Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00737

 

  П.Сэлэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00884 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1139 дүгээр магадлалтай,

 П.Сэлэнгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч П.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч П.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.02-ны өдрийн 7339 дугаар шийдвэрээр П.Сэлэнгээс 263,218,699 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. П.Сэлэнгэ дээрх төлбөрөөс 180,218,699 төгрөгийг төлсөн бөгөөд одоо үлдэгдэл төлбөр 83,000,000 төгрөг байгаа болно. Ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар П.Сэлэнгийн өмчлөлийн Голомт банкны зээлийн барьцаанд тавьсан Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл орон сууцны цогцолборт орших Г-2 дугаар байрны 29 тоот хаягтай 160 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцыг 2020.01.27-ны өдөр 202,052,000 төгрөгөөр үнэлсэнтэй 2020.01.29-ний өдөр мэдэгдсэний дагуу танилцлаа. Үнэлгээтэй танилцахад дээрх үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Учир нь Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 160 м.кв талбайтай орон сууцны зориулалттай 400,000,000 төгрөгийн зах зээлийн дундаж үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг хэт багаар буюу 202,052,000 төгрөгөөр үнэлж, П.Сэлэнгийн эрх хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учруулсан үнэлгээ гаргасан байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилсноор 2020.01.27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 160 м.кв талбайтай 6 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Баянзурх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.02-ны өдрийн 7339 дүгээр шийдвэрээр П.Сэлэнгээс 263,217,225 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгох, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл орон сууцны цогцолборт орших Г-2 дугаар байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаарт бүртгэлтэй 6 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 5 дугаар хороолол усны гудамж 12/1 байрны 30 тоот хаягт байрлах 88.55 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016990 дугаар бүртгэлтэй 3 өрөө орон сууц зэргийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар даалган шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч П.Сэлэнгэд 2017 оны 02 дугаар мэдэгдлээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэрт заагдсан хөрөнгийг 2017.03.21-ний өдрийн 01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019.12.28-ны өдөр хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч П.Сэлэнгэ 640,000,000 төгрөгөөр үнэлж, Голомт банк ХХК нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 202,052,000 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу 2020.01.28-ны өдрийн 4/2522, 4/2523 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч П.Сэлэнгэ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмнө нь тухайн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах асуудлаар нэхэмжлэл гаргаад Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.11-ний өдрийн 181/ШШ2017/02535 дугаар шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00884 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч П.Сэлэнгийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 14-ний өдрийн 181/ШЗ2020/02477 дугаартай Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1139 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00884 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч П.Сэлэнгэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 1139 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч миний бие үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.07-ны өдрийн 181/ШШ2020/00884 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.25-ны өдрийн 1139 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж гомдол гаргаж байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, өмчлөгч П.Сэлэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205018257 дугаартай Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл орон сууцны цогцолборт орших Г-2 дугаар байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас зах зээлийн үнийн саналыг авах ажиллагаа явуулахдаа зөвхөн төлбөр төлөгчөөс үнийн санал авч, төлбөр авагчаас үнийн санал аваагүй атал харилцан тохиролцоогүй гэж үзэж, дураар шинжээч томилсон. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 4 дэх хуудасны хянавал хэсэгт хариуцагч эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч 640,000,000 төгрөг гэснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй байх тул хариуцагч байгууллагаас 2020.01.23-ны өдрийн 73 дугаартай тогтоолоор Виннэр вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан зохицуулалтад нийцсэн гэж шүүх дүгнэсэн нь зөв гэжээ.

Гэтэл төлбөр авагч Голомт банк ХХК албан бичгээр шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлт гаргасан байдаг бөгөөд төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал өгөөгүй, харилцан тохиролцсон тухай баримт байхгүй, төлбөр төлөгч П.Сэлэнгийн өгсөн үнийн саналыг зөвшөөрөөгүй нь төлбөр авагч үнийн санал өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч талууд тохиролцоогүй гэж шинжээч томилсон байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болсон байна.

Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ямар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх вэ гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заахдаа үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж хуульчилснаас харахад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч П.Сэлэнгийг төлбөр авагч Голомт банк ХХК-тай уулзуулж, харилцан тохиролцуулах ажиллагааг явуулаад, талууд харилцан тохиролцоогүй нөхцөлд шинжээч томилох хуулийн заалттай байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчаас үнийн санал огт аваагүй, тохиролцуулах ажиллагааг явуулаагүй, тохиролцох боломж олгоогүй байхад шүүх шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, хууль буруу тайлбарласан гэж үзэж байна.

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч П.Сэлэнгээс 2019.11.08-ны өдөр үнийн санал авах ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-177.4 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох зүйл заалтын хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, мөн үнийн санал авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж баримтжуулаагүй тул хуулийн дагуу үнийн санал авсан гэж үзэхгүй бөгөөд 202,052,000 төгрөгийн үнэлгээг хүчинтэй гэж үзэх нь үндэслэлгүй юм.

Иймд хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч П.Сэлэнгэ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.02-ны өдрийн 7339 шийдвэрээр П.Сэлэнгээс 263,217,225 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгуулах, хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ногоон төгөл орон сууцны цогцолборт оршин Г-2 байрны 29 тоотод байрлах 160 м.кв талбайтай 6 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, 12/1 байрны 30 тоот 88.55 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 2.   Дээрх шүүхийн шийдвэрт 2017.02.09-ний өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч үлдэгдэл 83,000,000 төгрөгийн төлбөрийг биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрт заагдсан хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо Ногоон төгөл орон сууцны цогцолборт байрлах Г-2 байрны 29 тоот орон сууцыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн саналаа өгөхийг талуудад мэдэгджээ.

 Төлбөр төлөгч болон өмчлөгч нар орон сууцыг 640,000,000 төгрөгөөр үнэлэх санал өгснийг төлбөр авагч хэт өндөр гэх үндэслэлээр зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоолгохоор Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 3.   Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнэ 202,052,000 төгрөг болохыг тодорхойлж ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авч, үнэлгээг 2020.01.28-ны өдрийн 4/2522 дугаартай Мэдэгдэлд дурдаж, 2020.01.29-ний өдөр төлбөр төлөгчтэй биечлэн уулзаж, үнэлгээг танилцуулж, мэдэгдэл, үнэлгээний тайлангийн хуулбарыг гардуулан өгсөн нь Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогджээ. /хх-111-112/

 4.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. дэх заалтыг зөрчсөн, ...400,000,000 төгрөгийн дундаж үнэлгээтэй байрыг хэт багаар үнэлж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд хохирол учрууллаа... гэж тайлбарласан,

Хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, ...нэхэмжлэгч нь энэ талаар өмнө нь нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байсан тул дахин гаргах эрхгүй... гэж маргажээ.

 Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан нотлох үүргээ биелүүлээгүй, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй... гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 5.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэхийн зэрэгцээ хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, шинжээч Виннэр Вэй ХХК нь тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, хөрөнгийн байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож байгаа үнэ, цэнийг жишиж судалгаа хийж, харьцуулсны үндсэн дээр үнэлгээний дүнг нэгтгэн үнэ, цэнийг тогтоосон тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

 6.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийн үнэлгээний талаар талуудыг тохиролцуулах ажиллагаа явуулаагүй, тохиролцох боломж олголгүйгээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн байхад хууль зөрчөөгүй гэж буруу тайлбарласан, ...нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, ...мөн шийдвэр гүйцэтгэгч үнийн санал авахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-177.2. дахь заалтын хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, үнийн санал авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тэмдэглэл үйлдэж баримтжуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дэх заалтыг зөрчсөн... гэжээ.

7.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ гэжээ.

 Шийдвэр гүйцэтгэгч үйл ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэж байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж байгааг нотлох үндэслэл болох бөгөөд үйл ажиллагаагаа баталгаажуулах үүргээ биелүүлээгүй нь тухайн үйл ажиллагааг явуулаагүй гэж дүгнэх шууд үндэслэл болохгүй.

 Төлбөр төлөгч, өмчлөгч нар битүүмжлэгдэн, хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа 2020.01.10-ны өдөр бичгээр өгснөөс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч үнийн саналаа ирүүлэхийг талуудад мэдэгдсэн гэж үзнэ.

 Төлбөр авагч үнийн саналтай танилцаад 2020.01.21-ний өдрийн 09/391 дугаартай албан тоотоор ...дээрх үнэлгээг зах зээлийн үнээс хэтэрхий өндөөр үнэлсэн байна, иймд шинжээч томилуулан үнэлгээ тогтоолгож өгнө үү... гэсэн хариу өгснийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг талууд тохиролцоогүй гэж үзэн шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2. дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэнэ гэжээ.

 Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг төлбөр авагчид танилцуулж, тухайн саналыг зөвшөөрөөгүй гэх төлбөр авагчийн албан тоотыг үндэслэн үнэлгээг талууд тохиролцоогүй гэж үзэн шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 Шийдвэр гүйцэтгэгчээс хөрөнгийн үнэлгээний талаарх саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч талуудад хэн алинд нь мэдэгдсэн боловч аль нэг тал саналаа ирүүлээгүй нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул үнэлгээг харилцан тохиролцуулах ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

 8.   Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2020/00884 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1139 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч П.Сэлэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч П.Сэлэнгээс 2020.06.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧИД                    Б.УНДРАХ

                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                         Д.ЦОЛМОН

                                                  Х.ЭРДЭНЭСУВД