Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2020/0808/З |
Дугаар | 221/МА2024/0556 |
Огноо | 2024-08-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2024/0556
М.Ц*******, М.С******* нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Нэхэмжлэгч: М.Ц******* /РД:*******/
Нэхэмжлэгч: М.С******* /РД:*******/
Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар
Хариуцагч: Хотын стандарт, хөгжлийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Д*******” ХХК-д олгосон 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан “Х” хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц*******т учирсан хохирол 36,062,000 төгрөг, нэхэмжлэгч М.С*******д учирсан хохирол 68,938,000 төгрөг, нийт 107,767,160 төгрөг гаргуулах, Хотын стандарт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0251 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2020/0808/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Ц*******, М.С******* нараас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Д*******” ХХК-д олгосон 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан “Х” хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц*******т учирсан хохирол 36,062,000 төгрөг, нэхэмжлэгч М.С*******д учирсан хохирол 68,938,000 төгрөг, нийт 107,767,160 төгрөг гаргуулах, Хотын стандарт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0251 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.5, 12.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хууль бус байсан болохыг тогтоож, уг шийдвэрийн улмаас учирсан хохиролд нэхэмжлэгч М.С*******д 68,938,000 төгрөгийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулж, үлдэх шаардлага болох “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан “Д*******” ХХК-д олгосон 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан “Х” хотхоны барилгын эскиз зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгож;
2 дахь заалтаар: Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.5, 12.1.8, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Ц*******ын гаргасан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Д*******” ХХК-д олгосон 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан “Х” хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц*******т учирсан хохирол 36,062,000 төгрөг гаргуулах, Хотын стандарт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч М.Ц*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч М.С*******, М.Ц******* нар “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Д г” ХХК-д олгосон ХУ/04/07 дугаартай архитектур төлөвлөлттин даалгавар, 2008 онд баталсан Х хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас М.С*******, М.Ц*******т учирсан хохирол 107,767,160 төгрөгийг гаргуулах, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
3.2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, М.Ц*******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. “Д г” ХХК-ийн хууль зөрчиж барьсан барилгын улмаас нэхэмжлэгч М.Ц*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор хохирсон нь:
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт хүргүүлсэн албан бичигт “Н******* хотхоны орон сууц “Д******* ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгын суурь хоорондын зай 13,2 м байгаа нь Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31.1.10-ын заавал мөрдөх хавсралтын 2.5, заавал мөрдөх 12 дугаар хүснэгтэд заасан зай хэмжээний нормативыг хангахгүй байна." (хэргийн 1 дүгээр хавтсын 137-138 дугаар хуудас)
- "Л*******" ХХК-аас гаргасан Зах зээлийн үнэ тогтоох үнэлгээний тайланд нэхэмжлэгч М.Ц*******ын өмчлөлийн орон сууцны зах зээлийн үнэ цэнийн бууралтыг бодитоор үнэлж, 36,062,000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон (хэргийн 4 дүгээр хавтсын 37 дугаар хуудас) зэргээр нотлогдож байхад “нарны ээвэрлэлтийн шаардлагыг хангаж байгааг нотолсон, хохирол шаардах эрх үүсээгүй” гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. М.Ц*******ын тухайд зөвхөн нарны ээвэрлэлтийн шаардлага хангасан, хангаагүй тухай маргаагүй, захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тухайн иргэний өмчлөлийн орон сууцны үнэ цэнэ буурч, түүнд бодитоор хохирол учирсан атал дээрх байдлаар дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
3.3. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн зардалд 1,376,000 төгрөг төлсөн зэргээр Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас иргэн цаг хугацаа, санхүү мөнгөөрөө хохирч, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0251 дугаар шийдвэрээр “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас баталсан “Д*******” ХХК-ийн 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай архитуктур төлөвлөлтийн даалгавар, 2008 оны Х хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, уг газрын хууль бус ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц*******т учирсан хохирол 36,062,000 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас гаргуулах, хариуцагч нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Улсын комиссын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаартай барилга байгууламжийг ашиглатад оруулах дүгнэлтийн 108 дугаартай барилгад холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэхэмжлэгч М.Ц*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
4.1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Н*******” хотхоны урд талд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 360 тоот захирамжийг үндэслэн "Т*******" ХХК-д тус газраас 2007 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2008 онд Эскиз зургийг баталсан. "Донгхүүг" ХХК-д Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу баримт бичгийн бүрдлийг хангасан тул Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд үндэслэж, норм дүрэмд нийцүүлэн, Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-д заасны дагуу нийт эдэлбэр газрын 30-с доошгүй хувьд ногоон байгууламж, гадна тохижилт, тоглоомын болон амралтын талбайг төлөвлөж 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон.
4.2. Орон сууцны үнэлгээ гэдэг зах зээлийн зарчмаар үнэлэгддэг. Зах зээл, эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдал, барилгын материалын үнэ, бензин түлшний үнэ зэрэг нөхцөл байдлуудаас хамааралтай байхад олон жилийн өмнө худалдаж авсан нэхэмжлэгч М.С*******гийн байрны үнэлгээг 68.938.000 төгрөг гэж эргэлзээгүй тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад шүүх хохирлын үнийн дүнг буруу үнэлж дүгнэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний “Л*******” ХХК-ийн гаргасан орон сууцны зах зээлийн үнэлгээ буурсан зөрүүг тогтоосон 68.938.000 төгрөг нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч нарын Н******* хотхоны 53 дугаар байрыг худалдаж авсан 2013 оны үнэлгээнээс хойш 11 жилийн дараа буюу 2024 онд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хэд дахин өссөн байхад үнэлгээ буурсан гэж дүгнэсэн нь нийтэд илэрхий ойлгомжтой үйл баримт байна.
4.3. 2019 онд Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 12.2х45м хэмжээтэй 15 давхар барилга барихаар тус газраас олгосон байхад гуравдагч этгээд нь 17 давхар барисныг хариуцагч нь хянаагүй ашиглалтад оруулсан гэж шүүх дүгнэсэн. Барилга барих үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хяналт шалгалт хийх чиг үүргийн дагуу Нийслэлийн Хотын стандарт, хяналтын газар хяналт тавьж, байнгын ашиглалтад хүлээж авах асуудлыг Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын хариуцсан үүрэг байхад Хот байгуулалт, Хотын стандартын газрын буруутай үйл ажиллагаа гэж дүгнэж Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бусад тооцож нэхэмжлэгч М.С*******д хохирол 68.938.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
4.4. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн магадлалаар нэхэмжлэгч нарын орон сууц анхнаасаа төлөвлөлт нь нэг орон сууц байсныг 2 тусад нь хувааж а, б болгон хувааснаас үүдэж нарны ээвэрлэлтийн хугацаа өөр гарч байгаа гэх тайлбарыг харгалзан үзэж тодруулах шаардлагыг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй шийдвэрлэсэн болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны 128/ШШ2024/0251 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч М.Ц*******, М.С******* нараас Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хөгжлийн газарт тус тус холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Д*******” ХХК-д олгосон 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан “Х” хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч М.Ц*******т учирсан хохирол 36,062,000 төгрөг, нэхэмжлэгч М.С*******д учирсан хохирол 68,938,000 төгрөг, нийт 107,767,160 төгрөг гаргуулах, Хотын стандарт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан.
4. Ингэхдээ “... Н******* хотхоны 53 дугаар байрны 3а тоотын өмчлөгч М.С*******, 3б тоотын өмчлөгч М.Ц******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн “Д*******” ХХК-ийн барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэрэг нь холбогдох хууль журам, барилга хооронд зай, нарын ээвэрлэлтийн стандарт, галын аюулгүй байдлын норм дүрэмд нийцээгүй; үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнэ буурч, түүнийг өмчлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэх зэргээр шаардлагын үндэслэлийг тодорхойлох бол,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...“Д*******” ХХК-д Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, барилгын эскиз зураг баталсан, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ өгсөн үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, уг барилга нь орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд хамаарахгүй учир иргэдээс санал авах шаардлагагүй, холбогдох норм дүрмийг зөрчиж зөвшөөрөл олгоогүй, байрны үнэ буурсныг тогтоох боломжгүй тул нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн нь тодорхойгүй, нэгэнт хэрэгжсэн захиргааны актыг хүчингүй болгохоор зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхол нь яаж сэргэх нь ойлгомжгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргана.
5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлохын зэрэгцээ “...Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2007-2008 онд баталсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гэж үзэх боломжгүй; харин Архитектур төлөвлөлтийн даалгавраар тогтоосон хэмжээнээс зөрүүтэй баталсан эскиз зургаар 2019 онд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь хүчин төгөлдөр үйлчилж буй норм дүрэмд нийцээгүй; улмаар М.С*******гийн өмчлөлийн 3а тоот орон сууцны тухайд өдөрт 1 цаг 12 минутын хугацаанд нарны шууд тусгал үзэж байгаагаас түүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн; М.Ц*******ын өмчлөлийн 3б тоот орон сууцны хувьд урагшаа харсан 2 цонх, баруун тийш харсан 1 цонхоор өдрийн турш нийтдээ 4 цаг 20 минутын хугацаанд нарны шууд тусгал үзэж байгаа нь нарны ээвэрлэлтийн стандартад нийцэж байгаа тул хохирол шаардах эрх үүсээгүй; “Д*******” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 108 дугаар барилгын ашиглалтын талаарх маргаан биш тул 2021 оны БА-289/2021 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгч М.С*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М.Ц*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна: гээд 5.1.1.барилгын норм, дүрэм;”, 5.2-т “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1-д заасан барилгын норм, дүрмийг заавал, … мөрдөнө.”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна: гээд 12.1.1.эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх; 12.1.5.хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчныг техникийн болон галын аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах нөхцөлийг бүрдүүлсэн, гамшиг, аюулт үзэгдлийн үед нүүлгэн шилжүүлэх нөхцөлийг хангасан байх; 12.1.8.орчны архитектур төлөвлөлттэй уялдуулж барилгын нүүр тал /фасад/, дээвэр, тагтны хашлага, хаалтыг төлөвлөж байх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна: гээд 14.1.1.зураг төслийн дагуу баригдсан байх; 14.1.2.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх; 14.1.4.зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх.” гэж тус тус заасан.
7. Нэр бүхий хоёр нэхэмжлэгчээс тус тусын өмчлөлийн орон сууцыг өмчлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэх “Д*******” ХХК-ийн 108 дугаар барилга нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ХУ/04/07 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2008 онд баталсан “Х” хотхоны барилгын эскиз зураг, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 208/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний үндсэн дээр баригдаж, ашиглалтад орсон.
8. Уг барилга нь тууш талаараа М.Ц*******, М.С******* нарын өмчлөлийн орон сууц байдаг Хан-Уул дүүргийн 15 хороо, Н******* хотхоны 53 дугаар байрны сууцны өрөөний цонхтой хөндлөн талаар 13.2 метр зайтай болох нь шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон ба энэ нь Орон сууцны барилгын зураг төсөв төлөвлөлт (БНбД31-01-10) норм ба дүрмээр тогтоосон, 16 давхар барилгын хувьд тууш, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 32 метр байх шаардлагыг зөрчиж баригдсан.
9. Үүний улмаас М.С*******гийн өмчлөлийн 3а тоот орон сууцанд өдрийн турш 1 цаг 12 минут, харин М.Ц*******ын өмчлөлийн 3б тоот орон сууцанд 4 цаг 20 минутын хугацаанд нарны шууд тусгал үздэг болох нь Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 179 дүгээр тушаалаар баталсан Барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөх барилгын норматив баримт бичиг “орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (ээвэрлэлтийн) хангамж” (БНбД23-04-07) норм ба дүрмийн 3.5, 3.6-д заасан шаардлага нэхэмжлэгч М.С*******гийн хувьд хангагдаагүй байна.
10. Эдгээр үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан үзэхэд, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 онд олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу “Д*******” ХХК-ийн захиалгаар баригдсан Х хотхоны 108 дугаар нийтийн орон сууцны барилгын улмаас тус байрны арын зэргэлдээ байршил дахь Н******* хотхоны 53 дугаар байрны 3а тоот орон сууцны өмчлөгч М.С*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж, харин энэ хэсгийн 9-д заасан норм ба дүрмээр тогтоосон шаардлага 3б тоот орон сууцны өмчлөгч М.Ц*******ын хувьд хангагдаж байгаа учир түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Эрх бүхий байгууллагаас барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо тухайн барилгын улмаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөх эсэхийг буюу зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх зэрэг барилга байгууламжийн талаарх бүхий л норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан эсэхийг мөн барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх зэрэг хууль журмаар тогтоосон шаардлага хангагдсан эсэхийг хянаж холбогдох зөвшөөрлүүд олгогдохоор байх бөгөөд баригдаж дууссан барилгыг улсын комисс хүлээн авахдаа эдгээр хууль тогтоомжийн шаардлага хангасан эсэхийг бүхэлд нь хянах үүрэгтэй байна.
11. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлснээс гадна нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны шийдвэр, үйл ажиллагааны хүрээнд маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
12. Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас нэхэмжилсэн хохирлын үнийн дүнгийн талаар тухайлан маргаагүй бөгөөд нэхэмжлэгч М.С*******гийн хувьд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдээр хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үндэслэж хохирол нэхэмжилсэн, анхан шатны шүүх уг хэмжээгээр хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... 3а, 3б тоот нь нэг орон сууц байсныг хоёр тусад нь хуваасныг тодруулаагүй, байрны үнэлгээ 2013 оноос хойш хэд дахин өссөн нь нийтэд илэрхий байхад М.С*******д хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээн авсангүй.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 445 дугаар магадлалд заасны дагуу, анхан шатны шүүхээс явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Н******* хотхоны 53 дугаар байрны 3а, 3б тоот нь анхнаасаа тус тусдаа орон сууц байхаар төлөвлөгдөж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдсон, энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2024/0251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ