Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2019/00165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “И” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

/ /

 

Хариуцагч: “С” ХХК -д холбогдох,

/ /

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.121.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 12.162.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа, түүний өмгөөлөгч Г.Баттогтох, гэрч Б.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С” ХХК нь манай компанитай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулан нийт 12.162.000 төгрөгийн хамгаалалтын тусгай хэрэгсэл худалдан авсан. Эд зүйлээ 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр манайхаас хүлээн авч, урьдчилгаа 50 хувь болох 6.081.000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төлсөн. Үүнээс хойш үлдэгдэл төлбөр болох 6.081.000 төгрөгийг өгөөгүй өнөөдрийг хүрч байна. Манайхаас мөнгөө төлөхийг хүссэн албан бичгийг удаа дараа явуулсан боловч хариу ирүүлээгүй байна. Иймд “С” ХХК-иас үлдэгдэл төлбөр болох 6.081.000 төгрөг, гэрээний 5.2-т зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож 3.040.500 төгрөг, нийт 9.121.500 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.       

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус компани нь манай компаниас гэрээнд заасан бүх нэр төрлийн тусгай хэрэгслийг бүгдийг нь хүлээн авсан. Энэ тухай баримт үйлдсэн байгаа гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзаяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: ““С” ХХК” ХХК нь “И” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, гэрээнд заасан үүргийнхээ дагуу гэрээний нийт үнэ 12.162.000 төгрөгийн 50 хувь болох 6.081.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “И” ХХК-ийн Капитал  банкин дахь данс руу шилжүүлсэн. Гэтэл “И” ХХК нь гэрээний ерөнхий нөхцөл болон гэрээний хавсралтад заасан тусгай хэрэгслийг захиалагчид одоог хүртэл хүлээлгэн өгөлгүй хохироож байна. Иймд гэрээ биелэгдээгүй тул гэрээний нийт үнийн дүнгийн 50 хувь болгон шилжүүлсэн 6.081.000 төгрөг болон гэрээний 5.1-д заасан алдангид 6.081.000 төгрөг, нийт 12.162.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.  

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “И” ХХК -ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК -д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.121.500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 12.162.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

“С” ХХК , “И” ХХК -ийн хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2018/06 дугаар “Тусгай хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ”-ээр худалдагч “И” ХХК  нь 12.162.000 төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг урьдчилгаа төлбөр болох 6.081.000 төгрөг шилжсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор актаар бүрэн хүлээлгэж өгөх, худалдан авагч “С” ХХК  нь гэрээ байгуулснаас хойш ажлын 2 хоногт багтаан урьдчилгаа төлбөр 6.081.000 төгрөгийг төлөх, бүтээгдэхүүн 100 хувь хүлээлгэн өгсний дараагаар акт үйлдэж, нэхэмжлэх ирүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан үлдэгдэл төлбөр 6.081.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг байгуулжээ.

 

Уг гэрээний дагуу худалдан авагч “С” ХХК -иас урьдчилгаа төлбөр болох 6.081.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр “И” ХХК -ийн Капитал банкин дахь 2012013407 тоот дансанд шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “И” ХХК-ийн нэхэмжлэх, Голомт банкны гүйлгээний баримт, нэхэмжлэгчийн “...урьдчилгаа төлбөр 6.080.000 төгрөг төлсөн” гэсэн тайлбар зэргээр нотлогджээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т “нийлүүлэгч нь урьдчилгаа төлбөр шилжсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор бүтээгдэхүүнийг бүрэн нийлүүлж, актаар хүлээлгэн өгнө”, гэрээний 2.4.2-т “нийлүүлэгч нь бүтээгдэхүүнийг гэрээнд заасан шаардлагын дагуу 100 хувь нийлүүлж, захиалагчид хүлээлгэн өгсний дараа бүтээгдэхүүн хүлээлцсэн акт үйлдэх...”, гэрээний 4.1-д “гэрээнд заасан үзүүлэлт бүхий доголдолгүй бүтээгдэхүүнийг захиалагчид гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгнө” гэж зааснаар худалдагч “И” ХХК нь гэрээний хавсралтад заасан 12.162.000 төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг худалдан авагч “С” ХХК -ийн өмчлөлд бэлтгэн нийлүүлж, актаар шилжүүлэн өгөөгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Өөрөөр хэлбэл худалдагч “И” ХХК -иас 12.162.000 төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Тусгай хэрэгсэл хүлээлцэх акт”, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн “Үлдэгдэл чихэвч хүлээлцэх акт”-аар хүлээлгэн өгсөн гэх боловч уг актад дурдсан “жич: захиалагч талын эрх бүхий ажилтны гарын үсэг, тэмдгээр баталгаажна” гэсний дагуу худалдан авагч “С” ХХК  нь хүлээн аваагүй байна. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа “...тусгай хэрэгсэл хүлээлцсэн актад “С” ХХК -ийн эрх бүхий албан тушаалтай ээлжийн ахлах Б.Чулуунбаатар, ээлжийн ахлах Б.Ариунболд нар хүлээн авч, гарын үсэг зурсан” гэх боловч хавтаст хэрэгт авагдсан “С” ХХК -д ажиллаж буй даатгуулагчдын 2018 оны 7, 8 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлан, гэрч Б.Чулуунбаатарын мэдүүлгээр “...актад гарын үсэг зурсан гэх ээлжийн ахлах Б.Ариунболд, Б.Чулуунбаатар нар “С” ХХК -д ажилладаг болох” нь нотлогдохгүй байна.

 

Иймд худалдагч “И” ХХК  нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 12.162.000 төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг худалдан авагч “С” ХХК -д шилжүүлээгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “И” ХХК -ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК -д холбогдох тусгай хэрэгслийн үлдэгдэл төлбөр 6.081.000 төгрөг, алданги 3.040.500 төгрөг, нийт 9.121.500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу худалдан авагч “С” ХХК  нь 12.162.000 төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн тусгай хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 6.081.000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр худалдагч “И” ХХК -ийн Капитал банкин дахь 2012013407 тоот дансанд шилжүүлсэн, худалдагч “И” ХХК -иас 12.162.000 төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн тусгай хэрэгслийг худалдан авагч “С” ХХК -д бэлтгэн нийлүүлж, актаар шилжүүлж өгөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

 

Иймд гэрээний 5.1-д “нийлүүлэгч нь гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүнийг захиалагчид бүрэн нийлүүлээгүй, хүлээлгэн өгөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангийг захиалагчид төлнө”, гэрээний 2.2-т “нийлүүлэгч нь урьдчилгаа төлбөр шилжсэн өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор бүтээгдэхүүнийг актаар бүрэн нийлүүлж, актаар хүлээлгэн өгнө” гэж заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 145 хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 12.162.000 төгрөгийн 0.5 хувиар алданги тооцон 6.081.000 төгрөгийг нэхэмжлэгч “И” ХХК -иас гаргуулан хариуцагч “С” ХХК -д олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байна.

 

Мөн гэрээний 7.2-т “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн эсвэл хэсэгчлэн биелүүлээгүй бол нөгөө талын санаачилгаар гэрээг цуцлаж болно”, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч “И” ХХК -иас урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 6.081.000 төгрөгийг гаргуулан хариуцагч “С” ХХК -д олгох нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “С” ХХК -иас тусгай хэрэгслийн үлдэгдэл төлбөр 6.081.000 төгрөг, алданги 3.040.500 төгрөг, нийт 9.121.500 төгрөг гаргуулах тухай “И” ХХК -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “И” ХХК -иас 12.162.000 төгрөг гаргуулан хариуцагч “С” ХХК -д олгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан “И” ХХК -ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК -д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 9.121.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ХХК -иас 12.162.000 төгрөг гаргуулан хариуцагч “С” ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “И” ХХК -иас 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 161.000 төгрөгийг, хариуцагч “С” ХХК -иас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 210.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “И” ХХК -иас улсын тэмдэгтийн хураамжид 209.542 төгрөг гаргуулан хариуцагч “С” ХХК -д олгосугай. 

           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД