Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00624

 

  О.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр шийдвэр,

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар магадлалтай,

 О.Мөнхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Г.Түмэн-Өлзийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч О.Мөнхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Очирбатын Мөнхцэцэг миний бие 2013.05.06-ны өдөр Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газрын харьяа зочид буудлын ажилтнаар орсноос хойш 7 дахь жилдээ ажиллаж байна. Намайг Баруунбүрэн сумын засаг дарга Г.Түмэн-Өлзий Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Ажил гүйцэтгэх гэрээний 3.3, 4.2, 5.5 дахь заалтыг үндэслэн 2020.04.15-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар 2020.03.09-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн байдаг. Би энэ захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас шүүхэд хандсан. Иймд намайг Баруунбүрэн сумын үйлчилгээний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Г.Түмэн-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа: сумын Засаг даргын Тамгын газар тосгоны захирагчийн албаны бүтэц, орон тоо, цалингийн санг баталсан тухай аймгийн Засаг даргын 2015 оны А475 тоот захирамж байгаа. Энэ захирамжийн хавсралтад сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүн, орон тоог баталсан байдаг. Энэ орон тоонд ахуй үйлчилгээний ажилтан гэсэн орон тоо байхгүй. Цалингийн сан байхгүй. Энэ анх 2013 онд тухайн сумын Засаг даргын захирамж гарахдаа Баруунбүрэн сумын ахуй үйлчилгээний төвийг хариуцсан ажилтан гэсэн нэр томьёолол дээр анх ажилд томилогдож байсан байдаг. Баруунбүрэн суманд ахуй үйлчилгээний төв гэж байхгүй. Энэ нь Засаг даргын Тамгын газрын дэргэдэх зочид буудал. Анхнаасаа тухайн үеийн Засаг даргын гаргасан шийдвэр цалингийн сан, орон тоотойгоо уялдаагүй буруу шийдвэр байсан гэж би үзэж байгаа. ...аймгийн Засаг дарга дурдахдаа тухайн үедээ сумын Засаг даргын захирамжаар томилогдсон энэ ажилтныг Засаг даргын Тамгын газрын үүрэг гүйцэтгэгч ажлаас чөлөөлсөн тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Ийм учраас эрх бүхий шийдвэр гаргах албан тушаалтны хувьд сумын Засаг даргын захирамж гаргаж энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Засаг даргын 2020 оны 04-р сарын 15-ны өдөр Б/05 тоот Очирбатын Мөнхцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, О.Мөнхцэцэгийг тус сумын ахуй үйлчилгээний төвийг хариуцсан ажилтны /буудлын ажилтны/ ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Сэлэнгэ аймгийн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргаас 1,584,530 төгрөгийг гаргуулж О.Мөнхцэцэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар О.Мөнхцэцэгт олгох 1,584,530 төгрөгнөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн энэ тухай нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргын тамгын газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.5-д зааснаар О.Мөнхцэцэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 110,502 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч Г.Түмэн-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн заалт, үндсэн зарчмыг хангаагүй гэж үзэж гомдолтой байна.

Төр, төсвийн байгууллагын орон тоо,бүтэц, цалингийн санг төрөөс тогтоож өгдөг бөгөөд төсвийн захирагч нарт өөрсдөө дур мэдэн орон тоо, төсөв гаргах, батлагдсан төсвийг хэтрүүлэх, зориулалтын бусаар ашиглах эрх мэдэл байдаггүй ба энэ тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг болно. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015.12.11 өдрийн А/475 дугаартай захирамжаар Сумын Засаг даргын тамгын газар, тосгоны захирагчийн албаны бүтэц, орон тоог шинэчлэн баталж өгсөн бөгөөд энэ захирамжид Ахуйн үйлчилгээний төвийн ажилтан гэсэн орон тоо огт байхгүй юм. /Энэ захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа/ Манай суманд Ахуйн үйлчилгээний төвийн буюу зочид буудлын ажилтны орон тоо, цалингийн төсөв мөнгө байдаггүй нь нотлох баримтаар нотлогдсон, О.Мөнхцэцэг нь манай сумын төр, төсвийн аль ч байгууллагад орон тоогоор ажилладаг ажилтан биш харин хөлсөөр ажиллах гэрээгээр буудлыг ажиллуулж байсан ажилтан тул хөлсөөр ажиллах гэрээ нь цуцлагдсан гэж хариуцагч тал тайлбарлаж холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөөр атал анхан болон давж заалдах шатны шүүх уг маргааныг хөдөлмөрийн хуулийн дагуу үүссэн хөдөлмөрийн маргаан гэж шүүх үзэж О.Мөнхцэцэгийг үндэслэлгүй ажлаас халсан гэж дүгнэн цалинг нь нөхөн төлж ажилд нь эргүүлэн тогтоох шийдвэр, магадлал гаргаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүхээс байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад гэрээ байгуулахыг хориглох тухай Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн нь Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсныг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байгаа бөгөөд мөн түүний орон тоог 2015 онд хасагдсан байна гэж дүгнэсэн атлаа байнгын орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байгаа болно. Орон тоо байхгүй гэдэг нь тодорхой байхад шүүх маргааныг Хөдөлмөрийн гэрээний маргаан гэж үзэж огт байхгүй орон тооны ажилд нь эргүүлэн томил гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд батлагдсан орон тоо, төсөвт захирагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа, ийм ч үүрэгтэй тул О.Мөнхцэцэгийг ажилд эргүүлэн томилж, түүнийг цааш нь цалинжуулж ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох ямар ч боломж байхгүй юм. О.Мөнхцэцэгийн хувьд сард 100,000 төгрөгийн орлогын төлөвлөгөөтэй ажилладаг байсан боловч сүүлийн 2 жилд энэ төлөвлөгөөг тасалсан тул цаашид ажил гүйцэтгэх гэрээг сунгах боломжгүй юм. Огт ажил хийхгүй орлогын төлөвлөгөө биелүүлэхгүй байж сар бүр 420,000 төгрөгийн цалин аваад ажиллана гэдэг нь байж боломгүй асуудал юм. Анхан болон давж заалдах шатны шүүх гэрээг буруу тайлбарлаж маргааныг үндэслэлгүй шийдвэрлэсэн тул гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 О.Мөнхцэцэг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Засаг даргад холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Нэхэмжлэгч О.Мөнхцэцэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2013 оны 05 дугаар сараас хойш Засаг даргын тамгын газрын харъяа зочид буудлын ажилтнаар 7 жил ажилласан, 2020.03.09-ний өдрийн тушаалаар үүрэгт ажлаа гүйцэтгэх явцдаа эд хогшилдоо хайнга хандсан, зочид буудлын жилийн орлогыг оруулаагүй, цалин хүрэхгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэж тайлбарлажээ.

 Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...нэхэмжлэгч нь анх ахуй үйлчилгээний төвийг хариуцсан ажилтан гэсэн нэр томъёоллоор ажилд томилогдсон байсан, Баруунбүрэн суманд ахуй үйлчилгээний төв гэж байхгүй. Энэ нь Засаг даргын тамгын газрын дэргэдэх Зочид буудал. 2015 онд батлагдсан Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц бүрэлдэхүүнд ахуй үйлчилгээний ажилтан гэсэн ажлын байр байхгүй, тухайн үеийн Засаг даргын гаргасан шийдвэр цалингийн сан, орон тоотойгоо уялдаагүй буруу шийдвэр байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 Хоёр шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхдөө 40.5.-д зааснаар ажилтанд хуульд заасан хугацааны өмнө хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг өгөөгүй, мэдэгдэхгүйгээр тушаал гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ажилтныг Баянбүрэн сумын Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоонд байхгүй, батлагдаагүй орон тоо, ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болжээ.

 Шүүх хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үндэслэл бүхий үнэлээгүйгээс талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон гэж үзэхэд эргэлзээтэй, улмаар хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015.12.11-ний өдрийн Сумын Засаг даргын Тамгын газар, тосгоны Захирагчийн албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай А/475 захирамжаар батлагдсан бүтцээр Баруунбүрэн сумын Тамгын газар нийт 17 ажилтантай байх бөгөөд энд ахуйн үйлчилгээний ажилтны орон тоо батлагдаагүй байна.

 Хариуцагч нь ажилтны ажлын байрны орон тоо батлагдаагүй, цалингийн сан байхгүй гэж тайлбарлах боловч бүтэц орон тоог шинэчлэн баталсан 2015-2020 оны хооронд ажилтныг хаанаас, ямар эх үүсвэрээр цалинжуулдаг байсан нь баримтаар нотлогдоогүй, хэрэгт энэ талаарх баримтгүй байхад шүүх тодруулалгүй орхигдуулжээ.

 Зохигч Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээгээр ажилтныг ахуй үйлчилгээ хариуцсан ажилтан гэж тодорхойлсон бөгөөд ажил олгогч нь ажилтныг тус сумын төр, төсвийн байгууллагад орон тоогоор ажилладаг ажилтан биш тул ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж, Ажил гүйцэтгэх гэрээг цуцлахдаа ...гэрээт ажилтны цалинг олгодог орлого хүрэлцэхгүй болсон... гэх үндэслэл заасан байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, хариуцагчийн хариу тайлбар, татгалзал, холбогдох нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 161 дүгээр шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Х.СОНИНБАЯР

              ШҮҮГЧИД                       Г.БАНЗРАГЧ

                                                      П.ЗОЛЗАЯА

                                                       Д.ЦОЛМОН

                                                               Х.ЭРДЭНЭСУВД