| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2018/0097/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2019-09-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 25
*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолтой, *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, бага боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******ын Бямба-Очир нь ******* аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр 8 дугаар цэцэрлэгийн зүүн талын засмал зам дээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчим өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн ******* нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч ******* овогт *******ын Бямба-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Бямба-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил 2/хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч *******оос 2.069.700 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчт олгуулж, цаашид оршуулгын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолгүй гэсэн бичгийн гаргаж өгсөн баримт зэргийг харгалзан, хорих ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг тэнсэхийг дэмжиж байна гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бидний зүгээс гомдол болон хохирол байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргасны улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байгаа, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
******* нь ******* аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр 8 дугаар цэцэрлэгийн зүүн талын засмал зам дээр 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 13 цагийн орчим өөрийн эзэмшлийн 63-90 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн *******ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Бат- Эрдэнэ нар болон, гэрч / 1-р хх-н 55-56х /, насанд хүрээгүй гэрч / 1-р хх-н 60х /, насанд хүрээгүй гэрч/ 1-р хх-н 62х / нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1-р хх-н 12-14х /, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг / 1-р хх-н 15-16х /, Шинжээч эмчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 70 дугаартай “ . . . Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын . . . 3.1.12-д зааснаар / дотуур цус алдалт, баруун уушгины доод болон дунд дэлбэнгийн урагдал, задрал, баруун талын гуурсан хоолой болон гуурсанцаруудын тасрал, цус хуралт, баруун бөөрний ард гадаргууд язрал, урагдалууд, элэгний баруун дэлбэнгийн гадна хажуу хэсгийг бүрэн хамарсан няцрал язрал / гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.1.15-д зааснаар / ууц ясны баруун талын олон яс уулзах үеэр салсан хугарал, умдаг ясны баруун дээд салаа салсан хугарал / гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. . . ******* нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан талаарх дүгнэлт / 1-р хх-н 103-104х /, шүүгдэгчийн анхан шатны шүүх хуралдаан дээр хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн , хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
*******ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар нь . . . “шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа ба өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолгүй гэсэн бичгийн гаргаж өгсөн баримт зэргийг харгалзан, ял шийтгэлийг хөнгөрүүлж тэнсэж өгнө үү . . .” гэх давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжтой байна гэж үзлээ.
Учир нь: ******* нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй тохиролцон хохирлыг төлсөн болох нь 5000000 төгрөгийг хүлээн авсан тухай хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч нь өмгөөлөгчийнхөө хамт оролцож хохирол төлбөрөө авсан,гомдол саналгүй гэдгээ хэлж байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ар гэрийн болон хувийн байдал, хохирол төлбөрийг барагдуулсан зэргийг харгалзан анхан шатны шүүхээс шүүгдэгч *******т оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 / гурав / жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эрх хассан үеэс эхлэн тоолох, *******ыг шүүх хуралдааны танхимаас суллаж энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 04 -ний өдрийн 2019/ЩЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг . . . “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнссүгэй” гэж,
Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эрх хассан үеэс эхлэн тоолсугай” гэсэн заалт нэмж, Тогтоох хэсгийн 3, 6 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг: Шүүгдэгч *******ын хохирол бүрэн төлөгдсөн гэж өөрчлөн, тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч ******* нь 65 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******ыг шүүх хуралдааны танхимаас суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар магадлал хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.
3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА