Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 902

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            Ч.Т-өд холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Ч.Т-ийн өмгөөлөгч А.Золжаргал, Б.Отгонтөгс,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-, түүний өмгөөлөгч Ч.Булган,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан:

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1347 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Эрхэмбаярын бичсэн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 25 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ч.Т-өд холбогдох эрүүгийн 1905009350230 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Ч.Г-, 19.. оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, дүү нарын хам........... дүүргийн ..... дугаар хороо, ..... дүгээр байрны ...... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............/;

Ч.Т- нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Б-г дээрэлхсэн гэх шалтгаанаар иргэн Ц.М-ын хүзүүнд хөлөөрөө өшиглөж хүзүүний 2 нугаламын бүрэн мултрал бүхий гэмтэл учруулж алсан,

2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Б-г дээрэлхсэн гэх шалтгаанаар иргэн Б.Ш-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хяналтын прокурорын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолд “Ч.Т- нь Б.Ш-, Б.Б- нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Б.М-г маргалдан зодож алсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэжээ. Гэтэл Ч.Т-ийг Б.Ш-, Б.Б- нартай бүлэглэж хүний амь нас хохироосон гэх хэргээс Б.Ш-, Б.Б- нарын үйлдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болох бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарах тул Ч.Т-өд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Эрхэмбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “... Дээрх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг дараах үндэслэлээр няцааж байна. Үүнд:

Хяналтын прокурорын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Ч.Т- нь Б.Ш-, Б.Б- нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Б.М-г маргалдан зодож алсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэсэн тогтоол нь зөвхөн Ч.Т-ийн үйлдэлд хамаарч байна. Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт Б.Ш-, Б.Б- нарыг “хүнийг алах гэмт хэрэг” үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан шийдвэр гараагүй байна.

Харин хяналтын прокурор нь 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор “...Бодь овогтой Ш нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 40 минутад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт Б.Б-, Ч.Т- нартай “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж,  аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж Ц.М-ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар,

Мөн Б.Б-г “...Баярмагнайн Б нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 21 цаг 40 минутад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт Б.Ш-, Ч.Т- нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсны улмаас бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж Ц.М-ын амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

Улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Б-, Б.Ш- нарын нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж танхайрсан үйлдэл тогтоогдоогүй тул 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 37, 38 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хавтас хэргийн 237-238 дугаар хуудаст тусгагдсан хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор:

“...Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Намдагийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-ын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “...Ч овогтой Г нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт Б.Б-, Б.Ш- нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуй нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрсан,

Мөн Ч.Т- нь Б.Ш-, Б.Б- нартай бүлэглэж 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Б.М-г маргалдан зодож алсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай... гэснийг...яллагдагч Ч.Т- нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт найз Б.Б-г зодлоо гэх шалтгаанаар иргэн Ц.М-ыг хүзүүн тус газарт өшиглөж алсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Б.Ш-г найз Б.Б-г зодлоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэж өөрчлөлт оруулсугай...” гэж өөрчлөлт оруулсан байна. Хяналтын прокурор А.Намдаг нь Ч.Т-ийг 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Б.Ш-, Б.Б- нартай бүлэглэж хүнийг алсан мэтээр тогтоолдоо дурдсан боловч 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 130 дугаартай тогтоолоор Ч.Т-ийг яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулахдаа үүнийг зөвтгөсөн байна. Б.Ш-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй тул тэдгээрийн үйлдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ч.Т-ийн өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил гаргасан гэж анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаасан. Энэ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Ш-, Б- нарыг хүн алах гэмт хэрэгт холбогдуулж шалгаагүй, ял сонсгоогүй байтал үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болго гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Яллагдагч Ч.Т-ийн таслан сэргийлэх арга хэмжээ мөрдөн байцаатын шатанд өөрчлөгдсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ цагдан хорьсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.11 дүгээр зүйлд “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, суллагдсан яллагдагчид урьд нь цагдан хоригдсон үндэслэлээр дахин цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл уг заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ хуулийн үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Т-ийн өмгөөлөгч Б.Отгонтөгс тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэл болон өмгөөлөгч А.Золжаргалын гаргасан саналыг дэмжиж байна. Яллагдагч Ч.Т-ийн эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж өгнө үү. ...” гэв.                                                                                                                                                                                                                

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-ийн өмгөөлөгч Ч.Булган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаануудыг зайлшгүй хийлгэх шаардлагатай. Хяналтын прокурор А.Намдаг 6 дугаар сарын 19-нд яллах дүгнэлт үйлдээд ирсэн хэргийг 6 дугаар сарын 20-ны өдөр яллагдагч Ч.Т-ийн үйлдэл холбогдол, зүйл ангийг хөнгөрүүлсэн. Ш-, Б- нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Ингэхдээ хууль зөрчиж хохирогчид танилцуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Хохирогчийн гомдол гаргах эрхийг хааж хязгаарласан байдаг. Яллагдагч Ч.Т-ийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүх хуралд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчид мэдэгдээгүй. Уг хэрэг гарах үед хоёр эмэгтэй байсан талаар тодорхой мэдүүлдэг. Тэр хоёр эмэгтэйг 4 сар болоход огт байцаагаагүй. Мөрдөн байцаалтын явцад яллагдагч Б- хэлэхдээ нэг эмэгтэйг нь таньдаг. Саранчимэг гэдэг. Төмөр замд ажилладаг гээд хэлж өгөөд байхад зайлшгүй асуух шаардлагатай 2 гэрчийг байцаагаагүй. Мөн улсын яллагч хууль зөрчсөн. Энэ талаар тусад нь гомдол гаргана. Улсын яллагч яллах дүгнэлтэндээ нэхэмжилж буй үнийн дүн 29 сая төгрөг байхад 2.500.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн байдаг. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгчийн захирамжийн дагуу хэргийг мөрдөн байцаалтад буцааж зайлшгүй хийх ажиллагаануудыг хийлгэх хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анх Баянгол дүүргийн прокурорын газрын 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай тогтоол зөвхөн Ч.Т-ийн үйлдэлд хамаарч байгаа. Яллагдагч Ч.Т- нь Ш-, Б- нартай бүлэглэж нийтийн хэв журмыг зөрчиж танхайрсан, мөн Ш-, Б- нартай бүлэглэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан. Харин Ш-, Б- нарыг бусадтай бүлэглэж нийтийн хэв журмыг зөрчиж танхайрсаны улмаас хүний амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байсан. Хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад Б-, Ш- нарын үйлдэл тогтоогдоогүйн улмаас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин яллагдагч Ч.Т-ийн хувьд урьд яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 510 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Б-, Ш- нарт холбогдох үйлдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Ч.Т-өд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ч.Т-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд “Ч.Т- нь Б.Ш-, Б.Б- нартай бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт иргэн Б.М-г маргалдан зодож алсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэсэн атал Ч.Т-ийг Б.Ш-, Б.Б- нартай бүлэглэж хүний амь нас хохироосон гэх хэргээс Б.Ш-, Б.Б- нарын үйлдлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болох бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлд хамаарна” гэсэн дүгнэлт хийж, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд асуудлуудыг хянан хэлэлцэж шийдвэр гаргадаг.

            Прокурорын үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээс үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан асуудлаар хэргийг прокурорт буцаах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” талаар заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж тухайн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлын талаар шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Иймд Ч.Т-өд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1347 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ч.Т-өд холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.   

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэргийг хэлэлцэх хүртэлх хугацаанд Ч.Т-өд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шизйдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР 

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ