| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2016/01813/И |
| Дугаар | 210/МА2018/00176 |
| Огноо | 2018-01-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2018/00176
Н.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03492 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.Э-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б Г- ХХК, Г- ХХК-д тус тус холбогдох
Гэрээнээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 12 174 460 төгрөгийг буцаан гаргуулах, алданги 2 934 044 төгрөг, нийт 15 108 504 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Моломжамцийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.Э- нь 2014 оны 6 сарын 04-ний өдөр Г- ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Г- ХХК нь 2015 оны 12 сарын 31-ний дотор гэрээнд заасан орон сууцыг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон. Н.Э- орон сууцны үнийн 10 хувь буюу 10 956 960 төгрөгийг 2014 оны 6 сарын 04-нд Г- ХХК-д бэлнээр төлж, 2014 оны 7 сарын 16-ны өдөр 1 217 500 төгрөгийг Г- ХХК-ийн 2600075914 тоот дансанд тушааж, нийт 12 174 460 төгрөгийг төлсөн. Г- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түмэн амгалан цогцолбор хорооллыг барих төслийг Б Г- ХХК-д шилжүүлсэн. Б Г-ын гүйцэтгэх захирал Ц.Батбаяр нь Г- ХХК-ийн гэрээний үүргийг шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулах шийдвэр гаргасан хэдий ч санхүүжилт байхгүй гэдэг шалтгаанаар нэг ч төгрөг төлөөгүй. Иймд 12 174 460 төгрөг, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан алдангийг 2016 оны 4 сарын 01-ний өдрөөс тооцоход 241 хоногт тооцоход 2 934 044 төгрөг, нийт 15 108 504 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-т хараат болон охин компани нь толгой компанийхаа өрийг хариуцахгүй бөгөөд хууль болон тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол толгой компани нь хараат болон охин компанийхаа өрийг хариуцахгүй гэж хуульчилсан. Охин компани Г- ХХК-ийн өрийг хариуцахгүй. Энэ талаар ямар нэгэн гэрээ байхгүй. Г- ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн хүлээн авсан өдрөөс эхлэн хариуцна гэж тохиролцсон. Г- ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч Б.Чулуудайтай байгуулсан гэрээгээр хариуцлага, өр төлбөрийг хувьцаа эзэмшигч Б.Чулуудай хариуцахаар болсон. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 1.5-т гэрээ байгуулсан эрх бүхий байгууллагад худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн өдрөөс өмнө бусад иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээ хэлцэлээс үүдсэн өр төлбөрийг Б.Чулуудай хариуцана, Б Г- ХХК хариуцахгүй гэж заасан. Иймд тус компани нь хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б Г- ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Чулуудайтай хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр Г- ХХК-ийн хувьцааг Б Г- ХХК худалдан авч, Г- ХХК нь тус компанийн охин компани болсон. Энэ гэрээгээр өмнөх бүх харилцаа, төлбөр тооцоог иргэн Б.Чулуудай хариуцахаар тохиролцсон гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Г- ХХК-аас орон сууцны төлбөрт төлсөн 12 174 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 934 044 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Б Г- ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 492.53 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г- ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 209 741.36 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Э-ад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхтүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хавтаст хэрэгт "Гранд Лайн" ХХК-ийн ерөнхий захирал, 100 хувийн хувьцаа эзэмшигч, иргэн Б.Чулуудайтай "Б Г-" ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөрийн 2015 оны 5 сарын 05-ны өдөр байгуулагдсан "Хувьцаа худалдах худалдан авах гэрээ" нь нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5-т "Гэрээ байгуулсан буюу эрх бүхий байгууллагад худалдан авагчийн нэр дээр шилжүүлсэн өдрөөс өмнө бусад иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлцэлээс үүдсэн зөрчил, өр, төлбөр, маргаан болон өөрийн буруугаас компани бусдад учруулсан бусад бүхий л хохирлыг Б.Чулуудай хариуцан барагдуулахаар тохиролцсон нотлох баримт байгаа. Тухайн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн гэрээний төлбөрийн талаарх маргааныг иргэн Н.Э- нь тухайн үеийн мөнгө шилжүүлж, мөнгийг нь авсан Гранд лайн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Чулуудайгаас нэхэмжлэх нь зүйтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн дагуу тодорхойлоогүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхдээ алдаа гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч Б Г- ХХК, Г- ХХК-д тус тус холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаа үнэд төлсөн 12 174 460 төгрөгийг буцаан гаргуулах, алдангид 2 934 044 төгрөг тооцож, нийт 15 108 504 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Н.Э- нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр БО/2014/111 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээг Г- ХХК-тай байгуулж, гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах Түмэн амгалан цогцолборын С блокийн 9 дүгээр давхарт 44.55 м.кв талбайтай орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч нь урьдчилгаа 10 хувь, ашиглалтад орох хүртэл 20 хувийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Зохигчид Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 5-10, 11/
Хариуцагч Г- ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, орон сууцыг бариагүй тул нэхэмжлэгч Н.Э- Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн 12 174 460 төгрөгөө буцаан шаардаж байгаа нь хуульд нийцэж байна. Урт хугацаатай гэрээний харилцаанд талууд гэрээг цуцлахыг шаарддаг. Гэвч тухайн тохиолдолд хариуцагч Г- ХХК орон сууц барих ажлыг огт гүйцэтгээгүй, нэмэлт хугацаа тогтоож, удаа дараа шаардсан ч үр дүн гараагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 1, 13, 68, 69/
Хариуцагч Г- ХХК гэрээгээр 12 174 460 төгрөгийг шилжүүлэн авсанд маргаагүй боловч гагцхүү 100 хувийн хувьцаагаа Б Г- ХХК-д шилжүүлсэн, ийнхүү хувьцаа шилжихээс өмнөх өрийг Г- ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч байсан иргэн Б.Чулуудай хариуцахаар тохиролцсон гэж татгалзсан.
Г- ХХК нь улсын бүртгэлд бүртгэлтэй хэвээр байх бөгөөд тус компанийн хувьцаа эзэмшигч өмчлөгч өөрчлөгдөх нь компанийн бусдын өмнө гэрээгээр хүлээсэн өр төлбөрийг төлүүлэхэд саад болохгүй юм. /хх-ийн 118/
Гэрээний оролцогч нь Н.Э-, Г- ХХК байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Г- ХХК-д хамааруулан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч гүйцэтгэж болдог. Н.Э-ад Г- ХХК-ийн төлөх өрийг иргэн Б.Чулуудай Н.Э-ад мэдэгдэхгүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр өөртөө шилжүүлэн авсан гэж тайлбарлах нь Иргэний хуулийн өр шилжих зарчимд нийцэхгүй юм.
Гэрээнээс татгалзаж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаах бөгөөд энэ тохиолдолд гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйд тооцож буй хариуцлага болох анзыг шаардах эрхгүй юм. Нэхэмжлэгч нь 2 934 044 төгөргийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирлын агуулгаар шаардаагүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин Б Г- ХХК-ийн хувьд Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар охин компанийхаа өрийг хариуцахгүй. Хэдийгээр Б Г- ХХК нь Түмэн амгалан цогцолбор хорооллын төслийн ажлыг охин компани Г- ХХК-иас хүлээн авсан байх боловч тус төслийн ямар өрийг хэн нь яаж хариуцах нь уг компаниудын хоорондын гэрээгээр зохицуулах асуудал юм.
Анхан шатны шүүх гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварыг арилгахтай холбоотойгоор гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж байгаа тохиолдолд холбогдох хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүйг болон нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй байх тул энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2017/03492 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1” гэсний дараа “205 дугаар зүйлийн 205.1“ гэж, “Н.Э-ад олгож” гэсний дараа “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Ш.ОЮУНХАНД