Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00694

 

 П.Одзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02420 дугаар шийдвэртэй,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0084 дүгээр магадлалтай,

 Нэхэмжлэгч: П.Одзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Уорли инженеринг ХХК-д холбогдох,

 Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 34,101,975 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Одзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаарийбуу, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гансүх, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Одзаяа 2017 онд барилгын талбайн менежерээр хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл 2018.10.24-ний өдөр ханган нийлүүлэгч зохицуулагчаар хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ болгоод ажиллах болсон. Үүний дараа хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруул гээд тулган шаардаж 2019.02.17-ны өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гээд ажлаас халсан болно. Энэ байгууллага нь нийт ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дандаа хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд сунгахдаа мөн богинохон хугацаагаар сунгадаг ч ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Хугацаагүй гэрээ байгуулах ёстой гэж шаардахаар ажлаас гар гэж ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчдөг. Тэгээд ажил олгогч намайг ажлаас халсан мөртлөө миний ажлын байран дээр ахиад ажлын байр зарлаад эргээд өөр хүн ажилд авсан. Миний бие өөрийгөө ажлын байрны бэлгийн дарамтад өртсөнөө дээд удирдлагадаа хэлснээс боллоо гэж үзээд гомдолтой байна. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр П.Одзаяа намайг ажлаас чөлөөлсөн боловч яагаад хугацаа дуусаж байгаа талаар тушаалд тусгаж өгөөгүй бөгөөд нэгэнт ажлын байр нь байхгүй болсон юм бол бүтэц орон тооны асуудал яригдах ёстой. Анхнаасаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь буруу юмаа. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах саналыг Уорли инженеринг ХХК гаргачхаад харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч намайг Уорли инженеринг ХХК-ийн ханган нийлүүлэгч зохицуулагчаар эгүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даалгаж, ажил үүрэг хийхгүй болсноос хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 34,101,975 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уорли Инженеринг ХХК нь П.Одзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Манай Уорли Инженеринг ХХК нь Оюу Толгой ХХК-тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд П.Одзаяаг Оюу Толгой төслийн талбай дахь Барилга угсралтын хэлтэст Төслийн талбайн администратор албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан. Албан тушаал нь түр албан тушаал байсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай буюу 2017.09.17-ны өдрөөс 2018.09.17-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулахыг талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Талууд 2018.08.09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018.09.17-ны өдрөөс 2019.03.31-ний өдөр хүртэл сунгасан. П.Одзаяа нь 2018.10.24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Төслийн талбайн администратор албан тушаалаас чөлөөлөгдөж, Ашиглалтад оруулах хэлтэст Ханган нийлүүлэгчийн зохицуулагч албан тушаалд томилогдсон. Талууд 2019.02.17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019.03.31-ний өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл дахин сунгасан. П.Одзаяа нь манай компанид хөдөлмөр эрхлэх бүхий л хугацаанд хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Энэ талаар 2017.08.22-ны өдөр компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан тусгасан бөгөөд үүнийг тэрээр өөрөө зөвшөөрсөн байдаг. Дээр дурдсан Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээр Хөдөлмөрийн гэрээний хугацааг хоёр удаа сунгаж, П.Одзаяагийн албан тушаалыг тус тус өөрчилсөн байдаг. Харин талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгож эсхүл П.Одзаяагийн түр ажлын байрыг байнгын ажлын байр болгож өөрчилсөн зүйл огт байгаагүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа, байнгын бус ажлын байр зэрэг нь П.Одзаяатай харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлүүд бөгөөд эдгээр нь талуудын Хөдөлмөрийн гэрээ байгуулах гол үндэслэл байсан. Компанийн үйл ажиллагаа болон түүний ажиллах хүчний шаардлага нь Оюу Толгой төслийн үе шатуудтай шууд холбоотой буюу түүнээс бүрэн хамааралтай байдаг бөгөөд П.Одзаяагийн эрхэлж байсан албан тушаал нь Оюу толгойтой байгуулсан гэрээний дагуу төслийн тодорхой үе шатанд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээтэй уялдуулан тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслах чиг үүрэгтэй байсан тул талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Түүнчлэн талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын санал болон Хөдөлмөрийн гэрээнд дараах байдлаар тусгайлан харилцан тохиролцож, хугацаатай гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ажлын саналд албан тушаалыг түр ажлын байр болохыг тодорхой тусгасан. Учир нь компани нь Оюутолгойтой тодорхой хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд П.Одзаяагийн албан тушаал нь уг гэрээний дагуу шаардлагатай тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд компанид туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй юм. Хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтад албан тушаал нь 12 сарын хугацаатай түр ажлын байр байхаар тусгасан. Компанийн зүгээс П.Одзаяагийн Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019.12.31-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болохыг 2019.12.07-ны өдөр өөрт нь мэдэгдэж, 2019.12.31-ний өдөр П.Одзаяагийн Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болсон. Түүнчлэн тус Албан тушаалд шинээр ажилтан авах ажлын байрны зар гаргасан гэх асуудлыг компанийн зүгээс бүхэлд нь үгүйсгэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш П.Одзаяагийн ажиллаж байсан Албан тушаалд өөр хүн авч ажиллуулаагүй болно. П.Одзаяа нь Хөдөлмөрийн гэрээний аливаа нэмэлт өөрчлөлтөд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр компанийн аливаа дарамт шахалтгүйгээр зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Компанийн зүгээс аливаа дарамт шахалт үзүүлсэн бол П.Одзаяа тухайн үед гарын үсэг зурахаас татгалзах, цаашлаад холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан ч энэ талаар гомдол гаргаж байгаагүй болно. Иймд П.Одзаяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02420 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 34,101,975 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай П.Одзаяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч П.Одзаяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0084 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02420 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 Нэхэмжлэгч П.Одзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д заасан нотлох баримтыг үнэлэх журам болон Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д тус тус заасныг зөрчиж ... Дээрх бүхнийг дүгнэхэд ажил олгогч Уорли инженеринг ХХК нь ажилтан П.Одзаяаг анх байнгын бус ажлын байранд 2017.09.17-ны өдрөөс 2018.09.17-ны өдрийг хүртэл хугацаатайгаар /энэ хугацаанд дадлагажих 3 сарын хугацаа багтах/ төслийн талбайн админстратор албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад мөн ижил нөхцөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018.09.17-ний өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэл, 2019.03.31-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тус тус сунгаж хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна... хэмээн дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгчээс гэрээг хугацаагүй байгуулах саналыг хариуцагчид гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Миний бие, миний хөдөлмөрийн гэрээг цуцалж намайг ажлаас чөлөөлсөн 2019.12.31-ний өдрийн 268/19 дугаар тушаалтай маргаж байгаа болно. Түүнээс хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь буруу гэж маргаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх ...Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар талууд байнгын ажлын байранд ч харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болно. Ажилтан нь ажил олгогчтой байнгын бус ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацааг тухай бүр сунгасан нэмэлт өөрчлөлтийг хөдөлмөрийн гэрээнд оруулж байсан нөхцөл байдал нь хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан, хууль зөрчсөн эсэх талаар гомдлоо холбогдох байгууллагад гаргаж байгаагүй, уг асуудлаар гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн тул дээрх асуудлаар гомдол гаргах эрхээ алдсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өөр маргааныг шийдвэрлэсэн гэж үзнэ. Миний ажиллаж байсан ажлын байр Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасны дагуу байнгын ажлын байр болох нь Монгол улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2020.03.03-ний өдрийн 01-06-092/43 дугаар Зөрчил арилгуулах тухай албан шаардлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2020.05.07-ний өдрийн 03/1245 дугаар Уорли инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал Грахам Ханна-д хүргүүлсэн Өргөдлийн хариу гэх албан бичгүүдээр тогтоогдож байгаа ба Хөдөлмөрийн тухай хуульд байнгын бус ажлын байр гэсэн ойлголт байхгүй болохыг анхан болон давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлыг анхаар ч үзэлгүйгээр ажил олгогч буюу хариуцагчийн ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа байнгын бус ажлын байр гэсэн хууль зөрчсөн ганц үгэнд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзнэ. Мөн анхан шатны шүүх Аливаа төсөл хөтөлбөр нь тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хэрэгжиж дуусгавар болдог бөгөөд төслийн үргэлжлэх хугацаа, төсөлд ажиллах орон тоо, бүтэц нь төсөлд зарцуулах хөрөнгийн эс үүсвэр, санхүүжилттэй холбоотой байдаг тул тухайн төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч, тус ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байранд дээрх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ хэмээн дүгнэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2- д заасныг зөрчсөн байна. Ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-д заасныг баримталж хугацаатай байгуулах гэж байгаа тохиолдолд тус зүйлд заасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон байх ёстой. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай /2006 он/ тогтоолын 7-д Харин энэ зүйлийн 23.2.2.-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино гэж заасныг хариуцагч Уорли инженеринг ХХК зөрчиж гэрээ байгуулсныг шүүх дүгнэлгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт цугларсан 2017.09.17-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2018.08.09-ний өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, Ханган нийлүүлэгчдийн зохицуулагчийн ажил шилжүүлсэнтэй холбоотойгоор 2019.02.17-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан нэмэлт гэрээнүүд дээр талууд ямар шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан шаардлага, шалтгааныг дурдаагүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ гэсэн дүгнэлтийг хийж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчжээ. Түүнчлэн хариуцагч тал надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэж дуусгавар болгосон. Уг заалтыг үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд Нэгдүгээрт хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхыг, Хоёрдугаарт цаашид сунгагдахгүй болсон гэсэн 2 нөхцөл бүрдсэн байхыг шаардаж байгаа ба П.Одзаяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагчийн 2019.12.31-ний өдрийн 268/19 дугаар тушаалд цаашид сунгахгүй шалтгаан нөхцөл юу байсан талаар дурдаагүй байхад шүүх хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн Хариуцагч Уорли инженеринг ХХК нь Оюу толгой ХХК-ийн уурхайн барилга, дэд бүтцийн тодорхой төслүүдэд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажилладаг байх бөгөөд 33 барилгын төслөөс 2019.12.27-ны өдрийн байдлаар 21 төсөл нь бүрэн дуусаж ашиглалтад оруулсан, 4 төслийн эхлэх хугацаа 2021 он хүртэл хойшилсон, 8 төслийг 2020 онд хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байгаа, төслүүдийн дийлэнх нь 2019 онд дуусгавар болсон, түүний албан тушаалын чиг үүрэг нь тус компанид шаардлагагүй болсноос П.Одзаяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг дахин сунгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг хийж миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар цуцалсан шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-д тус тус заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэгт хөндлөнгийн байр суурьтай оролцсон гэж үзэхэд эргэлзээг төрүүлж байна. Уорли инженеринг ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан 28-14 гэсэн росторын /ээлжийн/ хуваарийн дагуу ажиллаж байгаа ажилчид нь ажил үүргийн онцлогоос шалтгаалж росторын дагуу амарч байхад ажилтны нөгөө ээлжийн ажилтан төслийн талбайд ажил үүргээ гүйцэтгэж байдаг талаар тайлбарласаар байхад шүүх энэ талаар огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 П.Одзаяа нь Уорли инженеринг ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргажээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр,магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч П.Одзаяа, хариуцагч Уорли инженеринг ХХК-д хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ханган нийлүүлэгч, зохицуулагчийн ажил гүйцэтгэж байгаад гэрээний хугацаа дууссанаар ажлаас чөлөөлөгджээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа, байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж, хугацаа дууссан гэж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэснийг, хариуцагч татгалзахдаа, гэрээг тохиролцож хугацаатай байгуулсан, хугацаа дуусгавар болсноор дахин сунгаагүй гэжээ.

 Зохигчийн хооронд 2018.09.17-ны өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэл, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан, уг хугацааг талууд тохиролцож 2019.03.31-ний өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл нэг удаа сунгасан, уг хугацаа дууссанаар ажил олгогч гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдсон байна.

 Анхан болон давж заалдах шатны шүүх хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж үзэхдээ хэргийн үйл баримт, зохигчийн маргааны зүйлийг зөв тодорхойлж тухайн харилцаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах боловч мөн зүйлийн 23.2.2-т талууд тохиролцсон бол байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж болно. Зохигч харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, уг гэрээг мөн хугацаагаар сунгаж байсан тул гэрээг хугацаатай байгуулсан нь хууль зөрчөөгүй байна.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгахгүй бол тухайн гэрээ дуусгавар болох ба гэрээний нэг тал ажил олгогч, гэрээг цааш сунгахгүй гэж шийдвэрлэж, энэ тухайгаа ажилтанд мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч П.Одзаяаг ажлаас чөлөөлсөн шийдвэр хууль зөрчөөгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 Хариуцагч хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах боломжгүй болсон шалтгааныг мөн тайлбарлахдаа тус компани нь Оюу толгой ХХК-ийн уурхайн барилга, дэд бүтцийн тодорхой төслүүдэд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажилладаг, 33 барилгын төслөөс 2019.12.27-ны өдрийн байдлаар 21 төсөл нь бүрэн дуусаж ашиглалтад оруулсан, 4 төслийн эхлэх хугацаа 2021 он хүртэл хойшилсон, 8 төслийг 2020 онд хэрэгжүүлж дуусгахаар ажиллаж байгаа, төслүүдийн дийлэнх нь 2019 онд дуусгавар болсноос П.Одзаяагийн гүйцэтгэх албан тушаалын чиг үүрэг шаардлагагүй болсон гэсэн нь үгүйсгэх үндэслэлгүй болно.

 Дурдсан үндэслэлээр гомдлыг хангахгүй орхив.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02420 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0084 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

                                                                                ШҮҮГЧИД                                     Г.БАНЗРАГЧ

                                                                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                                                       Г.ЦАГААНЦООЖ