Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 935

 

  Б.О, Ч.Л нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор О.Багшбаяр,

            шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

            шүүгдэгч Ч.Лийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

            нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Багшбаярын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 107 дугаартай эсэргүүцлээр Б.О, Ч.Л нарт холбогдох эрүүгийн 1806064241419 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. ..........................., 1993 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 33 дугаар гудамжны 1788 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:............................/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 1 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 468 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.6 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 15 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 15 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн;

            2. ..............................., 1994 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 22 дугаар гудамжны 1470 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, РД:....................../;

            Б.О нь ганцаараа 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй хохирогч Г.Халтарнохойд хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6” маркийн гар утсыг дээрэмдсэн,

            мөн 2018 оны 6 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн гудамжинд хамтран амьдрагч Б.Батсолонгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

мөн Ч.Лтой бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн,

Ч.Л нь Б.Отай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.О, Ч.Л нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ................................ нарыг “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овгийн ......................... “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Лид 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.От 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.От 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.От оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Ч.Лид оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Оын цагдан хоригдсон 359 хоног, Ч.Лийн цагдан хоригдсон 197 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О, Ч.Л нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.О, Ч.Л нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор О.Багшбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч Б.Оыг ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Халтарнохойд хүч хэрэглэн, 200.000 төгрөгийн үнэ бүхий “Галакси эс 6” маркийн гар утсыг дээрэмдсэн, 2018 оны 6 дугаар сарын 10-ны шөнө хамтран амьдрагч Б.Батсолонгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ч.Лтой бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси эс 6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн нь тус тус тогтоогдож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж дүгнэжээ. Гэтэл шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ, шүүгдэгч Б.О, Ч.Л нарыг “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овгийн Бямбахүүгийн Отгонбаатарыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Лид 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.От 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.От 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс үзэхэд, шүүхээс шүүгдэгч Б.Оын ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г Халтарнохойд хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Галакси эс 6” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Үүнээс үзвэл, шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” шаардлагыг хангаагүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Ч.Лийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Л нь Б.Оыг 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатын “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдэх үед хажууд нь зогсож байсан. Анхан шатны шүүхээс Ч.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн боловч прокурорын зүгээс зүйлчлэл тохироогүй гэх үндэслэлээр эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг тохироогүй гэж буцаасан байдаг. 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар Ч.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ял оногдуулсан. Ч.Л нь давж заалдах гомдол гаргаагүй тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Анхан шатны шүүхээс Б.О нь ганцаараа 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Халтарнохойд хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн, мөн Ч.Лтой бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн үйлдлүүдийг тодорхойлох хэсэгтээ дүгнэж, тогтоох хэсэгтээ дүгнээгүй байсан. Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

            Шүүгдэгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч.Лтой бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн. Харин ганцаараа 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г.Халтарнохойд хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6” маркийн гар утсыг дээрэмдсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.О нь ганцаараа 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт, насанд хүрээгүй хохирогч Г.Халтарнохойд хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6” маркийн гар утсыг дээрэмдсэн,

            2018 оны 6 дугаар сарын 10-ны шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн гудамжинд хамтран амьдрагч Б.Батсолонгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Ч.Лтой бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн,

Ч.Л нь Б.Отай бүлэглэн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

насанд хүрээгүй хохирогч Г.Халтарнохойгийн “...Тэгээд гэрт ороод байж байтал манай ээж намайг яваад “дэлгүүрээс нэгж аваад ир” гэхээр нь би гэрээсээ гараад алхаж байтал “Наран” дэлгүүрийн хажууд нөгөө хөмсөг дээрээ шивээстэй Отгонбаатар гэх ах манай хөрш Тэмүүжин гэх ахтай хамт байсан. Гэтэл Отгонбаатар гэх ах намайг “утсаараа нэг яриулчих” гэхээр нь би өөрийн “Самсунг галакси эс 6” маркийн гар утсаа гаргаж өгөхөд тэр хүн нэг хүнтэй яриад байх шиг байсан. Гэтэл манай хөрш Тэмүүжин ах “гэртээ ороод ирье” гээд намайг нөгөө ахын хажууд үлдээгээд явсан. Үүний дараа нөгөө ахаас утсаа авах гэтэл утсыг минь өгөхгүй гээд халаасандаа хийсэн. Тэгээд би утсаа авъя гээд өмднийх нь халаас руу гараа хийх гэтэл намайг түлхэж холдуулаад байсан ба намайг дагуулаад доошоо автобусны буудал руу явах гээд байхаар нь би дагаж явахгүй, утсаа авъя гээд шаардаад зогсож байсан. Гэтэл тэр ах надад хандаж “чи намайг мэдэх үү, би эндхийн атаман шүү дээ, чи яасан том яриатай юм бэ” гэж хэлээд миний хацар руу гараараа нэг удаа алгадаж цохисон. Тэгээд би утсаа авъя гээд бие рүү нь ойртоход миний утсыг өгөхгүй намайг түлхэж газар унагаачихаад тэр ах шууд зугтаачихсан. ...” /1хх 228/,

 

хохирогч Б.Батсолонгын “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэртээ нэг том пиво уусан. Харин би тухайн пивоноос нэг аяга уусан. Тэгээд бид 2 Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “White night” гэх бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед шөнийн 02 цаг болж байсан ба бид 2 хүний нэг шил пиво уусан. Отгонбаатар нь 100 грамм архи авч уусан. Тэгээд бид 2 шөнийн 03 цаг өнгөрч байхад баарнаас гараад таксинд суугаад Дарь-Эх рүү гэртээ харих гээд явж байсан. Такси нь дотор Отгонбаатар намайг “гичий, янхандаад явсан” гэж хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би Отгонбаатарт “чи 5 дугаар сард манайд очоод ээжээс намайг гуйж байгаад авч ирсэн биз дээ” гээд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн дунд буудал орчимд явж байгаад таксины жолоочид би 1000 төгрөг өгөөд түрүүлээд буусан. Тэгсэн чинь Отгонбаатар араас бууж ирээд машин зам дээр дээгүүрээ өмссөн байсан цагаан өнгийн цамцаа тайлаад гараа дэлгээд орилоод байсан. ...Тэгээд намайг үснээс зулгааж, Сэлбэ голын эрэг рүү чирээд явсан. Намайг үсдэж дарж байгаад газраас чулуу аваад миний толгой руу 3 удаа чулуугаараа цохиод чулуугаа гол руу шидсэн. Тэгээд дахиад нэг чулуу аваад намайг цохих гээд байхаар нь би “одоо больёо хайраа, гэртээ харъя” гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатар намайг зодохоо больж, бид 2 Отгонбаатарын гэр рүү явахаар болсон. ...” /1хх 62-67/,

 

насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатын “...2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 12 цаг өнгөрч байхад найз Д.Золбоогийн хамтаар Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Дунд Дарь-Эхийн автобусны буудлын орчимд явж байхад зүүн нүдний хөмсөг дээрээ од шиг шивээстэй, хүзүүнийхээ зүүн хэсэгт монгол бичгээр “монгол” гэсэн шивээстэй туранхай эрэгтэй хүн, махлаг царайтай, онигор нүдтэй, эрүүн доороо ямаан сахалтай 2 хүн ирээд хөмсөг дээрээ шивээстэй ах нь “утсаа өг” гэхээр нь би “яах юм бэ, яараад байна” гээд явах гэтэл араас зүүн мөрнөөс гараараа татахаар нь эргээд хартал ...баруун гараараа миний элэг рүү цохихоор нь би амьсгаа авч чадахгүй газар унасан. Тэгээд миний баруун талын халаасанд байсан “Самсунг галакси эс 6 эдж” маркийн гар утсыг халааснаас ухаж аваад Дарь-Эхийн хуучин эцэс тал руу гүйгээд явсан. ...” /1хх 11-15/,

 

гэрч Д.Золбоогийн “...үл таних эрэгтэй хүн “хөөе” гээд Орхонбат бид хоёрыг дуудсан. Тэгээд эргээд харахад 23-25 орчим насны үл таних 2 эрэгтэй хүн байсан. Тэгээд Орхонбат бид хоёрыг “нааш хүрээд ир” гээд дуудаад байсан ба бид 2 очихгүй яваад өгсөн. Тэгээд цаашаа хараад жаахан алхаж байтал араас ирээд Орхонбатын ар талаас нь татаад эргүүлсэн ба тэр үед Орхонбатыг татаж эргүүлсэн хүн зүүн талын хөмсөг дээрээ 5-6 ширхэг жижиг од мэт дүрс шивүүлсэн, мөн хүзүүнийхээ хажуу хэсэгт монгол бичгээр “монгол” гэсэн үг шивүүлсэн хар өнгийн цамцтай, саарал хар өмдтэй, улаан пүүзтэй залуу байсан. Энэ үед тэр залуугийн хажууд эрүүндээ ямаан сахалтай, цэнхэр өнгийн саравчтай малгайтай, цагаан цамц, саарал өмдтэй 20-25 орчим насны залуу зогсож байсан. Хөмсөг дээрээ шивээстэй Отгонбаатар гэх залуу нь манай найз Орхонбатыг “утсаараа нэг яриулчих” гэж хэлж байсан ба манай найз Орхонбат “яахын бэ” гээд утсаа гаргаж өгөхгүй байсан. Гэтэл тэр Отгонбаатар гэх хөмсөг дээрээ шивээстэй залуу манай найз Орхонбатыг хүзүүдэж аваад цаашаа дагуулаад хашааны булан руу явсан. Харин хажууд нь байсан ямаан сахалтай залуу нь намайг хүзүүдэж аваад цаашаа өөр хашааны булан руу очоод надаас “мөнгө байна уу” гэж асуухаар нь би “байхгүй” гэдгээ хэлсэн. Гэтэл тэр залуу миний цээж рүү гараараа зөөлхөн цохиод байсан. Тэгж байгаад намайг тавиад цаашаа Орхонбат руу очих гээд явсан. Энэ үед цаанаас нөгөө шивээстэй залуу нь гүйгээд явсан ба араас нь нөгөө ямаан сахалтай залуу нь гүйгээд явсан. Тэгээд би Орхонбат дээр очиход түүний гар утсыг нь аваад зугтаасан байсан. ...” /1хх 18-19/,

 

гэрч О.Тэмүүжингийн “...Отгонбаатар бид 2 юм яриад зогсож байтал миний араас Халтарнохой гарч ирээд “ээж дуудаад байна, би явлаа” гээд явсан. Гэтэл Отгонбаатар намайг “нэг утсаар яриулчих” гэхээр нь би “утасгүй байна” гэж хэлчихээд Отгонбаатарыг дагуулан Халтарнохойгийн хашааны гадна очиж, Халтарнохойг дуудаж уулзуулахад Отгонбаатар “ах нь утсаар чинь ганц яръя” гээд Халтарнохойгийн утсыг нь гуйж аваад гудамжинд зогсож байгаад нэг эмэгтэй хүнтэй яриад байх шиг байсан. Тэр үед миний өмсөж явсан тавчикны ул нь салсан байсан учир би “гэртээ ороод гутлаа солиод ирье” гээд Халтарнохой, Отгонбаатар хоёрыг хамт үлдээчихээд гэртээ орж гутлаа солиод гарч ирсэн ба намайг хашаанаас гарах үед Халтарнохой миний өөдөөс сандарсан байдалтай гүйгээд ирсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад “нөгөө ах чинь миний утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлж байсан. Тэгээд Халтарнохой бид хоёр хамт Отгонбаатарыг хайсан боловч түүнийг олоогүй. ...” /1хх 229/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7543 дугаартай “Б.Бат-Солонгын биед дагзны хуйханд шарх, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт, зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун хацарт хуучин зулгаралтын сорви, зүүн бугалга, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх дагзны хуйханд шарх, зүүн тохой, зүүн шилбэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх зүүн шуу, зүүн өвдөг, зүүн шилбэ, баруун хацарт хуучин зулгаралтын сорви, зүүн бугалга, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна.” /1хх 69-71/ гэх дүгнэлт,

 

эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 7-9/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 25-26, 51-52/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 244-246/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд, шүүгдэгч Б.О, Ч.Л нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

            Шүүгдэгч Б.Оын хамтран амьдрагч Б.Батсолонгыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Оын ганцаараа насанд хүрээгүй хохирогч Г.Халтарнохойд хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6” маркийн гар утсыг дээрэмдсэн, Б.О, Ч.Л нарын бүлэглэн насанд хүрээгүй хохирогч Б.Орхонбатад хүч хэрэглэн 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-6 эдж” маркийн гар утсыг дээрэмдсэн тус тус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Лид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлтэй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ч.Л нь гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон хохирол төлсөн байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.

Прокурор О.Багшбаяр “...Шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс үзэхэд, шүүхээс шүүгдэгч Б.Оын ганцаараа 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч Г Халтарнохойд хүч хэрэглэн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Галакси эс 6” маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт хэргийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт, болсон үйл баримтаас үзэхэд Б.О нь иргэн Г.Халтарнохойг 2018 оны 6 дугаар сард биш, 2018 оны 8 дугаар сард дээрэмдсэн нь тогтоогдож байна. Түүний Г.Халтарнохой, Б.Орхонбат нарыг дээрэмдсэн үйлдлийг цаг хугацааны хувьд үргэлжилсэн үйлдэл гэж үзсэн нь хуулийн үндэслэлтэй байх ба харин шүүх гэмт хэргийн болон гэм буруугийн талаарх дүгнэлтийг эргэлзээтэй, ойлгомжгүй байдлаар хийжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийн энэ талаарх хэсгийг хүлээн авч, “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоол үйлдэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасан шаардлагыг хангаж байхыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1227 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

1 дэх заалтын “Боржигон овгийн Бямбахүүгийн Отгонбаатар, Боржигон овгийн Чулуунтогтохын Лхадорж нарыг “бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, Боржигон овгийн Бямбахүүгийн Отгонбаатарыг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “Боржигон овгийн Бямбахүүгийн Отгонбаатарыг ганцаараа болон бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Боржигон овгийн Чулуунтогтохын Лхадоржийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор О.Багшбаярын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 107 дугаартай эсэргүүцлийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 

 ШҮҮГЧ                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                     ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ