Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128ШШ2021/0376

 

 

 

 

 

2021 оны 5 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2021/0376

Улаанбаатар хот

                           

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “ЭХ” ХХК /РД: /

Хаяг:

Хариуцагч: СХДГЗБА.

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын гэрээг байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу даалгах”.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭХ” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Манай компани нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 5 га газрыг гахайн фермийн аж ахуй эрхлэх зориулалтаар манай компанийн өгсөн төслийг сонгон шалгаруулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/74 дугаар шийдвэрээр эзэмших эрхтэй болж иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг газар зохион байгуулалтын албанаас олгохоор болсон байдаг. Үүний дагуу манай компанийн зүгээс удаа дараа очин Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан дээрх газрын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээг байгуулж, гэрчилгээ олгож өгөхийг хүсэхэд“ газар эзэмшихээр болсон иргэн, аж ахуй нэгжид улсын бүртгэлийн газраас заавал бүртгэлийн дугаар авдаг болсон танай дугаар тус газраас ирээгүй байна ирэхээр нь таныг дуудаж, гэрчилгээг тань олгож гэрээ байгуулна” гэж буцааж байсан. Дахин хүсэлт гаргаад албан бичиг ирүүл гэсний дагуу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаар албан бичгээр хандсан байдаг. Гэвч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын гэрээг байгуулж, гэрчилгээ олголгүйгээр манай компанид хамааралгүй хуулийн үндэслэлгүй их хэмжээний төлбөрийг нэхэмжилж, үүнийг төлөхгүй бол гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй татгалзаж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Учир нь гахайн фермийн аж ахуй эрхлэхээр хандсан төслийг сонгон шалгаруулж бидэнд 5 га газрыг олгосон болохоос бус дуудлага худалдаагаар орж аваагүй бөгөөд төслийн үйл ажиллагаанд саад учруулах, ихээхэн хэмжээний өр төлбөрт оруулсан сөрөг үр дагаврыг бий болгож газар эзэмших эрхийн гэрээг байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа нь эсрэгээрээ Дүүргийн Засаг даргынхаа гаргасан шийдвэрийг доод алба нь эсэргүүцэж иргэд аж ахуй нэгжид хүнд суртал учруулж газраа эзэмших, ашиглах эрхийг үндэслэлгүйгээр гацааж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д  Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасны дагуу шийдвэрээ гарган хуулийг хэрэгжүүлэх атал илтэд үндэслэлгүй хууль бус татгалзал гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд бидний төслийг дэмжиж төсөл шалгаруулах байдлаар олгосон газрыг үндэслэлгүйгээр Газрын тухай хууль болон бусад хуулиар олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үндэслэлгүйгээр хөндсөн Сонгинохайрхан дүүргийн Газар, зохион байгуулалтын албаны газрын гэрээг байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭХ” ХХК нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан боловч Газрын тухай хуульд 2017 оны 11 дүгээр сард өөрчлөлт орж дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахыг хориглосноос хойш 2018 оны 74 дүгээр захирамж гарсан. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтыг явууллаа гэж бодоход Иргэний хуулийн 197 дугаар зүйлд зааснаар үнэ хаялцуулах ажиллагаа гэж үзээд төсөл сонгон шалгаруулалт явуулсан ч дуудлага худалдааны анхны үнийг авна. Дуудлага худалдаа явуулбал дуудлага худалдааны анхны үнээс үнэ хаяалуулж буюу хамгийн өндөр үнэ амласан этгээдэд олгодог. Төсөл сонгон шалгаруулалтыг дуудлага худалдааны анхны үнийн хэмжээгээр тооцоод тухайн хот, суурин, бүс нутгийн үйл ажиллагааг дэмжсэн хөтөлбөр байвал дэмжиж төсөл сонгон шалгаруулалтыг шалгаруулдаг. Гэтэл хэргийн материалыг үзэхэд төсөл, сонгон шалгаруулалт явагдаагүй байгаа. Захирамж хууль бус гарсан гэж үзэж байгаа. Дуудлага худалдааны анхны үнийг авах нь зөв. Иргэний хуулиа барьж үнэ хаялцуулах зарчмыг барьсан ч зөв. Газрын тухай хуульд чөлөөт бүсийн газар дээр төсөл сонгон шалгаруулалтын анхны үнийг тооцож авна гэж заасан байгаа. Үүнтэй адил дуудлага худалдааны анхны үнийг авах ёстой. Манай албанд 2019 онд Нийслэлийн төрийн аудитын газраас шалгалт орж 2015, 2016 онуудад төсөл, сонгон шалгаруулалтаар олгогдсон газруудад дуудлага худалдааны анхны үнийг төлүүлээгүй байна гэсэн актууд тавигдсан. Иймд дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжилж авах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭХ” ХХК-иас тус шүүхэд хандан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын гэрээг байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар “ЭХ” ХХК-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 5 га газрыг гахайн фермерийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосонтой холбоотойгоор “ЭХ” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандан газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгох хүсэлт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/7881 дүгээр албан бичгээр “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан дагуу ... газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ болох 112.000.000 төгрөгийг төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох боломжгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “гахайн фермийн аж ахуй эрхлэхээр хандсан төслийг сонгон шалгаруулж бидэнд 5 га газрыг олгосон болохоос бус дуудлага худалдаагаар орж аваагүй”, “төслийн үйл ажиллагаанд саад учруулах, ихээхэн хэмжээний өр төлбөрт оруулсан сөрөг үр дагаврыг бий болгож газар эзэмших эрхийн гэрээг байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа нь эсрэгээрээ Дүүргийн Засаг даргынхаа гаргасан шийдвэрийг доод алба нь эсэргүүцэж иргэд аж ахуй нэгжид хүнд суртал учруулж газраа эзэмших, ашиглах эрхийг үндэслэлгүйгээр гацааж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Манай зүгээс 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 251 дүгээр нэхэмжлэхээр “ЭХ” ХХК-нд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ болох 112.000.000 төгрөгийг төлөх нэхэмжлэхийг хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан журмын дагуу газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар ... газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...”, 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” хэмээн тус тус хуульчилсан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

“ЭХ” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд хандан “манай компани нь Улаанбаатар хотын иргэдийг хүнсний цэвэр бүтээгдэхүүнээр хангах ... эрчимжсэн гахайн фермийн аж ахуйг хөгжүүлэх төсөл боловсруулсан. Иймд төслөө хэрэгжүүлэх 5-н га газрыг эрчимжсэн гахайн фермийн зориулалтаар олгож өгнө үү” хэмээн хүсэлтийг гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/74 дүгээр захирамжаар шийдвэрлэн “ЭХ” ХХК-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 5 га газрыг гахайн фермерийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон.

Улмаар “ЭХ” ХХК-иас 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 02 болон 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаар албан бичгүүдээр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд, 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 24 дүгээр албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад тус тус хандан “... газрын гэрээ хийж гэрчилгээ олгож өгнө үү” хэмээн хүсэлт гаргасан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “ЭХ” ХХК-нд газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ болох 112.000.000 төгрөгийг төлөх тухай 251 дүгээр нэхэмжлэхийг хүргүүлж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17/7881 дүгээр албан бичгээр “ЭХ” ХХК-нд “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан дагуу ... газар эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ болох 112.000.000 төгрөгийг төлөөгүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг олгох боломжгүй” гэсэн хариуг өгсөн. 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Газрын албанд дүүргийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар “ЭХ” ХХК-нд газар эзэмших эрх олгосон хувийн  хэрэгт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан талаарх нотлох баримт байхгүй бөгөөд “ЭХ” ХХК-нд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн А/74 дүгээр захирамж, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн огноо бүхий 251 тоот нэхэмжлэх, “ЭХ” ХХК-ийн 2020 оны 02, 05 дугаар албан бичгүүд, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 17/7881, 2021 оны 17/754 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 03/849 тоот албан бичиг болон холбогдох бусад баримтаар тогтоогдож байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасанчлан тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч “ЭХ” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2018 оны А/74 дүгээр захирамжаар олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган “ЭХ” ХХК газар эзэмших эрхийн гэрчилгээг олгон, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнтэй холбогдуулан, нэхэмжлэгч “ЭХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан хойшилсон, шүүхээс 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасанчлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 23.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч “ЭХ” ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газрын гэрээг байгуулж, гэрчилгээ олгохоос татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, газрын гэрээ байгуулж, гэрчилгээ олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М