Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 298

 

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/00298

 

 

Д.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/02224 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.У-т холбогдох,

 

Газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгийн үнэ 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Дамба

Хариуцагчийн өмгөөлөгч: Р.Чинбаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.О- нь 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Д.У-тэй харилцан тохиролцож, Д.У-т өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, Булгийн 0000 тоотын 200 м.кв газрыг 2 000 000 төгрөгөөр худалдахдаа уг газар дээр баригдсан 75 м.кв талбай бүхий 2 ширхэг хувийн сууцаа 8 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон юм.

Тухайн үед Д.У- тохиролцоогоо баталгаажуулж 700 000 төгрөгийг өгч, үлдэх мөнгийг дараа өгөхөөр тохиролцож, газар худалдан авах гэрээг байгуулсан юм.

Ингээд Д.У- гэрээ байгуулснаас хойш газрын үнийн үлдэгдэл 1 300 000 төгрөгийг өгөхгүй сар гаруй хугацаа өнгөрсөн ба үлдэгдэл төлбөрийг нэхэхэд шалтаг тооцон өгөлгүй, хойшлуулсаар 2014 он хүргэсэн.

Д.О- нь 2013 оны 12 дугаар сард С.Долгорсүрэнд өөрийн өмчлөлийн газрын үлдэх хэсэг болох 266 м.кв газрыг үлдэх 74 м.кв хувийн сууцын хамт 25 000 000 төгрөгөөр худалдсан юм. Гэтэл 2016 оны 11 дүгээр сард С.Долгорсүрэн нь Д.О-тай ирж уулзаад Д.У- бид хоёрын хооронд маргаан үүссэн гэж хэлсэн.

Хариуцагч Д.У- нь 2012 оны 8 дугаар сард 2 ширхэг хувийн сууцыг буулгаж аваад явсан байсан. 2013 оны намар нь “... Би 2014 оны хавар гэхэд 9 300 000 төгрөг чамд яг өгнө” гэж байсан. Д.У- нь 2014 оны хавраас одоо хүртэл Д.О-тай уулзаагүй, ярьж холбогдоогүй өдий хүрч байна. Иймд газар худалдах гэрээнээс татгалзаж, хариуцагч Д.У-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, 75 м.кв 2 ширхэг хувийн сууцны үнэ 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.У- нь 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Д.О-ын төлөөлөгч, түүний ээж Х.Бямбасүрэнтэй газар худалдан авах гэрээ хийж, нотариатаар баталгаажуулсан ба 2 500 000 төгрөгийг төлсөн.

Татварт 2 хувь төлөхөөс шалтгаалж гэрээгээ 700 000 төгрөгөөр байгуулсан. Уг гэрээнд 75 м.кв бүхий 2 ширхэг хувийн сууцны талаар огт дурьдаагүй бөгөөд кадастрийн зураг дээр гарч ирсэн байшинг бараг байхгүй, нураад унасан гэж ярьж байсан, мөн бүр нураагаад гэрээ барь гэж хэлж байсан.

2011 оны 03 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт Д.У- нь нэхэмжлэгч Д.О-ын хамт очиж Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамж 547а тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Д.У-ийн нэр дээр гаргуулах тухай хүсэлт, материалыг өгч, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр газар өмчлөх эрхийн гэрчилгээ Д.У-ийн нэр дээр гарсан байдаг.

2015 онд миний амьдарч байсан газарт нийтийн байр барихаар болсон учир хашаандаа буухаар ирэхэд С.Долгорсүрэн гэх эмэгтэй гарч ирж хашааг бүтнээр нь авсан гэж хэлсэн. Иймд 2016 оны 11 дүгээр сард С.Долгорсүрэнгээс газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Д.О- нь С.Долгорсүрэнд 2013 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж, уг 149 м.кв хувийн сууцын өмчлөгчөөр С.Долгорсүрэн бүртгэгдсэн байдаг. С.Долгорсүрэнгийн өмчлөлийн уг 149 м.кв хувийн сууц нь Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булгийн 10-р гудамжны 547 тоот гэсэн хаягтай болно.

Нэхэмжлэгч Д.О- нь 149 м.кв хувийн сууцаа С.Долгорсүрэнд худалдчихаад Д.У-ээс байшингийн тал болох 74 м.кв хувийн сууцны үнийг 8 000 000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Д.У- нь Д.О-аас 2 ширхэг сууц худалдан авахаар ямар ч тохиролцоо хийгээгүй, Д.У-ийг газар худалдан авахад тус газар дээр байшин гэх зүйл байгаагүй учраас түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч Д.О-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх: Монгол улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О-ын Д.У-т холбогдуулан гаргасан газар худалдан авах гэрээнээс татгалзах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эд хөрөнгийн үнэ 8 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 189 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Талууд газар худалдах, худалдан авах гэрээнд гэрээний үнийг 700 000 төгрөг гэж бичсэн хэдий ч газар худалдах тохиролцсон үнэ нь 2 000 000 төгрөг юм. Өөрөөр хэлбэл газар худалдахаар тохиролцсон үнэ нь 700 000 төгрөг биш гэдгийг хэн алины шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараараа нотолдог. Нэхэмжлэгч газрын үнийг 2 000 000 төгрөг гэж, хариуцагчийн хувьд газрын үнийг 2 500 000 төгрөг гэж тайлбар гаргадаг. Газар худалдахад тохиролцсон үнийг гэрээнд бодитой бичээгүй нь тухайн маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөх ач холбогдолгүй байсан нь зохигч бидний тайлбараар нотлогдож байхад шүүх миний тайлбарыг үндэслэлтэй тайлбар болж чадахгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Мөн анхан шатны шүүх газрын үнийг гэрээнд бичсэнээр буюу 700 000 төгрөг гэж зохигчдын тайлбар хийгээд хэрэгт авагдсан бусад нотлох баримтад үндэслэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нөгөө талаар хариуцагч Д.У- надад 2 500 000 төгрөг өгөөгүй мөртлөө өгсөн гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, харин надад 700 000 төгрөг өгсөн үйл баримт нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгааг дурдах нь зүйтэй юм.

Өмгөөлөгч нар болон шүүгч, хариуцагч нар гэрч Х.Бямбасүрэнд олон асуулт тавьж, хариултаа авч байсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн асуултанд ээж маань газрын үнэд 2 000 000 төгрөг авсан гэж андуурч хэлснийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь өрөөсгөл юм. Учир нь ээж маань андуурч хэлснээ шүүх хуралдаан дээр тайлбарлаж, хариуцагчаас 700 000 төгрөг авсан гэдгээ залруулсан, мөн өмнө нь ээж маань хариуцагчаас газрын үнэд 700 000 төгрөг авснаа олон удаа хэлж мэдүүлж байсныг яагаад шүүх үнэлэхгүй, харин андуурч хэлснийг нь үнэлж, шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаад гомдолтой байна. Нөгөө талаар Х.Бямбасүрэн нь одоо 75 настай, насны хувьд андуурах, эндүүрэх, түүнийгээ залруулах тохиолдол байхыг үгүйсгэхгүйг шүүх харгалзаагүй гэж үзэж байна.

Би гэрээний үлдэгдэл мөнгөө авах гэж хариуцагчаас олон удаа шаардаж байснаа тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн. Би хариуцагчийн үгэнд итгэж, авах үлдэгдэл мөнгөө түүний хэлснээр тохиролцож, хойшлуулсаар 2014 оны хавар хүргэсэн. Тэр үеэс хойш хариуцагч надад олдохгүй байсан. Хариуцагч Д.У- шүүхэд С.Долгорсүрэнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсныг С.Долгорсүрэн ирж надад хэлсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн шүүхийн шийдвэрийн дээрх үндэслэлийг зөвшөөрөхгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Д.У-т холбогдуулан газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хохиролд 8 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Д.О- нь иргэн Х.Бямбасүрэнд өөрийн эд хөрөнгийг бусдад худалдах эрхийг олгосон итгэмжлэлийн үндсэн дээр 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 00 дугаар хороо, Булгийн 0000тоотод оршин байх 200 м.кв талбай бүхий газар өмчлөх эрхийг Д.У-т 700 000 төгрөгөөр худалдахаар гэрээг бичгээр байгуулсан, газар газар өмчлөх эрх бодитоор Д.У-ийн өмчлөлд 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шилжсэн үйл баримт тогтоогдсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Гэрээнд талууд үнийг 700 000 төгрөгөөр бичсэн боловч нэхэмжлэгч гэрээний үнийг 2 000 000 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч 2 500 000 төгрөг төлсөн гэж тус тус тайлбарласан.

 

Хариуцагч гэрээний үнийг төлсөн гэж тайлбарласан бол нэхэмжлэгч төлбөрийг дутуу төлсөн гэж гэрээнээс татгалзжээ. Гэрээний зүйл болох газар өмчлөх эрх нь үл хөдлөх эд хөрөнгөтэй хамаатай тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан 6 жилийн дотор гэрээний үүргийг талуудын хэн аль нь нөгөө талаасаа шаардах эрхтэй. 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.У-ийн нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн үеэс эхлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь уг хугацааг хэтрүүлсэн байна.

 

Дээрхи хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан байдал тогтоогдоогүй байна. 

 

Дээрхи нөхцөл байдлыг дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан газар өмчлөх эрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр байна. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзахад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн байх урьдчилан нөхцөл хангагдах учиртай. Худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүрэг зөрчигдсөн боловч нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний үнэ шаардах эрхгүй болно.

 

Иймд уг үүргийн зөрчлийг эрх зүйн хувьд хариуцагч гаргаагүй гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр гэрээнээс татгалзах эрхгүй болно.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь хувийн сууцыг 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 8 000 000 төгрөгөөр худалдсан ба газар өмчлөх эрхийг шилжүүлсэн, суурь хэлцлээс татгалзсанаар уг хувийн сууцыг буцаан авах эрхтэй боловч бодитой байхгүй тул үнийг шаардаж байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч нь 149 м.кв талбай бүхий хувийн сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр баталгаажуулж, уг хувийн сууцыг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр С.Долгорсүрэнтэй байгуулсан гэрээгээр худалдсан нь тогтоогдсон. Бүртгэлээр баталгаажуулсан 149 м.кв талбай бүхий хувийн сууцаа Д.У- худалдсан байдал тогтоогдохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

           

            Түүнчлэн бүртгэлээр баталгаажуулсан 2 ширхэг хувийн сууцыг худалдсан гэж үзсэн ч үнэ нь 8 000 000 төгрөгөөр үнэлэгдэх байсан гэдэг үйл баримтыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

                                                      

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2017/02224 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.У-т холбогдуулан гаргасан газар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохиролд 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 35 750 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас буцаан гаргуулсугай.” гэж тус тус өөрчлөн найруулж,

3 дахь заалтаас “Монгол Улсын” гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                        ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

 

                                                                                    Э.ЗОЛЗАЯА