Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 181/2020/01048/И |
Дугаар | 001/ХТ2021/00693 |
Огноо | 2021-06-08 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2021/00693
Б.Цогтсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02558 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0134 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Цогтсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрдсам Интернэшнл ХХК-д холбогдох,
2020.02.20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, тэргүүлэх мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, мөн жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8,689,800 төгрөг, олон жил ажилласны урамшуулал болох 1,500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8,037,600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216,700 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булган, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Анударь, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн өмгөөлөгч Г.Жанчив, Г.Орхон, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1995.01.01-ний өдөр Эрдсам Интернэшнл ХХК-д ажилд орж, нийт 25 жилийн турш тасралтгүй, үнэнч шударгаар ажилласаар ирсэн. Энэ хугацаанд 2005 оноос 2020 он хүртэл Компанийн голлох үйл ажиллагаа болох зэсийн баяжмалын cap бүрийн ачилтыг дангаараа хариуцан, амжилттай ажиллаж, компанийн ашиг орлогыг ямагт нэмэгдүүлсээр ирсэн. Компанийн гүйцэтгэх захирал болох Чой Жон Үн нь 2018.11 дүгээр сард гүйцэтгэх захирлаар томилогдон ирсэн бөгөөд тухайн үеэс эхлэн намайг ялгаварлан гадуурхаж, албан тушаалаа ашиглан дарамт үзүүлж эхэлсэн, компанид ажилласан 25 жилийн хугацаанд миний бие ганц ч минут ажлаас хоцорч үзээгүй, архи, тамхи хэрэглэдэггүй бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан өөрийн ажил үүргийг бодитоор, зохих ёсоор, амжилттай гүйцэтгэж ирсэн. Чой Жон Үн нь намайг ажлаас халах шалтаг хайн, 2019.11.08-ны өдөр ажлын хамт олны үзсэн уран сайхны киноноос зөвшөөрөлгүй гарсан гэж шалтаглан хөдөлмөрийн гэрээг цуцална хэмээн дарамталж, Warning letter буюу сануулах бичиг өгч хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулан хагас өдрийн цалин хасаж байсан, 2019.11.11-ний өдөр би хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг огт зөрчөөгүй. Тухайн өдөр үзсэн кино нь Терминатор хэмээх компанийн үйл ажиллагаа болон миний ажил үүрэгтэй огт хамааралгүй уран сайхны кино байсан бөгөөд маш чанга дуу чимээтэй байсан тул бие эвгүйрч кино дуусахаас хэдхэн минутын өмнө зурвас үлдээгээд гарсан. Уг сануулах бичиг нь Хөдөлмөрийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2-т ажил олгогч нь Ажилтанд зөвхөн түүний ажил үүрэгтэй холбоотой шаардлагыг тавина гэж заасныг зөрчсөн. 2020.01.17-ны өдөр надад орон тоо хасах тухай (Removing the Position One principle professional) мэдэгдэл өгсөн боловч 2020.02.20-ны өдөр орон тоог цөөрүүлсний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал өгсөн. Чой Жон Үн нь намайг хувийн өс хонзонгоор ажлаас халсны бас нэгэн илрэл бол жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болон он удаан жил ажилласны урамшууллыг надад олгоогүй. Уг урамшууллуудыг зөвхөн надад олгоогүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн гэрээний хоёрдугаар зүйлийн 6-д заасан заалтыг зөрчсөн. Урамшууллуудыг зөвхөн надад олгохгүй байхын тулд цалинг 02 дугаар сарын 20-ны өдөр тооцож олгосон нь Хөдөлмөрийн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 2-т ...Ажилтны цалинг сард нэг удаа, cap бүрийн 21-ний өдөр олгоно гэж заасныг мөн зөрчсөн. Компани надад 2020.01.17-ны өдөр орон тоо хасах тухай мэдэгдэл өгсөн тухайд дурдсан бөгөөд орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино хэмээн Улсын Дээд шүүхийн тайлбарт заасан байна. Гэтэл манай компанид хоёр тэргүүлэх мэргэжилтэн гэдэг албан тушаал байдаг. Мөн миний хариуцдаг байсан зэсийн баяжмалын бизнес сүүлийн 6 жилийн турш тасралтгүй өргөжиж, эдийн засгийн хувьд компанийн түүхэнд байгаагүй их амжилтыг бий болгосон атал 2020.02.20-ны өдөр орон тоог цөөрүүлсэн тул хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал өгсөн. Компанид хоёр тэргүүлэх ажилтан байдаг ч яг ямар шалгуураар намайг сонгож халах болсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Компанид хэдийгээр хоёр тэргүүлэх мэргэжилтэн гэдэг албан тушаал байдаг боловч миний бие зэсийн баяжмалын үйл ажиллагааг дангаараа сүүлийн 15 жил хариуцаж ирсэн бөгөөд миний хөдөлмөрийн гэрээнд заасан үүрэг дээр ч мөн зэсийн баяжмалын үйл ажиллагааг хөгжүүлэх гэж заасан байдаг. Нөгөө тэргүүлэх мэргэжилтэн бол алтны асуудал хариуцдаг, энэ нь компанийн тогтмол үйл ажиллагаа биш. Хоёр тэргүүлэх мэргэжилтэн гэдэг орон тооны нэгийг цөөрүүлэхдээ ямар үндэслэл, шалгуураар цөөрүүлснээ заагаагүй, мөн голлох үйл ажиллагаа эрхэлдэг тэргүүлэх мэргэжилтний орон тоог цөөрүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс Компанийн хууль бус 2020.02.20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалыг хүчингүй болгуулах, намайг тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн. Жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8,689,800 төгрөг гаргуулах, манай байгууллага жил бүр цагаан сарын урамшуулал болох 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгодог бөгөөд хөдөлмөрийн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 2-р заалтад ...Ажилтны цалинг сард нэг удаа, cap бүрийн 21-ний өдөр олгоно гэж заасны дагуу энэ жилийн цагаан сарын урамшууллыг 02 дугаар сарын 21-ний өдөр олгох байсан. Гэтэл дээрх урамшууллыг зөвхөн надад олгоогүй бөгөөд ийнхүү олгохгүй байхын тулд миний цалинг 2 дугаар сарын 20-ны өдөр тооцож, урамшууллыг хасаж олгосон. Иймд хариуцагчаас цагаан сарын урамшуулал болох 8,689,800 төгрөгийг нэхэмжилж байна. Олон жил ажилласны урамшуулал болох 1,500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8,037,600 төгрөг гаргуулах, манай байгууллагаас компанид олон жил ажилласан ажилтнуудад Long term service recognition буюу он удаан жил ажилласны урамшууллыг ажилласан 5, 10, 15, 20, 25, 30 дахь жилд нь олгодог. Би 1995.01.01-ний өдөр анх компанид ажилд орсон бөгөөд 2020.01.01-ний өдөр хүртэл нийт 25 жил тасралтгүй ажилласан байтал холбогдох дотоод журмын дагуу 1,500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшууллыг олгоогүй. Иймд хариуцагчаас дээрх урамшуулал буюу 8,037,600 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр урамшууллыг надад олгохгүй гэсэн тул би урамшуулал олгох тухай хүсэлт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас)-ийг бичиж, 2020.02.14-ний өдөр гүйцэтгэх захирал Чой Жон Үнд гардуулан өгсөн. Надад урамшууллуудыг олгохгүй тухай намайг ажлаас халахаас өмнө шийдэж би түүнд нь хүсэлт хүртэл бичгээр өгсөн байтал хариуцагчаас 2020.05.22-ны өдрийн хариу тайлбартаа манай компани энэ тухай жил бүрийн 3 дугаар сард шийдвэрлэдэг, 2020 оны шийдвэр Б.Цогтсайханыг чөлөөлсний дараа гарсан гэх ор үндэслэлгүй худал тайлбар өгч, хуурамч баримт бичиг бүрдүүлж ирүүлсэнд маш их харамсаж байна. Сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах, Гүйцэтгэх захирал Чой Жон Үн нь томилогдож ирсэн цагаасаа Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин, намайг гадуурхаж, ажлаас халах шалтаг хайн дарамталсаар 25 жилийн турш бүх сэтгэл зүрх, мэдлэг чадвар, залуу насаа зориулан ажилласан ажлаас минь намайг халсан. Миний бие түүнийг томилогдож ирсэн цагаас маш их дарамт, шахалт амссан бөгөөд насаараа ажилласан ажлаасаа тэтгэвэрт гарахаас хэдхэн сарын өмнө халагдаж, хамт ажиллаж байсан ажилтнууд, хамтран ажилладаг байсан хүмүүс цаашлаад гэр бүл, найз нөхдийн дунд миний нэр хүндийг унагасан үйлдлээс болж сэтгэл санааны хүнд дарамтад орж, маш их хохирч байна. Тиймээс хариуцагчаас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216,700 төгрөг гаргуулна. Хагас өдрийн цалинг хасахдаа миний ээлжийн амралт 24 өдөр байх ёстой байснаас 0.5 өдрийг хасаж, олгох ёстой байсан ээлжийн амралтын олговрын дүнгээс хагас өдрийн цалинг суутгах байдлаар хассан. Үүнтэй холбоотой Компанийн нягтлан бодогчийн тооцооллыг хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд тус тооцооллын дагуу ээлжийн амралтын олговрыг 24 өдрөөр биш 23.5 өдрөөр тооцож олгосон болохыг 2020.02.20-ны өдрийн №20/17 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай" захирлын тушаалын эхний хавсралтаас харж болно. Иймд, өөрийн нэг өдрийн цалинг дээрх №20/17 тушаалд заасны дагуу 433,400,85 төгрөгөөр тооцож хагас өдрийн цалин болох 216,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тус тус нэхэмжилж байгаа тул эдгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрдсам Интернэшнл ХХК нь гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай буюу Хонконгийн Эрдсам лимитед компанийн 100 хувь хувьцаа эзэмшдэг компани байгаа. Тус компани нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй БНХАУлсын Самсунг С&Т Хонконг компанийн худалдах, худалдан авах гэрээнд зуучлах, мөн дээрээс нь тээвэрлэлт хийж өгөхөөр харилцан тохиролцож үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл 2019 он, 2020 онуудад Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан баяжмалыг худалдаж авах шинэ гэрээг байгуулж чадаагүй, энэ үүднээс Эрдсам Интернэшнл ХХК 2020 онд урамшуулал олгох нөхцөл байдал 50 хувиар буурсан. Манай компани Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс зэс худалдаж авах, зуучлахаас гадна алт худалдаж авах мөн дээрээс нь том дугуйнуудыг бусад байгууллагад худалдах үйл ажиллагаа явуулдаг. Эрдсам лимитед компани маань Хонконг Самсунг С&Т компанийн байгуулсан гэрээний урамшуулал 50 хувиар буурсантай холбогдуулаад, 2019.01.06-нд мэдэгдэл ирсэн байдаг. Ер нь Эрдэнэттэй байгуулсан гэрээнүүдтэй холбогдуулаад тэргүүлэх мэргэжилтний орон тоог бууруулах үр дагавар мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр тэргүүлэх мэргэжилтний орон тоог бууруулах үүрэг өгсөн. Тэргүүлэх мэргэжилтний 2 орон тоонд И.Одсүрэн, Б.Цогтсайхан нар ажилладаг байсан. Гүйцэтгэх захирлын хувьд хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг биелүүлэхийн тулд хэн нь ямар эрх үүрэгтэй болохыг харгалзаж үзээд, Б.Цогтсайхан нь дан одоо зэсийн баяжмалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг бол И.Одсүрэн нь алтны худалдаа, том дугуй худалдах, мөн шинэ бизнес хөгжүүлэх болон зэсийн баяжмалтай холбоотой ажлыг давхар хариуцдаг хүн байсан учраас хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг биелүүлэх үүднээс Б.Цогтсайхан гэдэг хүнд 2020.01.17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл өгөөд, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 1 сарын урамшууллыг олгоод, ажлаас халах мэдэгдлийг өгсөн. Тус мэдэгдэл ямар учиртай бэ гэхээр ер нь бол удаан ажилласан Б.Цогтсайхан гэдэг хүнийг өөр ажил албан тушаалд ажиллах боломжоор хангасан хуулийн зохицуулалтын дагуу мэдэгдлээ өгөөд 2020.02.20-ны өдөр тушаал гарсан. Тушаал нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу орон тоог цөөрүүлсэн шийдвэр болсон. Нэгэнт энэ компанийн 100 хувь хувьцаа эзэмшигч нь Хонконгийн лимитед компани, Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа компани учраас дагаж биелүүлэх хууль журамтай. Мэдэгдлээ өгөөд зохих журмын дагуу шалгуураа тавиад Б.Цогтсайханыг хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу ажлаас чөлөөлсөн. Чой Жон Үн гэдэг хүний өөрийнх нь хүсэл зоригоос үл шалтгаалж, хувьцаа эзэмшигч болоод энэ гэрээний нөхцөл байдал, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж, шийдвэр гаргасан учраас хариуцагч хуульд заасны дагуу чөлөөлсөн шийдвэр гаргасан. Тухайн шийдвэр маань Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасантай нийцэж байгаа. Цагаан сарын урамшууллыг олгоогүй талаар өмгөөлөгч нар маань хариу тайлбартаа цагаан сарын урамшууллыг 3 сард олгосон гэдэг зөрүүтэй тайлбар бичсэн байна. Цагаан сарын урамшууллыг 2020.02.21-нд олгосон байгаа. Цагаан сарын урамшууллыг цагаан сарын өмнөх өдрүүдэд олгодог. Энэ нь нийгмийн даатгалын баримтаар харагдаж байгаа, Б.Цогтсайханд яагаад олгоогүй вэ гэхээр 2020.01.17-нд мэдэгдэл өгөөд, 2020.02.20-нд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн хуулийн зохицуулалт, хавтаст хэргийн 15-16 дугаар талд байгаа 2020.02.20-ны тушаалаа аваад, тус өдрөө ажлаа хүлээлгэж өгөөд, ажлаас халагдсан. Ингэж ажлаас халагдсан учраас энэ урамшууллыг олгох боломжгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дугаар талд авагдсан баримтуудыг нэхэмжлэгч маань буруу тайлбарлаж байна. Тус баримтууд нь ямар агуулгатай вэ гэхээр 2019.03.18-нд Б.Цогтсайхан, И.Одсүрэн, Н.Дэлгэрмаа нар нь ийм төгрөгийн цалинтай байсан гэдэг тушаал байгаа, манайх яагаад ийм тушаал гаргадаг вэ гэхээр жил болгон ажилтны цалинг шинэчилдэг. Олон жил ажилласан урамшууллыг олгоогүй гэдэг юмыг ярьж байна. Манайд олон жил ажилласны урамшуулал олгодог зохицуулалт байхгүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02558 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-д холбогдуулан гаргасан 2020.02.20-ны өдрийн 20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, Тэргүүлэх мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, жил бүр олгодог цагаан сарын урамшуулал болох 8,689,800 төгрөг, олон жил ажилласны урамшуулал болох 1500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8,037,600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216,700 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Цогтсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Цогтсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /70,200+743,00/ нийт 813,200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0134 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02558 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 374,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Б.Цогтсайханы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-ийг нэхэмжлэгч Б.Цогтсайхантай байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээг байгуулсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.2-т заасны дагуу хугацаатай байгуулсан, хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг Давж заалдах шатны шүүх огт хянаж үзээгүй нь ИХШХШТ хуулийн 166-р зүйлийн 166.4 дэх хэсэг Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх... хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах иргэнтэй хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй болно. Харин энэ зүйлийн 23.2.2-т дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино хэмээн хуулийг нэг мөр ойлгохоор заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч компанийн байнгын ажлын байранд 25 жилийн турш ажилласан бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан аль ч Хөдөлмөрийн гэрээнд ийнхүү гэрээг хугацаатай байгуулах шаардлага, шалтгаан байхгүй, тийм хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдаагүй болно. Тус магадлалд Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтан Цогтсайхантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тус байгууллагад ажиллаж байгаа хоёр тэргүүлэх мэргэжилтний хөдөлмөрийн гэрээний 3.1-т заасан ажил үүргийн шалгуур үзүүлэлтийг харгалзан хэнийг нь үргэлжлүүлэн ажиллуулахыг сонгох эрх нь ажил олгогчид хамааралтай гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн төдийгүй Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Орон тоо цөөрүүлсэн гэж дүгнэсэн тухайд: Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолд орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж, мөн Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал-ын тухай Дээд шүүхийн зөвлөмжид орон тоо цөөрүүлэх гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг тус тус ойлгоно. Эдгээр ойлголтуудад ажил, албан тушаалын нэг байрны асуудал хамааралтай болохыг анхаарвал зохино гэж тус тус тайлбарлажээ. Хариуцагч компанийн ажилтан И.Одсүрэн нь нэхэмжлэгчтэй адил тэргүүлэх мэргэжилтэн гэдэг албан тушаал-ын нэршилтэй боловч өөр ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан бөгөөд хоёр тэргүүлэх мэргэжилтэн нь өөр өөрсдийн Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ тусдаа олон жил хийж гүйцэтгэсээр ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл И.Одсүрэн болон нэхэмжлэгч нар нь ажил, албан тушаалын нэг ижил орон тоонд ажилладаггүй байтал орон тоо цөөрүүлсэн гэж дүгнэснээр хоёр шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүгээр ч зогсохгүй орон тоо цөөрүүлэхдээ хоёр ажилтны хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг нь шалгуур үзүүлэлт болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүрэг нь адил биш учраас тухайн ялгаатай байдлыг нь шалгуур болгоод ажлаас халж байгаа бол энд орон тоо цөөрүүлэх тухай асуудал огт яригдахгүй тухайд дээр дурдсан Дээд шүүхийн тогтоол, зөвлөмжид маш тодорхой тайлбарлажээ. Шүүх албан тушаал, ажил үүрэг гэсэн ойлголтуудыг ялгаж салгаагүйгээс тухайн хоёр ажилтан нь ажил, албан тушаалын нэг ижил орон тоонд ажилладаг байсан эсэхэд дүгнэлт өгч чадаагүй. Аливаа ажилтантай ижил албан тушаалтай ажилтан тухайн байгууллагад ажилладаг л бол тэдгээр нь өөр ажил үүрэг гүйцэтгэдэг байсан ч орон тоо цөөрүүлэх нэрийдлээр тухайн ажилтныг дураар халах боломжтой байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн, хоёр ажилтны ажил үүргийг нь шалгуур үзүүлэлт болгосон эсэхээ ажил олгогч баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх ор үндэслэлгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас нөгөө тэргүүлэх мэргэжилтэн нь нэхэмжлэгчээс илүү олон төрлийн ажилд оролцдог байсан тул нэхэмжлэгчийг ажлаас халсан гэдэг худал тайлбарыг хожим нь шүүхэд гаргасан байдаг. Энэ тайлбараа буюу үнэхээр ажил үүргийг нь харгалзаад нэхэмжлэгчийг халсан юм уу эсвэл гүйцэтгэх захирал нь дургүй хүнээ ажлаас халчихвуу гэдгээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Ямар шалгуур үзүүлэлт, үндэслэлээр, яагаад нэхэмжлэгчийг сонгож халсан тухай Захирлын тушаалд огт зааж өгөөгүй байдаг. Мөн энэ тухай компанийн хэмжээнд яригдсан, хурал хийсэн зүйл байхгүйгээр захирал хувийн үзэмжээр нэхэмжлэгчийг сонгож халсан нь нөгөө тэргүүлэх мэргэжилтэн гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Хэн нь олон төрлийн ажилд оролцдог гэдэг бол огт шалгуур биш юм. Учир нь хоёр тэргүүлэх мэргэжилтэн нь тус тусын ялгаатай чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хоёр тэргүүлэх мэргэжилтний Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийг харвал И.Одсүрэн нь дурдсан үйл ажиллагаанд оролцох чиг үүрэгтэй, харин нэхэмжлэгч компанийн гол үйл ажиллагаа болох зэсийн баяжмалын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Ийнхүү оролцох болон хариуцах гэсэн ялгаатай чиг үүрэгтэй ажилтнуудын ажил үүргийг хооронд нь харьцуулж, оролцдог ажлын тоогоор их бага гэж ажлаас халсан гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй. Хариуцагчийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой орон тоо хасагдсан эсэх, эрх бүхий этгээд шийдвэр гаргасан эсэх тухайд: Дээд Шүүхийн 33 дугаар тогтоолд орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн этгээдийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөний улмаас орон тоо цөөрүүлдэг бөгөөд энэ тухай шийдвэрийг тухайн байгууллагын бүтэц орон тоог өөрчлөх эрх бүхий этгээд тодорхой үндэслэл, журмын дагуу урьдчилан шийдвэрлэсэн байхыг хууль шаарддаг. Гэтэл хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг ямар этгээд хийх эрхтэй талаар тус хуулийн этгээдийн Дүрэмд зааж өгөөгүй бөгөөд энэ талаар компанийн Захирлын Хөдөлмөрийн гэрээнд заасан эсэхийг шүүх шалгаагүй, уг гэрээг нотлох баримтаар гаргуулах талаарх бидний хүсэлтийг шүүх хангаагүй тул ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7.-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэж заасны дагуу хууль зөрчсөн шийдвэр анхан шатны шүүх гаргасан байхад давж заалдах шатны шүүх энэ талаар мөн огт дүгнэлт өгөөгүй. Ийнхүү бүтэц орон тоог өөрчлөх эрх бүхий албан тушаалтан ажилтны орон тоо цөөрүүлэх шийдвэр гаргасан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК нь бүтэц зохион байгуулалт өөрчилсөн талаар ямар нэг шийдвэр гаргаагүй ба Хөдөлмөрийн гэрээг цуцалсан Захирлын тушаалд ямар үндэслэлээр бүтэц зохион байгуулалт, орон тоо өөрчлөгдсөн, Тэргүүлэх мэргэжилтний хоёр орон тоо баталсан байсныг ямар үндэслэлээр нэг орон тоо болгож цөөрүүлсэн гэх тайлбараа ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасны дагуу нотлоогүй байхад шүүх өөрөө санаачилгаараа, дур мэдэн хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг шалгуур болгосон хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо бодитоор цөөрсөн гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд үлдсэн тэргүүлэх мэргэжилтэн гэсэн нэг ажлын байрны чиг үүрэгт хэрхэн, яаж нэгтгэсэн эсэх нь тодорхойгүй байдаг. Хэнийг үлдээх нь ажил олгогчийн эрхэд хамааралтай асуудал гэж дүгнэснийг буруутгах боломжгүй гэж үзсэн тухайд: Орон тоо цөөрүүлэх үед хоёр ажилтнаас хэнийг нь авч үлдэх талаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлсан журам байхгүй хэдий ч хэнийг сонгож ажлаас халах нь ажил олгогчийн эрхийн асуудал гэж дүгнэснийг буруутгах боломжгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Захирлын тушаал (хх-16) нь эрх зүйн акт болохын хувьд Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуульд нийцсэн байх шаардлагатай. Үүнийг шүүх зөв тогтоогоогүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хэлбэр болон агуулгын хувьд хуульд нийцсэн эсэхэд аль ч шүүх эрх зүйн дүгнэлт огт өгөөгүйд гомдолтой байна. Гэтэл Захирлын тушаалыг үзвэл ямар ч үндэслэл, шалтгаан, шалгуургүйгээр Б.Цогтсайханыг ажлаас халлаа, нөгөө тэргүүлэх мэргэжилтэн И.Одсүрэнд ажлаа хүлээлгэж өг гэх агуулгатай, нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, Хөдөлмөрийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан ажилтныг ялгаварлан гадуурхахгүй, давуу байдал тогтоохгүй байх заалтыг маш ноцтой зөрчсөн, нөгөө тэргүүлэх мэргэжилтэнд давуу байдал олгож. нэхэмжлэгчийг ялгаварласан тушаал гаргасан байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан хэнийг халах нь ажил олгогчийн эрхэд хамааралтай гэсэн энэ дүгнэлт нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварласан, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн захирал Чой Жон Үний үйлдлийг зөвтгөсөн, хувийн үзэмжээр дургүй хүнээ ажлаас халахыг дэмжсэн зүйл болсонд харамсаж байна. Хариуцагч талаас Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай 2021 оны гэрээ байгуулаагүйгээс компанийн орлого буурсан, үүнээс болж орон тоо цөөрүүлсэн, Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарсан байсан тул ажлаас халсан гэдэг боловч энэ үндэслэлээ ажил олгогчийн буюу Захирлын тушаалд заагаагүй, эдгээрийн талаар нэхэмжлэгчид ганц ч удаа дурдаж танилцуулж байгаагүй. Мөн орлого буурсан нь бодитой эсэх, энэ талаарх нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Нөгөө талаар Эрдэнэт ТӨҮГ-тай гэрээ байгуулаагүй бол гэрээ цуцлах үндэслэл болно гэх заалт Хөдөлмөрийн гэрээнд огт тусгагдаагүй болохыг аль аль шүүх анхаарч үзсэнгүйд гомдолтой байна. Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дугаар хэсэгт заасныг зөрчсөн тухай гомдолд давж заалдах шатны шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй орхисон. Нэхэмжлэгчид орон тоо цөөрүүлэх тухай мэдэгдэл өгөөгүй, өгсөн тухай баримт хавтаст хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас нэг сарын өмнө өгсөн мэдэгдэл нь орон тоо хасах тухай байсан бол 2020.02.20-ны өдөр гаргасан Захирлын тушаал нь орон тоог цөөрүүлсний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гэх агуулгатай байсан. Хөдөлмөрийн гэрээ цуцалж байгаа мэдэгдэл болон тушаал нь хоорондоо зөрүүтэй, үндэслэл нь өөр өөр байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэ талаар аль аль нь огт дүгнэлт өгөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5-р хэсэгт 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү заалтад 40.1.1-т заасан ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх талаар зохицуулсан. Түүнээс ер нь л хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн шалтгаанаар цуцална шүү гэж үндэслэл нь тодорхойгүй мэдэгдэл ажилтанд өг гэсэн утгатай зохицуулалт биш, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн үзэл санаанд нийцэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтад аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үр дагавар нь асар ялгаатай 3 төрлийн үндэслэлийг заасан. Эдгээрийг нэгтгэн ойлгож, 40.1.1 заалтыг л үндэслэсэн бол хууль зөрчөөгүй гэж хариуцагч тайлбарладаг нь үндэслэлгүй. Магадлалд Хэргийн 80 дугаар талд 2019.03.25-ны өдрийн урамшууллын гэрээ авагдсан, уг гэрээ 2019.03.25-ны өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр хэрэгжихээр заасан, нэхэмжлэгчийн урамшууллын гэрээ байгуулагдахаас өмнө ажлаас халсан байх тул түүний урамшууллын 8,689,800 төгрөг авах шаардлагыг хангах боломжгүй юм. гэж бичсэн байгаа нь тухайн шатны шүүхийн шүүгчдийг хэргийн материалаа уншиж танилцаагүй, уншаад огт ойлгоогүй, ойлгох мэргэжлийн ур чадвар дутсан байгааг харуулж байгаа бөгөөд Монгол Улсынхаа шүүхээр эрхээ хамгаалуулахаар, шударга, мэргэжлийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэхээр цаг зав, мөнгө, хүчин чармайлтаа зарцуулж, шударгаар хуулийн дагуу мэргэжлийн хүрээнд шийдээд өгнө гэсэн миний итгэлийг үнэхээр алдрахад хүргэж байна. Ийнхүү шүүгчийн хэргийг уншаагүй, ойлгоогүй байгаа байдал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.8. шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай байх, 5-р зүйлийн 5.1.2. шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай байх, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.1.5. шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, ёс зүйтэй байх тус тус зөрчиж байгааг Монгол Улсын Дээд Шүүх анхааран үзнэ үү. Дээрх буруу ойлгосон хэргийн нөхцөл байдлыг дор тайлбарлая. Цагаан сарын урамшууллыг энэ 25 жилийн хугацаанд жил бүр хариуцагчаас тогтмол олгож байсан нь нийгмийн даатгалын дэвтрээс харагддаг бөгөөд энэ тухай ямар нэг гэрээ байхгүй. Давж заалдах шатны шүүхийн дурдаад байгаа Урамшууллын гэрээ бол хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-ийг Самсунг С&Т Хонконг Лимитед компанийн Эрдэнэтээс зэсийн баяжмал худалдан авах, тээвэрлэх ажлуудыг хариуцсантай холбоотойгоор Самсунг С&Т Хонконг Лимитед компаниас хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-д төлж буй төлбөртэй холбоотой гэрээ юм. Гэтэл шүүх энэ гэрээг цагаан сарын урамшуулалтай хольж хутган, ямар ч үндэслэлгүй, утгагүй дүгнэлт бичсэн байна. Цагаан сарын урамшуулал олгоогүй гэх гомдлын тухайд, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халах үедээ олгох ёстой байсан цагаан сарын урамшууллыг олгоогүй. Цагаан сарын урамшууллыг олгоогүй тухайд хариуцагч хариу тайлбартаа Манай компани энэ тухай жил бүрийн 3 дугаар сард шийдвэрлэдэг, 2020 оны шийдвэр Б.Цогтсайханыг чөлөөлсний дараа гарсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан нь ХХ-64-р хуудаст авагдсан. Цагаан сарын урамшууллыг 3 дугаар сард шийдвэрлэдэг гэж тайлбарласан боловч шүүхийн журмаар нийгмийн даатгалын газраар баталгаажсан цалин хөлсний хүснэгт гаргуулахад 2020.02.21-ний өдөр буюу нэхэмжлэгчийг халсныхаа маргааш өдөр нь нэхэмжлэгчээс бусад бүх ажилтанд үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний урамшуулал олгосон болох нь баримтаар тогтоогдсон (2-р ХХ-67-69), эдгээр нь шагналт цалин хэсэгт бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгчид цагаан сарын урамшууллыг нэхэмжлэгчийн ажилласан 2020.02.20-ны өдрөөр тооцож буюу хөдөлмөрлөсөн хугацааны үр дүнд нь тохируулан, халагдсан нэг өдөрт холбогдох хэсгийг хасаад олгох ёстой байсан. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 5.2-р хэсэг, нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн гэрээний 4.2-т Ажилтны сарын цалин нь сар бүрийн ажлын өдөрт тохирсон байх бөгөөд Ажилтны бодитоор ажилласан өдрийн тоонд үндэслэн тооцогдоно гэж заасныг зөв тогтоогоогүй. Магадлалд Б.Цогтсайхан олон жил ажилласан урамшуулал, сэтгэл санааны хохирол. хууль бусаар сахилгын шийтгэл оногдуулж хагас өдрийн цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, шударга бус байна. Он удаан жил ажилласны урамшууллын тухайд. хариуцагчаас Солонгос/Англи хэл дээр баримт гаргаж өгсөн бөгөөд уг гадаад хэл дээрх баримтын хуульд заасан шаардлага хангасан орчуулгыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийн хувьд 1995.01.01-ний өдрөөс хойш 25 жил ажилласан бөгөөд өмнө нь 5, 10, 15, 20 дахь жилүүдийн урамшууллуудыг авч байсан болох нь түүний Нийгмийн даатгалын дэвтрээс харагддаг. Ажилтныг ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн, ажлаас халах шалтаг хайсан, хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулсан гомдлын тухайд, Захирал Чой Жон Үн нь нэхэмжлэгчийг насаар ялгаварлан гадуурхаж, албан тушаалаа ашиглан дарамт үзүүлж байсны нэгэн илрэл нь 2019.11.11-ний өдөр өгсөн Сануулах бичиг (2хх60)-ээс тодорхой харагддаг. Гүйцэтгэх захирал Чой Жон Үн нь 2019.11.08-ны өдөр ажлын хамт олны үзсэн Терминатор хэмээх уран сайхны киноноос зөвшөөрөлгүй гарсан тул хөдөлмөрийн гэрээг цуцална хэмээн дарамталж Сануулах бичиг өгсөн байдаг. Тухайн өдөр үзсэн кино нь Терминатор хэмээх компанийн үйл ажиллагаа болон нэхэмжлэгчийн ажил үүрэгтэй огт хамааралгүй уран сайхны кино байсан бөгөөд маш чанга дуу чимээтэй байсан тул нэхэмжлэгчийн бие эвгүйрч кино дуусахаас 5 минутын өмнө зурвас (Киноноос явах болсноо мэдэгдсэн зурвасны гэрэл зураг) үлдээгээд гарсан байдаг. Сануулах бичиг өгч сүрдүүлээд зогсохгүй үүнтэй холбоотойгоор хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулж хагас өдрийн цалинг хассан. Хагас өдрийн цалинг хасахдаа ээлжийн амралт 24 өдөр байх ёстой байснаас 0.5 өдрийг хасаж, олгох ёстой байсан ээлжийн амралтын олговрын дүнгээс хагас өдрийн цалинг суутгах байдлаар хассан. Үүнтэй холбоотой Компанийн нягтлан бодогчийн тооцооллыг хавтаст хэргийн 39-р хуудсаас харж болох бөгөөд тус тооцооллын дагуу ээлжийн амралтын олговрыг 24 өдрөөр биш 23.5 өдрөөр тооцож олгосон. Энэ нь 2020.02.20-ны өдрийн №20/17 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай захирлын тушаалын эхний хавсралт буюу 2-р XX 57-р хуудсаар нотлогдоно. Ийнхүү үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд нотлогдон тогтоогдохгүй байна хэмээн хэрэгтэй бүрэн танилцалгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч одоо 59 настай бөгөөд хариуцагч компанид бүтэн 25 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьдралынхаа талыг, залуу насаа бүтнээр нь зориулсан. Нэхэмжлэгч нь 25 жилийн турш ажлаас ганц ч минут хоцорч үзээгүй, архи уудаггүй, тамхи татдаггүй, мэдлэг чадвараараа компанийн орлогыг ямагт нэмэгдүүлж байсан. Гэтэл шинээр томилогдож ирсэн залуу гүйцэтгэх захирал Чой Жон Үн нь томилогдож ирсэн цагаасаа эхлэн нэхэмжлэгчийг байнга насаар ялгаварлан гадуурхаж, ажлаас хална гэж дарамталсаар эцэст нь ажлаас халсан. Орон тоо цөөрүүлсэн гэж бодит бус үндэслэл зааж тушаал гаргаж өгөөд нэхэмжлэгчийг ганц ч үг дуугаралгүй ажлаас нь хөөгөөд гаргасан. Үүсгэн байгуулагдахаас эхлэн ашиг орлого муутай сайтай аль ч үед компанидаа хоёргүй сэтгэлээр зүтгэсэн ажилтнаа хамгийн ашигтай, түүхэнд байгаагүй их орлого олсон жилдээ санхүүгийн байдал муудлаа гэж хуурамч баримт шүүхэд гаргаж халаад, түүгээр ч зогсохгүй Монгол Улсын шүүхийн өмнө маш олон худал тайлбар, хуурамч баримтууд гаргасанд бид харамсаж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын сэтгэл санааны хохирол гаргуулахтай холбоотойгоос бусад хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Цогтсайхан нь Эрдсам Интернэшнл ХХК-д холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.02.20-ны өдрийн 20/17 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, жил бүр олгодог цагаан сарын урамшуулал-д 8,689,800 төгрөг, олон жил ажилласны урамшуулалд 1,500 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний нийт 8,037,600 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулж хассан хагас өдрийн цалин 216,700 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
1. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
а. Нэхэмжлэгч Б.Цогтсайхан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-д тэргүүлэх мэргэжилтэн-ээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2020.02.20-ны өдрийн 20/17 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тушаалд ажилтны орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 12 дугаар зүйлийн 12.1, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 4.а дахь хэсэгт заасан заалтыг баримталжээ.
б. Нэхэмжлэгч Б.Цогтсайхан хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-д 1995 оноос эхлэн ажилласан, түүний ажлын байр нь байнгынх болохыг зохигч маргаагүй боловч хэрэгт авагдсан 2019.03.18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг талууд 1 жилийн хугацаатай байгуулсан нь тогтоогджээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар байнгын ажлын байранд талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болдог бөгөөд нэхэмжлэгч өмнө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.8-д зааснаар буюу хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан тухай гомдлоо мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд гаргаагүй тул гэрээг хугацаатай байгуулсныг хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.
в. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ...эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно, мөн зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1...-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх..., 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно, 46 дугаар зүйлийн 46.2-т ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй-г тус тус заажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-д нэхэмжлэгчийн эрхэлж байсан тэргүүлэх мэргэжилтэн-ний ажлын байрны хоёр орон тоо байснаас эрх бүхий этгээдийн шийдвэрээр нэгийг нь цөөрүүлж, ажил олгогч нь нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлахаа хуульд заасан хугацаанд мэдэгдсэн болох нь тогтоогдсон байна.
Тухайлбал Монгол улсын хуулийн этгээд болох хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-ийн үүсгэн байгуулагч нь Гонконгийн Эрдсам компани лимитед компани бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч нь БНСУ-ын Самсунг Си энд Ти Хонконг Лимитед компани байна.
Гонконгийн Эрдсам компани лимитэд компани 2020.01.06-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, Эрдэнэтийн зэсийн баяжмалтай холбоотой үйл ажиллагаа тодорхой бус байдалд орж, тус байгууллагатай байгуулсан гэрээний тоо цөөрч байгаа гэх үндэслэлээр Эрдсам Интернэшнл ХХК-ийн ажилчдын орон тоог цөөрүүлж, тэргүүлэх мэргэжилтэн-ний нэг орон тоог хасаж бусад орон тоог хадгалж үлдэхийг тус компанийн гүйцэтгэх захирал Чой Жон Үн /Choe Jung Woong гүйцэтгэх захирлаар томилогдсоныг 2019.01.08-ны өдөр бүртгэсэн нь Улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон/-д үүрэг болгосон нь нотлогдсон байна. Иймд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээс олгогдсон бүрэн эрхийн дагуу гүйцэтгэх захирал Чой Жон Үн /Choe Jung Woong/ 2020.01.17-ны өдөр нэхэмжлэгч Б.Цогтсайханд тэргүүлэх мэргэжилтэн-ний нэг орон тоог хасах мэдэгдэл гардуулж, улмаар 2020.02.20-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Хариуцагч Эрдсам Интернэшнл ХХК-д тэргүүлэх мэргэжилтэн-ний албан тушаалд Б.Цогтсайханаас гадна И.Одсүрэн ажиллаж байсан, ажил олгогчийн зүгээс тэдгээрийн тус бүрийн хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэдэг ажил үүргийг харьцуулж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлан холбогдох нотлох баримт гаргасан байх тул хариуцагчийг адил орон тоонд ажиллаж байгаа хоёр ажилтны нэгийг сонгож ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн ямар нэгэн зохицуулалтыг зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм.
2. Нэхэмжлэгч цагаан сарын урамшуулал-д 8,689,800 төгрөг шаардах эрхгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн гэж үзэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.3.4-т Ажил олгогч нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн шагнал, урамшуулал, түүнийг олгох нөхцөл, журам баталж мөрдүүлнэ гэжээ.
Хэрэгт, компанийн гүйцэтгэх захирлын 2019.03.18-ны өдрийн 19/13 тоот болон 2020.03.20-ны өдрийн 20/22 тоот тушаал авагдсан, уг тушаалаар ажилчдад Цагаан сарын баярын үеэр үндсэн цалингийн хэмжээгээр урамшуулал олгохоор шийдвэрлэсэн нь тусгагджээ.
Нэхэмжлэгч нь 2019 оны урамшууллыг авсан, харин 2020 оны урамшууллыг 3 дугаар сард бус түүнийг ажлаас халагдсаны дараа өдөр олгосон байх боловч шагнал урамшуулал нь цалингийн болон ашгийн сан, бусад эх үүсвэрээс ажилтанд олгож буй мөнгөн хэлбэрийн олговор, ажилтан тодорхой нөхцөл, болзлыг ханган ажилласан үед олгогддог ба нэхэмжлэгчийг тухайн урамшууллыг шаардах эрхтэй, хариуцагчийг олгох үүрэгтэй гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй байна.
3. Гүйцэтгэх захирал Чой Жон Үн /Choe Jung Woong/ томилогдсоноос хойш, нас хүйсээр нь ялгаварлаж, албан тушаалаа ашиглаж, ялгаварлан гадуурхаж, хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас шалтгаалан сэтгэл санааны хохирол учирсан гэж 100,000,000 төгрөг шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгосныг үгүйсгэх үндэслэлгүй байна.
Тухайн нэхэмжлэлийг компанид холбогдуулж гаргасан нь удирдлагын гэм буруутай хохирлыг компани хариуцах агуулгатай гэж ойлгогдох хэдий ч энэхүү нэхэмжлэлийн үндэслэлд заасан үйлдлийг гүйцэтгэх захирал Чой Жон Үн /Choe Jung Woong/ гаргасан, уг үйлдлээс нэхэмжлэгчид сэтгэл санааны хохирол учирсан, эдгээрийн шалтгаант холбоо, гэм буруу тогтоогдоогүйгээс гадна хуулиар тусгайлан заасан нөхцөлд эдийн бус хохирлыг төлүүлэх хуулийн зохицуулалттайг дурдав.
4. Компани ажилчдад тус компанид тогтвор суурьшилтай ажилласан хугацаанаас хамаарч олон жил ажилласны урамшуулал олгодог болохыг зохигч маргаагүй, харин нэхэмжлэгч нь тасралтгүй 25 жил ажиллаагүй тул журамд заасан 1300 ам.доллар болон 9 өдрийн цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал буюу 8,037,600 төгрөг авах нөхцөл бүрдээгүй байна. Мөн хууль бусаар сахилгын шийтгэл ногдуулж хассан хагас өдрийн цалин болох 216,700 төгрөг гаргуулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02558 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0134 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цогтсайхан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.02.05-ны өдөр төлсөн 374,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Г.ЦАГААНЦООЖ