Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00258

 

Э.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  26-ны өдрийн 181/ШШ2017/02666 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х.Уд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2016 оны 10 сарын 18-ны өдөр Х.Уд 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2016 оны 11 сарын 24-ний өдөр мөн 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээг  бичгээр байгуулсан. Зээлдэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүү төлөөд цаашид төлбөр хийгээгүй, ноцтойгоор зайлсхийж байна. Иймд зээл 2 000 000 төгрөгийг Х.Угаас гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Угийн шүүхэд гаргасан тайлбарт: Э.Ц-гээс 2016 оны 10 сарын үед 1 000 000 төгрөг зээлсэн боловч нэхэмжлэгч нь 800 000 төгрөг бэлнээр өгсөн. Дараагийн удаад бэлнээр 700 000 төгрөгийг мөн эхний 3 сарын хүү суутгалаа гэж хэлээд өгсөн. Ингээд нийт 1 500 000 төгрөг авсан. Эргэн төлөлтөд 400 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо үлдэх мөнгөө төлнө. 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Угаас 1 100 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Угаас улсын тэмдэгтийн хураамжид 30 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь 2016 оны 10 сарын 18-ны өдөр Х.Уд 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2016 оны 11 сарын 24-ний өдөр 1 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай өгч, зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Гэтэл шүүх зээл авсан нь баримтаар нотлогдохгүй байх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт заасан шаардлагыг хангахгүй хүү авах эрхээ алдана гэж заасан нь хууль зөрчсөн.  Э.Ц- нь 2 000 000 төгрөг өгсөн баримт хэрэгт байхад уг баримтыг үнэлээгүй нь буруу. Иймд шүүхийн шийдвэрийн 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. 

 

Нэхэмжлэгч Э.Ц- нь хариуцагч Х.Уд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээг бичгээр байгуулаагүй, бэлнээр 1 500 000 төгрөг авсан гэж маргажээ.

 

Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь зээлдэгчийн өмчлөлд нийт 1 500 000 төгрөг шилжүүлсэн  нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээг бодитойгоор шилжүүлсэн мөнгөн дүнгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.  /хх-ийн 14, 29/ 

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах юм. Хэргийн 5 дугаар талд “..,Цэвэгсүрэнгээс 2 000 000 төгрөг авсан” гэх  бичиг нь нэг талын, хариуцагч Х.Угийн гарын үсгээ зурсан баримт байх бөгөөд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үздэг. Хоёр талын гарын үсэггүй, нэг талын тодорхойлолтыг маргаантай нөхцөл байдлыг нотлох бичгээр байгуулсан гэрээ гэж дүгнэх боломжгүй.

 

Түүнчлэн хэргийн 2 дугаар талд “..,2017 оны 4 сарын 18 хүртэл хүү төлөөд түүнээс хойш төлбөр хийгээгүй” гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд уг хүүд төлсөн гэх мөнгөн дүн 400 000 төгрөг гэдэгт талуудын хэн аль нь маргаагүй. Гагцхүү  400 000 төгрөгийг хариуцагч үндсэн зээл 1500 000 төгрөгөөс хасагдах ёстой гэж маргасан. Нэгэнт хүүгийн талаарх тохиролцоог талууд бичгээр хийгээгүй тул нэхэмжлэгч нь хүү авах эрхээ алдах юм. 

 

Иймд хариуцагчийн төлсөн 400 000 төгрөгийг нийт зээл 1 500 000 төгрөгөөс  хасч, зээлдэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 1 100 000 төгрөг гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Харин талуудын хэн аль нь зээлийн гэрээ 3 сарын хугацаатай байсан гэж тайлбарласаар байхад хугацаагүй гэрээ гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу юм. Хариуцагч нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн нь нотлогдсон. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гэрээгээр тохиролцсон 10 хувийн хүүг суутган авсан гэсэн агуулгаар тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дах хэсэгт заасан агуулгаар гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь анх зээл олгохдоо хүүг суутган авч, 1 500 000 төгрөг бодитойгоор шилжүүлж, явцын дунд хариуцагчийн төлсөн 400 000 төгрөгийг бичгийн гэрээгүйгээр хүүд тооцон авч байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 283 дугаар зүйлийн 283.3 дах хэсэгт заасантай нийцэхгүй юм.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй нь гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын  26-ны өдрийн 181/ШШ2017/02666 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ц-гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                                Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                Ш.ОЮУНХАНД