Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00376

 

У.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  20-ны өдрийн 181/ШШ2017/02940 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Т Д- ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: У.М- нь Соёмбо даатгал ХХК болон Т Д- ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 3 сарын 20-ны өдрийн 199С1500682 тоот ажиллагсадын гэнэтийн осол болон эмчилгээний зардлын гэрээнд хамрагдаж даатгуулсан юм. У.М- нь 2015 оны 10 сарын 23-ны өдөр хөлөө хүндээр гэмтээж удтал эмчилгээ хийлгэж, эмчилгээ хийлгэх хугацаандаа даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр буюу эмчилгээний зардалд 5 325 800 төгрөгийг Т Д- ХХК-аас нэхэмжилсэн боловч учирсан гэмтлийг хуучин гэмтэл гэдэг хууль бус үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан бөгөөд хорооноос 2016 оны 03 сарын 09-ний өдөр Ж.Мөнхбаатарын даатгалын нөхөн төлбөрийг гарсан хохирлын хэмжээгээр Т Д- ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Т Д- ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг өдий хүртэл биелүүлэхгүй хохироож байна. Иймд даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөгийг Т Д- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Соёмбо даатгал ХХК, Т Д- ХХК-ийн хооронд 2015 оны 03 сарын 20-ны өдөр 199С1500682 дугаартай даатгалын гэрээ /гэнэтийн ослын, эмчилгээний зардлын/-г мөн өдрөөс эхлэн 2016 оны 3 сарын 19-ний өдөр дуусах хугацаатайгаар байгуулсан бөгөөд гэрээний 1.1.6-д зааснаар гэрээ эзэмшигч нь Соёмбо даатгал ХХК, харин 1.1.7-д зааснаар даатгуулагч нь гэрээ эзэмшигчтэй хөдөлмөрийн гэрээтэй түүний удирдлага дор ажилладаг ажилтнуудыг ойлгоно гэж заасан.  

У.М- нь анх Мөнгөн гүүр эмнэлэгт 2015 оны 10 сарын 23-ны өдөр MRI шинжилгээ хийлгэж улмаар 2015 оны 10 сарын 26-ны өдөр тус эмнэлэгт 2015.07.20-ноос 2015.10.31-ний хооронд гэрээгээр ажиллаж байсан БНСУ-ын Мүн Жи Ёо эмчид үзүүлсэн бөгөөд эмчээс У.М-ын гэмтэл нь "3 жилийн өмнөх гэмтэл болох тухай болон дунд давхаргын жийрэг үе дундах буюу нөхөн сэргээх мэс засал" хийлгэх тухай дүгнэлт гаргаж, түүнийг тус эмнэлгийн мэс заслын эмч Оюунбаяртай уулзахыг зөвлөсөн байдаг. Энэ нь даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн даатгалд хамрагдахгүй ерөнхий нөхцөлүүдийн 7.1.4-т заасанд хамаарч байсан тул даатгагчийн эрсдлийн дэд хорооноос 2015 оны 12 сарын 30-ны өдрийн АН/4178 дугаартай даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг гаргасан. Энэ тухай Соёмбо даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Баттулгад 2016 оны 01 сарын 04-ний өдрийн 16/01 албан бичгээр мэдэгдсэн.

Хорооны зүгээс даатгалын тохиолдлыг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд бүрэн хянаж, шалгаж үзэлгүйгээр 9/690 дугаартай актыг гаргасан нь даатгагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шийдвэр нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй гэж үзэн хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд асуудлыг дахин хянаж шалгуулах, хуульд заасан шаардлага хангасан шийдвэр гаргуулах тухай гомдлоо Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу Хорооны дэргэдэх хяналтын зөвлөлд мөн Хорооны даргад тус тус гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг тус тус баримтлан "Т Д-" ХХК-аас 5 325 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.М-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 162 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Т Д-" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн 100 162 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.М-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх  даатгалын тохиолдол мөн эсэхийг  бүрэн дүүрэн, нарийвчлан судалж үзэлгүй шийдвэр гаргасан. Даатгалын гэрээ байгуулахаас өмнө байсан гэмтлээ эмчлүүлэх төлөвлөгөөтэй эмнэлэгт үзүүлж, мэс засал хийлгэсэн. Нотлох баримтууд болон хүний эрүүл мэндэд үүссэн гэмтлийн суурь, анхдагч шалтгааныг бүрнээр нь харж, үйл явдлын логик дараалалд зөв үнэлэлт өгөлгүйгээр шууд дүгнэлт, шийдвэр гаргасан, хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй. У.М- нь хуучин гэмтлээ үзүүлэхээр 2015/10/23-ний өдөр очиж үзүүлсэн байх боломжтой. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.Шинэ гэмтэл байсан гэсэн шүүхийн дүгнэлт нь Мөнгөн Гүүр эмнэлэгт гэрээгээр ажиллаж байсан Мү Жи Ён эмчийн тавьсан оношоор няцаагддаг.

Гэмтэл нь хэзээ ямар, шалтгааны улмаас үүссэн болох, даатгуулагчийн хэрэгт авагдсан урьд нь тухайн эд эрхтэндээ гэмтэл хоёр ч удаа авч эмчилгээ хийлгэж байсан нь  шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтээр хоёр ч удаа тогтоосныг харгалзан үзээгүй.  Даатгалын тухай хуулийн 8.1 дэх хэсгийг буруу хэрэглэж даатгалын үнэлгээнээс давсан хохирол олгох шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч У.М- нь хариуцагч Т Д- ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 5 325 800 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч даатгалын гэрээ байгуулахаас өмнө үүссэн хохирлыг даатгагчаас нууж материал бүрдүүлсэн гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2017/007798 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн багийг 5 шинжээчийн бүрэлдхүүнтэйгээр томилсон. Тус байгууллага нь У.М-ын биед учирсан гэмтэл, бусад асуудлыг тогтооход КТГ-ын зургуудыг Эрүүл мэндийн яамны харьяа Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэжилтнээр уншуулж саналыг авсаны дараа дүгнэлт гаргах боломжтой гэсэн хариуг шүүхэд ирүүлжээ. /хх-186-189, 193/

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материал гаргаж ирүүлэхийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс хүсэх эрхтэй боловч тухайн тохиолдолд дурангийн мэргэжилтэн компьютер томографийн зургуудыг уншаад хариу гаргах нь нэмэлт материалын агуулгатай биш юм. Хэрэв шинжилгээ хийхэд шинжээчийн тусгай мэдлэг хүрэлцэхгүй байвал Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар шүүх өөр өөр мэргэжлийн шинжээчдийн бүрэлдхүүнтэйгээр шинжилгээ хийлгэх эрхтэй юм.

 

Гэтэл хэргийн 1 дүгээр хавтасны 195 дугаар талд анхан шатны шүүх дээрх асуудлыг шийдвэрлэхгүйгээр, Эрүүл мэндийн яамны харьяа Дүрс оношилгооны салбарт албан бичиг хүргүүлж, шинжээчийн дүгнэлт гаргахыг шаардаж, шинжээч томилсон шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 008681 тоот захирамжид нэр заагдаагүй, томилогдоогүй этгээдэд дүгнэлт гаргахыг албан тоотоор үүрэг болгосон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлүүдэд нийцэхгүй байна. 

 

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана” гэснийг зөрчжээ.

 

Хуульд заасан журмын дагуу буюу шүүгчийн захирамжаар томилогдоогүй Эрүүл мэндийн яамны харьяа Дүрс оношлогооны мэргэжлийн салбар зөвлөлийн эмч Б.Эрдэнэбулганы дүгнэлтийг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 975 дугаар шинжээчийн дүгнэлт гарсан байна. /хх- 200-201/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхад дээрх дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй.  

 

            Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох нь шүүх хуралдааны бэлтгэл хангах шүүгчийн ажиллагаа юм.

 

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагчийг албажуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хэргийн 194 дүгээр талд “дүрс оношилгооны мэргэжилтэнг шинжээчдийн багт оруулж өгөхийг” нэхэмжлэгч тал хүссэн байхад уг хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрсөн зөрчилд хамаарч байна.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  20-ны өдрийн 181/ШШ2017/02940 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Т Д- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 162.80 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                               Ш.ОЮУНХАНД