Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 10

 

Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн

                   Сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч Ш.Баттогтох, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00035 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн баг Найрамдалын хорооны 4-3 тоотод оршин суух Бөхбор овгийн Я Б /РД: ДЮ65031817/ холбогдох газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт 1988 оноос хойш боловсролын үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байгаа ба аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/328 дугаар захирамжаар 060704001 дугаар бүхий 20551.0 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар олгон, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ашиглаж байна. Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшиж байгаа газрын хашаа руу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоотод оршин суух иргэн Я.Б 32 метр урттай хашаагаа 2.7 метрээс 7.4 метрээр сунган хатгасан юм. /Нийт 161.6 м.кв/ Иргэн Я.Б эзэмшлийн газрыг /хашааны/ чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл тухайн газрыг чөлөөлж өгөөгүй байна. Иймд иргэн Я.Баярсайханы Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоот хашааны газраас Мэргэжлийн  сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Я.Б хашаа үерийн далан дээр баригдсанаас гадна сургуулийн хашаа руу түрж орж ирсэн. Өмнө нь буулгаж барьсан талаар мэдээллийг мэдэхгүй байна. Үерийн даланг хэвийн хэмжээнд байлгахгүй бол сургуулийн барилгын чанарт нөлөөлөөд байна. Иймээс хашааг сунгах олон нийтийн эзэмшлийн талбай болон сургуулийн зүүн талаар байгаа айлуудын хашааг зайлшгүй татаж байж үерийн даланг сэргээх, Я.Б цаана байгаа хоёр айлын хашааг шийдвэрлэхгүй бол гамшгийн хэмжээнд асуудалтай байгаа. Үерийн далан задарсан. Сургуулийн ард талын хэсгээр байгаа далан сэтэрсэн одоогийн байдлаар сургуулийн хашаа руу түрж орж ирсэн байдалтай байгаа гэжээ.

Хариуцагч Я.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манайх 2008 оноос хойш Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдалын 4-3 тоотод байрлах газарт хашаа барьж амьдарсаар өдийг хүрсэн. 2013 онд МСҮТөвийн бохирын шугамын ажил шинээр хийгдэх болсноос иргэн Я.Б, Б.Д нарт, мөн МСҮ Төвийн хашааг ажил явуулах зорилгоор чөлөөлөх мэдэгдэл өгөн МҮС Төв хашаагаа буулгасан. Я.Б миний бие барилга барихаар хураасан палк модоо зөөж холдуулсан. Буцааж хашаа хатгахад би хуучин хашааны суурийн дагуу бетон хашаа барьсан. МСҮ Төв манай зүүн талаар гадагш нь 2.7 метр сунгаж баруун талаар 7.4 метр сунгаж манай хашаанд тулгаж барьсан. Иймд миний зүгээс МСҮ Төвийн газарт оруулж бариагүй болно. Харин МСҮ Төв өөрөө дур мэдэн хашаагаа хойш нь сунгаж барьсан. Манай хариуцаж байсан газраар далан сэтрээгүй. Манай газар далангийн урд талд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаатай залгаа байгаа. Хашаа далангаас 35 метрийн урдуур байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хашаагаа хойш нь сунгаж хатгасан. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш нар болон хөрш айлууд бүгд нотолно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хариуцагч Я.Б холбогдуулан гаргасан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоот хашааны газраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Г.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багт 1988 оноос хойш боловсролын үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж байгаа ба аймгийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн А/328 дугаар захирамжаар 060704001 дугаар бүхий 20551,0 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар олгон, аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Тус Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хашаа руу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоотод оршин суух иргэн Я.Баярсайхан 32 метр урттай хашаагаа 2.7 метрээс 7.4 метрээр сунган хатгасан юм. /Нийт 161.6 м.кв/ иргэн Я.Баярсайхан нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн 4-3 тоот хашааны газраас Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эзэмшил газар руу хашаа хатган эзэмшиж буй 161.6 м.кв газрыг чөлөөлүүлж өгнө үү гэж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан. Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч Я.Б нь тухайн газрыг 2008 онд  эзэмшсэн гэдэг боловч 2013 онд хууль бусаар хашаа хатгасан юм. Я.Б орон сууцны зориулалтаар 77 м.кв газрыг 2015 онд эзэмшүүлсэн, 2017 онд уг эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Я.Б нь уг газрыг эзэмшигч гэдэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй, аймгийн Засаг даргын 2017 оны А/446 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байхад Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан.

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00035 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дахин хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа  Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь иргэн Я.Б холбогдуулан байгууллагын эзэмшил газар руу хашаагаа сунгаж хатган эзэмшиж буй 161.6 м. кв газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Я.Б маргаж байгаа үндэслэлээ миний зүгээс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн газар руу хашаагаа сунган оруулж бариагүй, харин Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв өөрөө дур мэдэн хашаагаа сунгаж барьсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын газрын байршлын зургуудад тэдний эзэмшиж байгаа газрын координат давхцаагүй бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбараар Я.Б нь хашаагаа сунгаж барьсан нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газар руу оруулан хашаа хатгасан болохыг нотолж чадаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар кадастрын зураг нь нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал хоёрыг аль алиныг нь нотлоогүй байна. Кадарстрын зураг нь хариуцагч Я.Б одоо байгаа хашааны хэмжээтэй тохирч байгаа эсэх, зөвшөөрөгдөж байсан гэх газрын хэмжээсийг өөрчилж, хашаагаа сунгасан эсэхийг нягталж, үнэлэлт  дүгнэлт өгөөгүй байна.

Нэхэмжлэгч талаас хариуцагч нь Я.Б өөрт олгогдож байсан газраа / хүчингүй болсон/ дур мэдэн сунгаж тус байгууллагын эзэмшил хэсэг рүү хашаагаа сунгаж барьсан хэмээн маргажээ. Хэрэв энэ тайлбар үндэслэлтэй бол газрын кадастрын зургуудаар түүний сунгаж барьсан, давхцаж буй хэсэг мэдэгдэх боломжгүй, давхцаагүй зөвшөөрөл өгсөн талбайн координат харагдана.

Хашаа сунгаж баригдсан гэх буюу  одоогийн байдал түүний кадастрын зургаар талбай давхцах эсэх нь тодорхойлогдохоор байхад анхан шатны шүүх кадастрын зургаар давхцаагүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “ Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.” гэж зохицуулсан байна.

          Энэ заалтын дагуу шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр суурь баримтлах ерөнхий шаардлага тавигдаж байгаа боловч маргааны зүйл, бодит байдал, талуудын мэтгэлцээнээр тогтоогдохгүй байна гэж шүүх үзвэл хэрхэхийг хуульд зохицуулжээ.

           Үүнд:  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “ Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т “ Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж буйг заана.”

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 “ Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэжээ.

Шүүхийн дүгнэлт нь хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь шийдвэрийн үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна гэж үзнэ.

           Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах зарчимыг хэрэгжүүлэхтэй холбоотой бөгөөд шүүх шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгохын тулд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болдгийг дурдах нь зүйтэй.

Тиймээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00035 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа  Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ЭНХТӨР

 

                         ШҮҮГЧИД                              Ш.БАТТОГТОХ

 

                                                                                              Т.ЖАРГАЛСАЙХАН