Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2021/0479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Газрын Од ХХК

Хаяг: 

Утас:99242741.

Хариуцагч: Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөө, 11

Утас: 70127042.

Гуравдагч этгээд: Аман Авто транс ХХК

Хаяг: 

Утас: 

Гуравдагч этгээд: Аумин ХХК

Хаяг: 

Утас: 99429120.

Нэхэмжлэлийн шаардлага: ...Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэр, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар- Аман авто транс ХХК, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазарАумин ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Энхбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баясгалан, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Пүрэвханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Хариуцагч байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу манай чиглэлд шинээр цагийн давтамж нэмэгдүүлж 2 аж ахуй нэгж байгуулагатай Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг байгуулснаар манай компанийн суудал ашиглалт ихээхэн хэмжээгээр багасч үүнийг дагаад эдийн засгийн хямралд орох зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Дэлхий дахин болон манай улсад нүүрлээд буй цар тахлын улмаас Нийслэлийн Онцгой комиссоос хөл хорио цээр тогтоож аль болох гадуур гарахгүй байх тухай зөвлөмж зөвлөгөө өгч ард иргэд аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хот хооронд зорчих хөдөлгөөн урсгал эрс буурч байгаа энэ цаг үед Авто тээврийн үндэсний төв нь ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж Аумин ХХК, Аман авто транс" ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг байгуулж тээвэрлэлтэд явуулж эхлээд байна. Автотээврийн үндэсний төвөөс сүүлийн хэдэн жил баруун 3 аймагт цагийн давтамж нэмэгдүүлж, шинээр аж ахуй нэгжийг тээвэрлэлтэд явуулахаар удаа дараа улайран дайрч байсан бөгөөд тээвэрчид бидний зүгээс тууштай тэмцэх холбогдох албан байгууллагад хүсэлт гомдол өгч байсны үр дүнд Зам тээвэр хөгжлийн яамны дэд сайдын Л.Халтар нь Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзонд 2019 оны 11 дугаар сарын 11-ний өдөр 02/6041 албан бичгээр Авто тээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэрлэх дүрэм -ийг шинэчлэн батлуулах хүртэл хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний давтамжийг нэмэхгүй, шинээр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгож байсан.

Мөн Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ГҮТББ болон тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагаас удаа дараа Зам тээврийн хөгжлийн сайдтай уулзах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 01 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар хот- Баян Өлгий- Улаанбаатар хот, Улаанбаатар хот-Увс аймаг-Улаанбаатар хот, Улаанбаатар хот-Ховд аймаг-Улаанбаатар хот чиглэлийн цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой Зам тээвэр хөгжлийн яам, Сайд, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Тээвэрчдийн төлөөлөл зэрэг 24 хүний бүрэлдэхүүнтэй уулзалтыг зохион байгуулсан юм.

Уулзалтаар Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх- Амгалангаас

- Авто тээврийн үндэсний төв судалгаа тооцоог дахин сайн хийж дүгнэлт гаргах,

-Авто тээврийн үндэсний төв, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Зам тээвэр хөгжлийн төвтэй нийлээд нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судлах,

-Холбогдох судалгаа тооцоог хийсний дараа дээрх асуудлуудыг сайдын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн юм.

Энэ хурлаар шинээр цагийн давтамж нэмэгдүүлэх асуудлыг Авто тээврийн үндэсний төвийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэ гэж үүрэг даалгавар өгөөгүй харин ажлын хэсэг байгуулж холбогдох тооцоо судалгааг гаргаж сайдын зөвлөлийн хуралд танилцуулах талаар үүрэг даалгавар өгсөн байдаг.

Гэтэл Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Ц.Эрдэнэчулуун нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар албан бичгээр Улаанбаатар- Баян - Өлгийн Өлгий сум - Улаанбаатар чиглэлд 10 цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн тул тээвэрлэлтийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн юм.

Манай байгууллага болон бидний эрх ашгийг хамгаалахаар байгуулагдсан Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэр болон Баян-Өлгийн Улаанбаатар чиглэлд шинэ аж аж ахуй нэгж байгууллагуудтай байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа , нотлох баримтаар авах , танилцах талаар хүсэлт гаргасан боловч Хот хоорондын... чиглэлүүдэд цагийн давтамж нэмэгдүүлэх асуудлын хүрээнд 2020 оны 01 дугаар сарын 16-ний өдөр Улаанбаатар хот -Баян-Өлгий- Улаанбаатар хот, Улаанбаатар хот- Увс аймаг- Улаанбаатар хот, Улаанбаатар хот- Ховд аймаг- Улаанбаатар хот чиглэлийн цагийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой Зам тээвэр хөгжлийн яам, Сайд, Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ, Тээвэрчдийн төлөөллийн уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтаар цагийн давтамжтай холбоотой асуудлыг үйлдвэрийн газар нь чиг үүргийнхээ хүрээнд судлан шийдвэрлэж ажиллах чиглэл өгсөн. Иймээс холбогдох судалгааг хийж, зорчигчын эрэлт хэрэгцээнд тулгуурлан цагийн сонголттой үйлчилгээг хүргэх ...... хүсэлтийг харгалзан үзэж үйлдвэрийн газрын чиг үүрэг эрх хэмжээний хүрээнд ...... Улаанбаатар Баян - Өлгий аймгийн Өлгий сум чиглэлүүдэд цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн тухай хариу албан бичгийн хуулбарыг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/439 дугаар албан бичгээр Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон нь бидэнд өгсөн.

Баян-Өлгийн-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэхээр Авто тээврийн үндэсний төвтэй байгуулсан 2 аж ахуй нэгжийн гэрээг хуулбарлаж авах талаар мөн хүсэлт гаргасан боловч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар- Аман авто транс ХХК , Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар- "Аумин" ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот- Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. /Гэрээг хуулбарлаж өгөх боломжгүй харин он сар өдоө хэд дэх өдөр хэдэн цагаас явах болсон талаар албан бичигт дурдсан байсан.

Иймд Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Улаанбаатар хот- Баян-Өлгий- Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэр,

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар-Аман авто транс ХХК, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар-Аумин ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдөр байгуулсан Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанаас санхүүждэг үйлдвэрийн газар юм. Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 тушаалаар тус үйлдвэрийн газарт Улс , хот хоорондын тээвэрлэлтийг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн. Энэхүү үүргийнхээ хүрээнд Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь аж ахуй нэгжүүдтэй Хот хоорондын тээвэрлэлтийг зохицуулан, зохицуулан зохион байгуулах гэрээг байгуулан ажиллаж байна.

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн 190 дугаар тушаалаар ХХ02 дугаартай Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум чиглэл батлагдсан.

Хот хоорондын нийтийн тээврийн ХX02 дугаартай Улаанбаатар-Баян- Өлгий аймгийн Өлгий сум чиглэлд Газрын-Од ХХК , Цэнгэл транс ХХК-иуд нийт 49 тээврийн хэрэгсэлтэй хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байна.

Орон нутаг талаас 13:00 цагт гарсан тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод шөнийн 00:20 цагт ирдэг тулиргэд такси барих /шөнийн цагаар үнэ нэмэгддэг/ үйлчилгээний газрууд хаасан байдаг учир байрлах газар олдохгүй байх зэрэг хүндрэлтэй асуудал үүсдэг.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь нэхэмжлэгчийн явж байгаа цаг, тээвэрлэлтэд огт нөлөөлөөгүй. Нэхэмжлэгч даваа, лхагва, бямба, ням гарагуудад 13 цагаас тээвэрлэлт гүйцэтгэдэг. Шинээр орж ирсэн байгууллагууд нь даваа, лхагва, пүрэв, нөгөө байгууллага нь даваа, пүрэв, бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгэдэг.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаалаар шилжүүлсэн чиг үүргийн хүрээнд гэрээний үндсэнд ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Өөрөөр хэлбэл Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь энэхүү гэрээг байгуулах бүрэн эрхтэй гэсэн үг. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Зам тээврийн хөгжлийн сайдтай хийсэн уулзалтад Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ энэхүү нөхцөл байдлаа өөрсдөө шийд гэсэн байдаг.

Газрын од ХХК нь тээвэрлэлт гүйцэтгэх явцдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй гэж тайлбарлаж байна. Гэвч Газрын од ХХК-ийн зөрчил бүрийг уулзалтын үед судалгаагаар танилцуулж байсан. Үүнд зөрчлийн тоо 2, техникийн саатал 6, хурд хэтрүүлсэн байдал 9318, төвд тэмдэглэгдсэн зөрчилд 23 байсан. Мөн Газрын од ХХК нь өөрсдийн үндсэн тээвэрлэлтээс гадна 293 удаагийн нэмэлт тээвэрлэлт гүйцэтгэсэн байдаг. Энэ нь иргэдийн эрэлт, хэрэгцээ байгаа талаар нотолж байна.

Гэрээний 1.5-т заасныг зөрчсөн гэж тайлбарлаж байна. Цагийн давтамж нэмэх, өөрчлөх асуудал нь Газрын од ХХК-тай байгуулсан цаг, давтамжийг өөрчилсөн тохиолдолд яригдах асуудал. Нэхэмжлэгчтэй байгуулсан 13 цагийн давтамжийг өөрчлөөгүй. Үүнийг бүх нийтэд хамааруулж ойлгох ёсгүй... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.18-д улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно, 16.2-т эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж тус тус заасан. Хүний эрхийг үгүйсгэсэн аж ахуйн нэгж байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих боломжгүй.

Мөн хуулийн 16.10-т нийгмийн аюулгүй байдлыг сахин дээдлэх үүргийг төрийн бус байгууллага, төрийн аж ахуйн нэгж байгууллагууд хүлээнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал монопол эрх эдлэх боломжгүй. Тухайн чиглэлд өрсөлдөөнийг бий болгох нь төрийн үүрэг. Цагийн давтамжийг яагаад нэмэгдүүлээд байгаа вэ гэхээр нэг иргэн шөнийн цагт Улаанбаатар хотод буухад нийтийн тээврийн үйлчилгээ зогссон байдаг. Иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд цагийн зохицуулалт нь 22 цагаас өмнө ирэх нийтийн тээврээр зорчих эрх нь нээгдэх ёстой. Хэдэн цагт, ямар байгууллагын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх эсэхээ иргэн өөрөө сонгох ёстой. Хүний эрхийг үгүйсгэсэн хуулийн этгээдийн ашиг сонирхол гэж байх ёсгүй.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ нь тухайн зах зээлд өрсөлдөөнийг бий болгож, иргэний зорчих эрхийг хангах үүргийг бий болгох зорилготой төрийн байгууллага. Үйлчилгээнд өмчлөх эрх шиг халдашгүй эрх гэж байдаггүй. Хэдэн цагт зорчих эсэхээ сонгох нь Монгол Улсын иргэдийн эрх байхад үйлчилгээ нэмэгдүүлсэн гэсэн үндэслэлээр иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах, үүнийг хэлэлцэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...Дэлхий нийтэд тархсан цар тахлын үед зорчигч тээвэрлэлт буурсан, суудал ашиглалт багассан, эдийн засгийн хямралд орсон, зорчигч тээврийн үйлчилгээ явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу хөл хорио тогтоосон үед ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэх үндэслэлд:

Нэхэмжлэгчийн дээрх үндэслэлд заасан нөхцөл байдлууд өнөөдрийн байдлаар бүгд үгүй болсон, онцгой байдлын үеийн дэглэмийн зарим хэсэг цуцлагдсан, зарим хэсэг нь суларсан байгаа байдал нь нийтэд ил болсон мэдээлэл тул дээрх үндэслэл үүгээр үгүйсгэгдэж байна.

" ...ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан..." хавтаст хэрэгт авагдсан баримт зэргийг танилцаж, судлахад тийм зүйл, нөхцөл байдал үгүй байх бөгөөд орон нутгийн иргэд, тээврийн үйл ажиллагаа эрхлэхийг хүсэгч хуулийн этгээдийн удаан хугацаанд тавьсан санал, хүсэлт, тэдгээрийн санал, хүсэлтийг уламжлан шийдвэрлэсэн, шийдвэрлэхийг хүссэн орон нутгийн засаг захиргааны зүгээс ирүүлсэн хүсэлт, түүнийг ханган шийдвэрлэсэн төрийн эрх бүхий газрын хариу, үйлдэл нь хууль ёсны болох нь нотлогдож байна.

"... Зам, тээвэр хөгжлийн яамны дэд сайд Л.Халтар нь ... Авто тээврийн үндэсний төв" ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзонд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 02/6041 дугаартай албан бичгээр Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм -ийг шинэчлэн батлуулах хүртэл хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний давтамжийг нэмэхгүй, шинээр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болгож байсан... гэх үндэслэлд дараах байдлаар тайлбар өгнө.

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 201 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм үйлчилж байсан бөгөөд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр А/24 дугаартай тушаалаар баталсан, Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм үйлчилснээр дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж, зарим захиргааны акт болон захиргааны хэм хэмжээний зарим актын үйлчлэл дуусгавар болсон.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Улаанбаатар хот- Баян-Өлгий - Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн талаар:

Дээрх шийдвэрийг уншиж судлахад, иргэд, орон нутгийн засаг, захиргааны байгууллага, автотээврийн үйлчилгээ хүсэгчдийн удаа дараагийн санал, хүсэлтийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох хууль /Захиргааны ерөнхий хууль/-д заасан үндэслэл, журмын дагуу "сонсох ажиллагаа-г удаа дараа явуулахад нэхэмжлэгч өөрөө, өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар оролцоогүй, оролцохыг хүсээгүй, түүгээр үл барам ачаа тээвэрлэлтийн цагийн давтамжийг нэмэгдүүлэхийг хүлээн зөвшөөрч, өөрсдөө оролцох хүсэлт зэргээ зохих журмын дагуу илэрхийлж байсан баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар Аман авто транс ХХК, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар Аумин ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн талаар :

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар Аман авто транс ХХК, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар Аумин ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан XXHT006/2020 дугаартай Улаанбаатар хот- Баян-Өлгий - Улаанбаатар хот чиглэлд Лхагва, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ нь талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан XXHT016/2020 дугаартай гэрээ байгуулснаар үйлчлэл дуусгавар болсон.

Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар Аман авто транс ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан. XXHT005/2020 дугаартай Улаанбаатар хот- Баян-Өлгий - Улаанбаатар хот чиглэлд Даваа, Пүрэв гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ нь талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан XXHT017/2020 дугаартай гэрээ байгуулснаар үйлчлэл дуусгавар болсон... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч захиргааны байгууллагатай ХХНТ-098\2019 тоот гэрээг Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатар чиглэлд хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулж, гүйцэтгэх гэрээ байгуулж, 7 хоногийн Даваа, Лхагва, Баасан, Ням гарагуудад 13 цагт зорчигч тээвэрлэлт гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа, энэ гэрээний талаар талууд маргаагүй.

Дээрх гэрээний дагуу Аман Авто Транс ХХК нь 7 хоногийн Лхагва, Бямба гарагуудад 10 цагт, Аумин ХХК нь Даваа, Пүрэв гарагуудад 10 цагаас Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлт хийж байгаа нь нэхэмжлэгч хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Газрын-Од ХХК нь Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аман Авто Транс ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-006\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аумин ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн ХХНТ-005\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-г тус тус хүчингүй болгуулах.

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Улаанбаатар- Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Авто тээврийн хэрэгслээр ачаа зорчигч тээвэрлэх дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн...,компанид хохирол учирсан...манай компанитай байгуулсан ХХНТ-098\2019 тоот гэрээний 1.5-д заасныг мөн зөрчсөн... гэж тодорхойлсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Зам тээвэр, хөгжлийн яамны Сайд Б.Энх-Амгалан болон Автотээврийн үндэсний төвийн дарга Б.Гүрсоронзон, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн Т.Хүрэлхүү, Зорчигч тээврийн Ховд ХХК-ийн захирал Л.Ганболд, Газрын-Од ХХК-ийн захирал Д.Энхбат, Аман Авто Транс ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Серик, Аумин ХХК-ийн захирал Д.Дауыржан нар Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатар чиглэлд тээвэрлэлтийн давтамж нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар уулзалт хийж, Автотээврийн үндэсний төвөөс дээрх чиглэлд тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай талаар тооцоо судалгааг гаргаж танилцуулах,...нөхөн олговор авах шаардлагатай эсэхийг судалж тооцоо судалгааг Сайдын зөвлөлд танилцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ асуудал нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдааны үеэр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Улмаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аман Авто Транс ХХК, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аумин ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-005\2020, ХХНТ-005\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ-гээр Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.3, Иргэний хуулийн 380, 383, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг үндэслэн, Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатар чиглэлд иргэдийн, нийтийн тээврийн хэрэгслээр тав тухтай, соёлтой, аюулгүй, шуурхай үйлчлүүлэх эрэлт хэрэгцээг хангах...зорилгоор 3 сарын хугацаатай байгуулж, Аман Авто Транс ХХК 7 хоногийн Лхагва, Бямба гарагуудад 10 цагаас, Аумин ХХК 7 хоногийн Даваа, Пүрэв гарагуудад 10 цагаас тээвэрлэлт хийх, гэрээний хугацаа дууссан тохиолдолд гэрээг шинэчлэн байгуулах эсэхийг...Үйлдвэрийн газрын саналыг үндэслэн шийдвэрлэхээр тохиролцож дээрх гэрээг байгуулсан байна.

Түүнчлэн уг түр гэрээний хугацаа дууссанаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь Аман Авто Транс ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 016-2020 тоот, Аумин ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 017-2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-г /үндсэн/ Авто тээврийн тухай хуулийн дугаар зүйлийн 6.1.10 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2.3 дахь заалт, Иргэний хуулийн 380, 383 дахь зүйл, Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 76 дугаар тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг тус тус үндэслэн 3 жилийн хугацаатай байгуулжээ.

Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйл Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх 6.1.10-д ...нийтийн тээвэр...-ийн үйлчилгээ...г зохион байгуулах 9 дүгээр зүйлд Тээвэрлэлт гүйцэтгэх, 9.1-д Тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ, 9.3-д Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлд Захиргааны гэрээ 52.1-д Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно, 52.2.3-д дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас Аман Авто Транс ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-006\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ болон мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 016-2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ, Аумин ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-005\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ болон мөн талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 017-2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнүүд нь нийгмийн суурь үйлчилгээ, түүний дотор нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах, зорчигч иргэдийн тав тухтай, соёлтой, аюулгүй, шуурхай үйлчлүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн илүү үр дүнтэй зохион байгуулах зорилгоор байгуулагдсан, хариуцагчийн хуулиар олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн байх тул уг гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Учир нь маргаан бүхий түр гэрээ нь нийтийн ашиг сонирхолд эерэг нөлөөлөл үзүүлсэн, Улаанбаатар-Баян-Өлгий аймгийн Өлгий сум-Улаанбаатар чиглэлд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч иргэдийн эрх ашигт нийцсэний дээр уг гэрээ нь гэрээнд заасан хугацааны туршид үйлчилж байгаад Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аман Авто Транс ХХК, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аумин ХХК-иудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 016-2020, 017-2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдсанаар уг гэрээний үйлчлэл дуусгавар болсон тул нэгэнт дуусгавар болсон захиргааны гэрээг хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

Нөгөө талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аман Авто Транс ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 016-2020 тоот, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аумин ХХК-иудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 19-ний 017-2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээнүүд нь Автотээврийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хууль, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, гэрээ нь бүхэлдээ нийтийн тээврээр зорчигч нийт иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн, уг гэрээний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул тухайн гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна, 55.1.1-д захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн... гэх зэрэг нийт 14 тохиолдлыг нэрлэн заасан бөгөөд эдгээр тохиолдлын алинд ч уг гэрээ хамаарахгүй байхын дээр мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч компанийн хариуцагчтай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа нөхцөлд Аман Авто Транс ХХК, Аумин ХХК-иудын байгуулсан гэрээг цуцлах болон өөрчлөлт оруулахыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага болон Аман Авто Транс ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-006\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ болон 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 016-2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ, хариуцагч захиргааны байгууллага болон Аумин ХХК-ийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-005\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ болон 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 017-2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ-нүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүйн дээр эдгээр гэрээнүүд нь холбогдох хууль болон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Газрын-Од ХХК нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-тай байгуулсан 2019 оны 098\2019 тоот гэрээний 1.5-д Энэхүү гэрээнд заагдсан чиглэл, давтамж, гэрээний заалт, хавсралтад өөрчлөлт оруулах тохиолдолд талууд харилцан тохиролцож, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг, тэмдгээр баримтжуулах бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна, гэж заасан байхад манай компанид мэдэгдэлгүй, шинээр тээвэрлэгч компани нэмж байгаа нь хууль бус гэж маргасан боловч гэрээний уг заалт нь нэхэмжлэгч компанийн тухайд буюу өөрөөр хэлбэл Газрын-Од ХХК-ийн тээврийн давтамжид өөрчлөлт оруулах тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд Аман Авто Транс ХХК, Аумин ХХК-иудтай байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч компанийн тээвэрлэлтийн давтамжид өөрчлөлт оруулаагүй, хэвээр үргэлжилж байгаа нөхцөлд уг гэрээний заалт хамааралгүй юм. Мөн Газрын-Од ХХК нь тухайн чиглэлд дангаараа 15 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд нэг компанид давуу байдал үүсгэх нь Өрсөлдөөний тухай хуульд нийцэхгүй.

Мөн иргэдийн хэдэн цагт аль компанийн тээврийн хэрэгслээр явах эсэх нь өөрсдийнх нь сонголт учраас чөлөөт зах зээлийн боломжоор хангаж, иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээ үзүүлэх зорилгоор дээрх гэрээг байгуулсан нь хариуцагчийг буруутгах үндэслэлгүй болохгүй.

Түүнчлэн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 тоот Цагийн давтамж нэмэгдүүлэх тухай албан бичгээр Улаанбаатар-Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд 10 цагийн давтамж нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн тул тээвэрлэлтийн гэрээнд өөрчлөлт оруулна уу гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус дүрмийн 4.1 Үйлдвэрийн газар нь дараах үндсэн үйл ажиллагааг эрхлэн явуулна, 4.1.4 Улс хооронд, хот хооронд, орон нутгийн зорчигч болон, ачаа тээвэр, шуудан, нийтийн тээвэр, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээ болон дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйлчилгээг улсын хэмжээнд зохицуулах, зохион байгуулах гэж заасны дагуу хариуцагч захиргааны байгууллага нь үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлд хамаарах шийдвэрийг гаргасан байна.

Нөгөөтэйгүүр хариуцагч захиргааны байгууллага холбогдох тооцоо, судалгааг гаргасны үндсэн дээр уг шийдвэр гаргасан нь 3.2.2-т зорчигчийн тогтмол тээвэрт 3.1-д заасан тооцоо судалгааг хийж, тээвэрлэлтийн эрэлт, хэрэгцээг тооцолгүйгээр цагийн давтамж, тээвэрлэгчийг шинээр нэмэхгүй, 3.3.3-т хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг батлагдсан замнал, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэнэ, гэж, 3.3.4-т зорчигч тээврийн тухайн чиглэлд тээвэрлэлтийн эрэлт зайлшгүй нэмэгдэн, суудал ашиглалтын коэффициентийн дундаж 0,90-ээс доош тохиолдолд цагийн давтамжийг нэмэгдүүлэхгүй, 3.3.5-д тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн цагийн давтамжийг нэмэгдүүлсэн нь уг чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх үндэслэл болохгүй 3.3.6-д тээвэрлэгч нь тухайн чиглэлийн тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйг хууль тогтоомжийн хүрээнд үндэслэлтэй тогтоосон бол тус чиглэлд тээвэрлэгчийг шинээр нэмэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасныг тус тус зөрчөөгүй.

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ХХНТ-005\2020, ХХНТ-006\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ-нүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно, мөн хуулийн 52.1-д дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно, 52.2.3-д дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд гэж заасантай болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасан захиргааны үйл ажиллагаа үр нөлөөтэй байх тусгай зарчимд нийцсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна гэж, 55.1.1-д захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж, мөн хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.1-д ...захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох-оор тус тус заажээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан ХХНТ-005\2020, ХХНТ-006\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ-нүүд болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Улаанбаатар-Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн шийдвэр нь хууль болон захиргааны хэм хэмжээний актыг зөрчөөгүй, уг захиргааны актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аман Авто Транс ХХК, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ болон Аумин ХХК-иудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ХХНТ-005\2020, ХХНТ-006\2020 тоот Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх түр гэрээ, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Улаанбаатар- Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн шийдвэр зэргийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Авто тээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.10, Захиргааны ерөнхий хуулийн 52.1, 52.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Газрын-Од ХХК-ийн гаргасан ...Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас тээвэрлэлт гүйцэтгүүлэх тухай цагийн давтамж нэмэгдүүлсэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 3/209 дугаар шийдвэр, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар-Аман авто транс ХХК, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГазар-Аумин ХХК нарын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Улаанбаатар хот-Баян-Өлгий-Улаанбаатар хот чиглэлд Даваа, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 10 цагаас Хот хоорондын нийтийн тээвэрлэлт зохион байгуулах, гүйцэтгэх гэрээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

3. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ