Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2018/02413

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “ШК” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Э-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 46.523.658 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 39.447.955 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийг төлөөлж Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ч, гэрч , Д.А, М.Э, Ч.Т, А.Ц, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани Г.Этай Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 6 дугаар хороонд баригдаж буй түүний эхнэр Даариймаагийн гэх 26 айлын орон сууцны барилгын дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирч, 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г07/09 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн билээ. Гэрээгээр манайх уг барилгын 1-6 давхарт хар цагаан замаскт наах, паркет суулгах, обой наах, хаалга цонх суулгах гэх зэрэг ажлыг гэрээнд заасан тоо хэмжээгээр гүйцэтгэх, ажлын хөлс 70.304.475 төгрөгөөс 53 сая төгрөгийг бартераар үлдэх хэсгийг мөнгөөр авахаар тохиролцсон байсан. Манайх гэрээ байгуулснаас хойш 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд 31.697.860 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Захиалагч талын гэрээгээ зөрчсөн дараах үйлдлүүдийн улмаас ажлыг бүрэн гүйцэтгэх боломжгүй болж, гэрээнээс татгалзаж, ажлаа зогсоосон юм. Үүнд: 1.Захиалагч нь гэрээний 1.5 дахь заалтыг зөрчиж, манай гүйцэтгэх ёстой гэрээт ажлыг гүйцэтгэгч талтай зөвшилцөлгүйгээр дур мэдэн гуравдагч этгээдийг зэрэг оруулж бусдаар гүйцэтгүүлсэн.  2. Гэрээний 4.2-д заасныг зөрчиж бараа материалыг цаг хугацаанд нь нийлүүлж хангаж чадахгүй ажил саатуулж сул зогсоосон.

3.Захиалагч тал мэргэжлийн инженер техникийн ажилтнаар цаг тухайд нь хяналт тавиулахгүй, ажлаа зөв хуваарилан зохион байгуулж чадахгүй байсны улмаас ажлуудын уялдаа холбоо алдагдаж ажил удаашрах, дахин хийх зэргээр гэрээнд үл хамаарах ажил нэмэлтээр гүйцэтгүүлэх болсон. Заслын ажлаас өмнө өөр туслан гүйцэтгэгч газруудаар хийлгэсэн ажил нь чанаргүй, өө сэвтэй, гологдолтой хийгдсэн байдлаас болж заслын ажлын чанарт нөлөөлөх, нэмэлт ажиллагаа хийгдэх зэрэг байдлууд байнга гарсан. Мөн барилгад дулаан өгөгдөөгүй, гадна фасад, дээвэр, сантехникийн ажил бүрэн дуусаагүйгээс обой наах, цонхны амалгааг хийх зэргээр дотор заслын ажлыг бүрэн дуусгах боломжгүй байсан. Улмаар манайх ажлаа үргэлжлүүлэх, хэвийн явуулах боломжгүй болсны улмаас гэрээгээ дуусгавар болгосон  тул захиалагч талаас актаар хүлээлгэн өгч гүйцэтгэсэн ажлын хөлс 31.697.860 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ажил хүлээлгэж өгсөн өдрөөс хойш гэрээний дагуу төлбөр тооцоо хийгдээгүйн улмаас хохирол учирсан тул нэмэлтээр нэхэмжилж байна. Ажил гүйцэтгэх гэрээний 7.2-д заасан заалтыг үндэслэн 31.697.860 төгрөгний үнийн дүнгээс гэрээт ажлыг хүлээлгэн өгсөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 100 өдрийн алданги болох 9.509.358 төгрөг. Гэрээний дагуу өдрийн 95.093 төгрөгний алданги тооцсон. Гэрээний 3.3.1-д заасны дагуу гэрээт ажлын хөлсөнд уг баригдаж буй барилгаас 2 өрөө байр өгөхөөр заасан боловч захиалагч тал татгалзсаны улмаас 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 2 өрөө байр сарын 500.000 төгрөгний түрээс төлж сууж байна. Одоогийн байдлаар 2.500.000 төгрөг байрны түрээсэнд төлсөн тул гаргуулна. Мөн шүүхийн маргааны нэмэлтээр гарч буй хуулийн зөвлөгөө авах, тэмдэгтийн хураамж, бусад нэмэлт зардлууд 1.316.440 төгрөг төлсөн. Иймд захиалагч Г.Эаас заслын ажлыг гүйцэтгэсний хөлс 31.697.860 төгрөг, алданги болон гэрээний үр дүнгээс хамаарсан хохирол болох 13.325.798 төгрөг, шинжээчийн зардал 1.500.000 төгрөг, нийт 46.523.658 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн заслын ажил гүйцэтгэх гэрээгээр ажлыг 45 хоногийн дотор хийж гүйцэтгэх байсан. Гэвч барилгын бусад ажил 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар бүрэн дуусаагүй байсан нь бидний ажил хугацаандаа дуусгах ямар ч боломжгүй нөхцлийг үүсгэсэн. Үүнд барилгын дотор сантехникийн ажил дуусаагүй, цонх бүрэн суугдаагүй, гадна фасадны ажил дуусаагүй, дээврийн ажил бүрэн дуусаагүй мөн дээр нь бусдаар гүйцэтгүүлсэн заслын өмнөх ажил чанарын шаардлага хангаагүй буюу алдаа ихтэй байсан тул заслын ажил гүйцэтгэхэд хугацаа их шаардаж байсан зэрэг шалтгаанаас бид ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэх боломжгүй байсан болно. Тус барилгын бусад ажил нь санхүүжилт, материалын хомсдол, ажлын зохион байгуулалт муу, захиалагч мэргэжлийн инженер техникийн ажилчдын хяналт байхгүй, захиалагч ажлууд хоорондын уялдаа холбоог хангаж чадаагүй зэрэг шалтгаанаас бүрэн дуусахгүй, гүйцэтгэгч нар нь удаа дараа ажлаа хаяж явах, солигдох, хэд хэдэн хоногоор ажлаа гүйцэтгэхгүй, ирэхгүй байх зэрэг үйл явцууд болж байсан. Дээврийн ажил дуусаагүй байсан нь 2017 оны  9 дүгээр сарын 05-ны байдлаар авсан зурагт 4, 5, 6 дугаар давхарт борооны улмаас таазнаас ус алдсан байдал зургаар нотлогдоно. Дотор сантехникийн ажил дуусаагүй байсан нь Г.Эы цахим фэйсбүүк хаягаараа 2017 оны 9 дүгээр сарын 06, 2017 оны 9 дүгээр сарын 27, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зар тавьсан байдлаар нотлогдоно. Гадна фасадны ажил дуусаагүй, цонх нь бүрэн суугаагүй байсан нь 2017 оны 9 дүгээр сарын 05-ны байдлаар авсан барилгын ар хэсгийн зураг, мөн Г.Эы цахим фэйсбүүк хаягаараа 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн зар тавьсан байдлаар нотлогдоно. Мөн барилгыг дулаанд холбох зөвшөөрөл 2017 оны 10 дугаар сарын  25-нд гарсан, улсын комисс удаа дараа буцааснаас харагдана. 

 Аливаа барилгын ажилд барилгын захиалагч талын ерөнхий болон талбайн инженер чанар хийц, норм норматив, материал захиалга болон ашиглалтанд тооцоо хийж хэдий хэмжээний материал орох, хэрхэн хийх, хэрхэн хийж байгаад хяналт тавьж мөн материалыг гүйцэтгэгч шаардах хуудсаар хүсэж инженер баталж няраваас хүлээн авч тухайн материалаар норматив хэмжээгээр хэрэглэсэн эсэхэд ажлын гүйцэтгэлд хяналт тавьдаг. Уг гэрээт ажлыг гүйцэтгэж буй хугацаанд нэг ч бараа материалыг шаардах хуудсаар болон ямарваа нэг баримт бичгээр хүлээн авч, хүлээлгэн өгч байгаагүй болно. Энэ нь уг барилгад инженер техникийн ажилтан /ИТА/ байхгүй байсан зохион байгуулалт муу зэрэгтэй шууд холбоотой. Захиалагч тал барилга барьж буйгийн хувьд дээрх шаардлагыг хангаагүй байж гүйцэтгэж буй байгууллагыг ямар тооцоон дээр үндэслэн материалын зарцуулалт их гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Мөн нөгөөтэйгүүр заслын ажилд материал норматив хэмжээнээс их орж байсан нь уг барилгын угсралтын ажил зөвшөөрөгдсөн хүлцэж болох хэмжээнээс илүү алдаатай буюу багана, дам, нуруу, хучилт нь мурий, хэмжээ алдсан, ханын өрлөг савсан, мурий гэх мэт байснаас шалтгаалж материал ихээр орохын зэрэгцээ цаг хугацаа алдаж байсан. Манай компани хувьд гэрээт хяналтын инженер болох А.Цэнд-Аюуш инженер заслын ажлын үечлэл тус бүрт ирж шалгаж байсан. Захиалагч Г.Э нь манай компаний ажилчдыг чадваргүй ажил муу хийдэг гэх үндэслэлээр гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж буй хэрнээ манай компанитай гэрээ дуусгавар болсны дараагаар манайд ажиллаж байсан ажилчдаар тусдаа ажлын хөлс, цалин тохирч ажиллуулсан байдаг. Үүнд 4 дүгээр давхрын засал хийж байсан ажилчдыг өдрийн цалингаар ажилуулсан. Мөн 5 дугаар давхрын хоёр 00 өрөөний плита наасан залууг энэ хүн чинь нааж чадахгүй байна гэсэн хэрнээ дахиж дуудаж тусдаа үнэ тохирч 6 дугаар давхрын плитаг наалгасан. Үүгээр ч барахгүй 5 дугаар давхрын заслын ажил гүйцэтгэсэн хүмүүс тухайн гүйцэтгэсэн ажлынхаа 70 хувийн гүйцэтгэлээ манай компаниас авчаад ажлаа гүйцэтгэж байхад нь ажлыг нь хүлээж авахгүй актан дээр нь гарын үсэг зурахгүй гэж шахаж дарамталж байгаад тэдгээр хүмүүстэй тохиролцож 300.000 төгрөг өөрөөсөө өгч явуулсан. Барилгын орон сууц захиалагч нараас төлбөрийн мөнгө орж ирэх ёстой байсан гэдгийг нотлосон баримтгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Г.Э нь 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ШК компаниар ажил гүйцэтгүүлэх Г07/09 дугаартай гэрээ байгуулсан. Гэвч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний маш олон заалтуудыг зөрчиж захиалагч бидэнд хохирол учруулсан. Захиалагч бид тус компанийг мэргэжлийн ажилчидтай, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ чанарын өндөр түвшинд стандартын дагуу хийж гүйцэтгэж чадна гэж найдаж ажил олгосон. Гэрээний 2.4-т тус компани 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр буюу 45 хоногийн хугацаатай ажлаа хийж дуусах ёстой байсан. Гэвч ажилчид нь ажилдаа ирэхгүй, ажлаа хийж чадахгүй байснаар ажил удааширч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дутуу хийсэн ажлаа орхин явсан. Энэ байдал нь өнөөдрийг хүртэл 145 хоногийн хугацаа хэтэрсэн. Энэ нь гэрээний 2.4 дахь заалтыг зөрчсөн. Гүйцэтгэгч тал нь гэрээний 2.1-д заасан үүргээ зөрчиж, хийх ажлаа чанарын өндөр түвшинд, стандартын дагуу, мэргэжлийн ажилчдаар хийлгэж чадаагүйн улмаас заслын ажилд орох ёстой материалын орц, норм хэтрүүлсэн, материал эвдэж хагалсан эдийн засагт хохирол учруулсан, цаг хугацаа маш их алдснаас цаашид тус компанитай хамтран ажиллах боломжгүй болсон. Бидний хоёр талын гэрээгээр хүлээсэн эрх үүргийн дагуу гэрээний 7.7-д зааснаар гэрээг захиалагч тал цуцалж гэрээний эрх үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэх шаардлагатай болсон. Ийм арга хэмжээ аваагүй бол үүнээс их хохирол амсах байсан.

Захиалагч бид гэрээний 4.2-д заасан үүргийнхээ дагуу барилгын материалыг цаг хугацаандаа гүйцэтгэгч талд нийлүүлж хүлээлгэн өгч байсан. Энэ нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр бараа нийлүүлэгч иргэн Х.Эрдэнэбүрэн, Г.Жанчивдорж нартай хийсэн Бараа бөөнөөр худалдах, худалдан авах 1 тоот гэрээ, мөн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бараа нийлүүлэгч иргэн Г.Жанчивдорж, барилгын даамал М.Энхчимэг нарын бараа хүлээлцсэн актаар тогтоогдоно. Харин тус компанийн ажлаа хийж дуусгах хугацаа алдсан нь өөрийн гэсэн ажилчид байхгүй, зохион байгуулалтгүй, ажлын чадвар муу, гэрээгээр хүлээсэн үүргээ ухамсарлаагүй байдлаас болсон. Энэ нь ажлын шаардлага хангахгүй хийгдсэн ажлыг зурагжуулсан фото зургаар тогтоогдоно. Захиалагч бидний зүгээс даамал М.Энхчимэг болон миний бие хөндлөнгийн хяналтыг тавьж ажиллаж байсан.

Тус компанийн хийж байгаа ажил нь барилгын стандарт бус, чанарын шаардлага хангахгүй, мэргэжлийн дагуу хийж чадахгүй байсан тул гэрээний 4.5, 4.6-д заасан эрх, үүргийн дагуу бид удаа дараа засаж янзлах шаардлага тавьж албан бичиг өгч байсан. Мөн байрны захиалагч нартай хамт тэдний хийж байгаа ажлын явц байдлыг шалгахад тэдний ажил маш муу чанаргүй хийж байна гэдгийг захиалагч нар шүүмжилж байсан тул тус компанийн гүйцэтгэх захирал Даваа-Очирт албан ёсоор ажлаа чанартай хийж гүйцэтгэх талаар албан бичиг өгөхөд өөдөөс уурлаж зодох оролдлого хийсэн, даамал М.Энхчимэгийг заамдан авч дайрч дормжилсон тул бид тус дүүргийн цагдаад дуудлага өгч шалгуулж байсан. 4 давхарын хувьд заслын ажлыг хийсэнд маргахгүй. Харин 5,6 дугаар давхарт бараг ажил хийгээгүй, хийсэн ажил доголдолтой байсан. Бид ажил гүйцэтгэсэн актан дээр тэдний хийгээгүй болон хийх шаардлагатай ажлыг нь товч бичиж өгсөнийг тус компанийн инженер Д.Алтансүх гарын үсэг зурж хүлээн авч байсан. Энэ нь хэрэгт авагдсан “Ажил хүлээлцсэн акт”-уудаар тогтоогдоно. 

Мөн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 100 өдрийн алданги болох 9.509.358 төгрөг нэхэмжилсэн байна. Гэрээний 3.1-д гэрээний ажлын төлбөрийг ажлын гүйцэтгэлийг харгалзан тооцож, тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч болон Захиалагч талын хяналтын инженерийн актыг үндэслэн санхүүжүүлнэ” гэж заасны дагуу ажлын гүйцэтгэлд тохирсон төлбөрийг нь тус компанид өгөх гэсэн боловч гүйцэтгэгч тал аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 346.1 дэх хэсэгт "талууд өөрөөр заагаагүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасны дагуу Гүйцэтгэгч талд хийгээгүй ажлыг бүрэн дүүрэн хийсэн болгож мөнгө өгөх боломжгүй юм.

Харин гэрээний 3-т  ажлаа 100 хувь гүйцэтгэсэн тохиолдолд 70.304.475 төгрөгний ажлын хөлс өгөхөөр, энэ үнийн дүнгээс 53.000.000 төгрөгөнд нь 2 өрөө байр өгөхөөр заасан боловч ийм хэмжээний ажил гүйцэтгээгүй учир байр өгөх боломжгүй. Мөн гэрээний 3.2.2-т зөрүү төлбөр болох 17.000.000 төгрөгийг барилгын ажлын явц 50 хувьд хүрсэн тохиолдолд зөрүү төлбөрийн 80 хувийг гүйцэтгэгч талд өгөх, үлдэгдэл 20 хувийг ажил бүрэн дууссанаар гүйцэтгэгч талд тус тус өгөхөөр заасан боловч гүйцэтгэгч тал ажлаа гэрээнд зааснаар 50 хувьд хүргээгүй тул тус гэрээний заалтуудыг биелүүлэх боломжгүй болсон. Гүйцэтгэгч тал ажлаа 50 хувьд хүргээгүй гэдгийг өөрсдийн нэхэмжилж байгаа үнийн дүн, бусад байдлаар тогтоогдоно. Иймд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад төлбөр авах, байр түрээсэлсэн мөнгө, алданги нэхэх тухай бичиж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 Өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч оролцох нь хуулиар олгосон субъектив эрх бөгөөд энэ эрхээ эдлэх эсэх нь зохигчдын шийдэх асуудал тул өмгөөлөгчийн хөлсийг бид төлөх үүрэг хүлээхгүй болно. Мөн гүйцэтгэгч компанийг шүүхэд хандахаас өмнө захиалагч талаас бид ажлын хөлсөө хийж гүйцэтгэсэн хувьд тохируулан авахыг зөвлөсөн, эвээр шийдэхийг сануулсан боловч тэд бусдаас хууль зүйн зөвөлгөө авсан байгааг бид хариуцах боломжгүй. Шинжээчийн зардал шүүхийн зардалд хамаарах тул манайхаас шаардахгүй, шүүх шийдвэрлэх асуудал. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээний маш олон заалтуудыг зөрчсөн тул дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Гэрээний 2.4-д зааснаар тус компани ажлыг 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дотор буюу 45 хоногийн хугацаатай хийж дуусах ёстой байсан. Гэвч 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хийх ёстой ажлаа гүйцэт хийгээгүй орхин явж өнөөдрийг хүрсэн. Гэрээний 2.4 дэх хэсгийг зөрчсөн тул гэрээний 7.2-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 145 хоногийн үнийн дүн нийт 30.582.446 төгрөгийг нэхэмжилж байна.

Захиалагч бид тус барилгын ажлаа 2017 оны 9 дүгээр сарын15-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч, орон сууц захиалагч нарт байрыг 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх ёстой байсан боловч гүйцэтгэгч компаниас болоод хугацаатай гэрээ биелэгдээгүй, улмаар улсын комисс барилгыг 2018 оны 5 дугаар сард хүлээн авсан.

Үүнээс болж 2017 оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хоорондох байрны халаалтын төлбөрийг манайх төлж хохирол хүлээсэн тул тус 3 сарын хугацаан дахь халаалтын төлбөр 6.240.509 төгрөгийг гэрээний 7.1, 7.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна.

Мөн бид барилгаа хугацаанд нь оршин суугч нарт хүлээлгэн өгсөн бол захиалагч нараас 2017 оны 10 дугаар сарын 01-нд байр захиалсан төлбөрийн мөнгө орж ирэх ёстой байсан. Түүгээрээ бид “Арвайн үндэс” Хадгаламж зээлийн хоршооноос 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авсан 30.000.000 төгрөгний зээлийн үлдэгдэлийг төлж барагдуулах байсан. Гэвч захиалагч нарын мөнгө хойшлогдсоноос болж тус хадагаламж зээлийн хоршоонд одоог хүртэл 3 сарын хүү нийт 2.625.000 төгрөгний хүү нэмж төлөөд байна. Иймд тус мөнгийг нэхэмжилж байна.

Гүйцэтгэгч тал гэрээний 2.1-д заасан үүргээ зөрчиж, ажлаа чанарын өнөр түвшинд, стандартын дагуу, мэргэжлийн ажилчдаар хийлгэж чадаагүйн улмаас заслын ажилд орох ёстой материалын орц, норм хэтрүүлсэн, дахин материал хэрэглэсэн зэргээр бидэнд эдийн засагт хохирол учруулсан. Энэ нь ажил гүйцэтгэх 8 дугаартай акт, шаардлага хангахгүй хийсэн ажлуудыг зурагжуулсан фото зургуудаар тогтоогдоно. Тэдний хийгээгүй болон хагас дутуу шаардлага хангахгүй хийсэн ажилруу нь өөрийн ажилчдаа оруулан ажиллуулсан. Энэ нь 5, 6 давхарт хийж гүйцэтгэсэн ажил, хүлээлцсэн актаар тогтоогдоно.

Иймд гүйцэтгэгч компаниас захиалагчид учруулсан нийт 39.447.955 төгрөгний хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ШК” ХХК нь Г.Эд холбогдуулан ажлын хөлс 31.697.860 төгрөг, алданги 9.509.358 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд орон сууц хөлсөлсөн зардал 2.500.000 төгрөг, өмгөөллийн болон бусад зардал 1.316.440 төгрөг, шинжээчийн зардал 1.500.000 төгрөг, нийт 46.523.658 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв. Улмаар нэхэмжлэгчээс алданги 30.582.446 төгрөг, дулааны зардалд төлсөн 6.240.509 төгрөг, бусдад төлсөн хүү 2.625.000 төгрөг, нийт 39.447.955 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэг талаас Г.Э, нөгөө талаас “ШК” ХХК нар 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороололд байрлах иргэн Т.Даариймаагийн 26 айлын орон сууцны барилгын дотор заслын нэр бүхий 18 төрлийн ажлыг гэрээнд заасан тоо, хэмжээгээр, барилгын норм дүрмийн дагуу чанарын өндөр түвшинд, ажлын 45 хоногт багтаан хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр, Захиалагч нь ажлыг хөлс 70.304.475 төгрөгийг гэрээнд заасан хуваариар бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгохоор тус тус харилцан тохиролцож Г07/09 тоот гэрээг байгуулжээ. /1хх 5-9, 11/

Зохигчид гэрээ байгуулагдсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 353 дугаар зүйлийн 353.2-д зааснаар гүйцэтгэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгснөөр ажлын үр дүнг доголдолгүй гэж үзэхээр, захиалагч хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээхээр тус тус заажээ.

Нэхэмжлэгч захиалагчийн буруутай үйлдлээс ажлыг бүрэн дуусгах боломжгүй нөхцөл үүсч гэрээ цуцлагдсан үндэслэлээр хийсэн ажлын хөлс шаардав. Хариуцагч  хийсэн ажил 31.697.860 төгрөгний хэмжээнийх байгаагүй, гүйцэтгэсэн ажил доголдолтой, мөн гүйцэтгэгчийн буруутай үйлдлээс гэрээ бүрэн хэрэгжээгүйгээс ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэж тус тус маргав.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 4.1, 4.4, 5.6, “Улаанбаатар  дулааны сүлжээ” ТӨХК-иас ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн лавлагаа болон хэрэгт авагдсан гэрэл зураг, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэвэл захиалагч мэргэжлийн инженерээр тухай бүр явц дундын хяналтыг  зохих журмаар тавиагүй, ажлаа гүйцэтгэхэд шаардагдах орчныг бүрэн бүрдүүлж өгөөгүй, ажлыг бусдаар давхар гүйцэтгүүлэхээр ажлын талбайд оруулсан, харин гүйцэтгэгч нь ажлыг барилгын норм дүрмийн дагуу доголдолгүй хийж гүйцэтгэх үүргээ бүрэн биелүүлээгүй буюу талууд хэн алин нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд хэн алин нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болж, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ цуцлагджээ. Гэрээ цуцлагдсан үйл баримтад талууд маргаагүй.

Ийнхүү цуцалсан тохиолдолд гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасч хохирлыг нөхөн төлөхөөр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.6-д зохицуулсан тул гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээгээр зохих хөлсийг захиалагч төлөх үүрэгтэй. 

Хариуцагч 1 дүгээр хавтаст хэргийн 12-29 дүгээр талд авагдсан ажлын үе шатыг хүлээлцсэн актуудад гарын үсэг зурсан, 4 давхарын хувьд ажлыг хийсэн гэдэгт маргаагүй. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, өртөгийг тодорхойлуулахаар шинжээч томилж, улмаар “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-иас гүйцэтгэгч “ШК” ХХК актаар баталгаажуулж хүлээлгэн өгсөн ажил 23.796.235 төгрөг болохыг, актаар баталгаажуулаагүй хийсэн ажил 7.901.625 төгрөг болохыг, түүнчлэн хийж гүйцэтгэсэн зарим ажил чанарын шаардлага хангаагүй, доголдлыг засварлахад 1.001.000 төгрөг шаардагдах болохыг тус тус тогтоожээ. Уг шинжээчийн дүгнэлтэд зохигчид маргаагүй.  /2хх 76-84/

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д ажлын үр дүнг хүлээлгэн өгснөөр захиалагч хөлс төлөхөөр зохицуулсан тул актаар баталгаажуулж хүлээлгэн өгсөн ажлын хөлс 23.796.235 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгов. Мөн шинжээчийн дүгнэлтээр актаар баталгаажуулаагүй 7.901.625 төгрөгний ажлыг нэхэмжлэгч хийсэн тухай дурдсан байх боловч уг ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул шүүх хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзэв. 

Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн зарим ажил чанарын шаардлага хангаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэдий ч хариуцагч доголдлыг засварлахад гарах зардлын талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2, 7.3-т “хугацаа хэтрүүлсэн бол хоног тутамд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон” хэн алин нь нөгөө талдаа алданги төлөхөөр тохиролцжээ. Нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон алданги 9.509.358 төгрөг гаргуулахаар, хариуцагч гэрээний нийт үнийн дүнгээс тооцон алданги 30.582.446 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хугацаа хэтрүүлсэн тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд тооцож төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд талуудын “гэрээний нийт үнийн дүн”-гээс алданги тооцох тухай дээрх тохиролцоо нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй тул шүүх талууд алдангийн талаар тохиролцоогүй гэж үзэв. Иймд хугацаа хэтрүүлсний алдангийг хэн алинаас гаргуулах тухай нэхэмжлэгч, хариуцагч талын шаардлагыг тус тус хангахгүй орхив.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” байхаар, түүнчлэн “гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд” тооцохоор мөн зүйлийн 227.3-т заажээ.

Нэхэмжлэгч хөлс төлөөгүйгээс орон сууц хөлсөлсөн 2.500.000 төгрөг, хууль зүйн туслалцаа авах зэргээр гарсан зардал 1.316.440 төгрөг, нийт 3.816.440  төгрөг гаргуулахаар, хариуцагч “Арвайн үндэс” ХЗХ-ийн зээлийн хүүд төлсөн 2.625.000 төгрөг, барилгын 2017 оны 10-12 дугаар сарын халаалтын төлбөр 6.240.509 төгрөг, нийт 8.865.509 төгрөг гаргуулахаар тус тус шаардаж байх боловч хэн алин нь дээрх шаардлагаа нотлосон баримтыг ирүүлээгүйгээс гадна гэрээнээс учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүйг дурдав. Зохигчид хэн алин нь дээрх шаардлагуудаа нотлохоор орон сууц хөлслөх гэрээ, орон сууц захиалгын гэрээ, зээлийн гэрээ, дансны хуулга зэрэг нь гуравдагч этгээдүүдийн байгуулсан хэлцэл байх тул шаардлагаа нотлосон баримтыг ирүүлээгүй гэж үзсэн болно. Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2018/02574 дүгээр шүүгчийн захирамжаар “Барилгын төсөвчдийн холбоо” ТББ-г шинжээчээр томилсон, шинжээчийн зардал 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар шаардсныг шүүх буруутгах боломжгүй. Харин дээрх зардал нь зохигчоор нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах тул хэргийн нөхцөл байдлыг харгалзан шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэгчид 30 хувь, хариуцагчид 70 хувиар тооцон хариуцуулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрхийг нэгтгээд хариуцагчаас нийт 24.846.235 /23.796.235 +1.500.000*70% / төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 155.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан Г.Эаас 24.846.235 /хорин дөрвөн сая найман зуун дөчин зургаан мянга хоёр зуун гучин таван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ШК” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 21.677.423 төгрөг болон “ШК” ХХК-иас 39.447.955 төгрөг гаргуулах тухай Г.Эы сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

           

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 422.020 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 355.175 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 282.181 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 31.452 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШЗ2018/02574 дүгээр захирамжийн 1 дэх заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ