Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Батхуягт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Б.Батхуяг түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Г.Батзаяа, прокурор А.Анхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 128 дугаар шийтгэх тогтоолтой Б.Батхуягт холбогдох эрүүгийн 1836000490107 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Авжийнхан овогт Баастын Батхуяг нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр Богочийн 05-36 тоотод байрлах Б.Саруул-Эрдэнийн эзэмшлийн блокон хашаанаас 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хашааны блок, хаалга, төмөр шон зэргийг ХОҮ 23-67 дугаартай, портер маркын машин ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Авжийнхан овогт Баастын Батхуягийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Авжийнхан овогт Баастын Батхуягт 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Авжийнхан овогт Баастын Батхуягт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн 1836000490107 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжлэлээс 430000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1000000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3.4-т зааснаар шүүгдэгч Б.Батхуягаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 1500000 төгрөг гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Батхуяг түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Г.Батзаяа нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийгдэж хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй байхад шүүгдэгчид ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогчийн мэдүүлэгт үндэслэн блокны тоо, хэмжээ, үнэлгээ зэргийг гаргасан нь учир дутагдалтай юм.

            Мөн шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн мэдүүлэгт үндэслэн гарсан байна. Учир нь шүүгдэгч Б.Батхуягийн авсан эд зүйлүүд нь түүний хашаанд байгаа гэж мэдүүлсэн бөгөөд тухайн хашаа, шон зэргийг эд мөрийн баримтаар хураан аваагүй байхад тухайн эд зүйлүүдийн шинж чанар, хэмжээ, элэгдэл хорогдлийг хэрхэн тооцож үнэлсэн нь ойлгожмгүй, эргэлзээтэй байна. Мөрдөн байцаагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллах болон цагаатгах талын бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй байтал зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулахдаа хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Б.Батхуяг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.Батхуягт холбогдох хэргийг  хянан шийдвэрлэхдээ  мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Батхуяг нь Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэр Богочийн 05-36 тоот Б.Саруул-Эрдэнийн эзэмшлийн блокон хашаанаас 2018 оны 10 сарын 27-ны өдрөөс 11 сарын 01-ний өдрүүдэд хашааны блок, хаалга, төмөр шон зэргийг ХОҮ 23-67 дугаартай, портер маркийн машин ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь гэрч Т.Гандаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Манай Рашаант багийн 05-36 тоот хашааны блок, хаалга, шон зэрэг хулгайд алдагдсаныг 2018 оны 11 сар өөрийн хүү Б.Саруул- Эрдэнээс мэдсэн. Гурван тал хашаа байсан. Ногоон өнгийн төмөр гүйдэг дааман байсан...гэх мэдүүлэг / хэргийн 17 дугаар тал/

            Гэрч  Б.Нямжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2018 оны 10 дугаар сарын сүүлээр байх он сар өдрийг сайн санахгүй байна. Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн Богочийн пост руу өөрийн 32-85 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн верна аксент маркийн машинтайгаа явж байхад цаанаас цагаан өнгийн портер машин дээр тэвшний хэмжээгээр нь блок, ногоон өнгийн төмөр хаалга, хаалганы төмөр шон зэргийг ачаад явж байхаар нь гараа өргөж зогсоогоод уулзахад жолооч нь Маамчиг гэх хүн байсан. Тэр хүнээс ямар учиртай хаалга, блок зэргийг ачаад явж байгааг асуухад “ миний хашаа байгаа юм, хашаагаа буулгаад явж байна” гэж хэлсэн. Би хашааны гэрчилгээг чинь үзье гэхэд байгаа гэж байсан. Тэгээд би утасныхаа дугаарыг өгчих гэхэд 99928686 гэсэн дугаар өгсөн.

 Маамчиг гэх хүнтэй зүс үл таних хоёр залуу явж байсан. Хамт явсан хоёр залууг харвал таних байх...гэх мэдүүлэг / хэргийн 24 дүгээр тал/

Гэрч Ч.Отгонцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 10 дугаар сарын сүүлээр байх. Намайг зах дээр байж байгаад гэртээ харьсны дараа миний 88433766 дугаарын утас руу 99928685 дугаараас найз Б.Батхуяг/ Маамчиг хочтой/ залгаад “ маргааш блок ачмаар байна чи ачилцаад өг” гэсэн. Тэгээд маргааш нь 07 цагийн үед манай гэрт Маамчиг өөрийн цагаан өнгийн портер машинтай ирээд намайг аваад явсан. Тэгээд бид хоёр Сөүлийн гудамжнаас С.Батсүх гэдэг залууг аваад Богочийн постоос цааш яваад шинээр баригдсан хашаан дээр ирсэн. Тэндээс блок, хашааны шон, хаалга зэргийг ачаад Богочийн постын ойролцоо явж байхад цагаан өнгийн верна маркийн машинтай залуу таараад Маамчигаас “ хаанаас явж байгааг “ асуухад “ манай дүүгийн хашааны блок, шон, хаалга нураад дуусаж байгаа тул ачаад явж байна “ гэж хэлсэн. Өөрийн утасны дугаар болон машины дугаараа өгөөд аймгийн төв рүү орж ирсэн. Тэгээд Маамчигийн гэрт очоод блок, шон, хаалга зэргийг буулгасан Маамчиг манай найз юмаа. Би нэг удаа л хашааны блок ачиж өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 27-28 дугаар тал/

Гэрч С.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 10 дугаар сарын сүүлээр Б.Батхуяг ах над руу залгаад “ ажил хийх үү “ гэхээр нь ямар ажил юм, хэдээр хийх бэ гэхэд 20000 төгрөг өгье гэхээр нь зөвшөөрсөн. Намайг очоод авъя хаана байна гэхэд нь зах дээр байна гэхэд Х.Отгонцоожийн хамт ирээд намайг авсан. Богочийн пост өнгөрөөд шинэ баригдсан хашаан дээр очоод блокон хашаанаас блок ачаад, дээшээ эргээд 3 ширхэг шон, нэг хашааны гүйдэг хаалга ачаад буцаад явж байтал бид нартай суудлын жижиг машин унасан хүн таараад гараа өргөхөөр нь бид гурав зогссон. Б.Батхуяг бууж очиж уулзаад, буцаж ирээд бид гурав Б.Батхуяг ахынд очоод блок, шон, хаалга зэргийг буулгасан. Хашааг нь өрж өгсөн. Бид хоёрт хорь, хорин мянган төгрөг өгсөн. Энд манай нэг хашаа байгаа гээд ачуулсан. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би нэг удаа явсан. Өмнө нь явж байгаагүй. Б.Батхуяг өөрийн цагаан өнгийн 23-67 ХОҮ улсын дугаартай портер маркийн машинтай явсан. Бид гурваас өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 29 дүгээр тал/

 Эд зүйл үнэлсэн тухай тайлан ...хашааны дааман гүйдэг -1х400000 төгрөг, цементэн нүхтэй блок-1000х1000=1.000.000 төгрөг, хашааны төмөр шон 3х10000=30000 төгрөг нийт 1430000 төгрөг...гэх дүгнэлт / хэргийн 32 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч  Б.Батхуягт холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх бөгөөд шүүх  Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.   

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй  дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Батхуягийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Б.Батхуяг түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Г.Батзаяа нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Шийтгэх тогтоол гарснаас хойш шүүгдэгч Б.Батхуяг нь 34 хоног цагдан хоригдсоныг  эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батхуяг түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, Г.Батзаяа нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хойш давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Батхуяг нь 34 /гучин дөрвөн/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                     М.НЯМБАЯР

 

                                                                                                    Н.ТУЯА