Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 932

 

  Д.От холбогдох эрүүгийн

  хэргийн тухай

Нийслэлийн Эрүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Г.Эрдэмбаатар,

            шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Д.Цолмон-Эрдэнэ,

            хохирогч ...................... түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Чимгээгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.От холбогдох эрүүгийн 1905014020529 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            ........................., 1967 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, охины хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома таун 1-604 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.............................../;

            Д.О нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс би” нэртэй барилгын захын орчим иргэн ..................... “...үйлчлүүлэгчээ булаалцалдсан...”-аас үүдэн маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ............................Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Оээс 634.785 төгрөг гаргуулан хохирогч Д.Чимгээд олгож, хохирогч Д.Чимгээ эмчилгээтэй холбогдон гарсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Д.Оээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Д.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Д.От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

            Хохирогч ................. давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн материалын 20-26 дугаар хуудсанд эмчилгээний төлбөрт нотлох баримтаар 705.189 төгрөг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаанд 700.000 төгрөгийн эм тарианы зардал шинээр гаргасан. Баримттай 1.405.185 төгрөг нэхэмжилсэн. Харин хөлөө гипсдүүлж явж чадахгүй учир 150.000 төгрөгөөр таяг авсан. Тархи доргиж хөдөлсөн учраас 10 удаагийн төлбөрийн 120.000 төгрөг, бензиний 300.000 төгрөг, бүгд нийлээд 1.975.189 төгрөг нэхэмжилж, гэм буруутай этгээдээр гаргуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт тавьсан. Баримтгүй 150.000 төгрөг, бариачид бариулсан 120.000 төгрөг, бензиний 300.000 төгрөг, бүгд баримтгүй 570.000 төгрөгийг зайлшгүй гаргуулах үндэслэлтэй байна. Учир нь, хөл гэмтээснээс хойш явган явж чадахгүй бүтэн сар гипстэй, зайлшгүй таяг тулж машинаар эмнэлэгт хүргүүлж эмчилгээ хийлгэж байсан тул миний хохирлыг бүгдийг бүрэн хангуулж шийдэж өгнө үү. Гэтэл анхан шатны шүүх мөрдөн байцаалтанд гаргаж өгсөн нотлох баримттай 705.189 төгрөг, шүүхэд гаргаж өгсөн эм тарианы 700.000 төгрөг, бүгд 1.405.185 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхгүй зөвхөн 634.785 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хохирогч миний нийт нэхэмжилсэн 1.975.189 төгрөгийг бүхэлд хангаж шийдвэрлэнэ үү. ...Шүүгдэгч Д.О хохирлын нэг ч төгрөг төлөөгүй, гэм буруугаа хүлээхгүй, хийсэн үйлдэлдээ огт дүгнэлт хийхгүй байгаад гомдож байна.” гэв.

 

            Хохирогч Д.Чимгээгийн өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Д.Чимгээ эм тариа авахад гарсан зардал болох 700.000 төгрөгийн баримтыг анхан шатны шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Хавтас хэрэгт хохирогчийн эрүүл мэндийн картыг хавсаргасан байдаг боловч дээш, доош нь үзэхэд хүндрэлтэй байдлаар үдсэн байсан. Тухайн үед эмчлэгч эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэсэн баримт байх тул тухайн баримт нь нотлох баримтын шаардлагыг хангаж байгаа. Иймд хохирогчийн нэхэмжилж байгаа 700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Д.Оийн өмгөөлөгч Д.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Д.О нь гэм буруугийн талаар маргадаггүй. Анхан шатны шүүхээс хохирогчид учирсан хохирол төлбөрт 634.785 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогч “Скай” эмнэлэгт үзүүлсэн гэх баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч ягаан цаасан дээр бичигдсэн баримт нь тухайн байгууллагын татварын албаны тайланд хавсаргадаг баримт. Харин цэнхэр цаасан дээр бичигдсэн баримт нь үйлчлүүлэгчид үлдэх ёстой баримт байдаг. Хохирогчийн гаргаж өгсөн баримт нь ягаан цаасан дээр бичигдсэн байсан тул эргэлзээтэй, нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

            Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэрэгт авагдсан хохирлын баримт болох томографийн 120.000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8000 төгрөг, “Скай” эмнэлэгт үзүүлсэн 506.785 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Д.О нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс би” нэртэй барилгын захын орчим иргэн Д.Чимгээтэй “...үйлчлүүлэгчээ булаалцалдсан...”-аас үүдэн маргалдах явцдаа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Д.Чимгээгийн “...зогсож байсан чинь Оюунчимэг ирээд шууд миний үснээс зулгааж аваад 4 контейнэрийн тэнд аваачаад газар унагаагаад толгой, өвдөг, ууц, нуруу хэсэгт дээрээс дарж суугаад зодсон. Оюунчимэгийн дүү Батаад “чи эгчийгээ аваач, хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн чинь худалдаа хийж байсан хүмүүсээс намайг Батаа хааж зогсоод байсан. ...миний баруун хөлийн зөөлөн эд гэмтсэн, толгойн хаван нэл усаар дүүрсэн байсан. Нүдний хараа +2 байсан. Одоо +3 болж өөрчлөгдсөн. Толгой тархи эргэж, бөөлжис хүрч, хөл, нуруу, гар хөндүүртэй байна. ...” /хх 47/,

 

гэрч Б.Ганхуягийн “...тэр хоёр барьцалдаж аваад нэг нэгнийхээ үснээс зулгааж байгаад найз Батаа тэр хоёрыг салгасан. ...” /хх 14-15/,

 

гэрч А.Батаагийн “...нэг нэгээ түлхэж байхыг харсан. ...” /хх 16/,

 

гэрч Ө.Ганболдын “...намайг хөдлөх гэж байхад машины баруун талд тэр хоёр эгч хоорондоо ноцолдоод бие биенийгээ үсдээд зууралдаад байсан. ...” /хх 30-31/,

 

гэрч Б.Мираагийн “...гэртээ ороод харахад эхнэрийн үс нь унасан, толгойгоо бариад сууж байхаар нь асуухад “ажлынхаа тэнд хүнд зодуулсан” гэж хэлсэн. ...” /хх 32-33/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3681 дугаартай “Д.Чимгээгийн биед тархи доргилт, баруун чамархайн хуйхны зулгаралт, үс уналт, эрүүнд зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 37/,

хохирлын баримтууд /хх 20-26/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 74-76/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Д.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Д.Оийн иргэн Д.Чимгээг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

             Шүүгдэгч Д.Оийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тохирсон байна.

Хохирогч Д.Чимгээ гаргасан давж заалдах гомдолдоо “...нотлох баримттай 705.189 төгрөг, шүүхэд гаргаж өгсөн эм тарианы 700.000 төгрөг, бүгд 1.405.185 төгрөгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхгүй зөвхөн 634.785 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хохирогч миний нийт нэхэмжилсэн 1.975.189 төгрөгийг бүхэлд хангаж шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Хохирогч Д.Чимгээгийн гаргасан хохирлын баримтуудыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Харин шүүхэд өгсөн 700.000 төгрөгийн болон шүүх үнэлээгүй баримтууд нь нотлох баримтын хуульд заасан шаардлагыг хангаагүй байхаас гадна учирсан гэмтлийг эмчлэхэд зарцуулсан зардал гэж үзэх боломжгүй, уг тариаг хэрэглэсэн эсэх нь тодорхой бус, зайлшгүй хэрэглэх шаардлагатай болсныг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Чимгээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 628 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Чимгээгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ