| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Банзрагч |
| Хэргийн индекс | 128/2016/0567/З |
| Дугаар | 201 |
| Огноо | 2017-05-29 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 201
Ц.Амарсайханы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн өмгөөлөгч Г.Чинбат нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0196 дугаар магадлалтай, Ц.Амарсайханы нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Амарсайханы “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхарын 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Ц.Амарсайханыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг миний нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0196 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... “Мфикскапитал” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Blue sky” хотхоны 44В байрны зоорийн давхарын 92, 93 тоот авто зогсоолуудын өмчлөгчөөр Ц.Амарсайханыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг миний нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага...” гэснийг “...”Мфикскапитал” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013883, Ү-2206013884 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000098074, 000098075 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Блю скай” хотхоны 44В байрны гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, дээрх авто зогсоолуудыг Ц.Амарсайханы нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” шаардлага...” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хасч, “3, 4, 5” дахь заалтын дугаарыг “2, 3, 4” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар барьцааны зүйл нь ирээдйүд бий болох хөрөнгө байж болно гээд иргэн Ц.Амарсайханы өмчлөлийн 44В байрны 92, 93 тоот авто зогсоолуудыг “Мфикс капитал” ХХК, “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн барьцааны гэрээ” болон “Файндеко” ХХК, “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-гээр барьцаалагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь:
1. 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний дагуу ирээдүйд бий болох хөрөнгө буюу 205 авто зогсоолыг барьцаалан “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан ба дээрх гэрээнд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсны дараа “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулахаар заасан байдаг.
Ингээд “Мфикс капитал” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 44А, Б, В, Г байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулсан. Улмаар “Мфикс капитал” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу авсан зээл болон хүүг 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан атал давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” гэх заалтыг баримталсангүйд гомдолтой байна.
Гэтэл иргэн Ц.Амарсайхан нь “Мфикс капитал” ХХК-тай 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээний үүргээ 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн биелүүлж, төлбөр тооцоог барагдуулсан байх буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Зээлийн барьцааны гэрээ” дуусгавар болсны дараа, “Капитрон банк” ХХК-ийн 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн барьцааны эрхээс өмнө үүссэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тодорхой байна. Иймд давж заалдах шатны шүүх “Капитрон банк” ХХК-ийн барьцааны эрх цаг хугацааны хувьд нэхэмжлэгч Ц.Амарсайханы өмчлөх эрхээс өмнө үүссэн гэж дүгнэж буй нь буруу юм. Зүй нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын татгалзлын үндэслэл болж буй барьцааны гэрээний бүртгэлийн асуудалд дүгнэлт хийхдээ дээрх үйл баримтад анхаарал хандуулж шийдвэрлэх ёстой байсан.
Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд.
1. Давж заалдах шатны шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д заасныг тус тус үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаана”, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заасан байдаг.
Иймд дээрх хуулийн 14.1.9-д заасан “өмнө бүртгэгдсэн эрх” гэдэгт “Мфикс капитал” ХХК-ийн авто зогсоолуудын өмчлөх эрхийн бүртгэлийг ойлгох бөгөөд уг хуулийн 3 дугаар зүйлд заасан барьцааны эрхийн бүртгэлийн хэсгийг 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг хүчингүй болгосон юм. Гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК нь өмчлөх эрхийн бүртгэлийг иргэн Ц.Амарсайханы нэр дээр бүртгэхэд татгалзах зүйлгүй талаар удаа дараа тайлбар гаргаж, хүлээн зөвшөөрч энэ талаар гарсан шүүхийн хүчин төгөлдөр захирамж байсаар атал анхан болон давж заалдах шатны шүүх “Капитрон банк” ХХК-ийн барьцааны эрхийн бүртгэлийг үндэслэж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагч байгууллагын үйлдлийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн магадлалдаа “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “... хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлийг заавал авсан байх” гэснийг баримтлан иргэн Ц.Амарсайханыг “Капитрон банк” ХХК-аас зөвшөөрөл авч, бүртгүүлэх боломжтой гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Гэтэл иргэн Ц.Амарсайханы өмчлөх эрхээс хойш бий болсон, нэхэмжлэгчийн хууль ёсны зөвшөөрлийг авалгүйгээр хийгдсэн “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаалагч этгээд болох банкийг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд”-д хамааруулж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд “Капитрон банк” ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэх асуудал, өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх нь хүчин төгөлдөр байх эсэх асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.
Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхээр гаргасан иргэний мэдүүлгийг хуульд заагаагүй үндэслэлээр буюу Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.9-ийг баримтлан, хариуцагч байгууллага татгалзаж байгаа нь буруу байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
“Мфикс капитал” ХХК нь 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Капитрон банк” ХХК-тай Т07/141 тоот Зээлийн гэрээ, “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд барьцаа хөрөнгөд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Америк сургуулийн урд талд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтэц, 205 автомашины гараж болон бусад хөрөнгийг барьцаалжээ.
Гэрээний талууд 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дээрх 2007 оны Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээг шинэчлэн байгуулахдаа барьцаа хөрөнгөд 44А, Б, В, Г байрны автомашины зогсоолыг барьцаалсан байх бөгөөд түүнд нэхэмжлэгчийн маргаж буй “Хөх тэнгэр” хотхоны 44В байрны зоорийн давхарт байрлах 92, 93 тоот автомашины зогсоолууд орсон байна.
Нэхэмжлэгч Ц.Амарсайханы хувьд 2008 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Мфикс капитал” ХХК-тай 145 дугаар “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан нь цаг хугацааны хувьд “Капитрон банк” ХХК-ийн барьцааны эрх үүссэнээс хойш байна. Өөрөөр хэлбэл, “Мфикс капитал” ХХК нь автомашины зогсоолуудын /дуусаагүй барилгын/ өмчлөгч байх үедээ буюу нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө 2007 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Капитрон банк” ХХК-ийн барьцаанд тавьсан байна.
Иймд “иргэн Ц.Амарсайханы өмчлөх эрхээс хойш бий болсон, нэхэмжлэгчийн хууль ёсны зөвшөөрлийг авалгүйгээр хийгдсэн “Капитрон банк” ХХК болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаалагч этгээд болох банкийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд”-д хамааруулж, шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
Харин “...“Мфикс капитал” ХХК нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулсан, улмаар уг гэрээний дагуу авсан зээл болон хүүг 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулсан атал давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” гэх заалтыг баримталсангүйд гомдолтой байна” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын үндэслэлийн тухайд: 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээ нь Капитрон банк болон “Файндеко” ХХК-ийн хооронд 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан ТО7/252 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний барьцаанд “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан 44В байрны Ү-2206008714 дугаартай 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг давхар барьцаалсан байдаг /Хэргийн 1 дүгээр хавтас, 222-223 дахь тал/. Энэхүү гэрээний зээл болон хүүг 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлж барагдуулсан тухай Капитрон банкны албан бичиг нь “Файндеко” ХХК-д хамааралтай болохоос бус “Мфикс капитал” ХХК-д хамааралгүй болохыг /Хэргийн 1 дүгээр хавтас, 82 дахь тал/ тэмдэглэхийн зэрэгцээ гомдлын уг үндэслэл нь хариуцагчийн “хууль бус” гэж маргаж буй үйлдэлтэй холбоогүй буюу захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх асуудал биш гэдгийг дурдаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8.улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг хориглох; Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна гэсний дагуу “...маргаан бүхий авто зогсоолуудыг барьцааны зүйлд бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгчийн нэр дээр давхар бүртгэх, эсвэл өөрчлөн бүртгэх хууль зүйн боломжгүй; ...уг эрхийг бүртгэхэд эрх хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөх барьцаалагч “Капитрон банк” ХХК-ийн зөвшөөрлийг аваагүй тул бүртгэхээс татгалзсан захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй” гэх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Иймд, шүүх бүрэлдэхүүн магадлалыг хэвээр үлдээж, “хуулийн дээрх зүйл, заалтыг буруу хэрэглэсэн” гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2017/0196 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ