Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00663

 

 М.Энхбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02383 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0025 дугаар магадлалтай,

 М.Энхбаатарын нэхэмжлэлтэй,

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Энхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч М.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие МБҮА ТББ-ын ажлын албаны Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020.07.17-ны өдрийн А20/14 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажил олгогч уг тушаалаа 2020.07.17-ны өдөр үйлдсэн гэх боловч 07 сарын 21-ний өдөр дугаар аваагүй тушаалыг надад viber-аар ирүүлж, улмаар намайг ээлжийн амралттай байх хугацаанд танилцуулсан. Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг баримтлан намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2020.07.16-ны өдрийн ажлын үдээс хойших, 07 сарын 17-ны бүтэн өдрийн ажил тасалсан, үүнтэй холбогдуулан Эс Би Жи Глобал ХХК, БТИС ХХК, Мотоблок ХХК, Агар харуул ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл, гэрээний хамт хугацаанд нь олгоогүйгээс аж ахуй нэгж, байгууллагуудад чирэгдэл учруулж, тендерт оролцох боломжгүй нөхцөлийг үүсгэсэн гэж үзсэн байна. Миний бие 2020.07.16-ны өдөр ажилдаа ирсэн, халуураад байсан учир үдээс хойш нь явсан, маргааш нь буюу 2020.07.17-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн, намайг бөөрний үрэвсэлтэй байна гээд эмчилгээ бичиж өгсөн, тэгээд би акт авсан. Актыг тухайн үедээ аваагүй, дараа нь буюу 22-ны өдөр авсан, авсан өдрөө найзаараа байгууллага руу хүргүүлсэн. Ингээд 17-ноос 23-ны хүртэл 5 хоног эмчилгээ хийлгэсэн. Иймд би өвчтэй байсан гэдэг нь эмнэлгийн магадлагаа, эмийн жороор тогтоогдож байгаа учир ажил тасалсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. 2020.07.16-ны өдөр намайг өглөө ажилдаа байх хугацаанд Эс Би Жи Глобал ХХК, БТИС ХХК, Мотоблок ХХК, Агар харуул ХХК-иудаас ирээгүй, харин маргааш нь буюу 17-ны өдөр ирсэн юм шиг байна. Байгууллагаас над руу залгасан байсныг би сүүлд мэдсэн, учир нь би эмнэлэгт үзүүлж явсан. Тэгээд би бүтэн сайнд нь өвчтэй, акт авсан, түлхүүр өгөх гэж оффис менежер Алтаншагайтай утсаар ярихад түлхүүр шаардлагагүй, өрөөнд ороод сейф эвдээд дурдсан байгууллагуудын тусгай зөвшөөрлийг өгсөн гэж хэлсэн. Хэрэгт байгаа баримтуудаас үзвэл дурдсан байгууллагуудтай гэрээг 17-ны өдөр, нэг нь бүр 23-ны өдөр гэж байна лээ. Уг нь гэрээ байгуулсны дараа тусгай зөвшөөрлийг олгох ёстой. Нэгэнт миний бие 17-ны өдөр эмнэлгээр үзүүлж явсан учир надаас шалтгаалсан зүйл байхгүй. Тэгээд ч миний бие 2020.07.20-ны өдрөөс ээлжийн амралтаа авч байсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасныг ажил олгогч зөрчсөн, түүнчлэн гүйцэтгэх захирал Л.Хулан миний ажил хийх боломжийг хязгаарлаж, аливаа асуудлаар өө сэв хайж, боломж гарвал сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас халахаар айлган дарамталдаг байсан. 2020.06.11-ний өдөр үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулж, цалинг 3 сарын хугацаагаар 20% бууруулсан. Ингээд 7 сарын эхний цалингаас суутгал хийгдсэн байна. Энэ тушаалыг надад 17-ны өдөр танилцуулсан. Би зөвшөөрөхгүй дээд шатны албан тушаалтнуудад гомдол гаргаж, дараа нь шүүхэд хандах гээд байж байтал намайг ажлаас халсан тушаал гарсныг танилцуулсан. Иймд хариуцагчийн ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй, намайг ажлаас халах нөхцөл байдлыг зохиомлоор бий болгосон, надаас ямар нэгэн тайлбар аваагүй, намайг ажлаас халсан үндэслэл, тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалт хоорондоо тохирохгүй байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Ажлаас халсан тушаал 2020.07.17-ны өдөр гарсан нь үнэн, энэ талаар нэхэмжлэгчид viber-аар танилцуулсан байдаг. Нэхэмжлэгч М.Энхбаатар нь нэхэмжлэл дээрээ 2020.07.20-ны өдөр актаа байгууллагад ирүүлсэн гэж бичсэн байх боловч магадлагаа нь 22-ны өдрийнх байна. Нэхэмжлэгч М.Энхбаатар өвчтэй тухайгаа байгууллагад мэдэгдээгүй, удирдлагаасаа чөлөө аваагүй, цагийн бүртгэлээс үзвэл өглөө ажилдаа ирсэн бол явахдаа хуруугаа уншуулах байсан, гэтэл орой хуруу уншуулсан мэдээлэл байхгүй, тэгээд ч 16-ны өдөр М.Энхбаатар ажил дээрээ байгаагүй гэдгийг гомдол гаргагч нар гомдолдоо бичсэн байдаг. Эмнэлгийн магадлагааг үзвэл эмчлэгч эмч, ерөнхий эмч хоёр дээр 1 хүн гарын үсэг зурсан, эмчлэгч эмчийн тэмдэг байхгүй, энэ магадлагаа нь магадлагаа олгох журамдаа нийцэхгүй, мөн эмчийн жорын бичиг байгаа, үүн дээр эмчийн гарын үсэг байхгүй, хэн олгоод байгаа нь тодорхойгүй, энэ баримтын дагуу эм худалдан авсан эсэх талаар баримтгүй, ядаж л eбаримт байх ёстой. Тиймээс нэхэмжлэгч М.Энхбаатар өвчтэй байсан гэдэг нь эргэлзээтэй учир ажил тасалсан гэж үзнэ. Түүнчлэн Эс Би Жи Глобал ХХК, БТИС ХХК, Мотоблок ХХК, Агар харуул ХХК-иудаас ирсэн гомдол байдаг. Эдгээр байгууллагуудын тусгай зөвшөөрөл нь нэхэмжлэгч М.Энхбаатарын сейфэнд хадгалаастай байсан. Эдгээр хүмүүс 17-ны өдөр ирж, тусгай зөвшөөрлөө авах гэтэл М.Энхбаатар ажил дээрээ байхгүй, утсаар залгаад утсаа авахгүй, оффис менежер Алтаншагай яасныг нь мэдэхгүй байсан учир тухайн үед нь бичлэг хийж байгаад М.Энхбаатарын сейфийг эвдэж, тусгай зөвшөөрлийг нь өгч, гомдлыг нь барагдуулсан байдаг. М.Энхбаатар ээлжийн амралттай байсан гэж яриад байгаа боловч ээлжийн амралтыг нь олгоогүй байсан. Байгууллага ээлжийн амралтын мэдэгдэх хуудас гэж өгдөг юм бил ээ, энэ мэдэгдэх хуудсыг М.Энхбаатарт олгоогүй байсан, үүнийг гэрчээр асуугдсан нягтлан бодогч бас хэллээ. Мөн нэхэмжлэгч М.Энхбаатар нь 2020.01.20-ны өдөр сахилгын сануулах шийтгэл, 2020.06.11-ний өдөр цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Уг тушаалуудыг тухайн үед нь М.Энхбаатарт танилцуулсан, зөвшөөрөхгүй байсан бол хуульд заасан хугацаанд гомдлоо гаргах боломжтой байсан, гаргаагүй. Тиймээс М.Энхбаатар бас давтан зөрчил гаргасан, энэ нь түүний ажлаас халах ноцтой зөрчил болсон байдаг. Иймд ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02383 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар М.Энхбаатарыг Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын ажлын албаны Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-аас 7,023,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Энхбаатарт олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Энхбаатарын дээрх олговроос шимтгэл тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Энхбаатар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-аас 127,326 төгрөгийг га ргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0025 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2019/02383 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,326 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйл 172.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг дүгнэхдээ: 1. Сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэх 2020.01.29-ний өдрийн Б20/02 дугаар тушаалтай М.Энхбаатар танилцсан, гэхдээ гомдол гаргаагүй гэж тайлбарласан. Харин 2020.06.11-ний өдрийн А/20/11 тоот сахилгын шийтгэл оногдуулах тушаалтай 2020.06.17-ний өдөр танилцаж, шүүхэд хандахаар бэлдэж байх явцад ажлаас чөлөөлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг дурдаад ...түүний гаргасан зөрчлүүдийг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй.

2. Ажлаас халах тушаалын үндэслэлд энэ талаар огт дурдаагүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл ажил олгогч ажилтан М.Энхбаатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалынхаа үндэслэх хэсэгт Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1 болон Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудыг үндэслэл болгож гэж маш тодорхой заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж маш тодорхой байгааг ямар үндэслэлээр ажлаас халж байгааг тодорхойлсон байсаар байтал тушаалдаа огт заагаагүй гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байж чадаагүй гэж үзэхээр байна.

Мөн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх зөрчлүүдийг М.Энхбаатарт танилцуулаагүй нь 2020.06.11-ний өдрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд М.Энхбаатар нь дээрх тушаалтай 2020.6.17-ны өдөр танилцсан, албан тушаалын үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулж, 2020 оны 6 дугаар сарын эхний цалин дээрээс нь суутгал хийсэн үйл баримт тогтоогдсон гэдгийг шүүх дүгнэсэн бөгөөд ажилтан М.Энхбаатар нь дээрх цаг хугацаанд цалин бууруулсан талаар ямар нэгэн гомдол огт гаргаагүй, маргаагүй дуугүй хүлээн зөвшөөрч байсан байдаг. Тэрчлэн энэ талаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ч ямар нэгэн шаардлага гаргаагүй байгаа нь сахилгын шийтгэл давтан гаргасан асуудалд гомдол гаргах эрхийг нь хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна гэж үзэхээр байна,

3. ...зөрчил гаргасан гэж үзэх цаг хугацаанд нэхэмжлэгч М.Энхбаатар нь өвчтэй байсан нь тогтоогдсон, гэж дүгнэн уг өвчтэй байсан гэх нөхцөл байдлыг Хэрэгт авагдсан 2020 оны 7 дугаар сарын цагийн бүртгэл, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн ИСНЭ-ийн эмнэлгийн магадлагаа, энгийн эмийн жорын маягт, М.Энхбаатарын магадлагааг 07 сарын 22-ний өдөр найз нь гэх өндөр хүн авчирч өгсөн гэх мэдүүлэг зэргээс үзвэл ...17-ны өдөөс 23-ны өдрийн хооронд бөөрний үрэвсэл оноштой өвчтэй байсан, энэ талаар н.Алтаншагайд мэдэгдсэн, эмнэлгийн магадлагааг хариуцагч МБҮА ТББ-ын нягтлан бодогчид 2020.07.22-ны өдөр найзаараа дамжуулан хүргүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх ойлголтод хамаарахгүй байна гэж үзлээ гэжээ.

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх дүн шинжилгээ хийхдээ хуульд заасан шалгуурыг хангаагүй, бүтцийн хувьд хуульд нийцээгүй, үйл баримтад дүгнэлт хийсэн байгаа нь анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмж, тайлбараас хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хэргийг нотлох ажиллагаа гэдэг нь хянан шийдвэрлэж буй хэрэгт хамааралтай болж өнгөрсөн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан хуульд заасан үндэслэл, журмын дагуу сэргээн, бодит үнэнийг тогтоох танин мэдэхүйн үйл явц бөгөөд хэргийг нотлох ажиллагааг шүүгч үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Хууль ёсны зарчим, Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, Шүүн таслах ажиллагааг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим, Хэргийг нотлоход шинжлэх ухаан, технологийн ололтыг бүтээлчээр ашиглах зарчим, Мэтгэлцэх зарчмыг удирдлага болгон зөвхөн хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтанд өөрийн дотоод итгэлээр үнэлэлт дүгнэлт хийх хууль ёсны ажиллагаа байдаг.

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэндийн сайдын Эмнэлгийн магадлагаа гаргах журамд заасан Энэ журмын 2.1.1-д заасан асуудлаар эмч дангаар магадлагаа гаргаж болох ба энэ тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна., Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна. гэсэн журмыг зөрсөн буюу эмчлэгч эмчийн өөрийн хувийн тамга, тэмдэг дарагдаагүй буюу эмч эмнэлгийн магадлагаа олгосон гэдэг нь тодорхойгүй магадлагааг буюу журам зөрчсөн магадлагааг үнэлсэн түүнийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна.

Мөн дээрх магадлагаа нь Эрүүл мэндийн сайдын 2019.12.30-ны өдрийн А/611 дүгээр тушаалын арван нэгдүгээр хавсралтаар хүчингүй болж Эрүүл мэндийн бүртгэлийн маягт АМ-8 болж өөрчлөгдөн шинэчлэгдсэн буюу хүчингүй маягт ашиглан олгосон магадлагаа байсан бөгөөд өвчтөн шүүх хурал дээр 2020.07.16-ны өдөр халуулсан, 17-ны өдөр эмнэлэгт үзүүлсэн гэж тайлбарладаг боловч 17-ны өдөр эмэнэлэгт үзүүлсэн гэдгээ нотлосон баримт шүүхэд ирүүлээгүй, магадлагаа дээр 2020.07.22-ны өдөр магадлагаа олгосон огноо байсаар байтал өөр ямар нотлох баримтыг үндэслэн 17-ны өдөр нэхэмжлэгч эмнэлэгт очсон өвчтэй байсан гэдгийг шүүгч яаж ямар нотолгооны хэрэгсэл, эсвэл гэрч бусад ямар нотлох баримтаар тогтоогоод байгаа талаараа шийдвэр магалдалд огт тусгаагүй нь шүүхийн шийдвэр, магадлал өөрөө хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл гэж үзэж байна.

Мөн энгийн эмийн жор гэх баримтанд жор олгосон эмч гарын үсгээ зурсан байх бөгөөд дээрх гарын үсэг эмнэлгийн магадлагаа олгосон, үзэж онош тогтоосон эмчийн гарын үсэг өөр өөр байх бөгөөд жорыг 2020.07.17-ны өдөр бичсэн огноотой байгаа нь эмчлэгч эмч 22-ны өдөр өвчтөнг үзсэн, харин эмчид үзүүлэхээсээ 5 хоногийн өмнө эмчилгээ эхэлсэн үйл баримт нь хоорондоо бие биеээ үгүйсгэсэн баримт бөгөөд мөн эмийн жор бичих журамд заасан жор бичсэн эмч өөрийн нэр, утас, хувийн тэмдгээ заавал дарсан байна гэсэн журмыг зөрчсөн буюу жор бичсэн эмчийн тэмдэг хэсэгт Амбулатори гэсэн дардас дарагдсан нь дээрх жор хууль бус гэж үзэх хангалттай үндэслэл болж байгаа нь дээр дурдсан шүүх хууль бус нотлох баримтыг хууль ёсны гэж үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхэд хуульд заасан шалгуурыг хангаагүй, бүтцийн хувьд хуульд нийцээгүй, үйл баримтад дүгнэлт хийн нотлох баримтын үнэн зөв байдал мэдээллийн эх сурвалжийн шинж чанар, цугларсан баримтын хоорондын уялдаа холбоо, нотлох баримтанд агуулагдаж буй мэдээллийн эх сурвалжийг шалгалгүй, бичмэл нотлох баримт буюу эмнэлгийн магадлагаа нь хууль буюу журмаар тавигдах шаардлага хангаагүй, эмчид үзүүлсэн огноо, магалдалгаа олгосон огноо, эмийн жор бичсэн өдрийн огноо зөрүүтэй зэрэг логик дэс дараалал алдагдсан, хүчингүй болсон маягтанд бичигдсэн нотлох баримтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримт гэж үнэлсэн нь хэргийн нөхцөл байдлыг тогтоох, эсвэл үгүйсгэх чадваргүй бөгөөд Энэ талаар Улсын Дээд шүүхийн Шүүхийн шийдвэрийн тухай 2006.04.24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.4 дэх заалтад заасантай нийцэхгүй байна гэж үзэж байна.

Иймд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ, Монгол Улсын Дээд шүүхийн хууль тайлбарласан тогтоолын агуулгыг буруу хэрэглэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий болж чадаагүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 02383 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.25-ны өдрийн 0025 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Нэхэмжлэгч М.Энхбаатар Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэстэй гэж үзлээ.

 1.   Монголын барилгын үндэсний ассиоциаци ТББ-ын гүйцэтгэх захирлын 2020.07.17-ны өдрийн А-20/14 тушаалаар Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хэлтсийн дарга М.Энхбаатарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, үүнтэй холбогдуулан нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудын барилгын тусгай зөвшөөрөл, гэрээг хугацаанд нь олгоогүй, чирэгдэл учруулж, тендерт оролцох боломжгүй нөхцөлийг үүсгэсэн зэрэг Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлүүдийг гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3., 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, ажлаас халах шийтгэл ногдуулжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ...тухай ажилтны гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэнэ.

 М.Энхбаатар нь өвчтэй байхад ажил тасалсан гэж үзсэн, ээлжийн амралттай хугацаанд тушаал гаргаж ажлаас халсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж, 35 дугаар зүйлийн 35.1.2.-т ээлжийн амралттай байгаа үед ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална гэж тус тус зохицуулжээ.

 Зохигчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8.2.-т хүндэтгэх шалтгаангүйгээр дараалсан, дараалсан бус байдлаар 2 хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон,

 Хөдөлмөрийн дотоод журмын 12.1.-д ажилтан ажилдаа ирэх, ажлаас тарахдаа цагийн бүртгэлийн машинд хуруугаа уншуулна, 12.2.-т ажилтан ГЗ-д урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр ажилдаа ирэхгүй байх болон ажлаас явах цагаа цагийн бүртгэлийн машинд хуруугаа уншуулаагүй, эсвэл цагийн бүртгэлийн хуудаст тэмдэглээгүй бол тухайн ажиллаагүй цагийг ажил тасалсанд тооцно, 12.5.2.-т ажил тарахаас өмнө ажлын байрыг орхин явсан бол ажил тасалсанд тооцно гэж тус тус заажээ.

 Нэхэмжлэгч М.Энхбаатар 2020.07.16-ны өдрийн үдээс хойш, 2020.07.17-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй талаар зохигч маргаагүй, гагцхүү ажил олгогч ажилтныг энэ хугацаанд ажил тасалж ноцтой зөрчил гаргасан гэж, ажилтан 16-ны үдээс хойш бие муудаж ажил дээрээсээ явсан, 17-ны өдөр өвчтэй байсан тул эмнэлэгт үзүүлсэн, энэ тухай эмнэлгийн магадлагаа байгаа гэж маргажээ.

 Анхан шатны шүүх шүүх М.Энхбаатарыг 2020.07.17-ны өдөр өвчтэй байсан нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон тул ажил тасалсан гэх ойлголтод хамаарахгүй, өвчтэй байсан үндэслэлээр аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээг гаргаж өгч чадаагүйг буруутгах боломжгүй, харин ямар хугацаанд дээрх зөвшөөрөл, гэрээг өгөх байсныг өгөлгүй хойшлуулсан нь тодорхойгүй, улмаар ямар байгууллага тендерт оролцох боломжгүй болсон нь тогтоогдоогүй тул ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохдоо хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн гүйцэд үнэлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

 Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

 Шийдвэр, магадлалыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдлоо.

 Ажил олгогч ажилтныг шалтгаангүйгээр 2020.07.16-ны үдээс хойш, 17-ны өдөр ажил тасалсан нь Хөдөлмөрийн гэрээний 2.8.2.-т заасан зөрчлийг гаргасан гэж үзэн 2020.07.17-ны өдрөөр тасалбар болгож хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 Ажилтан 2020.07.16-ны үдээс хойш ажлаас явахдаа ГЗ-д мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, цагийн бүртгэлийн машинд хуруугаа уншуулаагүй, цагийн бүртгэлийн хуудаст тэмдэглээгүй тул энэ өдөр ажил тасалсан зөрчил гаргасан талаар маргаагүй болно.

 Гагцхүү 2020.07.17-ны өдөр ажил тасалсан эсэх үйл баримтын талаар маргаж, мэтгэлцсэн байна.

 Хэрэгт нэхэмжлэгчийг 2020.07.17-ны өдрөөс 2020.07.23-ны өдрийг хүртэл өвчтэй байсныг нотолсон Эмнэлгийн магадлагаа авагдсан байх бөгөөд тус магадлагаа 2020.07.22-ны өдөр бичигдсэн, ажилтан өвчтэй тухайгаа 2020.07.19-ний өдөр хамт ажилладаг Алтаншагайд, 20-ны өдөр байгууллагын нягтланд утсаар мэдэгдсэн гэж тайлбарлажээ.

 Хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр 2020.07.17-ны өдөр ажилтан ажлын байрандаа байхгүй талаар үйлчлүүлэгчээс гомдол гаргасныг үндэслэн ажил олгогчоос болон хамт ажилладаг ажилтнуудаас нэхэмжлэгчтэй холбоо барихаар удаа дараа түүний гар утас руу залгасан боловч утсаа аваагүй, улмаар ажилтны шүүгээг эвдэж үйлчлүүлэгч нэр бүхий хуулийн этгээдийн барилын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, гэрээг гаргаж өгсөн, тухайн өдрийн ажлын цаг дуусахаас өмнө ажил олгогч ажилтанд хариуцлага тооцож, шийдвэр гаргасан, энэ тухайгаа тухайн өдрөө ажлын вайбер группээр мэдэгдсэн болох нь тогтоогджээ.

 Ажилтан Хөдөлмөрийн дотоод журмын 12.2.-т зааснаар өвчтэй улмаас ажилдаа ирж чадахгүй болсон, эмнэлэгт үзүүлэх шаардлагатай талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж зөвшөөрөл авах боломжтой атал энэ үүргээ биелүүлээгүй, тухайн ажлын бүтэн өдөр түүнтэй холбоо барихаар удаа дараа утас руу нь залгасан боловч холбогдоогүй тул түүнийг ажил тасалсанд тооцож, урьд өдрийн гаргасан зөрчилтэй нэгтгэж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 М.Энхбаатар нь 2020.07.20-ны өдрөөс ээлжийн амралтаа эдлэхээр Ээлжийн амралтын хуваарь гарсан байсан боловч ажил олгогч 2020.07.17-ны өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тул ээлжийн амралттай байхад ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2. дахь заалтыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.

 Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг ажилтанд 2020.07.23-ны өдөр танилцуулсан нь тус өдөр ажилтныг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 Ажил олгогч хэдийгээр ажилтныг урьд нь сахилгын шийтгэл хүлээж байсан, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлах боловч хөдөлмөрийн гэрээг цуцалсан А20/14 тушаалд энэ талаар дурдаагүй тул сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэхгүй гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 Түүнчлэн ажилтныг ажлаас халсан тушаалд заасан нэр бүхий хуулийн этгээдийн барилгын тусгай зөвшөөрөл, гэрээг хугацаанд нь олголгүй чирэгдэл учруулсан, тендерт оролцох боломжгүй нөхцөлийг үүсгэсэн гэх зөрчил нь ажилтан ажил тасалснаас учирсан үр дагавар тул эдгээр зөрчил нэг бүрчлэн нотлогдсон байхыг шаардахгүй, дээрх зөрчил нотлогдоогүй нь ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, М.Энхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/02383 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0025 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1., 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай М.Энхбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Учралгэрэлийн гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-аас 2021.02.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127,326 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Д.ЦОЛМОН

                              ШҮҮГЧИД                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                             Х.СОНИНБАЯР

                                                     Б.УНДРАХ

                                                                Х.ЭРДЭНЭСУВД