Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2019/00067

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “ОМИ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ТЭТЮ” ХХК -д холбогдох,

Гэрээний үүрэгт 40.141.800 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, гэрч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ОМИ” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч “ТЭТЮ” ХХК-иас ашигт малтмалын 2244А, 4323А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг худалдан авахаар тохиролцож “Компанийн өмчийг худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Манай компани уг гэрээний 3.1.2-т заасан үүргээ биелүүлж гэрээний баталгаа болгон урьчилгаа 20.000 ам долларыг хариуцагч компанийн тухайн үеийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Даваажавт тухайн өдрөө шилжүүлэн өгсөн. Хариуцагч тал тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдэд хамаарах талбай нь урт нэртэй хуулинд буюу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбайтай хэсэгчилсэн байдлаар давхацсан байсныг тусгай зөвшөөрөлд хамаарах талбайгаасаа төрийн захиргааны байгууллагад хандан хасуулах, үүний дараа манай компанид тусгай зөвшөөрлүүдээ шилжүүлэн өгч үлдэгдэл төлбөрөө хүлээж авахаар гэрээгээр тохиролцсон ч хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Улмаар Д.Даваажав захирал талийгаач болсон байдаг. Иймд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй учраас гэрээний 4.1.8-д заасан журмын дагуу гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд авсан 20.000 ам долларыг манай компанид буцаан төлөх үүрэг үүсээд байна. Манай компани дээрх мөнгийг буцаан өгөхийг анх 2016 оны 9 дүгээр сард талийгаач захиралд мэдэгдэж байсан. Мөн дараа нь тус компанитай хэд хэдэн хэлбэрээр харилцахыг оролдсон боловч биднийг хүлээн авч уулзахгүй байх, шуудангаар илгээсэн захидлыг хүлээн авахаас татгалзах зэргээр асуудалд хандсаар ирсэн. Гэрээний хувьд хариуцагч үүргээ биелүүлснээр манайх үлдэх төлбөрийг төлж дараа нь Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар гэрээг бүртгүүлэх ёстой байсан.  Энэ нөхцөлд бүрдэлгүйгээр өмнө нь гэрээнээс татгалзах нөхцөл үүссэн тул гэрээ хууль зөрчөөгүй. Мөн гэрээнд компанийн тамга дарагдсан эсэх нь гэрээний хүчин төгөлдөр эсэхэд хамааралгүй. Мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримтыг заавал батлагдсан маягт дээр бичихийг шаардахгүй. Талийгаачид мөнгийг хүлээлгэн өгсөн болохыг тухайн үед талуудыг зуучилж уулзуулсан гэрчүүд мэдүүлж байгаа. Иймд “ТЭТЮ” ХХК-иас 20.000 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 40.141.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “ТЭТЮ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар С.Ганбаатар 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр томилогдсон. Мөн О.Баярмаа 2016 оны 11 дүгээр сараас тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигч болсон бөгөөд өмнөх захирал Д.Даваажав 2017 онд нас барсан. Компанийн тайлан тооцоо, мөнгөн гүйлгээнд бусдаас 20.000 ам долларын орлого орсон талаарх мөнгөн гүйлгээ, санхүүгийн баримт байдаггүй. Тиймээс уг гэрээнд заасан үүргийн гүйцэтгэл болоод төлбөр тооцооны асуудал манай компанид хамааралгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээн дэх гарын үсэг талийгаачийнх гэдэгт маргахгүй ч компанийн тамга дарагдаагүй тул эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр уг гэрээгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг худалдах худалдан авах тухай тохиролцсон байх боловч хуулийн дагуу зохих газарт бүртгүүлээгүй тул хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Түүнчлэн мөнгө хүлээлгэн өгсөн гэх баримтад талийгаач гарын үсэг зураагүй гэдгийг гэрч болоод нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байна.

Өгсөн гэх дээрх төлбөрийг компанийн тамга тэмдэг бүхий орлогын ордероор хүлээн авсан баримтгүй, түүнчлэн компанид эсхүл иргэнд өгсөн алин нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгч мөнгийг тухайн үед талийгаач Д.Даваажавт шилжүүлэн өгснөө баримтаар нотлоогүй тул “ОМИ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч “ОМИ” ХХК нь “ТЭТЮ” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 40.141.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Нэг талаас “ОМИ” ХХК, нөгөө талаас “ТЭТЮ” ХХК нар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, Худалдагч нь “ТЭТЮ” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймаг Бөмбөгөр сумын Лхамсүрэнгийн тохой нэртэй газарт байрлах 75,97 га талбай бүхий ашигт малтмалын 2244А тоот, мөн аймгийн  Жугамын ам нэртэй газарт байрлах 128,87 га талбай бүхий ашигт малтмалын 4323А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн геологи, хайгуулын ажлын тайлан мэдээ, мэдээлэл, тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч үнэ 2.300.000 ам долларыг гэрээнд заасан нөхцлийн дагуу олгохоор “Компанийн өмчийг худалдах худалдан авах гэрээ”-г байгуулжээ. /хх 8-11/

Зохигчид гэрээ байгуулсан, гэрээ байгуулах үед хариуцагч байгууллагын 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Д.Даваажав байсан, тэрээр 2017 онд нас барсан үйл баримтад маргаагүй.

Харин гэрээ хүчин төгөлдөр эсэх, урьдчилгаа 20.000 ам долларыг шилжүүлэн өгсөн эсэхэд маргаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлд Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болохоор, ийнхүү шилжүүлэхэд төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэхээр, улмаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн газар ашиглах эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхээр тус тус заажээ.

Зохигчид дээрх ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдах худалдан авахаар тохиролцсон ч гэрээг зохих журмын дагуу захиргааны байгууллагад бүртгүүлээгүй гэдэгт маргаагүй.

Иймд талуудын хоорондох дээрх хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх тул мөн зүйлийн 56.5-д зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохоор 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 20.000 ам доллар хүлээн авсан тухай баримтыг ирүүлсэн байх бөгөөд уг баримт дах гарын үсэг талийгаач захирал Д.Даваажавынх биш гэдэгт маргаагүй боловч гэрч БНХАУ-ын иргэн Чан Тэ Жү “...гэрээ байгуулахад, ... 20.000 долларыг хүлээлгэн өгөх үед би хамт байсан, тэднийг зуучилж өгсөн” гэж, мөн гэрч Б.Наранболд “гэрээ байгуулахад 2 талд зуучилсан, гэрээ байгуулах болон мөнгийг өгөхөд хамт байсан, маргааш нь Д.Даваажавын өмнөөс баримтад би гарын үсэг зурсан” гэж тус тус мэдүүлж байх тул шүүх дээрх хэлцлийн дагуу 20.000 ам долларыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлэн өгсөн гэж үзэв.

   Иймд хэлцлийн дагуу шилжүүлсэн 20.000 ам доллар буюу 40.141.800 /20.000*2007.09/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан “ТЭТЮ” ХХК-иас 40.141.800 төгрөг гаргуулж, “ОМИ” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 360.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 358.659 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ