Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 35

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Я.Б-д холбогдох
Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт 1988 оноос хойш боловсролын үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байгаа ба аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/328 дугаар захирамжаар 060704001 дугаар бүхий 20551.0 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар олгон, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ашиглаж байна. Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшиж байгаа газрын хашаа руу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоотод оршин суух иргэн Я.Б 32 метр урттай хашаагаа 2.7 метрээс 7.4 метрээр сунган хатгасан юм. /Нийт 161.6 м.кв/ Иргэн Я.Б-д эзэмшлийн газрыг /хашааны/ чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл тухайн газрыг чөлөөлж өгөөгүй байна. Иймд иргэн Я.Б-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоот хашааны газраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Я.Б-н хашаа үерийн далан дээр баригдсанаас гадна сургуулийн хашаа руу түрж орж ирсэн. Өмнө нь буулгаж барьсан талаар мэдээллийг мэдэхгүй байна. Үерийн даланг хэвийн хэмжээнд байлгахгүй бол сургуулийн барилгын чанарт нөлөөлөөд байна. Иймээс хашааг сунгах олон нийтийн эзэмшлийн талбай болон сургуулийн зүүн талаар байгаа айлуудын хашааг зайлшгүй татаж байж үерийн даланг сэргээх, Я.Б-н цаана байгаа хоёр айлын хашааг шийдвэрлэхгүй бол гамшгийн хэмжээнд асуудалтай байгаа. Үерийн далан задарсан. Сургуулийн ард талын хэсгээр байгаа далан сэтэрсэн одоогийн байдлаар сургуулийн хашаа руу түрж орж ирсэн байдалтай байгаа гэв.
Хариуцагч Я.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 2008 оноос хойш Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдалын 4-3 тоотод байрлах газарт хашаа барьж амьдарсаар өдийг хүрсэн. 2013 онд МСҮТөвийн бохирын шугамын ажил шинээр хийгдэх болсноос иргэн Б, Д нарт, мөн МСҮТөвийн хашааг ажил явуулах зорилгоор чөлөөлөх мэдэгдэл өгөн МҮСТөв хашаагаа буулгасан. Б миний бие барилга барихаар хураасан палк модоо зөөж холдуулсан. Буцааж хашаа хатгахад би хуучин хашааны суурийн дагуу бетон хашаа барьсан. МСҮТөв манай зүүн талаар гадагш нь 2.7 метр сунгаж баруун талаар 7.4 метр сунгаж манай хашаанд тулгаж барьсан. Иймд миний зүгээс МСҮТөвийн газарт оруулж бариагүй болно. Харин МСҮТөв өөрөө дур мэдэн хашаагаа хойш нь сунгаж барьсан. Манай хариуцаж байсан газраар далан сэтрээгүй. Манай газар далангийн урд талд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаатай залгаа байгаа. Хашаа далангаас 35 метрийн урдуур байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хашаагаа хойш нь сунгаж хатгасан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар болон хөрш айлууд бүгд нотолно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Я.Б-д холбогдуулан газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ иргэн Я.Б-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоот хашааны газраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлнэ гэжээ. 
Хариуцагч Я.Б нь миний зүгээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн газарт оруулж бариагүй, харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв өөрөө дур мэдэн хашаагаа хойш нь сунгаж барьсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргажээ. 
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь тус аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/328 дугаартай захирамжаар нэгж талбарын 060704001 дугаар бүхий 20551.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай боловсролын үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон болох нь төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/328 дугаар захирамж, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургаар тогтоогдож байна. /хх-ийн 3-12-рт/
Хариуцагч Я.Б-д Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар орон сууцны зориулалтаар Жаргалант багийн нутаг дэвсгэрт 77.0 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. /хх-ийн 40-46-рт/
Улмаар тус аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/446 дугаар захирамжаар Я.Б-н газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. /хх-ийн 47-48-рт/
Хэргийн зохигчид нь хариуцагч Я.Б-н газар эзэмших эрхийн бүртгэл дээр маргадаггүй бөгөөд харин маргаан бүхий 161.6 м.кв газрыг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь эзэмших эрхтэй эсэх, хэрэв эрхтэй бол уг газар руу хариуцагч Я.Б нь хашаа хатгасан эсэх нь маргааны зүйл болж байна. 
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар “...Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ...” гэж, 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй...” гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй...” гэж, 106.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна...” гэж, 106.4 дэх хэсэгт “...Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна...” гэж тус тус заажээ. 
Өөрөөр хэлбэл хууль ёсны эзэмшигч өмчлөгчийн нэгэн адил эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна. Ингэхдээ эхлээд эрх зөрчсөн этгээдээс үйлдлээ зогсоохыг шаардах, хэрэв шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 
Хэрэгт авагдсан газрын байршлын кадастрын зургаас үзэхэд хариуцагч Я.Б-н хашааны координат нь 1 дүгээр цэг /Х-5139610,623 Ү-288663,048/, 2 дугаар цэг /Х-5139617,594 Ү-288659,410/ 3 дугаар цэг /5139622,216 Ү-288667,633/ 4 дүгээр цэг /Х-5139614,696 Ү-288671,565/ байна. /хх-ийн 50-рт/
Харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн газрын байршлын кадастрын зургаас үзэхэд тус төвийн хашаа нь 19 цэгээс бүрдэх координаттай бөгөөд хариуцагч Я.Б-н хашааны газартай давхцах боломжтой цэгүүд нь 2, 3, 4 дүгээр цэгүүд байна. 
Уг цэгүүдийн координатыг авч үзвэл 2 дугаар цэг /Х-5139568,587 Ү-288589,630/, 3 дугаар цэг /Х-5139600,929 Ү-288670,030/, 4 дүгээр цэг /Х-5139613,790 Ү-288711,651/ байна. /хх-ийн 51-рт/
Өөрөөр хэлбэл дээрх газрын байршлын кадастрын зургуудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзэмшиж байгаа газрын координат давхцаагүй байх бөгөөд шүүх хуралдаанд өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн тайлбараар хариуцагч Я.Б нь хашаагаа сунгаж барьсан болох нь тогтоогдохгүй байна. 
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ...” гэж, 27.3 дахь хэсэгт “...Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна...” гэж, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно...” гэж тус тус заажээ.
Хэдийгээр хариуцагч Я.Б-н газар эзэмших эрх хүчингүй болсон боловч хэрэгт цугларсан нотлох баримт болон газрын байршлын кадастрын зургаар зохигчдын эзэмшиж буй газар давхцаагүй, хариуцагч Я.Б нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшлийн газар руу оруулан хашаа хатгасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн газар чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг хангах нь үндэслэлгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь хариуцагч Я.Б-г өөрийн эзэмшлийн газар руу оруулан хашаа хатгасан болохыг нотлож чадаагүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 
Иймд нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хариуцагч Я.Б-д холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоот хашааны газраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хариуцагч Я.Б-д холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоот хашааны газраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        

                         
ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ