Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2018/02235/И |
Дугаар | 181/ШШ2018/02449 |
Огноо | 2018-11-27 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2018/02449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч “Т” ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ЧС” ХХК -д холбогдох,
Гэрээний үүрэгт 20.983.508 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Намуун, хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Сэргэлэнтэй ТКЕК-MN20145836 тоот “Цахилгаан шат нийлүүлэх гэрээ” байгуулж, ThyssenKrupp брендийн ELEXESS I зорчигчийн цахилгаан шат 2 ширхэгийг нийт 102.774 ам доллараар иргэн Д.Сэргэлэнгийн барьж буй Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъяан гүний гудамж 22 тоот барилгад нийлүүлж, угсрахаар харилцан тохиролцсон. Гэрээгээр тохиролцсоны дагуу иргэн Д.Сэргэлэнгийн барилгад 2 цахилгаан шатыг угсран нийлүүлж, мэргэжлийн хяналтын газрын туршилтанд амжилттай оруулсан. Гэрээний дагуу төлөх ёстой төлбөрөөс 2015 оны 8 сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны хооронд хэсэгчлэн нийт 96.634 долларыг төлж 6.140 ам долларын төлбөр үлдсэн. Гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг иргэн Д.Сэргэлэн “ЧС” ХХК-д харилцан тохиролцож шилжүүлсэн. Энэ тухайгаа манайд мэдэгдснийг хүлээн зөвшөөрсөн. Мөн төлбөр “ЧС” ХХК-иас орж ирдэг байсан. Д.Сэргэлэн нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч. Лифтийг 2017 оны 3 дугаар сарын 28-нд хүлээлгэн өгсөн ч хариуцагч “ЧС” ХХК гэрээний үүргийг шилжүүлж авснаар дахин 2018 оны 2 , 3 дугаар сард цахилгаан шатыг хүлээлцсэн акт үйлдсэн. Манай компани төлбөл зохих 6.140 долларыг төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд хариуцагчийн зүгээс хэсэгчлэн төлөхөө илэрхийлж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй хойшлуулсаар байна.
Иймд хариуцагчаас 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Цахилгаан шат нийлүүлэх гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 6.140 доллар буюу 15.096.049 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 5.887.459 төгрөг, нийт 20.983.508 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Т” ХХК болон иргэн Д.Сэргэлэн нар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу “Т” ХХК тус ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэвч чанарын шаардлага хангаагүй, асуудалтай цахилгаан шатыг угсарч нийлүүлсэн байдаг. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр манай компани удаа дараа аман болон бичгэн хүсэлт гаргаж байсан боловч огт засварын ажил хийгдээгүй. “Т” ХХК “танай компани цахилгаан шатаа эхний ээлжинд хүлээгээд авчих, дараа нь манайх шаардлагатай засварын ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж хэлсний дагуу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн актаар уг цахилгаан шатыг хүлээж авсан. Гэвч ажлыг нь хүлээж авснаас хойш засварын ажил нэг ч удаа хийгдээгүй. Үүнээс шалтгаалан манай барилгын цахилгаан шат өнөөдрийг хүртэл дуу чимээ ихтэй, савлалттай, зарим товчлуур ажиллахгүй, цахилгаан шатны түвшин зөрүүтэй, цахилгаан шатны хаалганы порем зөрүүтэй байдалтай байна. Манай компаний зүгээс хууль болон гэрээнд заасан эрхийн дагуу нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан үлдэгдэл төлбөрийг шилжүүлээгүй. Тиймээс үлдэгдэл төлбөрийн алдангийг төлөх боломжгүй. Хэрэв дээрх засварын ажлыг хийж гүйцэтгэсэн тохиолдолд манай компани үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой. “Т” ХХК нь гүйцэтгэх захирал Б.Эрдэнэ-Оюутын нэрээр нэхэмжлэл гаргасан. Гэвч манай компанийн зүгээс Б.Эрдэнэ-Оюут захиралтай холбогдоход би нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэлд гарын үсэг зураагүй, компани дээрээ 2018 оны 7 дугаар сараас хойш очоогүй гэсэн хариуг өгсөн. Тийм учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Иймд “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т” ХХК болон иргэн Д.Сэргэлэн нар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Цахилгаан шат нийлүүлэх гэрээ байгуулсан. Хариуцагч “ЧС” ХХК нь гэрээ байгуулаагүй, мөн түүнээс эрх шилжүүлж авсан гэх боловч энэ талаарх баримтгүй. Иймд манай компани хариуцах үүрэггүй тул нэхэмжлэгч хэлцэл хийсэн иргэн Д.Сэргэлэнгээс үүргийг шаардах ёстой. Манайх зөвхөн тухайн хоёр лифтний эзэмшил ашиглалтыг хариуцдаг, лифтийг ашиглаж байгаа байгууллага. Иймд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч “Т” ХХК нь “ЧС” ХХК-д холбогдуулан ажлын хөлс 15.096.049 төгрөг, алданги 5.887.459 төгрөг, нийт 20.983.508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.
Нэг талаас “Т” ХХК, нөгөө талаас иргэн Д.Сэргэлэн нар 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож, Гүйцэтгэгч нь захиалагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгад стандарт, чанарын шаардлага хангасан 2 ширхэг Экселесс маркийн зорчигч тээврийн лифтийг нийлүүлэх, угсарч, суурилуулан хүлээлгэн өгөхөөр, Захиалагч нь ажлын хөлсөнд 102.744 ам долларыг гэрээнд заасан үе шаттайгаар төлөхөөр, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувьтай тэнцэх алданги төлөхөөр ТКЕК-MN20145836 тоот “Цахилгаан шат нийлүүлэх гэрээ”-г байгуулжээ. /хх 11-14/
Дээрх гэрээ Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.3-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.
Хэрэгт авагдсан баримтаар гүйцэтгэгч 2017 оны 3 дугаар сарын 28-нд захиалагчид ажлыг хүлээлгэн өгч акт үйлдсэн, 2017 оны 9 дүгээр сарын 15-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас суурилуулсан лифтүүдэд техникийн магадлал хийн ашиглах зөвшөөрлийг олгож улмаар 3812, 3814 дугаарт бүртгэжээ.
Нэхэмжлэгч ажлын хөлс 96.634 ам долларыг авсан, үлдэх төлбөрийг хариуцагч байгууллага иргэн Д.Сэргэлэнгийн өмнөөс хариуцан төлөхөөр тохиролцсон үндэслэлээр шаардаж байна. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа ажлын гүйцэтгэл доголдолтой тухай дурдсан байх боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх тайлбараа дэмжээгүй, харин гэрээний оролцогч биш, хариуцагч биш гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.
“ЧС” ХХК нь нэхэмжлэгч байгууллагад дээрх ажлын хөлсний үлдэгдэл 6.140 ам долларыг төлөхөө илэрхийлж 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 18/10 албан бичиг, 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байх тул шүүх Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар бусдын төлбөл зохих 6.140 ам долларын өрийг хүлээн зөвшөөрч өөртөө шилжүүлж авсан гэж үзэв.
Харин хэрэгт авагдсан баримтаар гэрээний үүргийг бүхэлд нь шилжүүлэн авсан гэх байдал тогтоогдохгүй байх тул алдангийг хариуцагчаас тооцон гаргуулах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ам доллар, төгрөгтэй харьцах ханшаар 1 ам доллар 2458,64 төгрөг байх тул хариуцагчаас 15.096.049 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “ЧС” ХХК-иас 15.096.049 /арван таван сая ерэн зургаан мянга дөчин есөн/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20.983.508 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262.867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЧС” ХХК-иас 233.430 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ