Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/00215

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, Б.Мөнхбаяр, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Х.Д-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: С.Б холбогдох

 Хашааны үнэ 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Д, хариуцагч С.Б, иргэдийн төлөөлөгч Г.Ашүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов. 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар 000548994 тоот гэрчилгээтэй гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрлийг 2015 онд 08 дугаар сарын 18-ны өдрийн А/676/ тоот шийдвэрийн дагуу нэгж талбарын 178013/0052 дугаар бүхий 700 метр кв газрыг 10 жилийн хугацаатай авсан юм. Гэтэл 2018 оны 6-7 дугаар сарын үед Хан-Уул дүүргийн Засаг дарга С.Б хэсэг хүмүүсийн хамт уг газар дээр тоглоомын талбай байгуулна гэж очоод миний эзэмшиж буй газраас 50 метр төмөр хашааг буулгаж, ар талын байшингийн урд хурааж орхисноор хашаа хулгайд алдагдсан байна. 50 метрийн урттай 4 метрийн өргөнтэй шургаагаар модоор хүрээлэн хийсэн байсан уг хашааны нийт үнэ 1 900 000 төгрөг ажлын хөлс 500 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийн хохиролыг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Д нь С.Б холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны ажилчдын гудамжны 073 дугаар байр Элит 25 дугаар байр, Эвсэг 16 дугаар байрны дэргэд орших тус хашаа нь 2013 оноос хойш ашиглагдаагүй, хур хог цугласан газар байсан 2013 оноос хойш эзэмшигч Пүрэвдорж нь огт ашиглаж, газар дээрээ ирж байгаагүй. Мөн оноос хойш хур хог цугласан газрыг цэвэрлэхээр тус хашааны эзнийг тодруулах гэсэн боловч албан ёсны эзэмшигч нь олдохгүй, ирж уулзахгүй байсан тул 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус хашааг буулган цэвэрлэгээ хийсэн болно. Тус газар дахь ногоон байгууламжид хур хог цуглаж, нийтийн эзэмшлийн талбайд тархаж байсан тул зайлшгүй цэвэрлэх шаардлагатай болсон. Үүний улмаас дулааны улиралд эвгүй үнэр гарч, орчныг бохирдуулах, цаашлаад халдварт өвчин гарах магадлал ч үүсээд байсан юм. Иймд цэвэрлэгээг хийхэд тус хорооны иргэдээс маш олон тооны санал хүсэлт удаа дараа ирж, хуваарийн хэсэгчилсэн уулзалт хийж иргэдийн олонхийн саналаар уг хур хогийг цэвэрлэх шийдвэр гаргаж хийсэн юм. Өнгөрсөн хугацаанд уг газрыг эзэмшигч нь газрын тухай хуульд заасны дагуу газраа зориулалтын дагуу 3 жил ашиглаагүй юм. Пүрэвдорж гэх хүн Х.Д тус хашааны эзэмшигч болохыг 2018 оны 10 дугаар сард хэлсэн. Бид тус хашааг газрын тухай хуулийн дагуу чөлөөлөх бус тус газар цугласан хур хогийг цэвэрлэхээр зориулалтын машин оруулах зорилгоор буулгасан бөгөөд тус эзэмшигчийн хашааг эвдэж хохирол учруулаагүй. Тус хашааг одоо тус хорооны иргэн Долгорын Баасанхүү хадгалж байгаа бөгөөд эзэмшигчид нь буцаан өгөхөд асуудалгүй юм. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаарлагад хашааг нь үрэгдүүлсэн мэт төлүүлэх шаардлага гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагадаа тус хашаагаа 2018 оны 10 дугаар сард хулгайд алдсан гэж дурдсан боловч энэ талаар цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн юм байдаггүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад хашааны хэмжээг зөрүүтэй дурдсан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Д, түүний хууль ёсны эзэмшлийн газар дахь хашааг буулгаснаас учирсан хохиролд 2 400 000 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн Засаг дарга С.Бээс шаарджээ.

 

Хариуцагч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга  С.Б хашаа буулгасан тухайд маргахгүй боловч, хашаанд хур хог ихээр цугларснаас тухайн орчмын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах Монгол улсын Үндсэн хуульд заасан эрх зөрчигдөж байсан тул нийтийн эрх ашгийг хамгаалж хог цэвэрлэх зорилгоор хашааг буулгасан  тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлах ба ийнхүү буулгахдаа фото зургийг авч бэхжүүлсэн, буулгасан гэх цэнхэр өнгийн листэн 3 ширхэг хашааг буцаан хүлээлгэн өгөхөд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Х.Д Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 178013/0052, 18639309503238 дугаарт бүртгэлтэй, амины орон сууцны зориулалттай, 700 м.кв талбай бүхий газрыг 10 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зураглал, талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ. 

 

Хариуцагч, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн газраа хашаалсан хашааг буулгасан үйл баримтад талууд маргаангүй бөгөөд хариуцагч нийтийн эрх ашгийн төлөө орчныг бохирдуулж байсан хур хогийг зайлуулах зорилгоор уг үйлдлийг хийсэн гэх боловч энэ үндэслэл нь хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа шударга эзэмшигчийн эд хөрөнгөө эзэмших ашиглах эрхийг хэрэгжүүлэхэд саад болох үндэслэл болохгүй юм.

 Нөгөө талаас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Баг, хорооны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан ба уг хуулийн зохицуулалтад Засаг дарга хог цэвэрлэх зорилгоор газар чөлөөлөх эрхтэй талаар тусгаагүй байна.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан гэм хор учруулсан нь  өөрийнх нь буруугаас болоогүй гэдгээ нотлоогүй тул нэхэмжлэгчийг гэм хорын хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэх боловч нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангав.

Тодруулбал, нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 50 метр урт хашааны үнэ, ажлын хөлсний хамт 2 400 000 төгрөг гэж шаардлагаа тодорхойлсон, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд зохигч хэн аль нь 2 тал хашаа барих боломжтой газар гэдэгт маргаагүй, нэхэмжлэгч 2 тал 26 метр хашаа барьсан, үлдэх хэсэг нь хураалттай  байсан гэж тайлбарласан бол хариуцагч, 3 ширхэг цэнхэр өнгийн лист төмрөөр хийсэн хашаа байсны үлдэх хэсэг нь онгорхой байсан гэж зөрүүтэй тайлбар гаргаж мэтгэлцсэн.

 Нэхэмжлэгчийн 50 метр хашаа байсан, хариуцагчийн 3 ширхэг хашаа байсан гэх тайлбар аль аль нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй.

Иймд шүүх, тогтоогдож байгаа үйл баримтын хүрээнд буюу хариуцагч хашааг буулгаснаар нэхэмжлэгчийн эзэмших ашиглах эрхийг зөрчиж, гэм хор учруулсан нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д талуудын тайлбар нотлох баримтад хамаарахаар зохицуулсныг харгалзан 26 метр хашааны үнийг хариуцагчаас гаргуулах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч хэрэгт авагдсан зарлагын баримтыг үгүйсгээгүй тул тэдгээр баримтад тумгасан үнэр материалын зардлыг тооцож, 26 метрын урттай 2 тал хашаа барихад тус бүр нь 3 метрийн урт бүхий 9 ширхэг лист төмөр /1*25 000*9=225 000/ шаардлагатай гэж тооцвол лист төмрийг бэхлэх 10 шон /1*8000*10=80 000/, нэг лист тутам 2 дайвар мод /1*12 000*18=216 000/, 50 метр хашааны үнэ гаргуулахар шаардсанаас 26 метр хашааны үнийг үндэслэлтэй гэж дүгнэсэн тул дагалдах материалуудыг  тал хувиар нь тооцож, 1 м төмөр утас /1*35 000/, 80 мм-н хадаас 0,5 хайрцаг /0.5*45 000/, 200 см-н хадаас 5 кг /5кг*12 000=60 000/ шаардлагатай гэж тооцоод 661 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу хашаа бариулах ажил гүйцэтгэх гэрээний хөлс 500 000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдаагүй, лантуу, лоом, бахь, шуудай, ажлын бээлий зэргийн зардал нь хашааг суулгасан ажил гүйцэтгэгчид хамаарна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 1 739 000 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20 414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг дарга С.Б-ээс  661 000 /зургаан зуун жаран нэгэн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 739 000 /нэг сая долоон зуун гучин есөн мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Д-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 20 414 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Д-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ                                  Д.ЭНХЦЭЦЭГ

 

             ШҮҮГЧИД                                      Б.МӨНХБАЯР

 

                                                                   Д.ЯНЖИНДУЛАМ