхэн ойн баяр наадмуудад уралдуулж үндэсний морин уралдааныг будилуулж байгаад комиссын даргын хувьд гомдолтой байна.
3.3. Гэрчээр Завханмандал сумын Цагдаагийн тасгийн дарга Ч.Г, Завхан аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга н.Б нарыг оруулах хүсэлтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах хүсэлтэй байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
2. Маргааны зүйл нь Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 102 жилийн ой, Завхан аймгийн Завханмандал сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын хүрээнд 2023 оны 07 сарын 20-ны өдөр азарган насны морины уралдаанд уралдсан М.Г ийн хар азарганы сэрвээний өндөр нь журамд заасан хэмжээнээс хэтэрсэн гэж үзэн хар азаргыг аман хүзүүнд орсноор цоллож баталгаажуулаагүй хариуцагчийн хууль бус үйлдэлтэй маргаж байна. Харин хэргийн оролцогчдын хэн аль нь Яруу сумын Б.П-ын хар азаргыг нэхэмжлэгч М.Г нь өөрийн нэр дээр уралдуулсан болон хурдан морины дэд хорооны уг хар азаргыг уралдуулахгүй гэх амаар гаргасан шийдвэртэй маргадаггүй.
3. Нэхэмжлэгч М.Г нь Завхан аймгийн Завханмандал сумын Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх сумын /комисс/ хороо түүний дарга Н.Б , хурдан морины дэд хорооны дарга Г.Д нарт холбогдуулан “Завханмандал сумын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн азарган насны морины уралдаанд барианы зурхайгаар 2-р байранд орсон М.Г ийн хар азаргыг 2-р байранд орсноор цоллож баталгаажуулаагүйг хууль бус болохыг тогтоолгох, М.Г ийн хар азаргыг тус уралдаанд аман хүзүү буюу 2-р байранд орсон шийдвэр гаргахыг даалгах, тус хурдан азарганы уралдааны 2-р байрны бай шагнал мотоциклийн үнэ 3.000.000 төгрөг, бэлэн мөнгө 1.000.000 төгрөгийн шагнал нийт 4.000.000 төгрөгийг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж түүний үндэслэлээ “Азарган насны морины уралдаан ямар ч маргаангүй орон даяар шууд дамжуулж цацагдсан ба миний морь барианы зурхайд аман хүзүү буюу 2-р байранд орсныг ... баталгаажуулж зохион байгуулах комиссоос морьдыг барьж, байр эзлүүлж тус хорооны шийдвэрээр 2 дугаар байранд орсныг баталж аман хүзүү пайз олгосон. Гэтэл морь цоллох үеэр манай морийг ямар нэгэн шалтгаангүйгээр хассан эсэх нь тодорхойгүй тухайн комиссоос шууд миний морины дараагийн байранд орсон морьдыг цоллож бай шагналыг өгсөнд гомдолтой байна” гэснийг хариуцагч болон гуравдагч этгээдээс эс зөвшөөрч маргажээ.
4. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12-т “Хурдан морины уралдааны салбар хорооны морины бүртгэлийн дэд хороо нь улсын баяр наадам эхлэхээс гурав, аймагт хоёр хүртэлх өдрийн өмнө энэ хуулийн 10.11-д заасан мэдээллийн санд орсон, монгол үүлдрийн адууны стандартын шаардлагад нийцсэн морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдах мориор бүртгэнэ.”, 10.16-т “Энэ хуулийн 10.12-т заасан бүртгэлд бүртгүүлээгүй, эсхүл бүртгэхээс татгалзсан морийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд уралдуулах, барианд барихыг хориглоно.”, 10.17-д “Энэ хуульд зааснаас бусад нөхцөлөөр Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд морийг бүртгэхээс татгалзах, бүртгэл болон уралдаанаас хасах, цол, чимэг олгохоос татгалзах, олгосон цол, чимгийг хураахыг хориглоно.” гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 257 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь нас тус бүрд дараахь хэмжээтэй байна:”, 5.3.1-д “Азарга, соёолон-140 см”, 5.4-т “Сэрвээний өндөр хэмжих Ажлын хэсгийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн холбооны саналыг үндэслэн Салбар хорооны дарга томилно.”, 7.2-т “Их насны мориноос бусад насны морийг бэлтгэсэн талбайд шүдлэх бөгөөд тухайн насны морины шүдлэгээнд тэнцээгүй морийг тусгай хашаанд оруулж, уралдаанч хүүхдэд олгосон дугаарыг хураан авч уралдаанд оролцуулахгүй.”, 7.4-т “Уралдааныг гарааны зурхайгаас даамлын дохиогоор эхлүүлнэ.”, 7.5-т “Гарааны зурхайд хүрээгүй байхад морь эргүүлэх, замын дундаас морь оруулахыг хориглоно.”, 7.6-д “Гарааны зурхайд хүрч, даамлын дохиогоор эргээгүй болон замын дундаас оруулсан морийг барианд барихгүй, байр эзлүүлэхгүй.” гэж тус тус заажээ.
5. Хэрэгт авагдсан Завхан аймгийн Завханмандал сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам морины бүртгэл /Азарга/-ийн 12 дугаарт Эцгийн овог нэр М.Г , номер 159 дугаар, зүс хар, морины амжилт Бүс 3 айраг, түрүү /1хх-ийн 23/ гэх бүртгэл, Завхан аймгийн Завханмандал сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 102 жил, сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” А/36 дугаар захирамжийн 2 дахь хавсралтаар батлагдсан Хурдан морины дэд хорооны гишүүн Т.Д /МЭҮН-ийн малын их эмч/-ы “...М.Г ийн №159-той азарга хэмжилтэд ороод уралдахаар гаргасан байсан. Гэтэл морины комиссын дарга нь хөтөлж үлдсэн азарганууд дээр нэмж оруулж ирснийг харсан. Чухам ямар учиртайг ойлгоогүй...” гэх тайлбар /1хх-ийн 36, 37/, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Шинжээч томилох тухай” А/46 дугаар захирамжаар М.Г ийн уралдуулсан хар азарганы сэрвээний өндрөөр тэнцэх эсэхийг хэмжүүлэх шинжээчээр Мал үржлийн албаны Малын удам зүйн, үнэлгээ, цөм сүрэг үүлдэр, ашиг шимийн сайжруулалт, үржүүлэг технологийн ажил үйлчилгээ, итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Б, Малын бэлчээр тэжээл усан хангамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Л нарыг томилж уг шинжээчид нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр болон 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хийсэн нэмэлт шинжилгээгээр “Алдархаан сумын Донойн хөндийд байрлах аймгийн хурдан морь хэмжилтийн талбайд зориулалтын тоног төхөөрөмжөөр хэмжилт хийхэд “Хэмжилтийг гурван удаа хийсэн бөгөөд тухайн азарганы өндөр /138.9, 139.4, 139.2/ хэмжилттэй байгаа нь Монголын морин уралдааны шинэчилсэн дүрмийн 13.1.1, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 07 сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан стандарт хэмжээнд тэнцсэн” гэх /1хх-ийн 86-89, 104-106/ шинжээчдийн дүгнэлт болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзвэл, нэхэмжлэгч М.Г ийн хар азарганы сэрвээний өндөр нь Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Баяр наадмын хурдан морины уралдаанд уралдах морины сэрвээний өндөр нь нас тус бүрд дараахь хэмжээтэй байна:”, 5.3.1-д “Азарга, соёолон-140 см” гэж заасан стандарт шаардлагыг хангасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хар азарга нь баяр наадмын хурдан морины азарганы ангилалд уралдаж, аман хүзүүдсэн болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагч нар уг хар азаргыг цоллож, бай шагналыг олгохгүй байгаа үйлдэл нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.16, 10.17-т заасантай нийцэхгүй байна.
5.1. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчийн хар азарган морины сэрвээний өндөр нь 142 см гэж хэмжээсээр үндэслэлгүйгээр хассан байх бөгөөд Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Уралдааныг гарааны зурхайгаас даамлын дохиогоор эхлүүлнэ.” гэсний дагуу хар азарга нь гарааны зурхайнаас гарч, уралдан ирснээр морь бариач мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасны дагуу барьж, барианы зурхайд орсон дарааллын дагуу “Завханмандал сум 100 жилийн ой, аман хүзүү” гэх пайз олгосноор нэхэмжлэгчийн хар азаргыг уралдсан гэж үзнэ.
5.2. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн 159 дугаартай хар азарганы сэрвээг хэмжихдээ хариуцагч “гар палкметр” ашигласан нь сэрвээний өндрийг автомат төхөөрөмж (лазер хэмжигч)-өөр хэмжинэ гэсэн Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5-т заасантай нийцэхгүй байна.
5.3. Энэ талаар анхан шатны шүүхийн “Хариуцагч хурдан морины дэд хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, Т.Д-ы шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Завханмандал сумын 100 жилийн ойн баяр наадамд уралдах азарганы сэрвээг ... лазер хэмжигчээр хэмжилгүйгээр палкметр ашиглаж хэмжсэн болох нь дээрх дүрмийн 5.3.1-д заасанд нийцэхгүй байх бөгөөд үнэн зөв гэж үнэлэх боломжгүй. Түүнчлэн хар азарганы сэрвээний өндрийг 140 см-ээс илүү байсан гэх хариуцагчийн тайлбар бичгийн болон бусад баримтаар тогтоогдохгүй байна” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
6. Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч М.Г ийн Завханмандал сумын 100 жилийн ойн үндэсний их баяр наадмын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн азарган насны морины уралдаанд орсон хар азаргыг барианы зурхайгаар 2-р байранд орсноор цоллохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль бус болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбараар тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн морийг цоллох, бай шагнал авах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна.
7. Иймд нэхэмжлэгч М.Г ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
8. Харин хариуцагчийн “Гэрчээр Завханмандал сумын Цагдаагийн тасгийн дарга Ч.Г, Завхан аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга н.Б нарыг оруулах хүсэлтэй байна.” гэх хүсэлтийн тухайд,
Нэгэнтээ анхан шатны шүүхээр дээрх гэрчийг оролцуулахтай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.” гэж заасны дагуу уг хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2024/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА