Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1308

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2018/0 1308

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдаанаар хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 04 дүгээр хороолол, 36а-85 тоотод байрлах, “Э”ХХК /2845717/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, алтан тэвш хороолол, АОС, 124 тоотод байрлах, “М” ХХК /5118115/-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр, алданги 616 021 886 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, алданги, НӨАТ-ын баримтын 321 151 072 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Зоригтбаатар, М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э”ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... “Манай “Э”ХХК нь цахилгаан дамжуулах шугам, даралттай зуух, дэд станцын угсралт засвар, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ зэргийг Эрчим хүчний яамны 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 874/17 дугаартай ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг хуулийн этгээд юм.

Манай байгууллага нь М ХХК-ийн захиалгаар Төв аймгийн нутаг дэвсгэрт 7 дугаар зөрлөг дэд станцаас өндөр толгой дэд станц Хүртэлх 26 км зайд 110кв цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил, 110/35/10кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 10 кв ил хуваарилах байгууламжийн угсралтын ажлыг тус тус гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн.

Талуудын хооронд дээрх ажил үйлчилгээг гүйцэтгэх талаар 2013 оны 08 сарын 25-ны өдрийн 02/13 тоот, 2014 оны 08 сарын 29-ны өдрийн 02/14 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүд тус тус байгуулагдаж байсан. Бид гэрээнд заасан ажил үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэж М ХХК-д хүлээлгэн өгсөн боловч захиалагч тал болон төрийн байгууллага хоорондын үл ойлголцлын асуудал, шийдвэр гаргах ажиллагаа удаашралтай байсан зэргээс шалтгаалан дээрх ажил, үйлчилгээг 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр улсын комисс хүлээн авч, 16/2017 дугаартай Эрчим хүчний барилга, байгууламжийг ашиглалтад оруулах тухай акт гаргасан юм.

Ийнхүү гүйцэтгэгч талын зүгээс үүргээ биелүүлсэн атал захиалагч тал төлбөрөө төлөлгүй элдэв шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн ба 2018 оны 09 сарын 12-ны өдөр тооцоо нийлэхэд хоёр гэрээний нийт үнийн дүн 1 138 327 юань байхаар харилцан тохиролцсон.

Манай байгууллагын зүгээс захиалагч талд үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлж, үүргээ гүйцэтгэх боломжит хугацааг хангалттай өгсөөр байхад төлбөр төлөх талаар санал санаачилга гаргахгүй, тодорхой үр дүнд хүрэхгүй байх тул арга буюу шүүхэд хандахад хүрээд байна. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан

1. 2013 оны 08 сарын 25-ны өдрийн гэрээний 3.4-т заасан 550 000 юанийн үлдэгдлийг тус гэрээний 7.1-д заасан гэрээний хариуцлагын дагуу хоног тутам 0.1 хувийн алданги тооцож 275 000 юань нийт 825 000 юань буюу 2018 оны 10 сарын 08-ны өдрийн Монгол банкны хаалтын ханшаар 306 454 500 төгрөг,

2. 2014 оны 08 сарын 29-ны өдөр байгуулагдсан гэрээний үлдэгдэл төлбөр 588 927 юань байх ба гэрээний 7.1-т заасан алданги 294 463 төгрөг нийт 883 390 юань буюу 328 144 049 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Иймд хариуцагч М ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 634 598 549 төгрөгийг гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ. /хх1-2/.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгасан тайлбартаа... “Э”ХХК нь 2013 оны 08 сарын 25-ны өдрийн 7 дугаар зөрлөг дэд станцаас өндөр толгой дэд станц Хүртэлх 26 км зайд 110кв цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 550 000 юань буюу 204 303 000 төгрөг, түүний алдангийг дараахь байдлаар нэхэмжилж байна. Дээрх ажлыг 2014 оны 08 дугаар сард дуусгасан боловч үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байсан тул М ХХК-д 2014 оны 11 сарын 26-ны өдрийн албан бичгээр мэдэгдэл хүргүүлсний дагуу захиалагч тал 2015 оны 01 сарын 29-ний өдөр 1 650 000 юанийг шилжүүлсэн.

2015 оны 09 сарын 08-ны өдөр Эрчим хүчний яамнаас мэргэжлийн комисс ажиллуулах тушаал гарсан бөгөөд уг тушаалын дагуу шалгалт явагдаж эхлэхэд хариуцагч нь 110 кв-ын шугамыг төрийн өмчлөлд шилжүүлэхгүй гэсэн маргаан гаргасан тул комисс хүлээн авах ажиллагаа хойшилсон юм.

Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч талаас үүргээ зөрчсөн, доголдол гаргасан зүйл байхгүй тул гэрээний 7.1-д заасны дагуу 2015 оны 09 сарын 08-ны өдрөөс алданги нэхэмжилж, алдангийн нийт үнийн дүн 594 000 юань буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрч байх тул  Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 275 000 юань буюу 102 151 500 төгрөг, нийт 306 454 500 төгрөг.

2. 2014 оны 08 сарын 29-ний өдрийн Өндөр толгойд шинэ 110/35/10 кв-н хүчдэл, 16МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 110кв-ын ил хуваарилах байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээний явцын үлдэгдэл төлбөр 305 577.96 юань, гэрээний үлдэгдэл 5 хувьд ногдох 282 750 юань, нийт 588 327.96 юанийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.

 Талуудын хооронд нэмэлт гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 2 дугаар зүйлд эрчим хүчний мэргэжлийн хяналт хүлээн авахын зэрэгцээ төвийн цахилгаанд холбогдсоны дараа үлдэгдэл бүх төлбөрийг бүрэн төлнө хэмээн заасан. Иймд 2 дугаар гэрээний үлдэгдэл төлбөр 588 327.96 юань буюу 218 540 304 төгрөг, 2015 оны 09 сарын 08-ны өдрөөс улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги 294 163.98 юань буюу 109 270 152 төгрөг, нийт 882 491.94 юань буюу 327 810 456 төгрөг.

Хоёрдугаар гэрээ буюу 2014 оны 08 сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний явцын үлдэгдэл 305 577.96 юань буюу 113 509 989 төгрөгөөс 18 243 070.16  төгрөгт нь 131.15 тонн цемент авсан байх тул нийт нэхэмжлэлийн шаардлагаас 18 576 663.1 төгрөгийг хасч, үлдэгдэл 616 021 886 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Анх гаргасан 634 598 549 төгрөгийн шаардлагыг 18 576 663.1 төгрөгөөр багасгаж, 616 021 886 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа...“М” ХХК-тай 2013 оны 08 сарын 25-ны өдрийн 02/13 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Манай компани нь М ХХК-ийн захиалгаар Төв аймгийн нутаг дэвсгэр 7 дугаар зөрлөгийн дэд станцаас Өндөр толгойн дэд станц хүртэл 26 км зайд 120 киловаттын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, гэрээний дүн 11.000.000 юань, ажил гүйцэтгэх хугацаа 4 сарын хугацаатай байсан. Гэрээний 2.2-т зааснаар захиалагч урьдчилгаа мөнгө шилжүүлснээр ажил эхэлсэнд тооцно гэж, 2.3-т захиалагчийн үйл ажиллагаанаас хамаарч ажил саатсан хугацааг гэрээний хугацаанаас хасч тооцно гэж гэж заасан байдаг.

Гэтэл  2014 оны 01  сарын 2-ны өдөр урьдчилгаа 40 хувь буюу 4.400.000 юанийг шилжүүлсэн. Энэ нь өвлийн улирал байсан учраас ажил гүйцэтгэх боломжгүй байсан тул 2015 оны хавар буюу 4 дүгээр сараас эхлээд 8 дугаар сард дуусгахаар болсон байгаа. Манай байгууллагын зүгээс 2014 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажлаа хийж гүйцэтгэсэн. Энэ нь дараагийн гэрээ 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсанаар нотлогдож байна.

2015 оны 08 сарын 29-ний өдөр дараагийн гэрээ байгуулагдаж, Налайх дэд станц буюу 16 мегаваттын чадалтай дэд станцын угсралтын ажлыг хийх, гэрээний үнэ 5 655 000 юань, ажлыг 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцсон.

Энэ гэрээний 2.3-т захиалагчийн нийлүүлэх тоног төхөөрөмжүүд дэд станц баригдах талбайд буусан өдрөөс гэрээт ажлыг эхэлсэнд тооцно, 2.4-т захиалагчийн үйл ажиллагаанаас хамаарч ажил саатсан хугацааг гэрээний хугацаанаас хасаж тооцно гэж заасан. Гэтэл  тоног төхөөрөмж нь 2014 оны 12 сарын 1-ний өдөр буюу өвлийн улиралд буусан байдаг. Энэ ажил маань улирлын чанартай ажил тул хавар эхэлсэн хугацаа буюу  2015 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Дээрх 2 ажлаар нэг цогц объектыг бий болгосон бөгөөд манай компаний зүгээс 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Эрчим хүчний яаманд техникийн комисс ажлуулах мэдэгдэл явуулж, 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр техникийн комиссын дүгнэлт гарсан.

Эдгээр үйл баримтаар “Э” ХХК нь тухайн цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэсэн гэдэг нь харагдаж байгаа юм.  Харин М ХХК нь барьсан байгууламжийг өөрийн өмчлөлд авах талаар маргаан үүсгэснээр комиссын дүгнэлт гарах хугацаа алдсан байдаг.

2 гэрээний 3 дугаар зүйлд төлбөрийн талаар зохицуулсан бөгөөд үлдэгдэл 5 хувийг захиалагч тал Эрчим хүчний хөгжлийн төвийн дансанд байршуулахаар заасан боловч М ХХК нь шилжүүлээгүй байгаа.

Мөн гэрээний 7.1-д захиалагч төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан.

Алдангийг 2015 оны 05 сарын 25-ны өдрийн техникийн комиссын акт гарсан өдрөөс тооцож нэхэмжилсэн.

Иймд 2013 оны 08 сарын 25-ны өдрийн гэрээний үлдэгдэл 5 хувь болох 550 000 юань, Иргэний хуулийн 232.4-т зааснаар алданги 50 хувиар тооцож 275 000 юань, нийт 825 000 юань буюу 306 454 500 төгрөг болж байна.  

2014 оны 08 сарын 29-ний гэрээний төлөгдөөгүй төлбөр болох  305 577.96 юань, гэрээний үлдэгдэл  5 хувь 282 750 юань, нийт 588 327.96 юань буюу 218 540 304 төгрөгийг төлөөгүй байна. 2015 оны 09 сарын 08-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги 294 163.98 юань буюу 109 270 152 төгрөг, нийт 882 491.94 юань буюу 327 810 456 төгрөг болж байна.  Үүнээс 131.15 тонн цементийн үнэ 18 243 070.16 төгрөгийг  хасч тооцоход 309 567 386 төгрөг болж байна. Нийт 616 021 886 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Гэрээний алдангид нийтдээ 309 333 315 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд гэрээгээр гэм буруугүй тул хугацаа хэтрүүлсэн гэх зөрчилд ногдох алданги төлөх үндэслэлгүй юм. Тухайлбал, 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний дагуу гэрээ байгуулагдмагц урьдчилгаа болгон 4 400 000 юанийг захиалагч төлж, урьдчилгаа орсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд уг ажлыг хийж гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл захиалагчийн урьдчилгаа 2014 оны 01 сарын 04-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш 4 сарын дараа “Э” ХХК-ийн дансанд орж, өвлийн улиралд ажил гүйцэтгэх боломжгүйн улмаас улирлын хугацаагаар ажил хойшилсон байдаг.

Мөн 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 02/14 тоот гэрээний дагуу тоног төхөөрөмж барилгын талбайд буусан өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд ажил гүйцэтгэх ёстой байсан боловч захиалагч нь 2015 оны 12 сарын 01-ний өдөр төхөөрөмж нийлүүлсэн тул 2015 оны 12 сарын 15-ны өдрийн албан бичгээр ажил гүйцэтгэх хугацааг хойшлуулан 2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн гүйцэтгэхээр тохирсон байдал зэргээр нотлогдож байгаа юм.

Дээрх 2 гэрээний ажлын үр дүнг 2017 оны 11 сарын 14-ны өдөр Улсын комисс хүлээн авсан шалтгаан нь мөн л захиалагчийн буруутай үйлдлээс болсон байх бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс 2015 оны 08 сар гэхэд бүх ажлаа дуусгаж, мэргэжлийн комисс ажиллуулахаар хүсэлт гаргаж байсан тул 2017 оны 11 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоног тутам нийт үнийн дүнгийн 0.5 хувийн хэмжээгээр алданги нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Ажил үйлчилгээний төлбөрт НӨАТ-ын баримтыг олгоогүй тул 11 817 957 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Гэрээний явцын төлбөрийг гэрээнд заасан гүйцэтгэлээс хамаарч төлөхөөр тохиролцсон боловч М ХХК нь тухай бүр 2-3 сараар хэтрүүлэн төлбөрөө төлдөг байснаас гадна үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байх тул дээрх төлбөрийг хасч суутгуулах боломжгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунтуяа  шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...

2 гэрээний барьцаа буюу 5 хувийн үлдэгдэл төлбөрийн тухайд: Манай компани нэхэмжлэлд дурьдсан 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний үлдэгдэл буюу баталгаат хугацааны барьцаа 5 хувийн төлбөр болох 550 000 юань болон 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний үлдэгдэл төлбөр буюу баталгаат хугацааны барьцаа 5 хувь болох 282 750 төгрөг нийт 2 гэрээний үлдэгдэл төлбөр 832 750 юань (Монгол банкны 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ханшаар нийт 309 333 315 төгрөг)-ийг гэрээний 3.4 дэх заалтын дагуу актаар хүлээлцсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаатай барьцаанд авч үлдэхээр харилцан тохиролцсон.

Мөн гэрээний 4.1 дэх заалтад “Гэрээт ажлын үр дүнг хүлээлцэхэд захиалагч, гүйцэтгэгч, Монгол улсын эрчим хүчний яамнаас томилсон ажлын комисс гэсэн 3 тал байлцаж хүлээлцэнэ” 4.5-д “баталгаат хугацааг ажлын үр дүнг хүлээлцсэнээс хойш тооцно” тус тус заалтын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор акт үйлдэж хүлээлцсэн. Нэг жилийн баталгаат хугацаа нь 2018 оны 11-р сарын 17-ны өдөр дуусах тул гэрээний дагуу хуваарьт төлбөрийг төлөх хугацаа болоогүй байгаа бөгөөд баталгаат хугацаа дууссаны дараа 2017 оны 11 дугаар сарын 17-ны өдрийн Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 16/2017 тоот актын 2.3-ын “б” хэсэгт заасны дагуу баталгаат хугацааг дуусгавар болгуулснаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзах зүйлгүй болно.

2. Нэхэмжлэлээр шаардаж буй 1 138 327 юаниас чанарын баталгаат хугацааны барьцаа болох 2 гэрээний нийт 832 750 юанийг хассан дүн буюу зөрүү болох 305 577, 96 юань буюу 113 732 500 төгрөгийн явцын үлдэгдэл төлбөрийн тухайд: бид 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрөө баталгаажуулж уг төлбөрийг бартер буюу 1 тонныг 143 000 төгрөгөөр тооцон цементээр төлөх санал тавьсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч 131,15 тонн цемент буюу 18 243 070,16 төгрөгийн цементийн татан авалт хийсэн байна. Үлдэгдэл төлбөрт цемент татан авалт хийх бүрэн эрх нь нэхэмжлэгч талд байгаа бөгөөд зөрүү 95 489 430 төгрөгийг төлөхөөс татгалзах зүйлгүй.

3. Алдангийн тухайд: 2 гэрээний нэг жилийн баталгаат хугацааны барьцаа болох 5 хувь буюу нийт 832 750 юань буюу 309 333 315 төгрөгийн тухайд баталгаат хугацааг барилга ашиглалтад хүлээж авах улсын комиссын актад зааснаар албан ёсоор дуусгавар болгоогүй байгаа буюу төлбөр төлөх хугацаа болоогүй байхад алданги тооцож нэхэмжилж байгаа нь гэрээний болоод эрх зүйн үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Зөрүү буюу 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний явцын үлдэгдэл төлбөр болох 305 577 юань буюу 114 208 380 төгрөгийн тухайд мөн бараа материалаар төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд барааг татан авах эрх нь нэхэмжлэгч талд байгаа бараагаа татан аваагүй нь бидний буруу биш тул мөн алданги болгон 211 532 726 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4. Бид гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлбөрөө цаг тухайд нь төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж ирсэн байтал нэхэмжлэгч “Э”ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний зүйлийг тус гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 4 сарын дотор буюу 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний зүйлийг тус гэрээний 2.3 дах хэсэгт заасны дагуу 1 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа хүлээлгэж өгөлгүй гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 7.2 дах хэсэгт заасан “гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох, торгууль нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй заалтыг үндэслэн 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний алданги буюу 5 хувь болох 550 000 юань буюу 204 303 000 төгрөг, 2014-08-29-ний өдрийн 02/14 тоот гэрээний ажил хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсний алданги буюу 5 хувь болох 282 750 юань буюу 105 030 315 төгрөг, нийт 2 гэрээний алданги 309 333 315 төгрөгийг бид төлбөрөөс суутган авах эрхтэй болно.

5. 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний 3.2-т “бүх ажил дууссаны дараа НӨАТын баримтыг захиалагчид хүргүүлнэ” заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” 11 дүгээр зүйлийн 11.1-т “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасныг тус тус үндэслэн 2 гэрээний нийт 16 655 000 юанийн үнийн дүнд НӨАТ-ын баримт өгөх ёстойгоос нийт 129 997 520,16 төгрөгийн ажил үйлчилгээний төлбөрт НӨАТ-ын баримтыг олгоогүй бөгөөд тус дүнгээр бид тайландаа тусгаж улсад төлснөөр 129 997 520,16 төгрөгт ногдох 11 817 957 төгрөгийн хохирлыг бидэнд учруулсан болно.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр бид нэхэмжлэгчийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагаас 321 151 272 төгрөгийг гэрээт ажлыг хугацаа хоцроосон алданги болон НӨАТ-ын хохиролд суутган авах эрхтэй. Иймд 2 гэрээний зүйлийг албан ёсоор баталгаат хугацаа дуусаагүй, төлбөр төлөх хугацаа болоогүй байгаа тул 2 гэрээний үлдэгдэл 5 хувь болох 832 750 юань болон 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний явцын төлбөрийг төлөөгүй нь хариуцагчаас шалтгаалаагүй тул манай компаниас алданги болгон нэхэмжилсэн 211 532 726 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна.           

Иймд нэхэмжлэлээр шаардаж буй 634 598 549 төгрөгөөс явцын төлбөрийн үлдэгдэл 101 914 551 төгрөгийг хангуулж, манайд учирсан хохирол, алданги болох 532 683 998 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү./хх/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн тайлбартаа...

“Эс” ХХК нь шугам татах болон дэд станц угсрах нийтдээ 2 ажил хийж гүйцэтгэсэн байна.

Шугам татуулах ажлын хувьд 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч 2014 оны 1 дүгээр сард урьдчилгаа төлбөр хийгдсэн гэж байгаа боловч 2017 оны 9 дүгээр сард 2 талын хийсэн тооцоо нийлсэн баримтад урьдчилгаа төлбөрөө 2013 оны 12 дугаар сард 4.400.000 юань хийгдсэн гэдэг нь харагдаж байна. Мөн гэрээнд зөвхөн “Эс” ХХК-иар ажил үүргийг гүйцэлдүүлэх, хажуугаар нь туслан гүйцэтгэх компани хийхгүй гэх хатуу нөхцөлийг дурдсан байсан боловч “Эс” ХХК гэрээгээ зөрчиж туслан гүйцэтгэх компанийг ажлуулсан төдийгүй урьдчилгаа төлбөрөө өгөөгүй тул ажил цалгардан хугацаандаа хийгдээгүй байдаг. Бид уг нөхцөл байдлыг цаашдаа шийдвэрлээд ажлыг түргэн шуурхай явуулахын тулд туслан гүйцэтгэгч байгууллагыг оролцуулахаар болж 3 тал хамтарсан хэлэлцээр байгуулсан. Ингэхдээ “М” ХХК-аас төлбөр мөнгийг нь туслан гүйцэтгэгч компанид шууд өгөхөөр болсон байдаг.

2 дугаарт нэхэмжлэгч тайлбарлахдаа 2014 оны 8 дугаар сард ажлаа дуусгасан гэж тайлбарлаж байгаа боловч, 2015 онд байгуулсан 3 талт гэрээнд 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шугам татах ажлыг дуусгасан гэх гэрээнд маш тодорхой байгаа. 2 тал өөрсдөө баталгаажуулаад гарын үсэг зурсан байдаг. Тухайн гэрээн дээр ажиллах хугацаа алдан хийсэн талаар маш тодорхой байгаа. Тийм учраас алданги тооцож байгаа нь өөрөө зүйд нийцэхгүй байна. Товчхондоо гэвэл “Эс” ХХК манай байгууллагатай гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэх байсан боловч цаг хугацаандаа ажлаа хийж гүйцэтгээгүй мөн захиалагч талын зөвшөөрөлгүйгээр туслан гүйцэтгэгч компанийг оролцуулсан өөрсдөө ямар ч үүрэг гүйцэтгээгүй байгаа. Манай зүгээс яах аргагаүй ажил үүргээ түргэвчлэх үүднээс төлбөр мөнгөө эхний ажил дуусаагүй байхад шилжүүлж байсан. Өөр арга байгаагүй. Энэ талаар холбогдох мэдэгдэл шаардлагыг тухай бүрт нь өгч байсан. Мөн техникийн комисс томилж байсан талаар хурлын протоколыг хараад үзвэл 2015, 2016 онуудад “Эс” ХХК нь ажлаа гүйцэтгэж дуусаагүй байсан талаар баримт байгаа. Ингэхээр “М” ХХК цаг тухайд нь мөнгөө шилжүүлээгүйгээс болж ажил удаашралтай байсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй байна.

Явцын төлбөр 305000 юан дээр манайхаас маргах зүйл байдаггүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ манай зүгээс 131.15 тн цементийг 1 тонныг нь 143000 нийлүүлсэн. Уг төлбөр нь 18.754.500 төгрөг болсон байгаа. Уг төлбөрөө явцын 305000 юанаасаа хасаад, мөн нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн /НӨАТ/ 7,8,11 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн ажил үйлчилгээ бараа бүтээгдэхүүнийг борлуулсан тухай бүрт нь НӨАТ-ын падан олгох ёстой гэсэн заалтаар гэрээ байгуулагдсан үеэр манайд нийт гэрээний үнийн дүнгээр падан бичилт олгох ёстой байсан. Гэхдээ хэсэгчлэн олгож явж байснаа эцэст нь 129.000.000 төгрөг дээр падан олгоогүй байгаа. Үүний буцаан олголт болох 11.817.957 төгрөгийн хохирол үүсч байгаа.

Ийм учраас НӨАТ-ын хохирол болох 11.817.957 төгрөг, цементийн үнийн дүн 18.754.500 төгрөгийг хасаад 82.937.982 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаад үлдсэн 533.804.304 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

Манай компани нэхэмжлэгч “Э”ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 02/13 тоот "Төв аймгийн нутаг дэвсгэрт 7-р зөрлөг дэд станцаас өндөр толгой дэд станц хүртэл 10 квт-ын 26 км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилгын ажлыг гүйцэтгүүлэх, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 02/14 тоот 110/35/10 КВ-ын хүчдэл, 16МВА чадалтай дэд станцын угсралтын ажлыг гүйцэтгүүлэхээр тус тус гэрээ байгуулсан бөгөөд

а) 02/13 тоот гэрээний зүйлийг тус гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу 4 сарын дотор буюу 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх байсан боловч 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээлгэн өгч гэрээнд заасан ажил хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 7.2 дах хэсэгт заасан “гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох, торгууль нь гэрээний үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй” заалтыг үндэслэн гэрээний нийт үнийн дүн 11 000 000 юанийн 5 хувь буюу 550 000 юань нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар 204 303 000 төгрөг,

b) 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний зүйлийг тус гэрээний 2.3 дах хэсэгт заасны дагуу 1 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч хугацаандаа хүлээлгэж өгөлгүй гэрээгээ зөрчсөн бөгөөд гэрээний 7.2 дах хэсэгт заасан “гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсэн хоног тутам гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцох, торгууль нь гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувиас хэтрэхгүй” заалтыг үндэслэн гэрээний ажил хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсний алданги буюу 5 хувь болох 282 750 юань буюу 105 030 315 төгрөг нийт 2 гэрээний алданги 832 750 юань буюу 309 333 315 төгрөгийг бид барьцаа буюу үлдэгдэл төлбөрөөс суутган авах эрхтэй болно.

Хэдийгээр гэрээнд бидний зөвшөөрөлгүй туслан гүйцэтгэгч авахыг хориглож, бүх ажлыг гүйцэтгэгч 100 хувь өөрөө хийж гүйцэтгэхээр хатуу заалттай байсан боловч гүйцэтгэгчййн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй хугацаа алдаж байсан тул бид арга буюу ажлын явцыг ахиулахын тулд туслан гүйцэтгэгч компани авахыг зөвшөөрч гуравдагч этгээдүүдээр гүйцэтгүүлж ажлыг дуусгасан.

2. 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээний 3.2-т “бүх ажил дууссаны дараа НӨАТ-ын баримтыг захиалагчид хүргүүлнэ заалт НӨАТ- хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” 8 дугаар зүйлийн 8.1.1-д “бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” 11 дүгээр зүйлийн 11.1-т “Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэж заасныг тус тус үндэслэн 2 гэрээний нийт 16 655 000 юанийн үнийн дүнд НӨАТ-ын баримт өгөх ёстойгоос нийт 129 997 520,16 төгрөгийн ажил үйлчилгээний төлбөрт НӨАТ-ын баримтыг олгоогүй бөгөөд нийт дүнгээр бид тайландаа тусгаж улсад төлснөөр 129 997 520,16 төгрөгт ногдох 11 817 957 төгрөгийн НӨАТ-ын авлагатай болно.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр хугацааны хэтрүүлсний алданги 309 333 115 төгрөг, НӨАТ-ын хохирол болох 11 817 957 төгрөг, нийт 321 151 072 төгрөгийг “Э”ХХК-аас гаргуулах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлээр шаардаж буй 634 598 549 төгрөгөөс сөрөг нэхэмжлэлээр шаардаж буй 321 151 072 төгрөгийг хасч суутган тооцуулж өгнө үү. /хх/

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э”ХХК хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр, алданги 616 021 886 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гүйцэтгээгүй үүргийн алданги, НӨАТ-ын баримтын 321 151 072 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтаар дараахь үйл баримтаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...2013 оны гэрээний урьдчилгаа төлбөрийг, 2014 оны гэрээний тоног төхөөрөмжийг хугацаанд нь шилжүүлээгүй. Төлбөр болон тоног төхөөрөмжийг шилжүүлсэн хугацаанаас гэрээний хугацааг тоолж, гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. 2 гэрээний үлдэгдэл 5, 5 хувь болон төлөгдөөгүй төлбөр болон төлбөрийг хугацаанд төлөөгүй тул техникийн комисс ажлуулсан өдрөөс алданги тооцож шаардах эрхтэй гэж,

Хариуцагч татгалзлын үндэслэлээ...Нэхэмжлэгч нь 2013, 2014 оны гэрээний ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй тул алданги нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. 2014 оны гэрээт ажлын явцын төлбөрийг маргахгүй, хүлээн авсан цементийн үнийг хасаж тооцно гэж маргаж байна. 

М ХХК, “Э”ХХК хооронд 2013 оны 08 сарын 25-ны өдөр 02/13 тоот гэрээгээр “Төв аймаг, Нийслэлийн Багахангай дүүргийн нутагт Өндөр толгойн дэд станцаас Төмөр замын 7 дугаар зөрлөг дэд станц хүртэлх 26 км 110 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил”-ыг,

2014 оны 08 сарын 29-ний өдөр 02/14 тоот гэрээгээр “ Багахангай дүүргийн нутаг, Өндөр толгойд шинээр 110/35/10кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 110 кв-ын ил хуваарилах байгууламжийн ажил болон үйлдвэрийг цахилгаанаар хангаж, тохиргоо хийх ажил”-ыг  хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна. 

Дээрх гэрээний захиалагч нь М ХХК, гүйцэтгэгч нь “Э”ХХК байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.  

02/13, 02/14 тоот гэрээний ерөнхий зүйлийн 2-т хоёр талын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч нь 02/13, 02/14 тоот гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн ажлын дүнг хүлээлгэн өгөх зорилгоор 2015 оны 04 сарын 21-ний өдөр Эрчим хүчний хөгжлийн төвд техникийн комисс томилон ажиллуулах хүсэлтийг явуулснаар Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 05 сарын 04-ний өдөр Техникийн комисс ажиллуулах тухай тушаалаар 2015 оны 05 сарын 25-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын ЭХХТ-115/11/2018 акт гарсан, 

улмаар Эрчим хүчний сайдын 2017 оны 08 сарын  22-ны өдрийн 101 тоот улсын комисс байгуулах тухай тушаалаар  2017 оны 11 сарын 14-ний өдрийн 16/2017 тоот  актаар хүлээн авсан байна. /хх/

Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлын үр дүнг 2017 оны 11 сарын 14-ний өдөр хүлээлгэн  өгсөн бөгөөд гэрээгээр тохирсон хөлс төлөхийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч тал гэрээнд заасан ажлыг 2015 оны 05 сарын 25-ны өдөр техникийн комисс ажлуулсанаар хүлээлгэн өгсөнд тооцож, 02/13 тоот гэрээний үлдэгдэл 5 хувь, 02/14 тоот гэрээний явцын төлбөр болон үлдэгдэл 5 хувьд тус тус гэрээний 7.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

02/13, 02/14 тоот гэрээний 4.1-т гэрээт ажлын үр дүнг хүлээлцэхэд захиалагч, гүйцэтгэгч, Монгол улсын Эрчим хүчний яамнаас томилсон ажил хүлээж авах ажлын комисс гэсэн 3 тал байлцаж хүлээлцэнэ гэж заасан бөгөөд гүйцэтгэгчийн хийсэн ажлыг Улсын комиссын 2017 оны 11 сарын 14-ний өдрийн 16/2017 тоот акт гарснаар тухайн ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна.

Талууд  2013 оны 08 сарын 25-ны өдрийн 02/13 тоот гэрээ, 2014 оны 08 сарын 29-ний 02/14 тоот гэрээг 2018 оны 10 сарын 08-ны өдөр дуусгавар болгож, дээрх 2 гэрээг дүгнэж, 02/13 тоот гэрээний үүрэгт 550 000 юань, 02/14 тоот гэрээний үүрэгт 588 327  юань  байхаар баримт үйлдэж, тооцоо нийлж эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талуудын дээрх тооцоо нийлсэн актаар хариуцагч нь 2 гэрээний үүрэгт нийт 1 138 327.96 юанийн үлдэгдэлтэй болох талаар хэн аль нь маргаагүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

Харин 2018 оны 10 сарын 08-ны өдөр дээрх 2 гэрээг гэрээ дүгнэхдээ төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хариуцлагын талаар тусгаагүй, энэ талаар бичгээр гэрээ байгуулаагүй  байх тул нэхэмжлэгч  анз шаардах эрхгүй гэж үзнэ. 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөхөөр заасан бөгөөд нэхэмжлэл гаргах үед 1 юань 371.46 төгрөгийн ханштай байсан байна.

Нэхэмжлэгч тал 02/13 гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 550 000 юань, алданги 275000 юань, нийт 825 000 юань буюу 306 454 500 төгрөг, 02/14 тоот гэрээний үүргийн үндсэн төлбөр  305 577 юань, үлдэгдэл 282 750 юань, нийт 588 927 юань, алданги 294 463 юань буюу 328 144 049 төгрөг, нийт 634 598 549 төгрөг нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 02/14 тоот гэрээний үүргээс 18 576 663 төгрөгөөр багасгаж, 2 гэрээний үүрэгт нийт 616 021 886 төгрөг гаргуулахаар шаардсан болно.

Иймд 02/13 тоот гэрээний үлдэгдэл 5 хувь болох 550 000 юань буюу 204 050 000 төгрөг, 02/14 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 305 577 юань буюу 113 369 067 төгрөг, 5 хувь болох 282 750 юань 104 900 250 төгрөг, нийт 422 319 317 төгрөгийн шаардлагаас цементийн үнэ 18 576 663 төгрөгийг хасч 404 076 247 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэлийн шаардлагаас алданги нэхэмжилсэн 211 945 639 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухай:

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ...02/13 тоот гэрээний ажлыг  гэрээгээр тохирсон 4 сарын хугацаанд, 02/14 тоот гэрээний ажлыг гэрээгээр тохирсон 1 сарын хугацаанд хийж гүйцэтгээгүй тул тус тусын гэрээний үнийн дүнгээс алданги тооцож 309 333 115 төгрөг, 129 997 520.16 төгрөгт ногдох НӨАТ-ын баримт олгоогүй тул хохирол болох 11 817 957 төгрөг, нийт 321 151 072 төгрөгийг шаардах эрхтэй гэж, нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ...хариуцагч нь гүйцэтгэсэн үүргээс алданги нэхэмжилснийг мөн НӨАТ-ын талаарх баримтгүй тул зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2/13, 2/14 тоот гэрээ нь тэдгээрийн хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн.

2013 оны 08 сарын 25-ны өдөр байгуулагдсан 02/13 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т захиалагч, санхүүжилтийг урьдчилгааг гүйцэтгэгчийн дансанд байршуулсан өдрөөс гэрээт ажлыг эхэлсэнд тооцно. Гэрээт ажлыг 4 сарын хугацаанд багтаан хийж гүйцэтгэж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр хоёр тал харилцан тохиролцов гэж,  гэрээний 3.4-т ажил эхлэхийн өмнө урьдчилгаа санхүүжилт нийт санхүүжилтийн 40 хувь буюу 4 400 000 юань шилжүүлнэ гэж тус тус заасан боловч 2018 оны 10 сарын 08-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 02/13 тоот гэрээний урьдчилгаа 4 400 000 юанийг 2013 оны 12 сард шилжүүлсэн байна.

02/13 тоот гэрээний ажил болох цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил нь улирлын чанартай буюу өвлийн цагт хийх боломжгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд тухайн ажлыг 2014 оны 04 сараас 2014 оны 08 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн байдал нь гэрээнд заасан хугацаанд хийсэн гэж үзэхээр байна.

2014 оны 8 сарын 29-ний өдрийн 02/14 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т захиалагчийн нийлүүлэх тоног төхөөрөмжүүд дэд станц баригдах талбайд буусан өдрөөс гэрээт ажлыг эхэлсэнд тооцож гэрээт ажлыг захиалагчийн нийлүүлэх тоног төхөөрөмж дэд станц баригдах талбайд бүрэн буусан өдрөөс хойш 1 сарын хугацаанд барьж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцов гэж заасан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэл болох гэрээ байгуулагдсан өдөр гэрээний зүйл болох тоног төхөөрөмжүүд талбайд буулгасан гэх үйл баримтаа нотлоогүй, энэ талаар татгалзаж буй нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй гэж үзнэ.

02/13 тоот гэрээний 3.2-т гэрээний нийт үнэ 11000 000 юань, бүх ажил дууссаны дараа НӨАТ-ын баримтыг захиалагчид хүргүүлнэ өгнө. 02/14 тоот гэрээний 3.2-т гэрээт ажлын нийт үнэ 5 655  000 юань. /НӨАТ орсон үнэ/.Гэрээт ажлын НӨАТ-ын баримтыг гэрээний төлбөр төлсөн удаа болгонд захиалагчид хүргүүлнэ гэж тус тус заасан байна.

2 гэрээний 7.2-т гүйцэтгэгч тал нь гэрээт ажлыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэн Захиалагч талд шилжүүлээгүй хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид нэмж төлнө. Нийт торгуулийн хэмжээ гэрээт ажлын өртөгийн 5 хувиас хэтрэхгүй байна гэжээ.

Хариуцагч тал  шүүхэд гаргасан тайлбартаа 02/13, 02/14  гэрээний алданги гэж нэхэмжилсэн боловч  түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулгаас үзэхэд 02/13, 2/14 тоот гэрээг хугацаанд гүйцэтгээгүй үүрэгт торгууль нэхэмжилсэн гэж дүгнэлээ. Торгуулийн талаар 2 гэрээний 7.2-т 5 хувь гэж тогтоосон байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, хуулийн 232.5-д үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль буюу гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ.

Талууд 2018 оны 10 сарын 08-ны өдөр 02/13, 02/14 тоот гэрээнүүдийг дуусгавар болгож, захиалагч нь 02/13 тоот гэрээний үлдэгдэл 5 хувь 550 000 юань, 02/14 тоот гэрээний үлдэгдэл 588 327 юань төлбөрийн үлдэгдэлтэй гэж тооцоо нийлсэн, энэ тооцоо нийлсэн актын талаар маргаагүй байна.  Харин 2018 оны 10 сарын 08-ны өдөр тооцоо нийлэхдээ 02/13, 02/14 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар анз тооцоогүй байх бөгөөд хуульд  зааснаар анзын гэрээг бичгээр байгуулаагүй байх тул шаардах эрхгүй байна.

02/13, 02/14 тоот гэрээний үнэ нь НӨАТ орсон үнэ бөгөөд гүйцэтгэгч нь 16 665 000 юанийн үнийн дүнд НӨАТ-ын баримт өгөхөөс 129 997 520 төгрөгийн бараа ажил үйлчилгээний баримт өгөөгүйгээс 11 817 957 төгрөгийг хохирол учруулсан гэжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээний татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, хуулийн 229.1-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлага болох “Э” ХХК нь 129 997 520 төгрөгийн баримт өгөөгүйгээс 11 817 957 төгрөгийн хохирол учирсан гэж байгаа боловч энэ талаарх бичмэл нотлох баримтыг хэрэгт авагдаагүй байна. Тодруулбал М ХХК нь гүйцэтгэгч талын гаргаж өгөөгүй гэх баримтыг Татварын албанд нөхөн төлсөн эсхүл төлөөгүйгээс тухайн компани татварын өр бүртгэгдсэн талаар баримт гаргасангүй.

 Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анзын гэрээг бичгээр байгуулаагүй, НӨАТ-ын нөхөн төлсөн гэх баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 404 076 247 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 211 945 639 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5-д зааснаар “Э”ХХК-д холбогдох 321 151 072 гаргуулах тухай М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 151/ШЗ2018/03382 тоот захирамж, мөн шүүхийн 2018 оны 11 сарын 06-ны өдрийн 151/ШТ2018/00064 тоот тогтоол нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 3 330 950 төгрөгийг, хариуцагчийн тэмдэгтийн төлсөн 1 763 706 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж,

Хариуцагч “М” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 2 180 782  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ЦОЛМОН