Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Мандалбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолтой Г.Мандалбаярт холбогдох эрүүгийн 1936000710098 дугаартай хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Мөөнэйхэн овогт Галаагийн Мандалбаяр нь Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Дуукар” гэх нэртэй газраас 2018 оны 11 сард зохих зөвшөөрөлгүйгээр ойд бургас, харгана бэлтгэж нийт 1470000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч Мөөнэйхэн овогт Галаагийн Мандалбаярыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Мөөнэйхэн овогт Галаагийн Мандалбаярыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн 1936000710098 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 52 см урттай төмөр сүх нэг ширхэг, 3 метр 75 см урттай олсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Мандалбаяраас 1470000 төгрөгийг гаргуулан Ховд аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн 100162300452 тоот дансанд шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.Мандалбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Мандалбаярт тайлбарлаж  шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Мандалбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь нэг талын мэдүүгийг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ховд аймгийн Ховд сумын улаан харгана гэх газарт амьдардаг иргэд ихэнх нь казак иргэд байдаг бөгөөд тэнд очиж нутаглан монгол иргэдийг зориуд хавчин, надад торгууль хүлээлгэсэн болно. Миний бие нөхөн төлбөр болох 1470000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч Г.Мандалбаярын давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Г.Мандалбаярыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна прокурорын санал болгосон 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. Уг гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно.Иймд шүүгдэгч Г.Мандалбаяраас гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Г.Мандалбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг  бүхэлд нь хянаж үзлээ.

  Шүүгдэгч Г.Мандалбаяр нь Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багийн нутаг дэвсгэр “Дуукар” гэх нэртэй газраас 2018 оны 11 сард зөвшөөрөлгүйгээр ойд бургас, харгана бэлтгэж нийт 1470000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд... Г. Мандалбаяр нь хууль бусаар нойтон харгана, бургас тасалж хашаа барьсан гэх хэргийн газарт үзлэг хийв. Үзлэгээр 14x8 метрийн харьцаатай харганаар гурван хана хашаа босгож барьсан байдалтай, хашааны бүсэлхий модонд барьсан болон бэлдсэн бургасыг тоолоход 50 ширхэг нойтон бургас мод тасалсан байв. Хашааны нөгөө талын хананд босгохоор бэлдсэн харгана газраар тайрч бэлдсэн байдалтай байсныг гэрэл зургуудаар үзлэгийн тэмдэглэлд тусгаж үзлэгийг дуусгав.

Үзлэгээр төмөр сүх 1, мод чирсэн гэх аргамж 1 ширхэгийг тус тус хурааж авав ... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хх-ийн 11-12 дугаар тал/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд... Ховд сумын Баруун салаа багийн “Элсэн тохой” гэх газар иргэн Г.Мандалбаярын гэрийн хажууд барьсан харгана, бургас модоор барьсан хашаанд хэмжилт хийж, үзлэг хийв. Хашааг ертөнцийн зүгээр хойд талаас нь хэмжихэд 14 метр 20 см, хашааны өргөний зүүн талаас нь хэмжихэд 8 см өргөнтэй байв.    Хашаа дотроо нэг тасалгаатай бургас, харганаар босгосон ханатай байв. Анх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд байснаас нэмж хашаа босгосон байгааг тэмдэглэлд тусгав. Үзлэгийг 4 кадр гэрэл зургаар батжуулав...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 13-15 дугаар тал/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллагын төлөөлөгч Ш.Ерболатын өгсөн... “ Экологи эдийн засгийн үнэлгээнд заасны дагуу учирсан бодит хохирлыг барагдуулж өгнө үү. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл алга байхгүй...." гэх мэдүүлэг /хх- ийн 24 дүгээр тал/

Гэрч К.Жарылхалбердийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай багийн Х.Хуатхан Т.Хавдал гэх иргэдээс удаа дараа гомдол ирсэн. Баруун салаа багийн Улаанхарганы хөл гэх газар Эрдэнэбүрэн сумын иргэн Г.Мандалбаяр Жаргалант сумын иргэн М.Олонбаяр нар нь олон тооны мал оруулж ирж тус газар дур мэдэн харгана бургас тасалж хашаа татсан гэх гомдол гарсан. Сумын бэлчээр хариуцсан мэргэжилтэн Ш.Дүрэмхаан бид хоёр нэгээс хоёр удаа мэдэгдэх хуудас өгсөн. Хашаа хороо татаж болохгүй бэлчээрийн асуудалтай холбоотой гэх мэдэгдэх хуудсыг өгч тус айлууд нь бод бог малаа гаргаад нүүсэн байсан. Гэтэл сая дахиад бод малаа аваад орж ирж тус газар харгана бургас тасалж хашаа барьсан асуудал гаргасан. Иймд хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

Гэрч Ш.Дүрэмхааны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... “Манай сумын Баруун салаа багийн нутаг Улаанхаргана гэх газарт өнгөрсөн жилээс хойш Эрдэнэбүрэн сумын Шураг багийн иргэд ирж зөвшөөрөлгүйгээр айлын өвөлжөөний газарт бууж дур мэдэн хашаа татаж удаа дараа мэдэгдэх хуудас өгсөн боловч бэлчээр чөлөөлөхгүй байгаа. Энэ жил дахиад Эрдэнэбүрэн сумаас болон Жаргалант сумаас хэдэн айл ирж бууж Улаанхарганаас нойтон харгана, бургас тасалсан Г.Мандалбаяр, М.Олонбаяр гэдэг айлуудад хариуцлага тооцуулахаар багийн дарга нь К.Жарылхапберди тус сумын цагдаагийн хэсэгт өргөдөл гаргасан. ...”гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/

Гэрч Ш.Айболын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Жаргалант сумын иргэн Г.Мандалбаяр нь “Элсэн хошуу’’, “Шунхат’’ гэх газарт харганаар өвсний хашаа барьсан байгааг очиж шалгасан. Харгана бол түгээмэл ургамал модны төрөлд хамаарна. Ойн тухай хуульд зааснаар нойтон мод огтлохыг хориглосон заалт байх нь байгаа. Харгана түгээмэл ургамал учраас байгаль экологийн хохирлын үнэлгээг  гаргуулж хохирол нь тогтоогдоно. Хууль зөрчсөн явдалд арга хэмжээ авах нь зүйтэй. Эдийн засгийн хувьд экологийн үнэлгээг нэг м3 модыг “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалыг” баримталж гаргана. Иргэн Г.Мандалбаярын тасалсан нийт харгана бургас нь ойролцоогоор 5-аас 6 м3 мод гарна... гэх мэдүүлэг/хх-ийн 28 дугаар тал/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол... Г.Мандалбаярын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан мөнгөлөг өнгийн нийт 52 см урттай төмөр сүх, цагаан өнгийн 3 метр 75 см урттай даавуун аргамжийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тогтоол... /хх-ийн 20 дугаар тал/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-37 дугаар тал/

Шүүгдэгч Г.Мандалбаярын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Манайх 2018 оны 11 сард Ховд аймгийн Ховд сумын Баруунсалаа багийн нутаг дэвсгэр “ Элсэн тохой” гэх нэртэй газар өвөлжиж байсан. Би 2018 оны 11 сарын 25-ны өдөр гэрийнхээ ойролцоогоос буюу “Дуукар” гэх нэртэй газраас харгана, бургас бэлтгэж оосорлож чирж гэрийнхээ гадна аваачиж малын хашаа барьсан. Би харгана, бургас бэлтгэхдээ өөрийн эзэмшлийн мөнгөлөг өнгийн төмөр сүхээр бэлтгэсэн. Харин бэлтгэсэн харгана, бургасаа оосорлож чирж гэртээ хүргэхдээ мяндсан аргамж ашигласан. Казакууд биднийг хавчиж байна. Монгол хүн монгол нутагтаа амьдарч чадахгүйд хүрч байна. Нөхөн төлбөрийг төлөх мөнгө байхгүй хэцүү байна ...гэх мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Мандалбаярыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тухайн хэрэгт хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Мандалбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл: Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх  тул шүүгдэгч Г.Мандалбаярын гаргасан давж заалдах гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Г.Мандалбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мандалбаярын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Г.Мандалбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                     М.НЯМБАЯР

 

                                                                                                    Н.ТУЯА