Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/360

 

 

2022      11       03                                    2022/ШЦТ/360

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Д,

улсын яллагч Н.Д,

хохирогч С.Г,

хохирогчийн өмгөөлөгч П.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, Ц.Э,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт,  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн 1925000000328 дугаартай, 171/2020/0309/Э индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эрхийн үнэмлэхгүй согтуурсан, мансуурсан үедээ Тоёото приус 20 загварын 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 а, 3.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ Тосгоны 5 дугаар гудамжны 10 тоот хашаанд байсан 8 настай Г.Г дайрч амь насыг хохироосон,

- авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа явганаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

- мөн 2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороо задгайгаас иргэн Г.Бгийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

- 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүрэг Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Бгийн 64-67 УНЯ дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч С.Гийн мэдүүлэг, эрүүгийн 1925000000328 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эрхийн үнэмлэхгүй согтуурсан, мансуурсан үедээ Тоёото приус 20 загварын 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км цагийн хурдтай явах, жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явах, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэйгөөр тээврийн хэрэгсэл жолоодох, хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах гэсэн заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гаргаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ Тосгоны 5 дугаар гудамжны 10 тоот хашаанд байсан 8 настай Г.Г дайрч амь насыг хохироосон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа явганаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хорооны задгайгаас иргэн Г.Буянзаяагийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүрэг Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Буянзаяагийн 64-67 УНЯ дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Аийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Миний буруу, хохирогчоос уучлалт гуйж байна, нэмж мэдүүлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Гийн өгсөн: 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эхнэр бид хоёр Улаанбаатар хот руу ажлаар явахаар болсон. Явахдаа хүүгээ авч явъя гэж байгаад зам эвдрэлтэй юм чинь үлдээе гээд үлдээсэн. Тэгээд Улаантолгой өнгөрөөд явж байтал аав залгаад болохоо байлаа хурдан ир гээд дуудахаар нь 19 цаг 20 минут өнгөрөөд гэртээ иртэл хажуу талын айлын хашааг машин мөргөсөн, хүү чинь алга болчихлоо гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа сэргийлэх болсон байдалтай байсан. Ээж минь хашаа налаад уначихсан, эхнэр маань бас нөгөө талын хашаа налаад уначихсан байсан. Ингээд нэг айлын амьдрал тэр чигээрээ сүйрсэн. Яасан талаар асуухад хүүхэд чинь машин доогуур орчихлоо аваач гээд эхнэр орилж байсан. Тэр хавийн хүмүүсээс асуухад хүүхдүүд тоглож байхад энэ машин хүүхдийг чинь дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Хэргийн газарт прокурор, мөрдөгч хэргийг шалгаж байсан. Тэнд байсан алба хаагч нар миний хүүг ямар ч аврах арга хэмжээ аваагүй. Гэрч Гэгээнхандын мэдүүлгээр хүүхэд маань авраарай ааваа, өвөө гэж орилж байсан гэдэг. Тиймээс хүүхдийг минь аврах боломж байсан гэж үзэж байгаа. Тухайн үеийн хэргийн материалд авагдаагүй бичлэг надад бий. Үүнийг прокурор, мөрдөгч хэрэггүй гэж үзээд надаас аваагүй. Миний хүүхэд ямар ч байсан амьд байсан. А дайрчихаад шууд гараад зугтсан, Гэгээнханд ухаан алдаж унасан, С цагдаа нартай хэргийг хаацайлах гэж найз нөхөд гээд явсан байдал тогтоогддог. Юу болсон талаар судлаад үзтэл хотоос гурван хүүхэн хүний машин хулгайлж унаад гарсан. Замдаа машины дугуй нь хагарч нэг хоносон байдаг. Ингэхдээ цагдаа нарыг аргалаад яваад байсан гэж хардаж байна. Зарим нэгийг нь аргалаад журмын хашаанд орох гэж байсан машиныг хүртэл гаргаад авчихсан. Тэр цагдаа нь шүүх сэргийлэх болоод явсан. Эд нарын ирсэн зорилго нь хар тамхи татах, зөөвөрлөх, мансуурах байсан. Тухайн машинд хар тамхи зөөвөрлөх гэж байсан талаар шалгуулах хүсэлт гаргахад хүлээж аваагүй, ямар ч ажиллагаа хийгээгүй. Ямар ч байсан хар тамхи татсан гэдгийг тогтоосон нь сайшаалтай хэрэг. Мөн эдгээр хүмүүс 21-ний өдөр ирээд түүнээсээ хойш архи ууж, машин барьж яваад хэрэг тарьсан гэдэг нь ойлгомжтой болсон. Энэ хүмүүсийн байгаа байдал нь архидан согтуурдаг, биеэ үнэлдэг гэдэг нь өөрсдийнх нь мэдүүлгээр харагддаг. Аийн өөрийнх нь мэдүүлэг дээр цагдаад хоёроос гурван удаа баригдаж саатуулагдаж байцаагдаж байсан гэдэг. Бусад этгээд нь нотлогдохгүй байна гэдэг байдлаар барьж чадахгүй, хар тамхи татсан гэдгийг тогтоож чадахгүй гэдгээр Орхон аймгийн цагдаа, прокурорт хандсан. Мөн цагдаа нарын асуудал байдаг. Үүнийг аргацаах байдлаар байгууллагын сахилгын шийтгэлээр аргалаад өнгөрсөн. Миний хэлэх гээд байгаа зүйл бол зориудаар зохион байгуулалттай хийгдсэн гэмт хэрэг гэж үзэж байгаа. Машинаар Улаанбаатараас энэ хүртэл ирээд энд хоёр гурван хоног машин барьчхаад аюул саад буюу хүүхдүүд гудамжинд тоглож байгааг харчхаад машин зогсоохыг мэдэхгүйгээр дайрна гэдэг бол зорилготой гэж харж байна. Сүүлийн үед сошиалаар согтуу тээврийн хэрэгсэл жолоодсон хүнийг буу барьсан хүнтэй адилхан гэмт хэрэг үйлдсэнд тооцох нь зүйтэй гэсэн нийгмийн хандлага байна. Үүнийг зөв гэж үзэж байна. Согтуу жолооч хүн алсныг санамсаргүй үйлдэл гэж үздэг нь Монгол Улсын дорой хуультай холбоотой гэж бодож байна. Би үүнтэй эсрэг саналтай байдаг. Миний хүүг алах гэсэн зорилготой үйлдэл байсан. Хороололд очиж нэг хоносон, музей ард нэг хоносон, тосгонд манай гэрийн ар талд хоноод манайхыг ажигласан. Тэр олон хүүхэд дундаас ганцхан миний хүүхдийг онож дайрсан. Цагдаагийн байгууллага намайг хоёроос гурван жил дарамталж байна. Яасан их цагдаа нартай өстэй юм гэдэг. Намайг одоо машинтайгаа явахад цагдаа болгон шалгаад, болж өгвөл хорьчих гээд байдаг зүйл ажиглагдаж байгаа. Ганц хүүгийнхээ амь насыг хохирсонд би өөрийгөө ч гэр бүлийн хүн маань хүртэл амиа хорлохоор сэтгэл зүйтэй болчихоод байна. Эхнэр маань ингэж амьдарч байхаар үхье гэдэг. 8 настай охин маань мөн ялгаагүй. Энэ хэрэг болсноос хойш эхнэр маань төрж охинтой болсон бөгөөд одоо энэ охин маань 2 настай. Энэ гэмт хэргээс болж сэтгэл санаа, бие эрхтэн, орчин нөхцөлийн дарамт шахалтад орж байна. Шүүх хурал болно гээд дуудсан үеэс хойш унтаж чадахаа больдог. Харамсалтай байна, би анх амийг амиар гэж хэлж байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт амь насны хохирлыг барагдуулах талаар заасан байдаг. Үүний дагуу амь насыг нь авмаар байна. Энэ хүн биш юм гэхэд өөр хэн нэгний амийг авмаар байна. Шүүгдэгчийн аав нь өнөөдрийг хүртэл надаас уучлалт гуйгаагүй. Ийм байдалд орсон байхад сөгдөж уйлдаггүй юм гэхэд ирээд үзэгдэхгүй байна. 6.000.000 төгрөг өгсөн, өөр өгөх юм байхгүй гэсэн зүйл ярьдаг. Би үлдсэн мөнгө дээр яримаар байна. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэж ханшийн зөрүүгээр төлбөрийг өөрчилж болно гэсэн Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дахь хэсгийг үндэслэж үлдсэн төлбөрийг ханшийн өөрчлөлтөөр бодож тооцож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна. Энэ хэрэг хоёроос гурван жилийн өмнө гарсан. Тэр үеийн мөнгөн дүнгээр өгнө гэвэл надад харамсалтай байна. Шийдэхгүй явж байгаа нь давхар, давхар намайг хохироож байна. Эцэг нь хариуцагчаар тогтоогдсон юм бол ирээд уулзаж яагаад болохгүй байгаа юм. Эмээ нь уучлаарай гэж цагдаагийн газар нэг удаа хэлсэн. Өөрөөр энэ хүнээс гэмшиж байгаа зүйл харахгүй байна. Өмнөх шүүх хурал дээр уучлалт нэг удаа гуйсан, өөр цаг хугацаанд гуйх боломж байсан. Заавал шүүх хурал дээр ирээд уучлалт гуйгаад байх шаардлага байхгүй. Эцэг нь гэж хүн энүүгээр ирээд хүүхдээ гаргах гээд явсан дуулддаг. Хүүхдийнхээ амийг хамгаалах гэж, ял шийтгэлээс чөлөөлөх гэж давхар давхар өмгөөлөгч аваад явдаг нь хэр зэрэг хуульд нийцэх юм. Хүний эрх гэж байгаа бол миний хүүхдийн эрх, гэр бүлийн эрхийг бодож үзээрэй. Миний хүүхэд амьд явах эрхтэй байсан. Надад хэнийг ч хамаагүй энэ хэргийн золиос болгох хэрэгтэй гэдэг зүйл бодогдох болсон. Өөрийгөө ч хамаагүй хохироогоод энэ хэргийг үнэн бодитоор нь шийдүүлье гэж хоёр гурван жил явж байна. Шүүгч нарыг хүртэл шалгуулаад явсан. Үүн дээр дөрөөлөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчид шүүгч нараас татгалзсан. Алтангадас шүүгчийн ялын асуудал маш зөв гэж бодож байна. Давж заалдах шатны шүүх 2 хэргийг хэрэгсэхгүй болгосон, ял дутуу байна гэдэг утгаар хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан гэж ойлгосон. Шүүгдэгч үнэхээр гэмшиж байгаа бол 20.000.000 төгрөгөө төлөөд ээж, аав нь байдаг бол уучлаарай гээд сууж баймаар байна. Миний хүүхэдтэй ойролцоо насны дүүтэй юм шиг байна лээ. Өмнөх хурал дээр тэр хүүхдийг нь хүүгийнхээ амь насны төлбөрт нь авъя гэж би хэлсэн. Надад өөр өр төлбөрийг барагдуулах арга байхгүй байна. Өнөөдрийг хүртэл шүүх хурлын шийдвэрийг сонсох хүртэл бид хөдөлж чадахгүй, юм хийж чадахгүй байна. Эхнэр маань амиа хорлоно гэдэг, төрсөн аав маань тал цус харвасан. Манай гэр бүл дампуурлын байдалтай байна гэж хэлж болохоор болсон. Энэ хэргээс болж ажил дээрээ ажлаа хийж чадахгүй байна, амьдрах арга алга. Надад үхэхээс өөр сонголт алга, гэхдээ би зүгээр үхэхгүй гэдгээ удаа дараа хэлж байгаа. Амийг амиар гэдэг асуудлыг шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1925000000328 дугаартай хэргээс:

  1. ...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Шинэ тосгоны 5-р гудамжны 10 тоот гэх хаягтай хашаа байх ба ертөнцийн зүгээр урд тийш харсан төмөр хаалгатай байх бөгөөд хашааны урдуур өнгөрсөн явган авто машины шороон зам байх ба уг зам дээр үзлэг хийхэд замын зорчих хэсгийн хойд талд зүүн гар талд замаар гарсан тээврийн хэрэгслийн мөр байсныг 1 гэсэн тоогоор тэмдэглэж хэмжиж үзэхэд 9.50 м урт үргэлжилсэн цэнхэр өнгийн төмөр хашааг мөргөсөн байдалтай байх бөгөөд хэрэг учрал болсон гэх хашааны урдуур тээврийн хэрэгслийн шороон зам байв. Уг замд баруунаас зүүн тийш үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулахад замын зорчих хэсгээс ертөнцийн зүгээр хойд талд байрлах цэнхэр өнгийн төмөр хашаа руу чиглэсэн тээврийн хэрэгслийн мөр орсон байх ба  тэдгээрийг 1, 2 гэж дугаарлан хэмжихэд хоорондын зай 6 метр байх ба 1 гэж дугаарласан тээврийн хэрэгслийн мөр нь цэнхэр хашаа хүртэл 9.50 метр зайтай байв. Уг цэнхэр өнгийн хашаа нь доод хэсгээрээ дотогш хонхойсон хэлбэртэй байх ба тэр хашааг нуруулдаж хадсан хөндлөн хоёр ширхэг мод буюу банз хугарч мөн газарт зоосон шон хугарсан байх бөгөөд уг зоосон шонгийн зүүн талд 1.5 метрийн зайд хаалганаас 8.82 метрийн зайд 1.7 метр урт, зүүн хойд зүгт чиглэсэн байрлалтай хугарсан шонгийн мод байна... гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 4-6, 9-15 дахь тал/,
  2. А үсгээр анх хашаа мөргөсөн цэг, А1 үсгээр хашааны шон мөргөсөн цэг .... тэмдэглэв гэх осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгслийн тухай тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
  3.  “....143 см урт толгойндоо богино дачир үстэй эрэгтэй хүүхдийн цогцос байна. Биеийн хэлбэр зөв, хүүрийн хөшилт бөх булчин тод, хоёр гарын сарвуу бохир, хүүрийн толбо биеийн ард дарагдаагүй тод илэрсэн. Дархад цайхгүй, цээжний зүүн доод хэсэгт, хэвлий шороо мэт зүйлээр бохирлогдсон. Цээжний зүүн талд 13*1, баруун 5*4 зураасан байдалтай 3.5*01 см 6 тооны хүрэндсэн хэсгүүдтэй зүүн бугалганы гадна дээд хэсэг 3*04, зүүн даланд 4*08,1*02, хурууны гол хэсэг баруун талд 13*07 бүсэлхийнд... гэх цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 16-23 дахь тал/,
  4. Хохирогч С.Гийн дахин өгсөн: ” ...Би авто ослын улмаас өөрийн хүүгийн амь насыг алдсан хэргийн улмаас энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгч байна. Мөн хувийн машинтай хоёр цагдаад хөөгдөж явсан машинд дайрагдаж амь насаа алдсан хүүгийн төрсөн эцэг нь учраас би цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгч байна. Миний хувьд надад хэд хэдэн ярьж хэлэх шалтгаан байна. Үүнд 1. Тухайн хэрэг гардаг өдөр энгийн машинтай хоёр цагдаа миний хүүг дайрсан машиныг хөөсөн ба уг машиныг хөөсөн шалтгаан нь ямар учиртай болох, үнэхээр машиныг хөөх дүрэм, журам байдаг эсэхийг тодруулах. Хэрэв хоёр цагдаагийн ажилтан уг осол гаргасан машиныг хөөж араас нь яваагүй бол өдийд миний хүү амьд байх байсан юм гэж бодож байна. 2. Тухайн хэргийн газарт осол, аваар гаргасан машин дээр хамгийн анх хөөж ирсэн хоёр цагдаа миний хүүгийн амь насыг авраагүй гэх нэг шалтгаан бас байна, энэ үед миний хүү машин доороос амь авраарай гэж орилоод байхад нь тэр үед хашааны ойролцоо байсан гадны иргэд хүмүүс цуглаж хүүд маань тусламж үзүүлэх гэхэд нь хүүд минь ойртуулаагүй, мөн тэр цагдаа нар хамгаалалт авч зогсчихоод эмнэлгийн анхны тусламж үзүүлээгүйд би маш их гомдолтой байна. 3. Тэр хэрэг гардаг өдөр гудамжны донсолгоот замаар цагдаад хөөгдөж явсан машин хурдтай явж байсан учраас уг хөөгдсөн машины амартизатор нь тэр үед гэмтсэн бололтой миний хүүг дайрсан ч гэсэн уг машин нь хүүгийн минь дээр гарч бүтэн мотор хэсгээрээ хүчтэй дарж хүүд минь амьсгалах боломж олгоогүй учраас миний хүү амьсгал нь бүтэж нас барсан байх гэж бодож байна. Тэгээд энэ олон шалтгаануудыг яривал надад маш олон зовлон байна. Ер нь миний энэ амьдардаг баг хорооны Засаг захиргаанд хандаж хэлэхэд хашааны гудамжны хоорондох машин замыг хусаж засварлаж, тэгшилсэн бол нөгөө цагдаад хөөгдөж явсан осол аваар гаргадаг машин зүгээр хэвийн явж осол аваар гаргахгүй байх магадлалтай байсан. Замыг хусаж тэгшлээгүйгээс болоод нөгөө машин донсолж тухайн ослыг гаргасан байх магадлалтай гэж би хувьдаа бодож байна. Ийм учраас баг хорооны Засаг захиргаа болон аймаг сумын засаг захиргаанд бас би гомдолтой байна. Тэгээд уг осол гаргасан машин дотор хамт сууж явсан гэх охид, залуучуудыг мөн адил хуулийн дагуу шалгуулж арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна. Ганц хүүг маань хэн нэгэн хүн зориудаар юм уу санаатай машинаар дайрч амь насыг хөнөөж байгаад би маш их харамсаж, гомдолтой байна. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн эхнэр Пүрэвдуламын хамт оройн 19:20 цагийн орчим гэрээсээ гарч яваад эхнэр Пүрэвдулам хүнтэй уулзахаар Номин агуулах руу очиж уулзах хүнтэйгээ уулзчихаад гарч ирсэн. Тэгээд бид хоёр хувийн ажлаар Улаанбаатар хот руу явах гээд Улаантолгойн замд явж байх үед миний төрсөн аав Санжжамц миний утас руу залгаад хүү чинь алга болчихлоо чи хаана явна хурдан ирээч гэж намайг анх дуудсан юм. Тэгээд би энэ мэдээг сонсоод эхнэртэйгээ хамт гэр рүүгээ явж очих үед манай гэрийн хашааны гудамжинд зам хаачихсан хаалт хийчихсэн цагдаа нар зогсож байсан. Тэгээд би гайхаж юу болов гэхэд цагдаа нар надад энэ гудамжинд осол аваар гарсан, та ямар учиртай хүн бэ гэж надаас эхлээд энгийн хувцастай цагдаа юм уу нэг залуу ирж асуусан, тэгээд намайг та аав нь юм уу гэж асуухаар нь би гэнэт цочирдоод миний хүү хаачив хүү маань хаана байна гэж хэлээд гүйгээд явж орох үед цагдаа нар намайг оруулахгүй байсан. Дараа нь тэнд байсан цагдаа нар үзлэгээ хийж дуусгаад хамгийн сүүлд нь Оюунболд гэх байцаагч намайг хэрэг болсон гэх хашаа руу дагуулан орж надтай миний талийгаач хүүг ямар байдалтай нас барсан байсан эсэхийг харуулсан юм. Яг хэрэг гарах үед бол би хүүгийнхээ хажууд нь байгаагүй, хэрэг гараад өнгөрснийх нь дараа талийгаач хүү дээрээ очсон юм. Тэр үед миний сэтгэл санаа маш их алдарч надад хэлэх үг олдоогүй. Миний маш их хайрлаж явдаг ганц хүү маань байсан юм. Маш их харамсаж байна. Миний хувьд би өөрийн хүүгээ буцааж авмаар байна. Их сэтгэл санаагаар унаж байна. Маш их гомдолтой байна. Мөн энэ хэргийн улмаас хохирсон зүйл олон гарсан бүх зардлаа гаргаж албан ёсоор шүүхээр нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27-29 дэх тал/,
  5. Иргэний нэхэмжлэгч Х.Бгийн өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 18-19 цагийн орчим миний төрсөн дүү Атарсайханы охин Ууганцэцэг нь манай гэрийн хашааны гадаа гудамжинд өөрөөсөө гадна ангийнхаа хоёр охин мөн нас бардаг талийгаач хүүтэй хамт дөрвүүлээ тоглож байсан гэсэн, тэр үед тосгоны эцсийн дэлгүүрийн тэндээс нэг цагаан өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгсэл маш хурдтай бөгөөд шороо манаруулаад нөгөө дөрвөн хүүхдүүдийн тоглож байсан хашаа руу чиглээд ирсэн гэсэн, энэ үед нөгөө дөрвөн хүүхдийн 3 охин хүүхэд нь уг машинаас зугтаагаад манай хашаа руу орсон харин нөгөө талийгаач хүү тэр үед өөрийн гэрийнхээ хашаа руу гүйж явж байснаа болиод хамт тоглож байсан 3 охиныхоо араас нь гүйгээд хашаа руу орох үед нөгөө осол аваар гаргасан гэх машин нь манай хашаа болон хаалгыг хамж мөргөөд хаалгаар орж явсан талийгаач хүүг давхар хамж дайрч мөргөөд зогссон гэсэн. Надад нийт учирсан хохирол гэвэл 74.000 төгрөгийн хохирол гарсан. Өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлтэй” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
  6. Гэрч Ю.Оюуны өгсөн “Энэ хэрэг болсон үед би үхрээ саах гээд гэрээсээ гараад хашаандаа байж байхад нэг их чимээ гарсан. Тэгэхээр нь дээшээ гудамж руу харсан чинь гудамжны баруун талаас нэг эмэгтэй хүн гүйж ирээд хашааны булан тойроод зогссон. Тэр үед энэ хэрэг болсон хашааны үүдэнд хар бараан өнгийн суудлын жижиг машин зогссон. Би үхрээ сааж дуусаад сүүгээ гэрт оруулж тавиад гэрийнхээ үүднээс хэрэг болсон газар луу харсан чинь машинууд нэмэгдээд байсан. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь яг хэн хэлснийг нь санахгүй байна. Тэнд байсан хүмүүсээс нэг нь энэ машин доогуур 3 хүүхэд орчихлоо шүү дээ гэхээр нь манай хүүхэд орчихсон юм биш байгаа даа гээд орилсон. Тэгээд үүнээс хойш машин тэрэг нэмэгдэж ирсэн...” гэх мэдүүлэг/ 1-р хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
  7. Гэрч С.С өгсөн “ ... 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн орой 19 цаг 30 минутын орчим гэртээ байж байгаад гэрийнхээ цонхоор харсан чинь манай гудамжинд цагдаагийн машин зогсож байхаар нь талийгаачийг хаана байгаа юм бол гээд гарсан чинь гудамжинд гурван машин зогсож байсан. Тэр машинууд миний бодож байгаагаар 30-40 орчим метр зайтай зогсож байсан Гэрээсээ гараад талийгаачийг хайгаад цагдаагийн машинуудын тэр зүгт явсан чинь зүс танихгүй эмэгтэй газарт гэдрэгээ хараад уначихсан орилоод уйлаад байсан. Тэр машинуудын орчим нэг цагаан өнгийн суудлын машин айлын хашаа дайрч ороод зогссон байсан. Тэгэхээр нь би цаашаа нэвт яваад талийгаач хүүгийнхээ найз Ган-Эрдэнийн хашаа руу орсон чинь Ган-Эрдэнэ гэрийнхээ үүдэнд ганцаараа уйлаад зогсож байсан. Тэгэхээр нь би түүнээс талийгаач хүү Ган-Эрдэнийг асуусан чинь ямар нэгэн зүйл хэлэхгүй уйлаад байсан. Түүнийг уйлаад байхаар нь би биш болж гэж бодоод эргээд осол болсон газарт очсон чинь тухайн осол болсон газрын орчим 5-8 хүн хараад зогсож байсан. Би осол болсон газарт эргэж ирээд энэ машин доогуур хэдэн хүүхэд орсон байгаа бол гэж бодоод тэр машины руу очих гэсэн нь цагдаа нар намайг оруулаагүй. Үүнээс хойш тэнд юу болсон талаар сайн мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг/ 1-р хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
  8. Насанд хүрээгүй гэрч Х.Баттулгын өгсөн “...Орой 19 цаг өнгөрч байх үед манай ангийн хүүхэд Анар, Ган-Эрдэнэ бид гурав хашааны төмөр хаалганы гадаа юм яриад сууж байтал “Нутгийн хишиг” гэх хүнсний дэлгүүр байдаг зүгээс цагаан өнгийн авто машин маш хурдтай давхиад ирж байсан тэр үед бид гурав сандраад зугтаарай гэж орилоод салаад гүйцгээсэн машин ирж явах үед Анар, Ган-Эрдэнэ нар манай хашааны хаалгыг онгойлгоод гүйгээд орсон би араас нь гүйж ороод Анарын хамт хашааны хаалга налаад зогсож байтал хашаа нурж эхэлсэн тэр үед би Анарын хамт хашааны гадаа гартал Г.Г гарч ирж чадаагүй цагаан өнгийн машинд дайруулсан боловч харагдахгүй байсан. Тухайн үед тэр цагаан өнгийн авто машинаас 2 эмэгтэй хүн, нэг эрэгтэй хүн бууж ирээд хашааны үзүүрт зогсож байсан удалгүй цагдаагийн хүмүүс хүрээд ирсэн. Эмч, цагдаа ирээд манай найз Г.Г тухайн авто машины хамар доороос нь гаргаж ирсэн.” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 37 дахь тал /,
  9. Гэрч Б.Батхуягийн өгсөн “...Баянцагаан багийн нутаг дэвсгэр эцсийн буудлын орчим 19 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад ертөнцийн зүгээр хойд талаасаа хурдтай 64-67 УНЯ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн машин төв зам руу гараад ирэхээр нь жолоочийг нь шалгах гээд шүгэл үлээгээд улаан модоор дохисон чинь нөгөө машин гэнэт ертөнцийн зүгээр зүүн тийш эргээд харалдаа гудамжаар ороод цаашаа зугтаагаад явсан. Тэр гудамжаар ороод явсан машин далд орох үед л хүмүүсийн орилж, хашхирах дуу гарахаар нь бид нар машиндаа суугаад машин зугтаасан гудамж руу орсон чинь нөгөө цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн машин цэнхэр өнгийн төмөр хашааг мөргөөд зогссон байсан. Явж очоод жолооч нь хаана байна гэж тэнд байсан хүмүүсээс асуусан чинь нэг охин бууж ирээд гудамж тойроод зүүн тийшээ зугтаагаад явсан гэж хэлэхээр нь Отгонбаатарыг араас нь явуулсан. Тэр үед тэнд байсан хүмүүс нэг хүүхэд дайрчих шиг боллоо гэхээр нь тэр цагаан машиныг тойрч үзэхэд тухайн машины урд талын хоёр дугуйны хооронд толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун зүгт харсан байдалтай эрэгтэй хүүхэд үхсэн амьд нь мэдэгдэхгүй дайрагдсан байдалтай байсан. Тэгэхээр нь цагдаагийн газрын жижүүрт болон эмнэлэг, аймгийн онцгой байдлын газрын 7035101 дугаарын утсанд дуудлага өгсөн. Дуудлага өгөөд удаагүй байхад эмч ирээд наад хүүхдийг чинь гаргаж байж үзэхгүй бол болохгүй байна гэж хэлсэн. Яг тэр үед замын цагдаа ахлах ахлагч Отгонбат, Мөнхтөр нарыг ирэхээр нь Тоёота приус 20 загварын машины урд талаас нь бид нар өргөж байгаад хүүхдийг машин доороос гаргаж эмчид үзүүлэхэд нас барсан байсан. Хүүхдийг гаргаад эмчид үзүүлсний дараа онцгой байдлын ажилчид ирсэн. Энэ үед цагдаа Отгонбаатар зугтаасан гэх жолооч эмэгтэйг барьж ирсэн байсан. Тээврийн хэрэгслийг эмэгтэй хүн жолоодож явсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
  10. Гэрч М.Гэгээнхандын өгсөн “...Тэгээд Бумбаярын араас Г.А хөдлөөд явж байх үед гудамжаар гарахад төв зам дээр нэг улаан мод барчихсан цагдаа шүглээрээ шүгэлдэж зогсохыг шаардсан. Харин Г.А энэ үед зогсохгүй буцаад машинаа эргүүлж нэг хашааны гудамж руу орж цагдаагаас зугтаасан. Тэр үед С болон би найз Ад хандаж одоо зогс хэрэггүй байхаа боль гэж хэлтэл Г.А үгүй одоо ёстой машинаа хураалгахгүй гэж хэлээд хар хурдаараа гудамжаар давхиж хурдалсан. Энэ үед тэр гудамжинд маш олон хүүхэд тоглож байсан юм. Гэнэт нэг хүүхэд хөх цэнхэр өнгийн хашаа руу гүйж орсон. Харин Г.Аийн машин тэр үед гэнэт том довон дээр харайлгаж хашаа руу орсон гэх хүүхдийн араас гадна хашааг нь мөргөж нөгөө хүүхдийг хамаад орсон. Тэр үед хамгийн эхлээд Г.А шууд машиныхаа хаалгыг онгойлгож гарч зугтаасан. Би суудлын бүсээ тайлаад машин дотроос гарч ирэх үед С аль эрт машины араас гарчихсан нөгөө мөргөсөн хашааны хажууд зогсож байсан. Тэгээд байж байтал араас нэг энгийн машинтай цагдаа ирж зугтаасан гэх Г.Аийн араас нь хөөж барьж авсан. Харин С бид хоёр бол зүгээр хараад зогсож байсан юм. Тэр үед нэг айлын охин ээждээ юм уу хэн нэгэнд гарч ирсэнгүй ш дээ гэж чанга орилоод уйлаад байсан. Тэр үед нь би гүйж очоод машины доогуур хартал машины доогуур яах аргагүй нэг хүүхэд орчихсон хэвтэж байсан. Бас тэр дайруулсан хүүхэд миний урдаас нүдээ нээгээд харж байхыг би харсан. Тэгээд би А дээр очоод чи хүүхэд дайрчихлаа ш дээ гэж хэлээд уйлсан чинь А та юу яриад байгаа бэ гээд итгэхгүй байсан. Тэгээд өөрийн нүдээрээ бас гүйж очиж харсан. Цагдаа нар Г.А, С, Бумбаяр бид хэдийг баривчилж явсан. ...Тэр үед Нямбатын гэрт өвс ургамал татаагүй, дандаа л архи, пиво гэх мэт согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн. Харин мансууруулах төрлийн өвсийг бол 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орой 19:00 цагийн орчимд байх тэр үед А, Хулан, Тамираа бид дөрөв Говил багт амьдардаг Тэгшээ гэх залуугийн гэрт хоол, цай идэж уусны дараа татах тамхигүй болсон учраас Тэгшээ гэх гэрийн эзэн залуу та нар миний хийсэн тамхинаас татаж үзэх үү гэж хэлээд хар өнгийн гар цүнхнээсээ буюу паск шиг цүнхэн дотроосоо өвс мэт шаргал өнгийн зүйл гаргаж ирээд цаасанд ороож тамхи шиг хуйлж өгсөн. Тэгээд тэр тамхинаас Г.А бид хоёр татсан. ...Нямбаярын хашааны гадна би 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр унтаж байсан чинь С, Бум-Эрдэнэ хоёр Нямбаярын гэрээс гарч над дээр ирж намайг дуудаад бид хоёр гэр гэр лүүгээ яваад өмсөж байгаа хувцсаа солиод эргээд ирье гээд явсан. Тэр хоёрыг яваад удаагүй байхад А мөн Нямбаярын гэрээс гарч над дээр ирээд Бумба явах гээд байна. Би түүнийг явуулмааргүй байна гээд уйлаад байсан. Тэгж байгаад А намайг цаад суудал дээрээ суу гэхээр нь би түүнийг машиндаа суух гэж байгаа юм байх гэж бодоод би өөрөө жолоочийн хажуу талын суудал дээр шилжин суусан. Тэгсэн чинь А машинд суугаад машинаа асаагаад хөдлөөд Бум-Эрдэнэ, С хоёрын араас явсан. Тэр хоёрыг зам дээрээс авсан чинь С, Бум-Эрдэнэ хоёр яваад хувцсаа солих гэсэн юм гээд байсан. Гэтэл С нөгөө айлд гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн байна эргээд яваач гэхээр нь эргээд Нямбаярын гэр лүү явсан. Нямбаярын гэр лүү явж байхад С гэр хорооллын эцсийн буудал гэх газарт бууж үлдсэн. Бум-Эрдэнэ, А бид нар эргэж яваад Бум-Эрдэнэ түлхүүр авах гэж айлын гадна буугаад зугтаагаад явахаар нь А бид хоёр эргэж яваад С дээр очсон. А Сг машиндаа суу гээд Сг машиныхаа хойд талын суудал дээр суулгаад цаашаа хөдлөөд явсан чинь урд талд зам дээр ногоон өнгийн хантаазтай, гартаа улаан өнгийн дохиур мод барьсан эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаагийн ажилтан бид нарыг хараад нэг цагдаа нь улаан өнгийн модоороо дохиод шүгэл дуугаргасан чинь А машинаа шууд ертөнцийн зүгээр зүүн гар тийш нь эргүүлээд яг чигээрээ харагдаж байсан гэр хорооллын гудамжаар ороод давхисан. С бид хоёр Ад хурдаа хас зөөлөн яв гээд зөндөө хэлсэн чинь А дахин машинаа хураалгахгүй гээд давхисан. Тэгж давхиж байгаад жижиг овгор дээгүүр харайгаад хойд талд нь байсан цэнхэр өнгийн төмөр хашааг мөргөөд орсон. Энэ хэрэг болох үед А өөрөө машинаа жолоодоод би түүний хажуу талын, С арын суудал дээр сууж явсан. Энэ хэрэг болох үед яг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан их хурдтай явж байсан. Машинаа харайлгаад л яваад байсан. А энэ хэрэг болох үед буюу хашааг анх мөргөх үедээ тормоз гишгээгүй осол аваар хийгээд л зогссон юм” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 40-41, 42-43 дахь тал/,
  11. Гэрч А.Сгийн өгсөн “...Сууж явсан, би 64-67 УНЯ дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн яг арын суудалд зорчих сандал дээр сууж явсан юм. Тэгээд энэ үйл явдал болохоос өмнө хамгийн анх А, Гэгээнханд, Хулан, Бумбаяр, Бөөрөнхий ах, Нямбаяр, мөн Бөөрөнхий ахын хоёр найз нь байсан. Тэгээд бид хэд бөөнөөрөө Нямбаярын гэрт гаднаас авчирсан архи, пивыг хувааж уучихаад шөнө нь хамт байсан гэх Бөөрөнхий ахын хоёр найз нь шөнө нь гэртээ харина гээд явсан. Бид нар нөгөө найзынхаа гэрт үлдсэн, тэгээд шөнө нь нөгөө авсан архи дарсыг хувааж уугаад унтаж амарсан, өглөө нь бид хэдтэй хамт байсан Гэгээнхандын гар утас нь алга болоод бид хэд хэсэг тэр байшинд хайсан боловч гар утас нь олдоогүй. Тэгээд бид хэд ямар ч байсан Бөөрөнхий ахын хоёр найз нь шөнө байшингаас гарч явсан юм чинь тэр хоёр л байж таараа гэж бодоод утсаа хайхаа больж орхисон. Дараа нь наад гар утасны маргаанаа боль зогсоо гэж хэлээд хамт байсан Бөөрөнхий ах гаднаас пиво авчруулахаар Бумбаяр бид хоёрыг дэлгүүр рүү явуулсан. Ямар ч байсан бид нар найз Нямбаярын гэрт ганц нэг гэж худалдаж авсаар байгаад 2.5 литрийн том пивыг 5-6 ширхгийг худалдан авч уусан юм. Энэ мөнгө төгрөгийг бүгдийг нь Бөөрөнхий гэх хочтой ах худалдаж авсан. Тэр үед би бол нээх их пивоноос уугаагүй, харин нөгөө хэд маань бол их уусан, бас согтчихсон байсан. Тэгээд оройн 19:00 цагийн үед Бумбаяр бид хоёр гэртээ очиж хувцсаа солино гэх шалтгаанаар Ад хэлээд гарч явах гэтэл А явуулахгүй байсан ба та хоёрыг хэрэв явуулбал эргэж ирэхгүй гээд байсан юм. Тэгээд бид хоёр арга ядахдаа хамт байсан найз эмэгтэй Гэгээнхандад очиж хэлэх гэтэл Гэгээнханд машин дотор ганцаараа унтаж байсан. Тэгээд Бумбаяр бид хоёр сэрээгээд яахав гэж бодоод хажуугаар нь гарч явсан. Тэгээд бид хоёр тосгоны эцсийн буудал дээрээс автобусанд суух гээд зогсож байх үед араас А, Гэгээнханд хоёр ирсэн. Тэгсэнээ та хоёр суучих цуг хамт яваад хувцсыг чинь сольчихоод буцаад хүрээд ирье гэж хэлээд бид хоёрыг эхлээд суулгасан, энэ үед надад гэнэт санаа төрж Ад би гэрийнхээ түлхүүрийг орхисон байна, Бумбаяр та гурав очоод аваад ир гэж хэлээд Аийг буцааж нөгөө Нямбаярын гэр рүү нь явуулж би өөрөө машин зам дээр үлдэж хоцорсон. Тэр үед машин замаар эргүүлийн гурван цагдаа хувцастай ах явж байхлаар нь тэр ах нар дээр очиж Аийг согтуу тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа талаар нь хэлж мэдэгдэж дуудлага өгсөн. Тэгээд надаас мэдээлэл авсан цагдаа Аийг машиныг барьж авах зорилгоор өөр энгийн машинд сууж отолт хийсэн, Аийн машиныг хүлээж байсан, тэр үед би нөгөө цагдаа нараас хол зайтай зогсож Аийг хүлээгээд зогсож байх үед А машинтайгаа ирсэн. Тэгээд намайг машиныхаа арын суудалд суулгаад хөдлөөд явсан. Тэгээд машин замаар явж байхад үед нь замаас цагдаа нар гарч ирж улаан модоо өргөж зогсооход А шууд цагдаагийн байгаа зүгээс эсрэг зүг рүү машинаа эргүүлж хар хурдаараа айлуудтай хашааны гудамж руу орж зугтсан юм. Энэ үед хашааны гол хэсэгт олон хүүхдүүд тоглож байсан ба А машинаараа шороон замаар маш хурдтай явсан бас овон товон дээгүүр хариалгаж үсэрч явах үедээ хөх өнгөтэй айлын хашааг хүчтэй мөргөж орсон, энэ үед хашааны гадна, дотор талд зогсож байсан хүүхдүүд уйлалдаад байсан. Тэгээд арын суудлаасаа босож гадаа гараад хартал машин доогуур нэг хүүхдийн хөл цухуйж байсан. Тэгээд би Ад хандаж чи хүүхэд алчихлаа ш дээ гэж хэлсэн чинь А машинаасаа буугаад хашааны гудмаар гарч гүйсэн, энэ үед араас нь цагдаа бас гүйгээд Аийг барьж авсан. Тэгээд хамт явсан намайг болон Гэгээнханд бид хоёрыг ч барьж авсан. Тэгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр бид гурвыг авч явж эрүүлжүүлсэн юм... Энэ хэрэг болох үед А яг хэдэн километр цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Харж чадаагүй. Яагаад гэхээр А хурдан яваад хонхор ихтэй гудамжны зам байсан болохоор дээшээ доошоо үсэрч буугаад харж чадаагүй юм. А хурдаа л нэмээд байсан. Түүнээс машинаа зогсоох ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тормоз гишгээгүй. Цагдаа нарыг зогсоох гээд дохисон чинь зугтаачихсан юм. Би өөрөө тээврийн хэрэгслийн арын суудалд сууж явсан, дээшээ доошоо үсэрч байсан болохоор гудамжинд ямар хүмүүс байсныг хараагүй. Гэхдээ яг хашаа мөргөх үед тэр цэнхэр өнгийн төмөр хашааны хаалганы гадна хүүхэд гүйж байхыг харсан. Яг хэдэн хүүхэд байсан, эрэгтэй хүүхэд байсан уу эмэгтэй хүүхэд байсан уу гэдгийг нь тогтоож харж чадаагүй.” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 45-46, 47-48 дахь тал/,
  12. Гэрч Ж.Бум-Эрдэнийн өгсөн “... Бид нарыг пиво ууж байхад Отгонсүрэн, Буянаа хоёр сэргэж босож ирээд жоохон пиво уугаад эргээд согтоод унтаад байсан. Би өөрөө пиво уугаагүй бөгөөд бусад хүмүүс бүгдээрээ согтоод Гэгээнханд, А хоёр жоохон муудалцаад уйлаад байсан. Тэгж байгаад орой 17-18 цагийн хооронд байх С бид хоёр гэртээ харих гээд гарсан чинь Буянаа гэж ах Гэгээнханд хоёр энэ осол хийсэн машин дотор юм яриад сууж байхаар нь Гэгээнхандад явлаа гэж хэлээд явсан. Тэгээд бид хоёрыг автобусны буудал руу явж байхад А машинаа жолоодоод, хажууд нь Гэгээнханд суугаад араас хүрээд ирсэн. Араас ирээд А намайг явуулахгүй, чамтай хамт байя, би бүтэн сайн өдөр явна. Бүтэн сайн өдөр болтол хамт байж байгаач гээд байсан. Тэгээд С бид хоёрыг машиндаа суулгасан. Бид хоёр гэртээ харина хүргээд өг гээд дулааны станцын хойд талд явж байхад С би нөгөө айлд гэрийнхээ түлхүүрийг үлдээчихсэн байна. Эргээд яв гэж хэлсэн. Эргээд явж байхад С би тосгоны эцсийн буудал дээр байж байя, намайг Нямбаярын хашаа руу ороод хашааг нь даваад зугтаагаад гараад ир гэж хэлсэн. Би такси аваад чамайг хүлээж байя гэсэн. Тэгээд эргэж явахад тосгоны эцэс дээр С үлдээд, би Гэгээнханд, А нартай хамт түлхүүр авна гэж Нямбаярын гэрийн гадна очоод Нямбаярын гэрээс түлхүүр хайж байгаа дүр эсгэж байгаад хашаа даваад зугтаасан. Тосгоны эцсийн буудал руу зугтааж байхад А намайг хайгаад миний араас ирээд С ахыг машиндаа суулгаж байсан. Тэгээд цаашаа хөдөлж яваад гэнэт зүүн гар тал руугаа эргээд явчихсан юм. Тэгэхээр нь би Аийн орсон гудамж руу ороод явсан чинь А машинаараа айлын хашаа мөргөөд зогссон байсан. Тэгэхээр нь гүйгээд очсон чинь цагдаа нар ирчихсэн байсан. Нэг цагдаа нь Аийг хөөж байсан. Би зугтааж яваад Аийн урдаас гараад ирсэн чинь хөөж байсан цагдаа наад охиноо бариад ав гэхээр нь Аийг барьж авах үед цагдаа ирж барьсан... гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
  13. Насанд хүрээгүй гэрч Л.Бүтэнжаргалын өгсөн “...Энэ хэрэг болох үед би уулан дээр байдаг шийдэн дээр сагсан бөмбөг тоглож байгаад наашаа яваад эмээгийнхээ гэр лүү орох гэж байхад энэ хэрэг болсон. Гудамжинд тас няс хийх хүчтэй чимээ гарсан. Тэгэхээр нь харсан чинь цагаан өнгийн машин хашаа мөргөөд зогссон байсан. Хөх өнгийн хашаа байсан. Цагаан өнгийн машин хашаа мөргөөд зогссон дараа нь цаанаас нэг машин ирээд зогсож байсан. Тэр машинаас цагдаа хувцастай хүн бууж байсан. Миний бодож байгаагаар 1 минут орчмын дараа нэг машин ирээд цагдаа нар буусан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 53 дахь тал/,
  14. Гэрч Ц.Мөнхтөрийн өгсөн: “...Тэр цаг үеийг би санаж байна. Ямарч байсан орой 19:00 цаг өнгөрч байх үед гэрийн гадаа талд тусгай дуут дохио дуугарах дуу чимээ надад сонсогдсон учраас би юу болсон юм бол гэж бодоод гэрээсээ гарч хашааныхаа хаалгыг онгойлгон ажиглаж харах үед тэр хэрэг гарсан гэх газарт цагдаагийн машин ирчихсэн, бас хажуу ойр хавиар нь том хүн болон хүүхдүүд цуглачихсан байсан болохоор би гайхаж юу болсон юм бол гээд үзэхээр очтол ямар ч байсан цэнхэр өнгөтэй айлын төмөр хашаа нураад уначихсан хашаан дотор цагаан өнгийн Приус маркийн машин цаашаагаа хараад зогсож байсан. Энэ үед цагдаа сэргийлэхийн хүмүүс ирчихсэн бололтой хамгаалалт авчихсан гадны хэн нэгэн хүнийг ойртуулахгүй байсан. Тэр үед ойр орчмоор цугларсан хүмүүс энэ цагаан машин хүүхэд дайрчихлаа гэж ярьж байсан. Тэгээд энэ мэдээг хальт сонсчихоод буцаж гэртээ орсон юм. Намайг гэрээс гарч ирэх үед уг осол аваарын хэрэг аль эрт гарчихсан бүх юм болоод дуусчихсан байсан юм....” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55 дахь тал/,

15. Гэрч Э.Отгонсүрэнгийн өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр цагдаагийн дэд ахлагч Батхуяг, ахлагч Баасансүрэн нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад тухайн багт оршин суудаг бололтой нэг эрэгтэй хүн ирээд энэ хавиар Улаанбаатар хотын дугаартай согтуу жолоочтой цагаан өнгийн суудлын машин яваад байна гэж хэлсэн. Үүнээс хойш бид нарыг эргүүл хийгээд Баянцагаан багийн эцсийн буудал орчим тээврийн хэрэгсэл шалгаад зогсож байсан чинь ертөнцийн зүгээр хойд талаасаа цагаан өнгийн Тоёота Приус маркийн машин ирэхээр нь Батхуяг ах тухайн машиныг шалгах гээд улаан модоор зогс гээд дохисон чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэнэт зүүн гар тал руугаа машинаа эргүүлээд маш хурдтай харалдаа гудамж руу давхиад явсан. Тэгсэн түүний дараахан нөгөө гудамжинд хүмүүс орилолдоод эхлэхээр нь бид нар яваад очсон чинь нөгөө цагаан өнгийн Тоёота приус маркийн машин айлын хашаа мөргөөд, хашаан дотор нь ороод зогссон байсан. Машин дээр нь яваад очсон чинь дотор нь хүн байхгүй байсан. Хажууд нь машин дотор сууж явсан гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан. Жолоочийг нь асуусан чинь зүүн тийшээ гүйгээд явчихлаа гэсэн. Тэгэхээр нь би араас нь яваад барьж авсан. гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 71 дэх тал/,

16. Гэрч Д.Гүррагчаагийн өгсөн “...Тэр үед намайг хашааг онгойлгож харах үед ертөнцийн зүгээр хашааны зүүн талд байрлалтай цэнхэр өнгөтэй айлын төмөр хашааг цагаан өнгийн Приус-20 загварын тээврийн хэрэгсэл цөм дайрч мөргөөд зогссон гэмээр надад харагдсан, тэгээд би за энэ машины жолооч согтуу юм байна даа гэж бодоод нээх тоогоогүй буцаад хашаа руугаа явж орсон, харин намайг харахад тэр хашааны гадаа нэг цагаан өнгийн машин осол аваар гаргасан байдалтай ганцаараа зогсож байсан өөр ямар нэгэн энгийн машин болон цагдаагийн машин тэрэг хамт зогсож байгаа харагдаагүй, ганцхан л машин зогсож байсан, тэгээд намайг хашаандаа ороод хэсэг байж байх үед Цагдаагийн хар өнгийн дунд гарын жижиг жип машин ирсэн, дараа нь гал унтраах ангийн машин ирсэн, хамгийн сүүлд нь түргэн тусламжийн машин бас ирсэн тэгээд өөр энгийн болон янз бүрийн машин ирж явж байсан би нээх тоож анзаарч хараагүй юм. Харин дараа нь буюу манай ажлынхан сая хашаа мөргөдөг машин хүүхэд дайрч осол гаргасан байна гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 73 дахь тал/,

17. Гэрч Г.Буянзаяагийн өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би таксинд явж байтал А, нэг хүүхэнтэй баарны үүдэнд тамхи татаад зогсож байсан. Тэгэхээр нь түүнийг барьж аваад өөрийнхөө машинд суулгаад хамт явж Хонгорзул байцаагчтай уулзахаар болоод явж байсан. Бид хоёрыг хамт явж байсан чинь миний эхнэр над руу утсаар яриад ажил дээр хүрээд ир гэхээр нь эхнэрийнхээ ажлын байран дээр очоод Аийг машиндаа үлдээгээд эхнэрийнхээ ажил руу ороод гараад ирсэн чинь миний машин байхгүй байсан. Гэтэл үүнээс хойш хэд хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн орой Орхон аймгийн цагдаагийн газрын ажилтан гэж хүн утсаар яриад миний машиныг А гэж хүн жолоодож яваад хэрэг хийсэн байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 76-77 дахь тал/,

18. Насанд хүрээгүй гэрч Х.Нуржаны өгсөн: “...Энэ хэрэг болсон өдөр талийгаач Ган-Эрдэнэ, миний найз Ууганцэцэг, миний төрсөн дүү Хайржан бид дөрөв Ууганцэцэгийн хашааны гадна гагнасан гинжийг таслах гэдэг тоглоом тоглож байсан чинь гэнэт баруун талаас цагаан өнгийн приус маркийн машин сүлбээд, сүлжээд давхиад ирсэн. Тэгэхээр нь Ууганцэцэг талийгаач Ган-Эрдэнэ бид гурав Ууганцэцэгийн хашаа руу гүйгээд орсон. Тэгсэн чинь нөгөө машин Ууганцэцэгийн хашааг дайрахаар нь Ууганцэцэг бид хоёр хашааны хаалгаар хашааны гадна гарсан. Нөгөө машин хашаа мөргөөд зогссон. Ган-Эрдэнэ хашаанаас гарч ирээгүй. Тэр машинаас эмэгтэй, эрэгтэй хүмүүс бууж ирсэн. Нэг эмэгтэй нь уйлаад байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

19. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №76 дугаартай “амь хохирогчийн биед хавсарсан гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх сул цус, баруун уушгины задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх сул цус, баруун уушгины няцрал. Гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны хугарал, гавлын ясны гадна хальсан доор болон хуйхан доор цус хуралт, толгой, цээж, нуруу мөчдөд зөөлөн эдэд цус хуралт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Амь хохирогчийн үхлийн шалтгаан нь хавсарсан гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх сул цус, гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны хугарал болно” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

20. “Далайван Аудит” ХХК-ний 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02/02-125 дугаартай үнэлгээнд хамрагдсан дээврийн төмөр 40,000 төгрөг, модон шон 16,000 төгрөг, хашааны дай мод 18,000 төгрөгөөр тус тус үнэлэгдэж эд зүйлсийн нийт зах зээлийн үнэлгээ 74.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 95-100 дахь тал/,

21. 3амын цагдаагийн албаны шинжээчийн №70 дугаартай “Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ “жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөлтэй байна гэсэн заалтуудыг зөрсөн гэх үндэслэлтэй” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 105 дахь тал/,

22. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №4813 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Ганбат А 2019.08.24 гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол илэрсэн байна” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 136 дахь тал/,

23. Эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 09 сарын 17-ны өдрийн 19/02/01271 дугаартай “ автомашины эвдрэл 2 040 000 төгрөгийн хохирол учирсан” гэх дүгнэлт. /1-р хавтаст хэргийн 165-169 дэх тал/,

24. Шинжээч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн “...Драйверыг хэзээ үлээлгэсэн, үүнээс хойш ямар хугацааны дараа судаснаас цус авсан бэ гэдгээс хамаарч хүний биеэс этилийн спирт амьсгал, шээс, арьсаар ялгарч хэмжээ нь багасаж, тогтоогдохгүй болж болно. Мөн тухайн хүний сэтгэл санааны байдал, айсан, цочирдсон гэх мэт байдлууд нөлөөлдөг. Эдгээрээс шалтгаалаад согтуурлын зэрэг тогтоох багажаар тогтооход согтолттой байсан хэр нь цуснаас этилийн спирт илрэхгүй байж болно.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 173 дахь тал/,

25. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мэдүүлсэн: “...Орхон аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Цогтсайханы шинжээч томилсон тогтоолын дагуу талийгаач Г.Ган-Эрдэнийн үхлийн шалтгаан тогтоох задлан шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан. Шинжилгээгээр талийгаач Г.Ган-Эрдэнийн биед хавсарсан гэмтэл: Хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал, дотуур цус алдалт, хэвлийн хөндий дэх сул цус, баруун уушигны няцрал. Гавал тархины битүү гэмтэл: Гавлын дагз ясны хугарал, гавлын ясны гадна хальсан доор болон хуйхан доор цус хуралт, толгой цээж, нуруу, мөчдөд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон. Ийм их хэмжээний хавсарсан гэмтэлтэй үед эмнэлгийн яаралтай анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 175 дахь тал/,

26. Шүүгдэгч Г.Аийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр доошоо найзынхаа араас явж байсан юм. Явж байх замд цагдаа таарсан. Тэгэхээр нь тийшээ эргээд араас дохиж байгаа нь сонсогдоод тэгээд чигээрээ явсан. Чигээрээ явж байхад урд хүүхдүүд тоглож байгаад хоёр тийшээ тарж гүйгээд нэг дов руу машин тэр чигтээ ороод буцаж харайж гарч ирсэн. Тэр үед руль нь зүүн тийшээ дарагдаад хашаа руу яваад орсон. Тэгээд би буусан. Миний араас Гэгээнээ, С хоёр буусан. Би машинаас буугаад доошоо хашааны үзүүрт сууж байхад Гэгээнээ эгч дуудаад чи хүүхэд дайрчихлаа гэсэн. Тэгэхээр нь очоод харсан чинь машин доор хүүхэд хэвтэж байсан. Тэгээд цагдаа ирээд намайг машиндаа суулгасан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

27. 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанаас тусгай зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглаж ачигч машинаар ачиж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төвийн Орхон аймаг дахь самбарын авто тээрийн оношилгооны хэсэгт явуулав гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 202-205 дахь тал/,

28. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хэргийн 214-215, 222 дахь тал/,

29. Гэрч Б.Баасанжаргалын өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр жижүүрийн офицер цагдаагийн ахмад Б.Эрдэнэзулаас эргүүлийн үүрэг авч дэд ахлагч Отгонбаатар, Б.Батхуяг нарын хамт 18-21 цагийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх ажлын үүрэг авч ажилд гарсан. Эргүүлийн үүрэг аваад бид нар дэлгүүрүүдээр тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж яваад Баянцагаан багийн эцсийн буудал орчим ирэхэд зам дээр зорчих урсгал сөргүүлэн байрлуулсан тээврийн хэрэгсэл байхаар нь тухайн тээврийн хэрэгслийн жолоочид тээврийн хэрэгслээ дүрмийн дагуу байрлуулах талаар хэлж сануулаад байж байхад үл таних 20 орчим насны залуу ирээд энэ хавиар согтуу хүмүүс цагаан өнгийн Тоёота приус маркийн машинтай яваад байна гэсэн мэдээлэл өгөөд явсан. Тэгэхээр нь бид нар нөгөө шалгаж байсан машинаасаа хөдлөөд эцсийн буудлын харалдаа ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо ирж байгаа тээврийн хэрэгслүүдийг шалгахаар зогсож байсан газраасаа хөдлөөд 50 орчим метр яваад зогссон. Нөгөө мэдээлэл өгсөн залууг яг хаашаа явсныг нь анзаараагүй. Би машин дотроо сууж байхад Батхуяг, Отгонбаатар хоёр машиныг шалгахаар буусан. Намайг машинд сууж байхад Батхуяг хойд зүгээс ирж байсан цагаан өнгийн Тоёота приус маркийн машиныг шалгахаар улаан модоор дохисон чинь нөгөө машин гэнэт зүүн гар тийшээ эргээд чигээрээ гудамж руу хурдтай давхиж орсон. Тэгэхээр нь би машинаасаа буусан. Намайг машинаас буухад хүүхэд ч юм шиг, эмэгтэй хүн ч юм шиг нэгэн “аа” гээд хашхирах чимээ гарсан. Тэгэхээр нь бид нар юу болсон юм бол гэж ярилцаад машиндаа суугаад тэр гудамж руу орсон чинь тухайн гудамжны гол хэсгээс жоохон зүүн тийш 4-5 хүүхэд, нэгээс хоёр эмэгтэй хүн наашаа цаашаа болоод байхаар нь ойртож очоод яасан юм юу болсон бэ гэж асуусан чинь ийшээ нэг машин айлын хашаа дайраад орчихлоо гэхээр нь жоохон цаашлаад харсан чинь нөгөө цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн машин айлын төмөр хашааг дайрч ороод зогссон байсан. Тэр машины хажууд нэг залуу, нэг хүүхэн хоёр байсан бөгөөд хүүхэн нь уйлаад байсан. Тэнд байсан хүмүүсээс дэд ахлагч Батхуяг жолооч нь ямар хүн байсан бэ гэж асуухад жолооч нь сая тийшээ гудамжны булан тойроод явсан гэж тэнд байсан нэг эмэгтэй хүн хэлсэн. Тэгэхээр нь Батхуяг бид хоёр Отгонбаатарыг жолоочийнх нь араас яваад аваад ир гэж явуулсан. Би өөрөө “Эрдэнэт Үйлдвэр”-ийн гэрээт цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицероор ажиллаж байсан ахмад Б.Эрдэнэзул руу утсаар залгаж энд осол хэрэг болсон байна. Энд айлын хашаа дайрсан байна гэж хэлсэн. Ахмад Б.Эрдэнэзул хүн зүгээр үү гэж асуусан. Тэгэхээр нь Батхуяг бид хоёр нөгөө хашаа дайрсан машины урдуур нь тойроод үзсэн чинь тэр машины урд моторын хэсэг доор дарагдсан байгаа бололтой хүүхдийн хөл цухуйж харагдсан. Эрдэнэзул ахмадтай утсаар ярьж байсан бөгөөд хүүхэд дайруулсан байна гэж хэлсэн чинь Б.Эрдэнэзул ахмад наад хүүхдээ машин доороос ямар хамаагүй аргаар гарга, машины урд эд ангийг нь эвдэж байгаад ч хамаагүй гарга гэж хэлсэн. Би утсаа салгаад өөрийнхөө утсаар эмнэлгийн 7035103 дугаар утас руу осол хэргийн талаар дуудлага өгөөд дараа нь цагдаагийн газрын жижүүр лүү мөн осол хэргийн талаар дуудлага өгсөн. Энэ үед Отгонбаатар жолоочийн араас явсан байсан. Батхуяг нөгөө хүүхдийг гаргах гээд машиныг өргөөд хүч хүрэхгүй байсан. Намайг эмнэлэг, цагдаа руу дуудлага өгөөд дөнгөж дуусаж байхад цагдаагийн газрын жижүүрээс залгаад наад хүүхэд чинь амьд байна уу эцэг, эхийг нь олж тогтоо гэхээр нь би тэнд байсан хүүхдүүдээс энэ хүүхдийн гэр хаана байдаг вэ гэж асуухад тэнд байсан хүүхдүүд осол хэрэг болсон гудамжны баруун тал руу энэ хүүхдийн гэр нь байдаг гэж хэлэхээр нь баруун тийшээ 50 орчим метр зайтай явж байсан чинь араас нэг хүүхэд энэ хүүхдийн гэр нь зүүн тийшээ жалганы цаад талд байдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь эргээд явж байхад замын цагдаа нар, эмнэлэг ирсэн. Тэгээд Батхуяг, замын цагдаа нартай нийлж машины урд талыг өргөж байгаад талийгаачийг татаж гаргаад эмч үзсэн. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад жижүүрийн бүрэлдэхүүн ирсэн” гэх мэдүүлэг. /2-р хавтас хэргийн 158-159 дэх тал/,

30. Гэрч Э.Отгонбаатарын өгсөн: “...бид нарыг эргүүл хийж байсан газартаа зогсож байхад хүмүүс орилох чимээ гараад байхаар нь юу болсон юм бол бид нар машинаа асаагаад тэр гудамж руу орсон чинь гудамжинд машин харагдаагүй. Гудамжны зүүн зах хэсэгт эмэгтэй хүмүүс, хүүхдүүд орилолдоод байхаар нь ойртоод очсон чинь нөгөө цагаан өнгийн Тоёота приус 20 загварын машин айлын хашаа мөргөөд зогссон байсан” гэх мэдүүлэг /2-р хавтас хэргийн 160-161 дэх тал/,

31. Гэрч Б.Дөлгөөний  өгсөн “...Тоёота приус 20 загварын машины мотор буюу урд талын хэсгийн доор хүүхдийн хөл харагдаж байсан. Цээж, бөгсөн бие, хэвлий хэсэг нь машин доор дарагдсан байдалтай байсан. Амьд эсэхийг мэдэх боломжгүй байсан. Ер нь тэр хүний хоёр хөлийн шилбэ, шагай хэсэг нь харагдаж байсан. Намайг очих үед нэг эрэгтэй цагдаа гүйж ирсэн. Би тэнд байсан хүмүүст онцгой байдал дууд машиныг өргөх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд тэнд байсан хоёр эрэгтэй цагдаа манай жолооч, тэр хавьд байсан нэг залуугийн хамт машины урд жолооч талын хажуу талаас дөрвүүлээ өргөсөн. Тэр үед би машин доогуур байгаа хүнийг татаж гаргаж ирэхэд эрэгтэй хүүхэд байсан. Ил харагдах гэмтэл, шарх гэх зүйл байгаагүй, ам хамраас нь цус гарсан байдалтай байсан. Хүүхдийг гаргаж ирээд үзлэг хийхэд амьсгал зүрх судас нь зогссон байсан” гэх мэдүүлэг. /2-р хавтаст хэргийн 174-175 дахь тал/,

32. 3амын цагдаагийн шинжээчдийн 97 дугаартай дүгнэлтээр жолооч Г.А нь “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. А/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ “жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...”, 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг, 12.5-д хороолол, замын зэргэлдээх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км гэж заасныг тус тус зөрчсөн гэх дүгнэлт. /2-р хавтаст хэргийн 212-215 дахь тал/,

33. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 94 дугаартай ...Г.А нь сэтгэцийн хувьд эрүүл, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 219 дэх тал/,

34. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 113, 114, 115, 116 дугаартай ...Магадлуулагч С.Санжжамц, Пүрэвдулам, С.Г, Ю.Оюун нар нь стрессийн дараах цочмог дарамтад эмгэг, сэтгэл түгших, сэтгэл гутрал хариу урвал гэсэн үндсэн оноштой хэрэг болсон өдрөөс хойш дээрх сэтгэцийн эмгэгтэй байна. Нойргүйдэл, сэтгэл зориггүйдэл, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, хоолны дуршил буурах, зүрх дэлсэх, даралт ихсэх, судасны лугшилт түргэсэх гэх мэтчилэн. Сэтгэл заслын эмчилгээний тусламж үйлчилгээ шаардлагатай байна. Цаашид магадлуулагч С.Санжжамц, Пүрэвдулам, С.Г, Ю.Оюун нарт сэтгэл засал болон эмийн эмчилгээ хийлгэх шаардлага байна. Сэтгэл засал болон эмийн эмчилгээний өртөг мөнгөн дүнг одоогоор тооцоог боломжгүй. Магадлуулагч нарын өвчний явцаас шалтгаална... гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 222, 226, 229, 233 дахь тал/,

35. Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 767 дугаартай: ...Талийгаач Г.Ган-Эрдэнийн биед хавсарсан гэмтэл, хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал, дотуур цус алдалт, баруун уушигны няцрал, гавал тархины битүү гэмтэл, гавлын дагз ясны хугарал, гавлын ясны гадна хальсан доор цус хуралт, толгой, цээж, нуруу, мөчдөд зөөлөн эдэд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл үүссэн байсан. Дээрх гэмтлийг авсан хүнд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй. Талийгаач Г.Ган-Эрдэнийн элгэнд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Г.Ган-Эрдэнийн цээж, нуруунд зөөлөн эдэд цус хуралт зулгаралт үүссэн байсан. Хэвлийн битүү гэмтлийн улмаас талийгаачийн элэгний баруун дэлбэнд 12 см урт, 4 см гүн, 8 см гүн том хэмжээний задрал үүссэн байсан. Хүний хэвлийн хөндийг байрлалын хувьд дээд, доод давхарт хуваадаг. Элэг нь хэвлийн хөндийн дээд давхарт баруун талд байрлах ба түүний дээд хил нь эгэмний дунд шугамаар 5-р хавирганы завсрын түвшинд, доод хил нь суганы дунд шугамаар 10-р хавирга завсрын түвшинд байрладаг. Элгийг баруун зүүн 2 дэлбэнд хуваах ба ихэнх хэсэг нь баруун дэлбэнд байдаг цуллаг эрхтэн юм. Талийгаачийн нурууны гол хэсэгт 13x0,7 см, бүсэлхийд баруун талд 5x3 см хэмжээтэй зулгаралт үүссэнээс үзэхэд хэвлийн битүү гэмтэл үүссэн байх боломжтой ба хэвлийн битүү гэмтэл нь хүнд жинтэй зүйлд дарагдах, цохигдох зэрэг үйлчлэлийн улмаас үүсэх бөгөөд мохоо зүйлийн дээрх үйлчлэлийн улмаас цуллаг эрхтэн задарч, бяцардаг. Шүүх эмнэлэгт нас барсан хугацааг баримжаалж тогтоодог, яг хэдэн цаг хэдэн минутад нас барсан гэж тогтоодоггүй... гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 237 дахь тал/,

36. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 7-12 дахь тал/,

37. Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 13-15, 21 дэх тал/,

38. Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион явуулсан арга хэмжээний материалд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 24-39 дэх тал/,

39. Хэрэг бүртгэлтийн 192500765, 192500868, 192500867 дугаартай хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 40-43 дахь тал/,

40. Цагдан хорих байрны шинээр хоригдсон болон түр гарсан хоригдогчийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 44-50 дахь тал/,

41. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 51-60 дахь тал/

42. Эрүүгийн 1925000000328 тоот хэрэгт Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 7035102 дугаарын утсанд ирүүлсэн дуудлагын ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 68-69 дэх тал/,

43. Орхон аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдын томилгоо болон эргүүлийн чиглэлийн албан хаагчдын ажиллах хуваарийн хуулбар /3-р хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

44. Хохирогч Г.Буянзаяагийн өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 01 цаг 30 минутын орчим таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны задгайд байрлах гэртээ хариад унтаж байтал Ганбатын Гэрлээ гэх манай хуурай дүү Батболдын найз охин хүрч ирсэн. Тэгээд юм яриад байж байгаад унтаад өгсөн. Намайг унтсаны дараа 02 цагийн үед Гэрлээ ширээн дээр байсан миний машины түлхүүрийг аваад гарахыг манай охин Ганзаяа харсан байна лээ. Би 07 дугаар сарын 25-ны өглөө 08 цагийн үед босоод гартал миний машин байхгүй байсан. Миний машин 64-67 УНЯ улсын дугаартай 2009 оны, 2015-2016 онд Монголд орж ирсэн цагаан өнгийн приус 20 маркийн авто машин байсан. Зүүн урд карло нь жижиг хонхорхойтой обуд нь цэнхэр лентээр ороочихсон, 2 толины дээд хэсэгт машины дугаарыг зүүгээр шивчихсэн байгаа би машинаа 2019 оны 02 сард 10 сая төгрөгөөр техникийн захаас худалдаж авч байсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 228-229 дэх тал/,

“Би 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн 64-67 УНЯ улсын дугаартай приус 20 маркийн автомашинаа үл эмэгтэйд хулгайд алдсан гэсэн өргөдөл өгсөн. Тэгээд би өөрийн машинаа 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр олсон. Тухайн өргөдөл маань хэрэг нээн шалгагдаж байсан тул би 2019 08 сарын 17-ны өдрийн 23 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй баарны үүдэнд миний машиныг авч явсан эмэгтэй мөн Хулан гэх эмэгтэйн хамтаар зогсож байсан. Тэгэхээр нь би очоод миний машиныг хулгайлсан хохирол мөнгийг чинь өг гэхэд уйлаад байсан. Тэгэхээр нь би тэгвэл одоо цагдаа дээр очоод энэ асуудлаа шийдье гэж хэлэхэд за гээд миний машинд тэр хоёр суусан. Тэр үед манай эхнэр Ганцэцэг нь над руу утсаар яриад би эхнэртээ мөнгө өгөхөөр болсон. Тэр үед манай эхнэр Халдвартын автобусны буудал дээр зогсоод буугаад эхнэртээ мөнгө өгөх гээд тухайн 2 эмэгтэйг машиндаа сууж байгаарай ах нь эхнэртээ мөнгө өгөөд гараад ирье гэж хэлсэн. Тэгтэл тэр хоёр тэгье гэж хэлсэн ба би буугаад эхнэртээ мөнгө өгчхөөд гараад иртэл миний машин байхгүй байсан. Тэгээд би тухайн үед цагдаад хэлээгүй ба тухайн 2 эмэгтэйг буцаагаад авчраад эргээд тавьчих юм байх гэж бодоод хүлээсэн. Тэгтэл тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа манай найз над руу холбогдоод миний машиныг Дарханаас Эрдэнэт хот руу явж байна гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө цагдаад дахин хэлсэн” гэсэн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 230-231-р хуудас/,

“...Г.А нь анх миний машиныг хулгай хийж авч явах үедээ урд хойд хоёр гуперийг нь хагалсан байсан. Үүний дараа миний машиныг авч яваад Орхон аймагт ирээд айлын хашаа мөргөж, маш их хэмжээний хохирол учруулсан байгаа. Хоёр удаагийн эвдрэлийн үнэлгээг гаргуулсан бөгөөд хоёр удаа үнэлгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлтээр үнэлэх болно. Одоо би энэ хүнээс 2.880.000 төгрөг нэхэмжилж байна. Орхон аймгийн Цагдаагийн газраас машинаа хүлээж авсан. Би түүнд итгээд машинаа асаалттай үлдээгээд эхнэрийнхээ ажил руу ороод гарч ирэхэд миний машиныг аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг. /3-р хавтаст хэргийн 229-234 дэх тал/,

45. Далайван аудит ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02/02-10 дугаартай “үнэлгээнд хамрагдсан приус 20 авто машины урд гупер 415.000 төгрөг 2020 оны 01 дүгээр сарын 710.000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлт /4-р хавтаст хэргийн 72-78 дахь тал/,

46. Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт /4-р хавтаст хэргийн 121 дэх тал/,

47. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 803 дугаартай ...Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн гаргасан 2019.09.05-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт, 2019.11.22-ны өдрийн 767 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Дээрх хэргийн нөхцөлд яаралтай түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэх шаардлагатай. Эмнэлгийн тусламж ирэх хүртэлх хугацаанд 10 орчим минут тээврийн хэрэгсэл дороос гаргаж аваагүй гэх бөгөөд энэ нь тусламж үзүүлээгүй гэх үндэслэл болохгүй. Г.Ган-Эрдэнийн бие цогцост тогтоогдсон хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн задрал, хэвлийн хөндийн сул цус, баруун уушигны задрал, няцрал, гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал зэрэг гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.11,3.1.2 зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарна. Дээрх гэмтлийг авсан даруй тодорхой хугацаанд амьд байж нүдээ нээх зэрэг үйлдэл хийж болно. Дээрх хүнд гэмтлүүд хавсарч учирсан нь шууд үхэлд хүргэсэн бөгөөд яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Тухайн авто осол болсон даруй удалгүй нас барсан байна. Элэгний задрал, уушиг няцрал, задрал гэмтэл нь авто ослын үед мөргөгдөх дайрагдах зэрэг үед үүснэ. Хир хугацаанд дарагдсан дайрагдсан зэрэг хугацааг тогтоох боломжгүй. Автомашины эвдрэл, үйлчлэх хүч зэргийг шинжээч эмч тогтоох боломжгүй байна. Машин дороос гаргаж эмнэлгийн тусламж үзүүлсэн хугацаанд цаг алдсан гэх байдал тогтоогдохгүй байна. Дээрх гэмтлийг авсан даруй удаан амьд байх боломжгүй гэмтэл болно... гэх дүгнэлт /4-р хавтаст хэргийн 205-207 дахь тал/,

48. Хохирогч С.Гоос гаргаж өгсөн хохирлын баримтын тооцоог тулгасан тэмдэглэл, иргэний нэхэмжлэлийн баримтууд /2-р хавтаст хэргийн 5-62 дахь тал, 4-р хавтаст хэргийн 213-218 дахь тал/,

49. Шүүгдэгч Г.Аийн хохирол төлсөн тухай баримт /5-р хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч С.Г, Г.Буянзаяа, иргэний нэхэмжлэгч Х.Б нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлыг буюу үйл явдлыг харж гэрчилсэн гэрч Ю.Оюун, С.Санжжамц, Б.Батхуяг, М.Гэгээнханд, А.С, Б.Баасанжаргал, Б.Дөлгөөн, Э.Отгонбаатар нарын болон насанд хүрээгүй гэрч А.Ууганцэцэг, М.Бум-Эрдэнэ, Л.Бүтэнжаргал нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, амь хохирогчийн нас барсан шалтгааныг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №76 дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн №70 дугаартай дүгнэлт, хэргийн холбогдогчийн согтуурсан, мансуурсан эсэхийг шалгасан шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №4813 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн Ганбат А 2019.08.24” гэж хаягласан шээсэнд Тетрагидроканнабинол илэрсэн байна” гэсэн дүгнэлт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, драйвер багажаар согтуурал шалгасан тэмдэглэл, яллагдагчийн нас тоолсон тэмдэглэл, замын цагдаагийн шинжээчдийн 97 дугаартай дүгнэлт, шүүх шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 767 дугаартай шинжээчийн дүгнэлт, иргэний хариуцагч Ө.Ганбатын мэдүүлэг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 803 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, хохирогч Буянзаяагийн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 19/02/01271 дугаартай эд зүйлийн үнэлгээ, Далайван аудит ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлт зэргээр,

шүүгдэгч Г.А нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны шөнө 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хорооны задгайгаас иргэн Г.Буянзаяагийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүрэг Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Буянзаяагийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дахин авч явж 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг руу өмнө нь танилцаж байсан Эмби буюу Мөнхбаяртай уулзах зорилгоор найз М.Гэгээнханд, Э.Хулан нарын хамтаар гарч, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт ирж 3 хоносон байна.

Ингээд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр сэтгэцэд нөлөөт бодис болох тетрагидроканнабиноль, мөн согтууруулах ундаа хэрэглэж 0.66 хувийн согтолттой байх үедээ эрхийн үнэмлэхгүйгээр иргэний нэхэмжлэгч Г.Буянзаяагийн эзэмшлийн Тоёота приус 20 загварын 64-67 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслийн хурдыг хорооллын бүс-д тохируулаагүй, аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол гаргаж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн шинэ Тосгоны 5 дугаар гудамжны 10 тоот хашааг мөргөж 8 настай Г.Г дайрч амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” тодорхойлж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл “Автоотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн субъект нь тээврийн хэрэгслийн жолооч буюу шүүгдэгч Г.А юм.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан амь хохирогч Г.Ган-Эрдэнийн биед тогтоогдсон хавсарсан гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.А жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Г.А нь насанд хүрээгүй байхдаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөний дүрмээр хориглосон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа явганаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хорооны задгайгаас иргэн Г.Буянзаяагийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван 710.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Буянзаяагийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж 2.040.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Г.Аийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайг тус тус нотолж, яллах байр сууринаас,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, Ц.Энхтуяа нар нь шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй, шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас,

хохирогч, түүний өмгөөлөгч П.Батжаргалаас улсын яллагчийн байр суурийг дэмжиж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, хуульд заасан хамгийн өндөр ялыг оногдуулах, хохирогчоос гаргасан гэм хорын хохирол төлбөртэй холбоотой иргэний нэхэмжлэлийг барагдуулах байр сууринаас тус тус оролцож, хэргийн онолоо танилцуулж санал, дүгнэлтээ гаргажээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Г.А нь 17 нас 3 сар 18 хоногтой буюу насанд хүрээгүй байхдаа 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүрэг Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Буянзаяагийн эзэмшлийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг хоёр дахь удаагаа завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч, 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг руу урд таньдаг байсан Эмби буюу Мөнхбаяр гэх залуутай уулзах зорилгоор найз Гэгээнханд, Хулан нарын хамтаар гарч 08 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймагт ирж 4 хоносон бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж нэг хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа явганаар хэргийн газрыг зориуд орхиж явганаар зугтаасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 02 цагийн орчим Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хорооны задгайгаас иргэн Г.Буянзаяагийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Халдвартын эмнэлгийн орчмоос иргэн Г.Буянзаяагийн 64-67 УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул шүүгдэгч Г.Аийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 8 настай Г.Ган-Эрдэнийн амь нас хохирч, хохирогч Г.Буянзаяагийн автомашинд 2.750.000 төгрөгийн эвдрэл гэмтэл, Улаанбаатар хотоос Орхон аймагт төмөр замаар ирж буцсан вагоны билетийн зардал 18.600 төгрөг, тээврийн хэрэгслийн гуперт үнэлгээ хийлгэсэн хөлс 10.000 төгрөг нийт 2.778.600 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Бд хашааны хаалганд 74.000 төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хохирогч С.Г нь амь хохирогчийг оршуулахтай холбоотой гарсан зардал 26.344.587 төгрөг, өөрийн эмнэлэгт хэвтэж, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны цалингийн зөрүү 566.620 төгрөг нийт 26.911.207 төгрөг, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны хохиролд 50.000.0000 төгрөг буюу нийт 76.911.207 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг ирүүлжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Хандсүрэнгээс хохирогч С.Гт 6.000.000 төгрөгийн хохирол төлөгджээ.

Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу хохирогч Г.Буянзаяа, иргэний нэхэмжлэгч Х.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангаж, хохирогч С.Гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Үүнд:

         Хохирогч С.Гийн нэхэмжилсэн амь хохирогчийн оршуулгын зардалд 26.344.587 төгрөг, өөрийн хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны цалингийн зөрүү 566.620 төгрөг, нийт 26.911.207 төгрөгийг нэхэмжилж ирүүлсэн нотлох баримтууд, мөн хохирогч Г.Буянзаяагийн автомашины эвдрэл гэмтлийн үнэлгээ 2.750.000 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, Орхон аймагт төмөр замаар ирж очих унааны зардал 18.600 төгрөг, шинжээчийн дүгнэлтийн хөлс 10.000 төгрөг, нийт 2.778.600 төгрөгийн нотлох баримтууд, иргэний нэхэмжлэгч Х.Бгийн хашааны эвдрэл гэмтэлд гарсан зардлын үнэлгээг 74.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан үндэслэл бүхий нотлох баримтууд гэж үзлээ.

         Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.Гт төлөгдсөн 6.000.000 төгрөгийн хохирлыг хасаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн оршуулгын зардал 20.344.587 төгрөг, хохирогч С.Гийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны цалингийн зөрүү 566.620 төгрөг, нийт 20.911.207 төгрөг, хохирогч Г.Буянзаяагийн автомашинд учирсан эвдрэл гэмтэлд 2.778.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Бд хашааны хаалганы эвдрэлд 74.000 төгрөг нийт 23.763.807 төгрөгийг шүүгдэгч Г.Аээс гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.

         Харин хохирогч С.Гийн нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны хохирол болох 50.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив. Хохирогч С.Г болон түүний гэр бүлийн гишүүд нь дээрх гэмт хэргийн улмаас цочролд орж стрессийн дараах цочмог дарамтад эмгэг, сэтгэл түгших, сэтгэл гутрах хариу урвал гэх сэтгэцийн өвчтэй болсныг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан боловч эмчилгээ сувилгааны зардлын баримтуудыг ирүүлээгүй байх тул хохирогч болон түүний гэр бүлийн гишүүд /Пүрэвдулам, С.Санжжамц, Ю.Оюун/ нар нь нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяагаас амь хохирогчийг оршуулахтай холбоотой зардлын нотлох баримтуудаас 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн  Номин Агуулах худалдааны төвийн 6.428.890 төгрөгийн, мөн дэлгүүрийн 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4.175.360 төгрөг, 3.468.700 төгрөгийн нийт 14.072.950 төгрөгийн төлбөрийн баримтууд нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шаардлагыг хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй гэж мэтгэлцсэн ба дээрх гурван ширхэг нийт 14.072.950 төгрөгийн төлбөрийн баримтууд нь тус бүрдээ “Номин тав трейд” ХХК-ний тамга тэмдэг бүхий зарлагын баримттай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14 дэх заалтад заасан "төлбөрийн баримт" гэх тодорхойлолтод заасан он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан PU65335940, PU65336485, PU65331210 дугаар бүхий сугалааны бар, кодтой хуулийн шаардлага хангасан баримт байх бөгөөд хохирогч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “...манай эхнэр Номин агуулах худалдааны төвд ажилладаг байсан, тиймээс буяны ажилд шаардлагатай бараа, хүнсний зүйлсийг бөөнөөр нь авч, төлбөрийг зарлагын баримтын дагуу шилжүүлж, дээрх төлбөрийн баримтуудыг Номин агуулах худалдааны төвөөс авч байсан” гэж мэдүүлж байгааг үгүйсгэх боломжгүй, түүний мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах тухай хүсэлт үндэслэлгүй гэж үзэв.

         Мөн хохирогч С.Г нь Иргэний хуулийн 509 дүгээр зүйлийн 509.3 дахь хэсэгт Шүүх төлбөр авагчийн хүсэлтээр мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан төлбөрийн үнийн дүнг өөрчилж болно” гэж заасан тул амь хохирогчийн оршуулахтай холбоотой гарсан зардлыг өнөөгийн мөнгөний ханшийн өөрчлөлттэй уялдуулж нэмж гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

         Тодруулбал хуулийн дээрх зохицуулалт нь нас барагчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй этгээдийг тэжээн тэтгэхтэй холбогдуулан сар бүр олгох гэм хор учруулсны төлбөрийн талаарх зохицуулалт тул, амь хохирогчийн оршуулахтай холбоотой гарсан материаллаг зардлыг мөнгөний ханшийн өөрчлөлтийг харгалзан нэмэгдүүлж тооцох боломжгүй юм.

          Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Аийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа явганаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногт тооцож тус бүр 30 хоногийн нийт 60 хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан 7 жилийн хорих ял дээр нэмж нэгтэн нийт 7 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж, нийт 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нараас улсын яллагчийн ялын саналыг дэмжиж, гэмт хэргийн улмаас 8 настай хүүхдийн амь нас хохирсон, гэмт хэргийг хэд хэдэн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан хорих ялыг доод хэмжээг хэрэглэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.13 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийг хасаж, үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгох гэсэн ялын саналыг тус тус гаргажээ.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 94 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Г.А нь “сэтгэцийн хувьд эрүүл, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай” болох нь тогтоогдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Нэгдүгээр хавтаст хэргийн 198-201 дэх талд авагдсан төрсний бүртгэлийн лавлагаа, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын 42/06-158 дугаартай албан бичиг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гуравдугаар хавтаст хэргийн 102-125 дахь талд авагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах 1700406 дугаартай эрхийн бичиг, Шинэ Иргэншил мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн тодорхойлолт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын 3659 дугаартай тодорхойлолт, Монголын дугуйн холбооны 2015 оны Өргөмжлөл, Нийслэлийн биеийн тамир, спортын газрын Өргөмжлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Батламж, Монголын авто замчдын холбооны Өргөмжлөл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн биеийн тамир спортын хорооны Диплом, Төв аймгийн Биеийн тамир спортын газрын Өргөмжлөлийн хуулбар, Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчийн Г.Ад олгосон Олимпын найдвар медиалын үнэмлэхийн хуулбар, улсын бүртгэлийн газрын төрсний лавлагаа, нас тоолсон тэмдэглэл зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Г.А нь бүрэн дунд боловсролтой, Шинэ иргэншил мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд үсчний мэргэжил 2.5 жилээр олгох ангид суралцдаг, дугуйн спортоор 2015 оноос хичээллэж, олон тэмцээн уралдаанд оролцож тэргүүн, дэд байр эзэлж, Өргөмжлөл, Диплом, Батламж, Олимпын найдвар медиалиар тус тус шагнагдаж байсан, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 3 сар 18 хоногтой байсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байх бөгөөд ээж нь бага насанд нь орхиод явсан, аав Ганбат нь өөр хүнтэй гэр бүл болсноос Г.А нь аавынхаа ээж Хандсүрэнгийн хамт хоёулаа амьдардаг гэх нөхцөл байдал болон гэр бүлээс түүнд тавих хараа хяналт, анхаарал халамж дутсан нь гэмт хэрэгт холбогдоход нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч Г.А нь тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг 2 удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Ад энэ бүлэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч С.Гт амь хохирогчийг оршуулахтай холбоотой материаллаг зардалд 6.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхдээ буюу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 17 нас 3 сар 18 хоногтой байсан, түүний нас биеийн онцлог, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн учир холбогдол, үр дагаврыг ойлгоогүй зэрэг насанд хүрээгүй хүний сэтгэл зүйн онцлог, хувийн байдлыг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, түүний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон байх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоох,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний гэм буруу, хувийн байдал, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Аийн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их хурлаас баталсан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө, 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр, 2019 оны 08 дугаар сарын 24-нд тус тус үйлдэгдсэн, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн ялаас өршөөн хасах 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус хамаарч байна.

Шүүгдэгч Г.А нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн оршуулгын зардлаас  6.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн буюу 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх нөхцөлийг хангасан байна гэж үзэв.

Иймд 2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, шүүгдэгч Г.Аийн биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй, эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолохыг тус тус дурдав.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.А нь 438 /дөрвөн зуун гучин найм/ хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Аээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хяналтын камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, 4 боодол лааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт тус тус даалгаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 2, 3, 4, 6 дахь хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганбатын Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан мансуурсан үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг хасаж, шүүгдэгч Г.Аийн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн цагдан хоригдсон 438 /дөрвөн зуун гучин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Аээс 23.763.807 төгрөг гаргуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 5-13 тоотод оршин суух хохирогч С.Г рд:ОА82032318-т 20.911.207 /хорин сая есөн зуун арван нэгэн мянга хоёр зуун долоо/ төгрөг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 15-р хороо 53-716 тоотод оршин суух хохирогч Г.Буянзаяа рд:УУ90122217-д 2.778.600 /хоёр сая долоон зуун далан найман мянга зургаан зуу/ төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Шинэ хороо 5-10 тоотод оршин суух иргэний нэхэмжлэгч Х.Б рд:АЭ76082001-д 74.000 /далан дөрвөн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

10. Хохирогч С.Гийн гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны хохирол 50.000.000 /тавин сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.Г нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн сэтгэцэд учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг дүрс бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 4 боодол лааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт тус тус даалгасугай.

 

12. Шүүгдэгч Г.Аээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дүрс бичлэг бүхий СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 4 боодол лааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт тус тус даалгасугай.

13. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ