Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00632

 

 Г.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02294 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2226 дугаар магадлалтай,

 Г.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

Монбиофарм ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Түвшинжаргал нь 2002 онд Монгол Улсын Их сургуулийг биологич /биотехнологич/ мэргэжлээр төгсөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажилласан. Ингээд Тайландын Вант улсын Азийн технологийн институтэд суралцаж, 2005 онд орчны хор судлал, менежментийн чиглэлээр шинжлэх ухааны мастерын зэрэг, 2015 онд БНСУ-ын Корей их сургуулийн Анагаахын сургуульд молекул эсийн биологийн чиглэлээр анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Докторын зэргээ хамгаалсны дараа Монгол Улсад буцан ирж өмнө ажиллаж байсан Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж байсан. Гэтэл Монбиофарм ХХК нь чанарын менежерээр ажиллах хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хүлээн авч, тус компанийн захирлын 2019.05.01-ний өдрийн Б/2019-11 дүгээр тушаалаар чанарын менежерээр томилогдсон ба мөн өдрөө хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ээжийгээ харж асрах шаардлагатай болсон тул 2020 оны 6 дугаар сард ээлжийн амралтаа авсан, гэтэл тус компанийн захирал 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б/21 дүгээр тушаал гарган, мөн өдрөөр тасалбар болгож, ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтыг үндэслэл болгожээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахаар заасан. Г.Түвшинжаргалын ажиллаж байсан Монбиофарм ХХК-ийн Евростандарт лабораторийн чанарын менежерийн албан тушаал нь байнгын ажлын байр байхад тус компани хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй. Г.Түвшинжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1-т гэрээний хугацааг 2019.05.01-ний өдрөөс 2020.04.30-ний өдрийг дуустал 1 жил гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасан. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд гэрээний хугацааг 2020.04.30-ны өдөр гэсэн боловч Г.Түвшинжаргал 2020.06.08-ны өдөр хүртэл ажиллаж, улмаар ээлжийн амралтаа 2020.06.08-наас 2020.07.09-ний өдөр хүртэл авсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгагдсан гэж бодож ажил үүргээ гүйцэтгэж байтал гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.2 дугаар зүйлийн 35.1.2-д зааснаар ээлжийн амралттай байгаа ажилтны ажил, албан тушаал хэвээр хадгалагдах ба ээлжийн амралтын хугацаа 2020.07.09-нд дуусахаар байхад ажил олгогч 2020.07.03-ны өдөр ажлаас халсан тушаал гаргасныг зөвшөөрөхгүй. Иймд Г.Түвшинжаргалыг Монбиофарм ХХК-ийн чанарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, шүүх хуралдаан болох өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг /үндсэн ба нэмэгдэл хөлс/ хөдөлмөрийн гэрээнд зааснаар тооцож, ажлаас халагдахаас өмнөх 3 сарын дундаж буюу сарын 1,695,704 төгрөгөөр тооцон гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Түвшинжаргал нь Нийгмийн Эрүүл мэндийн төвд ажиллаж байгаад сургалтын чөлөө авсан, Нийгмийн Эрүүл мэндийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгомооргүй байна, энэ ажлын байраа алдмааргүй байна, тиймээс чөлөөтэй байх хугацаандаа л манай компанид ажиллах хүсэлтээ илэрхийлсэн учир компанийн захирлын 2019.05.01-ний өдрийн Б/2019-11 дугаартай тушаалаар түүнийг Монбиофарм ХХК-д чанарын менежерээр ажиллуулахаар томилж, түүнтэй харилцан тохиролцож нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тиймээс Г.Түвшинжаргалтай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.2.2 дахь хэсэгт заасан. Манай компани Г.Түвшинжаргалд 2020.06.04-ний өдөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020.07.03-ны өдөр дуусгавар болгох тухай мэдэгдлийг түүний имэйлээр явуулж мэдэгдэхэд Г.Түвшинжаргал компанийн имэйлээр болон манай нягтлан А.Наранчимэгийн утас руу захиа бичиж амралтын мөнгөө авах хүсэлтээ илэрхийлсэн. Ингээд тэрээр 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хүлээлгэж өгье гэснээр түүний ажлыг энэ өдрөөр хүлээлцэж, энэ өдрөөс хойш Г.Түвшинжаргал нь манай компанид ажиллаагүй. Компани түүний 6 дугаар сард ажилласан хоногийн болон амралтын мөнгийг нь 6 дугаар сарын сүүлийн цалин дээр нь бодож өгнө гэдгээ хариу мэдэгдсэн, түүнээс биш тэрээр ээлжийн амралттай байгаагүй юм. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн аль ч зүйл, заалтыг зөрчөөгүй. Тиймээс Г.Түвшинжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02294 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Г.Түвшинжаргалын хариуцагч Монбиофарм ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Монбиофарм ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1,562,035.65 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Г.Түвшинжаргалын 2020 оны 07 сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч Монбиофарм ХХК-д даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагын үлдэх хэсэг буюу 2020 оны 07 сарын 03-ны өдрөөс шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн 2020 оны 09 сарын 09 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч Монбиофарм ХХК-д даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч Монбиофарм ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 110,142 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2226 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02294 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Түвшинжаргалыг Монбиофарм ХХК-ийн чанарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,782,816 төгрөгийг хариуцагч Монбиофарм ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч Монбиофарм ХХК-д даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 2226 дугаартай магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын шийдлийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Г.Түвшинжаргалын ...ажилд эгүүлэн тогтоолгох,...нэхэмжлэлтэй Монбиофарм ХХК-д холбогдох хэрэгт цугларсан Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төв Г.Түвшинжаргал нарын хооронд 2018.12.03-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний хуулбар /х.х-42-45/, мөн төвийн ерөнхий захирлын 2019.06.18-ны өдрийн Б/70 дугаартай Г.Түвшинжаргалыг ажлаас түр чөлөөлж, гадаадад суралцуулах тухай тушаалын хуулбар /х.х-46/ зэрэг нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээд Г.Түвшинжаргал нь өөрийн эрхэлж байсан ажил албан тушаалаас түр хугацаагаар чөлөө авсан байх үедээ Монбиофарм ХХК-тай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсныг бодитой үндэслэл, шаардлагын үндсэн дээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гээд Г.Түвшинжаргал болон Монбиофарм ХХК нарын хооронд 2019.05.01-ний өдөр Чанарын менежерийн ажлын байранд 1 жилийн хугацаатай байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтын зохицуулалтад нийцсэн гэрээ гэж нотлох баримтыг зөв үнэлж, үндэслэлтэй дүгнэлтийг хийсэн.

Мөн Г.Түвшинжаргалын Ажил хүлээлцэх акт, цалингийн түүвэр, банкны шилжүүлгийн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар ...нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай хариуцагчийн 2020.06.04-ний өдрийн саналыг /хэдийгээр мэдэгдэлд 6 сарын 30-ны дотор ажлаа хүлээлгэн өгөх тухай заасан боловч/ хүлээн авсан даруйдаа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хүсэл зоригоо өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлж 2020.06.04-ний өдөр хариуцсан ажлаа хүлээлгэн өгсөн, энэ өдөр ажил олгогч түүний ажлыг нь хүлээн авснаар талууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэгдсэн нэг саналд хүрсэн болох нь тогтоогддог.

Энэ үйл баримтыг анхан шатны шүүхээс ...ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтад зааснаар ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзэх бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтад зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсан тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Хариуцагч Монбиофарм ХХК нь Г.Түвшинжаргалтай 2020.06.04-ний өдөр ажил хүлээлцсэн акт үйлдэж ажлыг хүлээн авсан атлаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэрийг 2020.07.0З-ны өдөр гаргасныг нь Монбиофарм ХХК Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь заалтад заасан ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болно гээд Монбиофарм нь Г.Түвшинжаргалыг 2020.07.03-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байлгасан гэж дүгнээд ...нэхэмжлэгч Г.Түвшинжаргалын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2020.06.04-ний өдрөөс 2020.07.03-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан.

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахдаа дээр дурдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэлгүйгээр ...хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар гэрээ дуусгавар болох үед мэдэгдсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан 2020.06.04-ний огноотой баримтад нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байна гэж хуульд хэлбэрийн шаардлага тавигдаагүй зүйлээр хариуцагчийг буруутгаад ...Г.Түвшинжаргал нь 2020.06.04-ний өдөр ажлаа хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн байгаа боловч энэ нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаас хойш үйлдсэн байна гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.14-ний өдрийн 181/ШШ2020/02294 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: ...нэхэмжлэгч Г.Түвшинжаргалыг Монбиофарм ХХК-ийн чанарын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,782,816 төгрөгийг хариуцагч Монбиофарм ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч Монбиофарм ХХК-д даалгасугай... гэж өөрчилж алдаа гаргасан.

Тиймээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.02-ны өдрийн 2226 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал нь Монбиофарм ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,562,035.65 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, тус хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

 Магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргажээ.

 Нэхэмжлэгч Г.Түвшинжаргал нь Монбиофарм ХХК-ийн захирлын 2019.05.01-ний өдрийн Б/2019-11 тушаалаар чанарын менежерээр томилогдон, 2020.04.30-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ.

 Ажил олгогчийн 2020.07.03-ны өдрийн Б/21 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т зааснаар Г.Түвшинжаргалыг албан тушаалаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байх бөгөөд ажилтан дээрх тушаалыг эс зөвшөөрч, байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж маргажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Түвшинжаргал нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биотехнологи инновацийн албаны Молекул биологи, хүн ам зүйн генетикийн асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад Төвийн Ерөнхий захирлын 2019.06.18-ны өдрийн Б/70 тушаалаар Белги улсын Cypress Dragnostics компанид судлаачаар суралцах болсон үндэслэлээр 2019.06.21-ний өдрөөс 2021.07.01-ний өдрийг хүртэл ажлаас түр чөлөөлөгдсөн, энэ хугацаанд Монбиофарм ХХК-д хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан үйл баримт тогтоогджээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23.2.2.-т энэ хуулийн 23.2.1.-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж, 37 дугаар зүйлийн 37.1.3.-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл болно гэж тус тус зохицуулжээ.

 Давж заалдах шатны анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа зохигчийн хооронд хугацаатай гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаа дуусахад талууд цуцлах санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байсан тул гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзнэ, иймд гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үйл баримт, бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 Нэхэмжлэгч нь төрийн байгууллагад ажиллаж байгаад чөлөөтэй байх хугацаандаа хариуцагч байгууллагад ажиллах хүсэлт гаргасныг үндэслэн Монбиофарм ХХК ажилтантай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулж, ажил үүрэг гүйцэтгүүлсэн, гэрээний хугацаа дуусахад ажилтны ар гэр, амьдралыг харгалзан, түүний хүсэлтийг үндэслэн дахин нэг сар ажиллуулж, 2019.06.04-ний өдөр гэрээ дуусгавар болж байгаа талаар мэдэгдэхэд тэрээр хүрэлцэн ирж, ажил хүлээлцэх актаар ажлаа хүлээлгэж өгсөн, ажил олгогч ажилтанд гэрээ дуусгавар болох талаар мэдэгдсэнээс хойш нэг сарын дараа буюу 2019.07.03-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 Улмаар ажилтан ажил хүлээлцэх актаар ажлаа хүлээлгэж өгснөөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул ажил олгогчийн шийдвэр хууль зөрчсөн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтад нийцээгүй, шүүх нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

 Иймд магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нь ажил олгогчтой хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэн нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилтныг ажил үүргээ хүлээлгэн өгснөөс нь хойш ажлаас чөлөөлсөн тушаал гарах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2226 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02294 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхсайханы гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Монбиофарм ХХК-иас 2020.11.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,971 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧИД                      Г.БАНЗРАГЧ

                                                     П.ЗОЛЗАЯА

                                                     Д.ЦОЛМОН

                                                             Х.ЭРДЭНЭСУВД