Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00378

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02866 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: АТҮТ- ТӨААТҮГ-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, Н.Золжаргал, Ц.Майбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ц-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ц- нь АТҮТ- ТӨААТҮГ-т анх Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын алба нэртэй байх үеэс буюу 2011 оноос бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж, 2016 оны 2 дугаар сараас орон нутгаас шилжин ирж бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. АТҮТ- ТӨААТҮГ-ын захирлын 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалд Б.Ц-ийг ажлаас чөлөөлөх үндэслэлийг бичээгүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тусгасан. Орон тоо хасагдсан, үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийсэн гэж байгаа боловч миний ажиллаж байсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрыг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс болгож нэрийг өөрчилсөн ба түүний чиг үүрэг, орон тоонд өөрчлөлт оруулаагүй, зөвхөн тухайн нэгжийг газар байсныг нь хэлтэс болгож өөрчилсөн боловч тухайн чиг үүргийг  хариуцсан нэгжийн бүртгэлийн мэргэжилтний чиг үүрэг хэвээр үлдсэн. Гэтэл шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн гэсэн ажлын байр байхгүй болсон гэж үзэн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй. Тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус бөгөөд ажилтны хөдөлмөрлөх үүргийн ноцтой зөрчсөн. Тухайн ажлын байранд хариуцагч байгууллага өөр хүнийг авч ажиллуулж байгаа бөгөөд дээрх тушаалыг надад албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авах талаар тус газрын даргын өрөөнд орж уулзахад эргүүлэн ажилд авна, түр хүлээж бай гээд явуулдаг байсан. Дээрх тушаал гарснаас хойш 5 сар гаруй хугацаа өнгөрсний дараа эргүүлэн ажилд авах боломжгүй юм байна гэж үзэн ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авах талаар амаар шаардлага тавьснаар  тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байсан тул арга буюу шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Өмнө нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тухайн шүүхэд гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 09911 дугаар захирамж, мөн шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2017/10600 дугаар захирамжаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Иймд АТҮТ-ийн шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулууны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: АТҮТ-ийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. АТҮТ-ийн захирал тухайн хэлтсийн ажилчдынхаа бүтэц зохион байгуулалтын жагсаалтыг гаргасан. 2016 оны 9 сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүртгэлийн мэргэжилтэн 30 хүний орон тоотой ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 27 болгож цөөрсөн.  Өмнө Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар нь 41 хүний орон тоотой ажиллаж байсан. Дотор нь бүртгэлийн архив лавлагааны тасаг гээд 13 хүний орон тоотой. Бүртгэлийн лавлагааны тасаг нь бие даасан байдлаар салаад Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэсэг гэсэн нэр томьёотойгоор 36 орон тоотой ажиллаж байгаа. Нийт архивтайгаа нийлээд орон тоо 54 байсан. Бүртгэлийн шилжилт хөдөлгөөн импортын бүртгэлийн хэлтэс нь өөрөө 34 орон тоотой байж байгаад дарга, хэлтсүүд нэгтгэгдээд 36 орон тоо болж байгаа. Гэхдээ энд салсан байдлаар газрын дарга, бүртгэлийн ахлах мэргэжилтэн, бүртгэлийн хяналтын мэргэжилтэн, бүртгэлийн хяналт статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн гэдэг 7 хүний орон тоо бол бүртгэлийн хэлтэстэй нэгтгэгдэж орж ирсэн. Энэ нь өөрөө 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/77 тушаалын хавсралтаас бүрэн харагдаж байна.  Энэ үүднээс бүртгэлийн мэргэжилтэн гэдэг орон тоо нь 30 хүн байснаас 27 хүн болж 3 хүний орон тоогоор буурсан. Үүнтэй холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ц-д мэдэгдлийг өгсөн.  Б.Ц- мэдэгдлээ хүлээж авснаас хойш 30 хоног өнгөрүүлж, шинэ жил тохиож байгаатай холбогдуулаад шинэ жилд оролцуулж, 2017 оны 01 сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн учраас ажлаас чөлөөлж байгааг Б.Ц- өөрөө мэдэж байсан. Үнэхээр ажлаас чөлөөлсөнд  гомдолтой байсан бол 2017 оны 01 дүгээр сарны 03-ны өдрийн ажлаас чөлөөлөхөд ажил хүлээлцээд, тэтгэмжээ авахгүй байсан. Төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний газрын дүрмийн 6.10.7, 6.10.12-т заасны дагуу захиралд халж чөлөөлөх бүрэн эрх нь олгогдсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Ц-ийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц- нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үздэг. Гэтэл тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан үндэслэлүүдийн яг алийг нь баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж буй нь тодорхой бус. Хариуцагч талаас нэхэмжлэлийг гардан аваад шүүхэд гаргасан тайлбартаа "орон тоог цөөрүүлсэн" талаар л дурьдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан 3-н үндэслэл бүгд хамаарахаар байгаа нь ойлгомжгүй байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 сарын 20-ны №08 дугаартай тогтоолоор "АТҮТ-" ТӨААТҮГ-ын захирлаар Дэлгэрнаранг томилсон байдаг боловч Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д заасан "ажлын 15 өдрийн дотор" гэх хуулийн хугацаанд бүртгэлийн байгууллагад хуулийн этгээдийн удирдлагад орсон өөрчлөлтийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байдаг ба 2017 оны 6 сарын 15-ны өдөр Дэлгэрнаранг захирлаар улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгүүлсэн. Энэ нь эрх олгогдоогүй этгээд буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй субьект Б/32 тоот тушаал гаргасан нь тогтоогдож байна. Мөн Б/32 тоот тушаалд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 9 сарын 29-ний одрийн №55 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт "АТҮТ-" ТӨААТҮГ-ын шинэчилсэн дүрэм буюу хүчин төгөлдөр бус дүрмийг үндэслэн тушаал гаргасан байдаг. "АТҮТ-" ТӨААТҮГ-ын дүрмийн 2016 оны 09 сарын 29-ний өдрийн шинэчилсэн найруулга нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдээгүй байхад "хүчин төгөлдөр" гэж үзэн Б/32 тоот тушаалд баримталжээ. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дах хэсэгт зааснаар ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаапд ажиллуулах үүргийг хүлээдэг ба "АТҮТ-" ТӨААТҮГ нь уг үүргээ хэрхэн биелүүлсэн нь ч тодорхойгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ц- нь хариуцагч АТҮТ- ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу гардуулсан, нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны тэтгэмжээ авсан, тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нь АТҮТ- ТӨААТҮГ-ын шилжилт хөдлөгөөн импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөгдсөн байна.  /хх-29, 36/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн 3 үндэслэл заасан байдаг бөгөөд орон тоог цөөрүүлсэн нь бодитой эсэх, уг цөөрүүлсэн орон тоонд нэхэмжлэгч ямар шалгуураар хамрагдсан нь тодорхойгүй, энэ талаар зохигчдын хооронд тодорхой мэтгэлцсэн гэж үзэхээргүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарах ёстой юм.

 

Орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгох бөгөөд хариуцагч байгууллагын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/277 дугаар тушаалаар бүртгэлийн мэргэжилтний 3 орон тоо ямар үндэслэлээр хасагдсан, ямар үндэслэлээр Б.Ц-ийг чөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад маргааны үйл баримтын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллагын орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөс өмнөх болон дараагийн тушаалууд, тэдгээрт заагдсан холбогдох албан тушаалын ажлын байрны тодорхойлолт хэрэгт байхгүй байхад орон тоо бодитой хасагдсаныг харьцуулан дүгнэх боломжгүй болжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2017/02866 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                            

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                                Ч.ЦЭНД

                                                                                                    Ш.ОЮУНХАНД