Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2020/02420

 

 

 

 

 

2020 09 28

181/ШШ2020/02420

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У ХХК -д холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 34.101.975 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г, гэрч Ж.Д, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие П.О  2017 онд барилгын талбайн менежерээр ажилтангаар хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулж ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй болно.

Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ханган нийлүүлэгч зохицуулагчаар хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ болгоод ажиллах болсон.

Үүний дараа хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруул гээд тулган шаардаж 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай гэрээ байгуулаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гээд ажлаас халсан болно.

Энэ байгууллага нь нийт ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дандаа хугацаатай гэрээ байгуулдаг бөгөөд сунгахдаа мөн богинохон хугацаагаар сунгадаг ч ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Хугацаагүй гэрээ байгуулах ёстой гэж шаардахаар ажлаас гар гэж ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчдөг.

 

Тэгээд ажил олгогч намайг ажлаас халсан мөртлөө миний ажлын байран дээр ахиад ажлын байр зарлаад эргээд өөр хүн ажилд авсан. Миний бие өөрийгөө ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөнөө дээд удирдлагандаа хэлснээс боллоо гэж үзээд гомдолтой байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр П.О  намайг ажлаас чөлөөлсөн боловч яагаад хугацаа дуусаж байгаа талаар тушаалд тусгаж өгөөгүй бөгөөд нэгэнт ажлын байр нь байхгүй болсон юм бол бүтэц орон тооны асуудал яригдах ёстой. Анхнаасаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь буруу юмаа. Хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах саналыг У ХХК гаргачихаад харилцан тохиролцож хугацаатай байгуулсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэгч намайг У ХХК-ийн ханган нийлүүлэгч зохицуулагчаар эгүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даалгаж, ажил үүрэг хийхгүй болсноос хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 34.101.975 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийлгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У ХХК нь П.О гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Манай У ХХК нь Оюу Толгой ХХК -тай байгуулсан төслийн гэрээний хүрээнд П.О г Оюу Толгой төслийн талбай дахь Барилга угсралтын хэлтэст Төслийн талбайн администратор албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан.

Албан тушаал нь түр албан тушаал байсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай буюу 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулахыг талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Талууд 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.

П.О  нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Төслийн талбайн администратор албан тушаалаас чөлөөлөгдөж, Ашиглалтад оруулах хэлтэст Ханган нийлүүлэгчийн зохицуулагч албан тушаалд томилогдсон.

Талууд 2019 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Хөдөлмөрийн гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дахин сунгасан.

П.О  нь манай компанид хөдөлмөр эрхлэх бүхий л хугацаанд хугацаатай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. Энэ талаар 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр компанитай байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан тусгасан бөгөөд үүнийг тэрээр өөрөө зөвшөөрсөн байдаг.

Дээр дурдсан Хөдөлмөрийн гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдээр Хөдөлмөрийн гэрээний хугацааг хоёр удаа сунгаж, П.О гийн албан тушаалыг тус тус өөрчилсөн байдаг. Харин талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй болгож эсхүл П.О гийн түр ажлын байрыг байнгын ажлын байр болгож өөрчилсөн зүйл огт байгаагүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа, байнгын бус ажлын байр зэрэг нь П.О тай харилцан тохиролцсон хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцлүүд бөгөөд эдгээр нь талуудын Хөдөлмөрийн гэрээ байгуулах гол үндэслэл байсан.

Компанийн үйл ажиллагаа болон түүний ажиллах хүчний шаардлага нь Оюу Толгой төслийн үе шатуудтай шууд холбоотой буюу түүнээс бүрэн хамааралтай байдаг бөгөөд П.О гийн эрхэлж байсан албан тушаал нь Оюу толгойтой байгуулсан гэрээний дагуу төслийн тодорхой үе шатанд шаардлагатай ажиллах хүчний хэрэгцээтэй уялдуулан тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд Компанид туслах чиг үүрэгтэй байсан тул талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Түүнчлэн талууд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлийг ажлын санал болон Хөдөлмөрийн гэрээнд дараах байдлаар тусгайлан харилцан тохиролцож, хугацаатай гэрээ байгуулахыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнд:

ажлын саналд: албан тушаалыг түр ажлын байр болохыг тодорхой тусгасан. Учир нь Компани нь Оюутолгойтой тодорхой хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд П.О гийн албан тушаал нь уг гэрээний дагуу шаардлагатай тодорхой ажил үүргийг гүйцэтгэхэд Компанид туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй юм.

- хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь заалтад: Албан тушаал нь 12 сарын хугацаатай түр ажлын байр байхаар тусгасан.

Компаний зүгээс П.О гийн Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болохыг 2019 оны 12 дугаар сарын 7-ны өдөр өөрт нь мэдэгдэж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр П.О гийн Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу дуусгавар болсон.

Түүнчлэн тус Албан тушаалд шинээр ажилтан авах ажлын байрны зар гаргасан гэх асуудлыг Компанийн зүгээс бүхэлд нь үгүйсгэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш П.О гийн ажиллаж байсан Албан тушаалд өөр хүн авч ажиллуулаагүй болно.

П.О  нь Хөдөлмөрийн гэрээний аливаа нэмэлт өөрчлөлтөд өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр Компанийн аливаа дарамт шахалтгүйгээр зөвшөөрч гарын үсэг зурж байсан. Компанийн зүгээс аливаа дарамт шахалт үзүүлсэн бол П.О  тухайн үед гарын үсэг зурахаас татгалзах, цаашлаад холбогдох байгууллагад гомдол гаргах эрхтэй байсан ч энэ талаар гомдол гаргаж байгаагүй болно.

Иймд П.О гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч П.О  нь хариуцагч У ХХК -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 34.101.975 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж,

23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна гэж,

23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж,

23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус заажээ.

Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажил олгогч, ажилтан нар нь дараах гэрээг байгуулан ажиллаж байсан байна. Үүнд:

1.Жэйкобс Инженеринг /Уорли Инженеринг/ РД:5990009 ХХК-ийн зүгээс Оюутолгой сайтад байрлах байнгын бус ажлын байранд Төслийн талбайн администратор албан тушаалд ажиллах саналыг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр ажилтан П.О д хүргүүлжээ./хх-ийн 4, 36-р хуудас/

Уг саналыг П.О  хүлээн зөвшөөрч байнгын бус ажлын байранд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай /энэ хугацаанд дадлагажих 3 сарын хугацаа багтах/, Төслийн талбайн администратор албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцож №157/17-01 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан талууд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ./хх-ийн 5-10, 37-42-р хуудас/

Дээрх гэрээний дагуу П.О г Дадлагажих хугацаагаар ажиллуулах тухай гүйцэтгэх захирлын 348/17 дугаартай тушаалыг 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, Дадлагажих хугацааг дуусгавар болгон үргэлжлүүлэн ажиллуулах тухай гүйцэтгэх захирлын 500/17 дугаартай тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус тус гаргажээ./хх-ийн 29, 30-р хуудас/

2. Талуудын хооронд байгуулагдсан №157/17-01 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байхаар харилцан тохиролцож талууд гарын үсэг зуржээ./хх-ийн 32-р хуудас/

3.Дээрх хугацаанд ажил олгогч Жэйкобс Инженеринг /Уорли Инженеринг/ РД:5990009 ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 440/18 дугаартай тушаалаар ажилтан П.О г Ханган нийлүүлэгчдийн зохицуулагч албан тушаалд шилжүүлэн ажиллуулж, талуудын хооронд байгуулагдсан №157/17-01 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан, ажилтан П.О гийн албан тушаалыг Ханган нийлүүлэгчийн зохицуулагч болгон өөрчилж ажил олгогч, ажилтан нар гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 14, 31, 50-55-р хуудас/

4.Ханган нийлүүлэгчийн зохицуулагч ажилтай ажилтан П.О тай байгуулсан №157/17-01 дугаартай гэрээний хугацааг 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар сунгаж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ./хх-ийн 33-р хуудас/

5.Нэхэмжлэгч /ажилтан/ П.О , хариуцагч /ажил олгогч/ У ХХК нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа тухай П.О д 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16.00 цагт мэдэгдэж уулзалтын тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 35-р хуудас/

6.Хариуцагч /ажил олгогч/ У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 268/19 дугаартай тушаалаар нэхэмжлэгч /ажилтан/ П.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр П.О г ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 34-р хуудас/

Дээрх бүхнийг дүгнэхэд ажил олгогч У ХХК нь ажилтан П.О г анх байнгын бус ажлын байранд 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатайгаар /энэ хугацаанд дадлагажих 3 сарын хугацаа багтах/ Төслийн талбайн администратор албан тушаалд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад мөн ижил нөхцөлтэйгээр хөдөлмөрийн гэрээний хугацааг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар тус тус сунгаж хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч /ажилтан/ П.О  нь өөрийн ажиллаж байсан Төслийн талбайн администратор, Ханган нийлүүлэгчдийн зохицуулагч гэсэн ажлын байруудыг байнгын ажлын байр, анхнаасаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь буруу гэж мэтгэлцдэг.

Байнгын ажлын байр гэдэг нь ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно.

Аливаа төсөл хөтөлбөр нь тодорхой хугацаанд, тодорхой үе шаттайгаар хэрэгжиж дуусгавар болдог бөгөөд төслийн үргэлжлэх хугацаа, төсөлд ажиллах орон тоо, бүтэц нь төсөлд зарцуулах хөрөнгийн эх үүсвэр, санхүүжилттэй холбоотой байдаг тул тухайн төсөлд ажиллаж байгаа ажилчдын ажлын байрыг хуульд зааснаар байнгын ажлын байр гэж үзэх боловч, тус ажлын байранд хугацаагүй ажиллах бодит боломжгүй тул байнгын ажлын байранд дээрх хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Хариуцагч /ажил олгогч/ У ХХК нь Оюу толгой ХХК-ийн уурхайн барилга, дэд бүтцийн тодорхой төслүүдэд инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор ажилладаг байх бөгөөд 33 барилгын төслөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 21 төсөл нь бүрэн дуусаж ашиглалтад оруулсан, 4 төслийн эхлэх хугацаа 2021 он хүртэл хойшилсон, 8 төслийг 2020 онд хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байгаа, нэхэмжлэгч /ажилтан/ П.О гийн ажиллаж байсан газрын гадаргын барилгын төслүүдийн дийлэнх нь 2019 онд дуусгавар болсон, түүний албан тушаалын чиг үүрэг нь тус компанид шаардлагагүй болсоноос П.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг дахин сунгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 157-198-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон бол Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэжээ.

Нэхэмжлэгч /ажилтан/ П.О тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй үндэслэлээр түүнийг ажлаас нь чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 3-14, 29-55, 153-198, 224-250 -р хуудас/

Төслийн талбайн Ханган нийлүүлэгчдийн зохицуулагч албан тушаалд ажиллаж байсан П.О г түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 34.101.975 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 34.101.975 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай П.О гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч П.О  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

.

 

ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО