Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж, шүүгч Д.Баттулга, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч:Д.О,

Нэхэмжлэгч:М.С нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Н-т холбогдох

Эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Н.Н, иргэдийн төлөөлөгч Б.Цэцэгчулуун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг /онлайнаар оролцсон/, нарийн бичгийн дарга Х.Ууганбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О, М.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Түмэн заг” ХХК-ийн хажуу талын шороон зам дээр иргэн М.Сүхбаярын жолоодож явсан Д.Огийн эзэмшлийн Тоёота королла спасио /toyoto corolla spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг Хонда СиАрВи /Honda CRV/ маркийн 82-79 УБК улсын дугаартай Н.Нын эзэмшлийн автомашиныг иргэн Эрдэнэбилэг овогтой Алтансүх жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осол нь Э.Алтансүхийн 100% буруу болон тогтоогдсон бөгөөд тухайн өдөр тээврийн хэрэгслийн эзэмшигч Н.Н нь өөрийн автомашинаа Э.Алтансүхээр жолоодуулахаар томилсон байсан учир Иргэний хуулийн 499.4-т заасны дагуу бидний эрүүл мэндэд учирсан хохирол болох 47,350 төгрөг, эд хөрөнгөний хохирол 3,126,500 төгрөг, нийт 3,173,850 төгрөгийн хохирлыг Н.Ноос гаргуулж авах хүсэлтэй байна.” гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Н миний бие нь тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа М.С, Д.О нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн материалтай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Н.Н надад холбогдуулан нэхэмжлэгч М.С, Д.О нар зам тээврийн ослын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол болон эд хөрөнгөд учирсан хохирол нийт 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21-р хороо, Бага Дарь эхийн 6-1802 тоотод оршин суудаг байхад нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд “Нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүх”-д гаргахаар хуульчилж өгсөн. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэдийгээр тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байдаг ч  тухайн Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК машин нь Ж.Намхайноровын эзэмшлийн машин болох нь уг тээврийн хэрэгслийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Тэгээд ч тухайн машиныг миний бие жолоодож яваагүй буюу Э.Алтансүх гэгч этгээд жолоодож явсан болох нь хавтаст хэргийн 6-р хуудаст авагдсан прокурорын мэдэгдэх хуудас, 7-9-р хуудасны зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал зэргээр тогтоогдож байгаа. Э.Алтансүхийн жолоодож явсан Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашиныг М.С гэгч жолоодож явсан байхад нэхэмжлэл дээр болон прокурорын мэдэгдэх хуудас, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, хөрөнгийн үнэлгээ зэрэгт М.Сүхбаяр гэж, хавтаст хэргийн 66-р хуудасны арын нүүрт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд “Нэхэмжлэгч: Манай төрсөн дүү Өсөхбаяр жолоодож явсан” гэх мэтээр зөрүүтэй тайлбар, мэдүүлэг авагдсан байна. Иймээс нэхэмжлэгч М.Сын эрх зүйн байдал тодорхойгүй, тэрээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн улмаас учирсан хохирол 3,173,850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Д.О, М.С нар нь эрүүл мэндэд учирсан 47,350 төгрөгийг мөн гаргуулахаар нэхэмжилснийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын мэдэгдэх хуудас, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон тэмдэглэл, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, эвдэрсэн авто машины гэрэл зургийн үзүүлэлт, Д.Огийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, зарлагын баримт, нэхэмжлэгч М.Сын нэхэмжлэгчээс татгалзах хүсэлт, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 469 дугаартай шүүгчийн захирамж, “Хонда Си Ар Ви” /HONDA СR-V/ маркийн 92-79 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хариуцагч Н.Нын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан  тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О, М.С нар нь тус шүүхэд зам тээврийн ослын улмаас эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол төлбөрт 3,173,850 төгрөгийг хариуцагч Н.Ноос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Н нь тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “Хонда Си Ар Ви /Honda CRV/ машин нь миний эзэмшлийн машин биш болно. Хонда Си Ар Ви /Honda CRV/ 92-79 УБК машин нь миний хойд эцэг Намхайноровын эзэмшлийн машин. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 3,173,850 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарлан маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Э.Алтансүх нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш “Түмэн Заг” ХХК-ийн зүүн талын шороон зам дээр Хонда Си Ар Ви /Honda Cr V/ маркийн 92-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.1, 2.1а дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас 40-11 ӨМӨ улсын дугаартай Тоёота Королла Спасио /Toyota Corolla Spacio/ маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, ослын улмаас Д.Од 3,126,500 төгрөгийн, Ж.Намхайноровт 548,500 төгрөгийн шууд хохирол учруулсан болох нь Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр Прокурорын газрын мэдэгдэх хуудас, Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2514 дугаартай “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн дүгнэлт /хх-ийн 6-11 дүгээр хуудас/-ээр тус тус нотлогдож байна.

Механикжсан тээврийн хэрэгслийн улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд заавал хамааруулах бөгөөд Тээврийн хэрэгслийн тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар өмчлөгч буюу эзэмшигчийн иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг үндэслэж тухайн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгэхээр заажээ. Иймд тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол үндэслэл болно.

 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас Тоёота Королла Спасио /Toyota Corolla Spacio/ маркийн 40-11 ӨМӨ улсын дугаартай автомашинд гэм хорын хохирол учирсан байх ба тус автомашины эзэмшигч нь Доржсүрэн овогтой О бүртгэлтэй байна. /хх-ийн 62 дугаар хуудас/ Иймд нэхэмжлэгч Д.О нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Харин Хонда Си Ар Ви /Honda Cr V/ маркийн 92-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр Ж.Намхайноров бүртгэлтэй болох нь /хх-ийн 110 дугаар хуудас/ тогтоогдож байх ба нэхэмжлэгч нарын хариуцагчаар татсан Н.Нын эзэмшил, өмчлөлд тухайн тээврийн хэрэгсэл шилжсэн эсэх, Н.Н нь Хонда Си Ар Ви /Honda Cr V/ маркийн 92-79 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хууулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар өмчлөгч буюу эзэмшигч нь тээврийн хэрэгсэл ашиглагчийг өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учрсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх ба нэхэмжлэгч нар нь тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тодруулсны дараа гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Иймд Д.О, М.С нарын зам тээврийн ослын улмаас эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол төлбөрт 3,173,850 төгрөгийг хариуцагч Н.Ноос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайжууд овогт Доржсүрэнгийн О, Боржигин овогт Мягмарын С нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Урч овогт Намхайноровын Нт холбогдох гэм хорын хохиролд 3,173,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О, М.С нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 65,732 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ӨЛЗИЙ-ОТГОН  

                              ШҮҮГЧИД                                 Д.БАТТУЛГА

                                                                           Ц.УРАНГУА