Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0029

 

 

 

 

 

 

 

 

Г.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Н.Д

Шүүгдэгч                                                          Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Ц.Э

Хохирогч                                                         С.Г

Хохирогчийн өмгөөлөгч                              П.Б /цахимаар/

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ц.Э нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Ад холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Г-н А,

Г.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан, мансуурсан үедээ “Тоёото Приус-20” загварын         улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7 а, 3.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,        аймгийн         сумын       багийн         тоот хашаан дотор байсан 8 настай Г.Г-г дайрч амь насыг нь хохироосон , дээрх гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

иргэн Г.Б-н эзэмшлийн “Тоёота Приус-20” загварын          улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 07 дугаадр сарын 25-ны өдрийн  02 цагийн орчим Нийслэлийн Б дүүргийн        дүгээр хорооны задгайгаас, мөн уг тээврийн хэрэгслийг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Нийслэлийн Б дүүргийн Х-н эмнэлгийн орчмоос завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тус тус авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б овогт Г овогтой Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуурсан, мансуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 8 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасч эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар  хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 109 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аээс 23.763.807 төгрөг гаргуулан хохирогч С.Г-т 20.911.207 төгрөг, хохирогч Г.Б 2.778.600 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Б 74.000 төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дүрс бичлэгийн хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, 4 боодол лааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч, нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч С.Г болон түүний гэр бүлийн гишүүд нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.А давж заалдах гомдолдоо:

 “... Хавтаст хэрэгт авагдсан яг ямар үйл баримтаар намайг хүүхэд тоглох зориулалт бүхий явган зорчигч давуу эрхтэй зорчих талбайд хурд хэтрүүлэн явж гэмт хэрэг үйлдсэн гэж үнэлж дүгнэж яллаж байгааг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэмт хэрэг үйлдэхдээ 18 нас хүрээгүй байсан учраас ял өгөхдөө хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ашиглаагүй 19 насанд хүрсэн биеийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, сэтгэхүй, хүмүүжлийн хувьд насанд хүрээгүй хүнтэй дүйцүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үнэлж насанд хүрсэн хүнтэй дүйцүүлж ял оногдуулж хамгийн өндөр ял буюу 8 жилийн ялаар ялласанд гомдолтой байна.

Би өөрийн санамсаргүй болгоомжгүй байдлаас болж хийсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшдэг ... Шийдвэр гаргахад хөндлөнгийн дарамт шахалт  санаатай болон санамсаргүй үзүүлсэн гэж ойлгож гомдолтой байна. Миний гэм буруутайг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэрэг үйлдсэн  нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хуульчилж оруулсан талаар миний өмгөөлөгч Ц.Э анхан шатны шүүх хурал дээр маш тодорхой ярьсан. Би энэ гэмт хэргийг үйлдэх үедээ насанд хүрээгүй хүүхэд байсан. Тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж тооцоход нийт 6.000.000 төгрөг буюу 14 сар 28 хоногийн цалин хөлстэй дүйцэхүйц хэмжээний мөнгийг хохирогчид өгч барагдуулсан байхад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохгүйгээр хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ялласанд гомдолтой байна.

... С намайг пиво уусныг мэдсээр байж Б-н араас явалгүй болохгүй байна. Чи машинаараа араас нь яваад өг гүйцээд бариад авъя гэж ятгаж хүчээр шахуу яаруулж машинд суулгасан. Б-г машин жолоодож явахаас өмнө С доод зам дээр байсан цагдаатай уулзсан байдаг нь цагдаа гэрч Б-н ... үл таних 20 орчим насны залуу ирээд энэ хавиар согтуу хүмүүс цагаан өнгийн Тоёота Приус маркийн машинтай яваад байна ... гэж мэдээлэл өгсөн гэх мэдүүлгээр нотлогддог...С намайг машин жолоодчих гэж гуйж ятгаж хүчлээгүй бол би хэзээ ч пиво уусан үедээ машин жолоодохгүй. Хэзээ ч ийм харамсалтай осол болохгүй байсан. Маш их харамсаж, гомдолтой байна.

... Бидний унаж явсан машиныг би хулгайн машин гэж огт мэдээгүй. Эзэн нь болох Б гэрчийн мэдүүлэгтээ ... 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр машинаа Д-с Э рүү явж байна гэж найзаасаа сонслоо  ... гээд цагдаад бүртгүүлсэн байдаг. 2019 оны 08 дугаар сарын 22-ны орой машин журмын хашаанд орсон байдаг ... рапортанд орохоос нь өмнө Т-т журмын хашаанаас гаргаж авсан ... Цагдаагийн албаны хайхрамжгүй хэнэггүй ажилласан албан тушаалтнууд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллагаа явуулаагүйд гомдолтой байна. Миний хойноос цагдаа нар хөөж би маш их айж сандарсан байсан тул хашаа мөргөж зогссон. ... Яаралтай анхны тусламж үзүүлээгүй цагдаа нарт гомдолтой байдаг. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн        дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 3, 4 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож миний тухайн үед гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал насанд хүрээгүй хүүхэд байсан, хохирогчийн зүгээс нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг боломж бололцоогоороо төлж барагдуулж байгаа цаашид төлж барагдуулах нөхцөл байдалтайгаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. С Г хоёрыг гэрч бус яллагдагчаар татаж гэм бурууг нь тогтоож өгнө үү. Хулгайд алдагдсан машины мэдээллийг мэдээллийн нэгдсэн санд оруулалгүй хариуцлага алдсан         аймгийн Замын Цагдаагийн газрын нэр бүхий ажилтныг шалгаж илрүүлж тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ ... Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримт, нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ: /эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хууль сахиулагчаас зугтан, хүн амьдрах, хүүхэд тоглох зориулалт бүхий, явган зорчигч давуу эрхтэй зорчих талбайд хурд хэтрүүлэн явж гэмт хэрэг үйлдсэн/ учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ/ 8 настай, насанд хүрээгүй хүүхдийн амь нас хохирсон, амь хохирогчийн аав, ээж, өвөө, эмээд учирсан сэтгэл зүйн хохирол гэх мэт/ шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах нь үндэслэлтэй гэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн дээд хэмжээгээр буюу 8 жилийн хорих ял ногдуулсан. Тухайн осол болох үед шүүгдэгчийн болон гэрч нарын өгсөн мэдүүлэгт гудамжны шороон замаар явж байх үедээ сигнал дарах үед хүүхдүүд замаас гарсан. Мөн овоолсон шороон дээр харайлгах үед машины руль хүчрэгдэхгүй барьж дийлэхгүй хашаа руу орсон, гэтэл шүүх дээрх шороон замыг хүүхэд тоглох зориулалт бүхий, явган зорчигч давуу эрхтэй зорчих талбай гэж дүгнэж ногдуулах ялыг хүндрүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүний амь нас хохирсон, согтуурсан, мансуурсан нь тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал биш бөгөөд яллагдагчаар татагдсан зүйл заалтад заасан гэмт хэргийн шинжид орж байхад гэмт хэргийн шинжид заасан нөхцөлийг тусгайлан хувийн болон хүндрүүлэх нөхцөл байдал гэж тооцсон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шүүхийн шийтгэх тогтоолын шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа: “...шүүгдэгч19 насанд хүрсэн, биеийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, сэтгэхүй, хүмүүжлийн хувьд насанд хүрээгүй хүнтэй дүйцүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй ...” гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх нь дээрх дүгнэлтийг ямар нотлох баримтаар ийнхүү дүгнэсэн нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан гэдэг нь тогтоогдож байгаа. Гэтэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан, насанд хүрээгүй байх үед нь түүний эмээ буюу хууль ёсны төлөөлөгч Х гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 6.000.000 сая төгрөг төлсөн. 18 насанд хүрээд ч цагдан хоригдож түүнд ажил хөдөлмөр эрхлэх боломж олдоогүй. Гэсэн ч хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан үзээгүй. Шүүгдэгч 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.13 дугаар зүйлд заасан энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн өсвөр насны хүнд оногдуулсан ялаас хасахад түүний энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлийг баримталж, энэ хуулийн 7.3-т заасан заасны дагуу эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход энэ хуулийн 12.12-т заасан өршөөлд хамааруулах зохицуулалт хамаарахгүй гэсэн байхад шүүгдэгч Г.Ад дээрх нөхцөл байдлыг Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй. Мөн хуулийн 8.5 дугаар зүйлд шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан. Анхан шатны шүүх нь хэт нэг талыг барьж Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял ногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тухайн зүйл заалтад заасан хамгийн өндөр ял ногдуулж байгаа нь өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хууль зүйн үндэслэлгүй өндөр ял ногдуулсан. Мөн шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа шийтгэх тогтоолын З. Эрүүгийн хариуцлагын талаар хэсэгтээ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд оруулсан нь мөн Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “... нийтэд аюултай аргаар гэмт хэрэг үйлдсэн ... ” гэж хүндрүүлсэн бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэгт энэ заалтаар хүндрүүлэх боломжгүй юм. Мөн иргэний нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлын илтэд дордуулсан, Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байхад тийнхүү хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/305 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгч Г.Ад оногдуулсан хорих ялаас хасах буюу түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү ... ” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Г.А тайлбартаа: “...давж заалдах гомдлоосоо татгалзаж байна...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.Г тайлбартаа: “... анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн боловч зарим зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон нь буруу, миний хувьд гомдолтой байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч П.Б тайлбартаа: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ц.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Тодруулбал: Прокурорын 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Г.Аийг эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ “Тоёото Приус-20” загварын   улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7.а, 3.1-д заасан заалтуудыг тус тус  зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,         аймгийн      сумын          багийн         тоот хашаанд орж явсан 8 настай Г.Г-г дайрч амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар эрүүгийн       дугаартай хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Дээрх тогтоолд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөлт оруулж яллагдагч Г.Аийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бусдын тээврийн хэрэгслийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэлд мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эрхийн үнэмлэхгүй, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.7.а, 3.1-д заасан заалтуудыг тус тус  зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж,       аймгийн        сумын       багийн            тоот хашаан дотор байсан 8 настай Г.Г-г дайрч амь насыг нь хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар,

гэмт хэрэг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /2 дугаар хх 241/

Мөн прокуророос “Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Г.А нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэн Г.Б-н тээврийн хэрэгслийг хулгайлсан болох нь тогтоогдохгүй, харин завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай өөрчлөлтийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр оруулсан /4 дүгээр хх 180/ байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор Г.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг тус тус үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хууль тогтоомжоор тодорхойлно” гэсэн заалтыг баримтлан шүүгдэгч Г.Ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж заасныг хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчилжээ.

Дээрх зохицуулалт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “журам тогтоосон” шинжтэй буюу процессын эрх зүйн хэм хэмжээ ба шүүх хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор тогтоосон одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн заалтыг баримталж хэргийг шийдвэрлэх бөгөөд өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэглэхгүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа процессын хэм хэмжээг өмнө үйлчилж байсан хэм хэмжээтэй ямар нэг байдлаар өрсөлдүүлэхгүй, зэрэгцүүлж эсхүл давхцуулж хэрэглэхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтад хамаарахгүй юм.

Энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр баталсан тогтоолоор “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа, шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй эрүүгийн хэрэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолохдоо  өмнө нь үйлчилж байсан процессын хэм хэмжээ болох “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох зохицуулалтыг хэрэглэхгүй” гэсэн тайлбарыг гаргажээ.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Г.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад давж заалдах гомдлоосоо татгалзсан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, өсвөр насны шүүгдэгчийн эрх зүйн байдлын илтэд дордуулсан, Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй ... ” гэсэн давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Шүүгдэгч Г.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад давж заалдах гомдлоосоо татгалзсан болохыг дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

 

            3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ