Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2021/0387

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК /

 Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Их Эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын байр.

Хариуцагч: Хот байгуулалт хөгжлийн газар

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарди ордон.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/000дугаартай “Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/001тоот захирамж, мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны А/002тоот захирамжаар ашиглаж байсан Х ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Орон сууцны зориулалт бүхий 535406 м2 газрыг ашиглах эрхийг сэргээж, буцаан олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах”

2. “Хот байгуулалт хөгжлийн газраас 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00/0000 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дагуу “Х” ХХК-д 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдөр олгогдсон Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны барилгын эрх загвар зургийг хүчингүй болгосон шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Х” ХХК нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Орон сууцны зориулалтаар 535406 м2 газрыг Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/002тоот захирамжаар, газар эзэмших эрхийн 000000000 дугаартай гэрчилгээ, мөн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээ”-ний ашиглаж, төслөө хэрэгжүүлж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Гэтэл 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас манай компани руу мэдэгдэл гардан авах талаар холбогдсон.

Ингээд 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 00-00/0000дугаартай “Захирамж хүргүүлэх тухай” мэдэгдлийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гардан авсан.

Тус мэдэгдэлд “Нийслэлийн Засаг даргын а/000дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт танай компанийн ашиглаж байсан газрын ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2/ газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалах, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон/, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 1/00дугаар мэдэгдлийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2020 оны а/000дугаар захирамжийн хуулбарыг хавсралтаар хүргүүлж байна” гэсний дагуу манай компанийн дээрх газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн.

Манай Х ХХК нь газар ашиглах гэрээ болон Газрын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллаж байсан тул энэхүү Нийслэлийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн а/000дугаартай “Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг эс хүлээн зөвшөөрч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/000дугаартай “Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн байна.

Захиргааны Ерөнхий хуулийн “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь дээрх а/000дугаартай захирамжийг гаргахаас өмнө бидэнд энэ талаар мэдэгдэж, өөрсдийн тайлбар, саналыг гаргах боломжоор хангах ёстой байсан.

Гэвч сонсох ажиллагаа огт явуулалгүйгээр захирамжийн үндэслэл болоод буй эрх бүхий байгууллагын дүгнэлт, Нийслэлийн Прокурорын газрын мэдэгдэл зэргийг танилцуулж, тайлбар авахгүйгээр шийдвэрээ хууль зөрчиж гаргасан.

2.Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/000дугаартай “Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн үндэслэлээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар тодорхойлсон байна.

Манай энэхүү газар дээрээ хэрэгжүүлж буй 3500 айлын цэцэрлэгт хорооллын төсөл нь 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсад нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулаад байна.Уг төслийг хэрэгжүүлэх энэхүү 10 жилийн хугацаанд манай компанийн ашиглаж буй газарт ямар нэгэн хүний амь нас, эрүүл мэнд хохирсон тохиолдол гарч байгаагүй. Мөн байгаль орчинд болон үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулж байгаагүй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн а/000дугаартай “Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/001тоот захирамж, мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/002тоот захирамжаар ашиглаж байсан “Х” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Орон сууцны зориулалт бүхий 535406 м2 газрыг ашиглах эрхийг сэргээж, буцаан олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Манай “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайхын замын хойно, Хонхорын зүүн талд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 003 дугаар захирамжаар 100 га талбайг газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг ашиглаж, өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн.      Манай компанийн хэрэгжүүлж буй “Home garden” төсөл нь Монгол Улсад анх удаа 100 хувь модон, канад технологи бүхий амины орон сууцны төсөл бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд тогтвортой хэрэгжүүлж, хууль тогтоомжид заасан бүх нөхцөлийг биелүүлж, шилдэг татвар төлөгчөөр удаа дараа шалгарч байсан.

Мөн бид зөвхөн амины орон сууцны төсөл хэрэгжүүлээд зогсохгүй цэцэрлэг, сургууль, хорооны байр, үйлчилгээний төвүүдийг цогцоор нь төлөвлөн ажиллаж байна. Бидэнд мэдэгдэл гардаж авах талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэний дагуу очиход Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 00-00/0000тоот Захирамж хүргүүлэх тухай албан бичгийг гардуулсан ба уг албан бичигт дурдсанаар “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/000дүгээр захирам”-аар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсныг мэдсэн.

Хоёрдугаарт Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар 17-ны өдрийн 00/0000 тоот албан бичгийг гардуулсан ба уг албан бичигт дурдсанаар “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/000дүгээр захирамжаар танай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/00дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.13-д заасны дагуу тус газраас батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болсныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Гэтэл бид газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсныг дээр дурдсан 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Захирамж хүргүүлэх тухай” албан бичгээр мэдсэн бөгөөд ийнхүү мэдсэн даруйдаа Захиргааны Ерөнхий хууль болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Тиймээс манай “Х” компанийн архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын шийдвэрийг дараах үндэслэлээр эс хүлээн зөвшөөрвөл гомдол гаргаж байна. Үүнд:

1.Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00/0000 тоот албан бичигт дурдсан “манай компанийн архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болгож” шийдвэрлэхийн өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 болон 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, биднийг тайлбар, өөрсдийн баримт, мэдүүлгээ гаргах боломжоор хангах ёстой байсан ч хуульд заасан энэхүү сонсох ажиллагааг огт явуулалгүйгээр шийдвэрээ гаргасан.

Газар ашиглах эрхийн гэрчилгээг Нийслэлийн засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/000дүгээр цуцалсан гэдгээ өөрсдөө мэдээгүй байхад шийдвэрлэснийг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна.

2.Манай компанийн “архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болгож” шийдвэрлэх болон үндэслэлээ Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/00дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.13-д заасны дагуу гэж албан бичигтээ дурджээ.

Тус журмын 3 дугаар зүйлийн 3.13 “Газарын эрх цуцлагдсан, хугацаа сунгагдаагүй тохиолдолд барилгын эх загвар зураг хүчингүй болно” гэж журамласан байна. Манай компанийн газар ашиглах эрхтэй холбоотой маргаан шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдэж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа дээрх журмын 3 дугаар зүйлийн 3.13 “газрын эрх цуцлагдсан” гэж заасан нөхцөл бүрдэх, мөн зөвхөн барилгын эх загвар зураг хүчингүй болгохоор журамласан байхад архитектор төлөвлөлтийн даалгаврыг мөн адил хүчингүй болгож шийдвэрлэсэн, тийнхүү газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад урьдчилан гаргасан энэхүү Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын “Манай Х компанийн архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Бид хот байгуулалт, хөгжлийн газрын дээрх шийдвэрийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн засаг даргад гомдол гаргасан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Уг хариуг бид шуудангаар 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр шуудангаар хүлээн авсан тул ийнхүү шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн авч “Манай Х” компанийн архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болгож” шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11/0000дугаартай албан бичгээр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой 000000000 дугаартай хэрэг бүртгэл үүссэн талаар Прокурорын газрын 2020 оны 1/00тоот мэдээллийг ирүүлсэн уг мэдэгдлийн агуулгаас үзвэл Х ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын төлбөрийг төлөөгүй, гэрээгээр халхавчлан их хэмжээний хохирол учруулан залилсан газарт барилга барьж, болуулсан атлаа татвараас зайлсхийж, мөнгө угаасан гэсэн агуулгатай байсан тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгосон. Мөн энэ захирамжийн төсөл нь эхлээд нууц гэж явж байгаад сүүлд ил болсон ямар учраас нууцын зэрэгтэй гаргасан захирамж ил болсныг мэдэхгүй байна. Ер нь бол Прокурорын 1/00тоот мэдэгдлийн дагуу хүчингүй болгосон учраас өөрөөр хэлбэл Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн гэдэг үндэслэлээр хүчингүй болгож байгаа болохоор сонсох ажиллагаа хийж тайлбар авах шаардлагагүй гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Хот байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайхын замын хойно, Хонхор хотхоны зүүн талд “Х” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 003 дугаар захирамжаар олгосон 100.0га талбайд тус газраас өдрийн 0/00дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг баталж, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00/0000 дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгосон.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/000дугаар захирамжаар газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/00дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.13-д заасны дагуу тус газраас батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг хүчингүй болсонд тооцож, шийдвэрлэсэн.

Хэрэв газрын эрх нь сэргэсэн тохиолдолд уг заалтын хэрэгжилт хүчингүй болгож сэргэх боломжтой байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

                                            ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М-с “Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/00тоот мэдэгдэлд “Х” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 53,54 га газартай холбоотой 2009,2011,2012,2013,2016 онуудад газрын төлбөрийг дутуу төлсөн мөн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй гэдэг байдлаар мэдэгдэлд дурдсан байдаг.

          Энэ мэдэгдлийг гаргахдаа ямар баримтыг үндэслэж гаргасан мөн Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн талаарх тайлбар, яагаад мэдэгдэлд гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл гэж бичсэн талаарх тайлбарыг Нийслэлийн Прокурорын газраас гаргуулах шаардлагатай” байна гэж хүсэлт гаргасныг шүүх Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар хэлэлцээд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож гомдол гаргах эрхгүйгээр  шийдвэрлэсэн болно.

          Учир нь Захиргааны хэргийн шүүх зөвхөн захиргааны байгууллагаас гаргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянадаг болохоос бус эрүүгийн хэргийг хянахгүй энэ талаарх хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнө нь гаргаж байсан шүүхээс хүсэлтийг шийдэж Нийслэлийн Газрын албанаас “Х” ХХК-ийн газрын төлбөр төлсөн баримт, дуудлага худалдааны анхны үнэ төлсөн баримт зэргийг нотлох баримтаар авсан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар шатанд явж байгаа талаарх баримтыг эрүүгийн цагдаагийн албанаас авсан байна.

          Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, прокуророос ирүүлсэн 1/00тоот мэдэгдэлд ямар гэмт хэрэг гаргасан тухай тодорхойгүй байх тул энэ талаарх тайлбар тодорхойлолтыг прокуророос гаргуулах...” гэж хүссэн хүсэлт нь мөрдөн шалгах ажиллагаатай хамааралтай, хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт цугласан  гэж үзэн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

          Анх Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/001дугаар захирамж болон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/002тоот захирамжаар “Х” ХХК-д Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах орон сууцны зориулалтаар ашиглаж байсан 535,406 м.кв газрын газар ашиглах эрхийг сэргээж 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээг” 5 жилийн хугацаатай байгуулж уг гэрээнд заасны  дагуу дээрх газрыг ашиглаж, төсөл хэрэгжүүлж, ирсэн байна.

          Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/000дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/00тоот мэдэгдлийг үндэслэн “...ашиглалтын газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн үндэслэлээр “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Хариуцагч нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагын дүгнэлтийг гаргуулаагүй, прокурорын байгууллагын мэдэгдлийг үндэслэсэн нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн...” гэж маргажээ.

          Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мс “ ...нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-ыг барьсан. Мөн Нийслэлийн Прокурорын газрын 1/00тоот мэдэгдлийг үндэслэсэн уг мэдэгдэлд “Хоно” ХХК нь газрын төлбөр төлөөгүй, гэрээгээр халхавчилж их хэмжээний хохирол учруулж залилсан. Барилга барьж татвараас зайлсхийж мөнгө угаасан байж болзошгүй...” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

          Хариуцагч Нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. “Х” ХХК-д 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 003 дугаар захирамжаар газар олгосон. Үүнтэй холбоотой Хот байгуулалт, хөгжлийн газраас 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0/00дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын эх загвар зургийн гэрчилгээ олгосон. Нийслэлийн Засаг даргаас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/000дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээ цуцалсан тухай мэдэгдэл ирүүлсэн. Бид үүний дагуу архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын эх загвар зургийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүчингүй болгосон Хэрэв газрын эрх нь сэргэх юм бол тогтоолын холбогдох заалтын хэрэгжилт сэргэнэ...” гэж тайлбарлажээ.

          Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9-т “газар, ашиглагч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах” бүрэн эрхийг холбогдох Засаг дарга хэрэгжүүлэхээр, 23.2.16-д “энэ хуулийн 20.2.9-д заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран шалгалт хийж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах” бүрэн эрхийг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээ тус тус заасны зэрэгцээ мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж, 40.1.2-д “газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд холбогдох аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор хуульчилжээ.

          Дээрх хуулийн зохицуулалтыг нэгтгэж үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга өмнө нэгэнт олгогдсон газар ашиглах эрхийн хүчингүй болгохдоо тухайн газар ашиглагч нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа болохыг шалгаж тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэхээр байх ба энэхүү дүгнэлт нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн  газар болон мэргэжлийн бусад байгууллагын хамтарсан хяналт шалгалтын үр дүнд гаргахаар байна.

          Гэтэл маргааны тохиолдолд хариуцагч нийслэлийн Засаг дарга “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож тус компаниас хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг, мөн түүний газар ашиглалтын байдал нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа эсэхийг, түүнчлэн хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшилж байгаа эсэхийг тус тус шалгаж тогтоосон эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй байхад маргаан бүхий 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/000дугаартай захирамжийг гаргасан нь үндэслэлгүй байна.

          Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасны дагуу сонсох ажиллагааг хариуцагч огт хийгээгүй, энэ талаарх баримтыг болон хуулиар эрх олгосон төрийн захиргааны байгууллагын аливаа дүгнэлтийг шүүхэд ирүүлээгүй зэргээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байна.

          Прокурорын тухай хуульд зааснаар прокурор нь “гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил гаргахад нөлөөлсөн, шалтгаан нөхцөлийг арилгуулах”-аар мэдэгдэл бичих ба хүлээн авсан байгууллага тэр тусмаа захиргааны байгууллага нь мэдэгдэлд дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж хариу өгөх үүрэгтэй байна.

          Нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1/00дугаар Прокурорын мэдэгдэлд “Х” ХХК нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Канадын модон технологи бүхий амины орон сууц барихаар газрын дуудлага худалдаанд оролцож, газрын дуудлага худалдааны үнэ болох 1,320,000,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн ба 2009, 2011, 2012, 2013, 2016 онуудад газрын төлбөрийг дутуу төлсөөр 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс газрын төлбөрийг цаашид байнга төлөх санхүүгийн боломжгүй болсон учир шинэчилж хийлгэсэн кадастрын зургийн дагуу газрын нийт хэмжээ 53,54 га болгон багасгаж өөрчлүүлэхээр Нийслэлийн Газрын албанд хүсэлт гарган шийдүүлсэн байна. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” мөн зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, мөн зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтын дагуу тухайн асуудлыг судалж гаргасан зөрчлийг арилгах” тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

          Гэтэл Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа дээрх мэдэгдэлд дурдсан ажиллагааг огт шалгаж тогтоолгүйгээр, “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл болох нөхцөл байдал бий болсонд хууль зүйн дүгнэлт хийх, улмаар газрын тухай хуульд заасан тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байсан байхад прокурорын мэдэгдэлд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй атлаа “газраа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон” гэж дүгнэж маргаан бүхий актыг гаргасан нь хариуцагч Захиргааны байгууллага нь захиргааны үйл ажиллагаандаа хуульд заасан зарчмыг баримтлах бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх” зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

          Бодит байдал дээр авч үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үүргийн хүрээнд “шийдвэр гаргах ажиллагаанд шаардлагатай нөхцөл байдлыг тогтоох” зорилгоор прокурорын мэдэгдэлд дурдсан хууль зүйн дүгнэлтийг хийсний үндсэн дээр шаардлагатай арга хэмжээ авах, өөрөөр хэлбэл газрын ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлгэх, газрын төлбөр болон дуудлага худалдааны үнийг төлсөн эсэхийг шалгаж дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хэрэгжүүлж мөн хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу Оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулсны эцэст нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх шаардлагатай байсан байна.

          Гэтэл Нийслэлийн Засаг даргаас дээрх ажиллагааг хийж бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоосны үндсэн дээр маргаан бүхий актыг гаргах байтал Захиргааны хэргийн шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаатай холбогдуулж тодруулбал Газрын тухай хуулийн 40.1.2-д заасан үндэслэлтэй холбоотой нотлох баримт, тайлбарыг Прокуророос гаргуулахыг хүссэн хүсэлтийг удаа дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

          Өөрөөр хэлбэл Захиргааны байгууллага маргаан бүхий актыг гаргахаас өмнө өөрсдөө хууль зүйн үндэслэлийг шалгаж тогтоох үүрэгтэй байтал энэ үүргээ огт хэрэгжүүлэлгүй бусдын газрыг шууд хүчингүй болгосон энэ талаарх баримтыг захиргааны хэргийн шүүхээр гаргуулахаар, нотлуулахаар “...прокурорын мэдэгдэлд дурдсан газрын төлбөр Газрын албанаас гаргаж өгсөн газрын төлбөр зөрж байна энэ талаарх баримтыг”  прокуророос гаргуулж тайлбар авах, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/000дугаар шийдвэр нь нууцын зэрэгтэй гарсан яагаад нийтэд ил болсныг ойлгохгүй байна нууцын ажилтныг гэрчээр асуулгах шаардлагатай гэх хүсэлтүүдийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүхийн хэлэлцүүлгийн үед удаа дараа тайлбарлаж байсныг дурдах зүйтэй байна.

          Хэдийгээр хариуцагч дээрх үүргийг биелүүлээгүй ч Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэгч “Х” ХХК нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд заасны дагуу тухайн газраа ашиглаж байсан эсэх газрын төлбөр болон газрын дуудлага худалдааны анхны үнэ төлсөн эсэх талаар холбогдох захиргааны байгууллагаас тодруулахад нэхэмжлэгч нь гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаж байсан нь “газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт”, болон газрын төлбөрөө төлсөн дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлж барагдуулсан гэх Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 00-00/0001тоот хариу хүргүүлэх тухай албан бичгээр нотлогдож байна.

          Иймд хариуцагч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг алдагдуулсан, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу газар ашиглагчийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй” гэж үзэхээр байна.

          Мөн нийслэлийн Прокурорын газрын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 00 дугаар тогтоолоос үзвэл нэхэмжлэгч “Х ХХК нь Газрын тухай хуулийн дагуу газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” их хэмжээний мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн  байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй гэснээс үзвэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “...үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан гэх эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлт гараагүй” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

          Түүнчлэн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад Хот байгуулалт хөгжлийн газраас Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Налайхын замын хойно, Хонхор хотхоны зүүн талд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 003 дугаар захирамжаар олгосон 100,0 га талбайд тус газраас 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 0/00дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, болон барилгын ажлын эх загвар зургийн гэрчилгээг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00/0002дугаар албан бичгээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.  

          Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

  1. Газрын  тухай  хуулийн  4  дүгээр  зүйлийн  4.1.3,  мөн  хуулийн  40 дүгээр

зүйлийн 40.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/000дугаартай “Захирамжийн холбогдох заалт болон газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2010 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 0/00дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 00/0000 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг  хүчингүй болгосон Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 00/0002дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/001тоот захирамж, мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/002тоот захирамжаар ашиглаж байсан Х ХХК-ийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Орон сууцны зориулалт бүхий 535406 мкв газрыг ашиглах эрхийг сэргээж, буцаан олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас нараас хувь тэнцүүлэн гаргаж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   О.ОЮУНГЭРЭЛ