Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00914

 

“..........................” ХХК , ......................., .......................

нарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00261 дүгээр шийдвэртэй,

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00027 дугаар магадлалтай,

“..........................” ХХК, ......................., ....................... нарын нэхэмжлэлтэй,

.................................. холбогдох

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний ............................ ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15, 18-ны өдрүүдийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1,143,233 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч .............., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....................., нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Төрийн банкны нэхэмжлэлтэй “..........................” ХХК, ......................., ....................... нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018.07.23-ны өдрийн 137/ШШ2018/00180 дугаар шийдвэр гарч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж эд хөрөнгийг үнэлүүлсэн бөгөөд хөрөнгийн үнэлгээний ............................ ХХК нь хөрөнгүүдийг үнэлэхдээ биет байдал болон ирээдүйд олох орлого, эд хөрөнгө болон газрын байршил ирээдүйд үнэ цэнэ нь өсөх хандлага зэргийг бодолцохгүйгээр үнэлж, тус эд хөрөнгийг үнэгүйдүүлж байгаад бидний зүгээс гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн томилсон хөрөнгийн үнэлгээний ............................ ХХК-ийн 2020.05.18-ны өдрийн 168/01 тоот дугаартай хөрөнгийн үнэлгээг хийсэн 6 эд хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эд хөрөнгөд: 1. …........ аймгийн ............ сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, А заал тоот 000403775 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714003278, 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, …..............., ................ нарын үл хөдлөх хөрөнгө, 2.  аймгийн ............... сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, Б заал тоот 000403773 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714003277, 72 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, ................, ............... нарын үл хөдлөх хөрөнгө, 3. …......... аймгийн ........... сум, 1-р баг, 8-р хэсэг, 160-р байр, зоорийн давхар тоот, 000403774 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714003279, 198 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, .............., ................ нарын үл хөдлөх хөрөнгө, 4. ............... аймгийн …....... сум, 3-р баг, Соёмбо 11-1, 2 тоот 000227245 гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаар Ү-0714002477, 800 м.кв талбайтай, гражийн зориулалттай, ............., ............. нарын үл хөдлөх хөрөнгө, 5. …..................аймгийн ............. сум, 3-р баг, Соёмбо 11-1 тоот, 000421724 гэрчилгээтэй, 100502361 нэгж 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ….............. эзэмшлийн газар, 6. ............... аймгийн ...................... сум, 3-р баг, Соёмбо 11-2 тоот, 000421725 гэрчилгээтэй, 100502362 нэгж, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай …....................-ийн эзэмшлийн газар хамаарна. Иймд дахин үнэлгээ тогтоолгохоор нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна... гэжээ.  

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлд: ...Эд хөрөнгүүдийг 2019 онд ................... ХХК-аар үнэлүүлсэн бөгөөд тус хөрөнгүүдийг үнэлүүлэхэд гарсан төлбөр 1,143,233 төгрөгийг төлүүлэхийг шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020.03.06-ны өдрийн 137/ШШ2020/00078 дугаар шүүхийн шийдвэрээр уг ................... ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээ нь хүчингүй болсон тул төлбөр болох 1,143,233 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018.07.23-ны өдрийн 137/ШШ2018/00180 дугаар шийдвэрээр …................... ХХК-ийн захирал .........., .............. нараас 1,407,020,360 төгрөгийг гаргуулж Төрийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын барьцаа хөрөнгө болох ............... аймгийн .............. сум, Сүлд баг, 160-р байранд байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг 1. Ү-0714003278 дугаар бүхий 144 м.кв талбайтай үйлчилгээний заал, 2. Ү-0714003277 дугаар бүхий 72 м.кв талбайтай үйлчилгээний Б заал, 3. Ү-0714003279 дугаар бүхий 198 м.кв талбайтай үйлчилгээний А заал, ….................. аймгийн .............. сум, 3-р баг, Соёмбо 11-д байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүдийг 1. Ү-0714002477 дугаар бүхий 800 м.кв талбайтай граж Соёмбо 11-1,2 тоот, 2. Нэгж талбарын 100502362 дугаартай 700 м.кв талбай газар Соёмбо 11-02 тоот, 3. Нэгж талбарын 100502361 дугаартай 700 м.кв талбай газар Соёмбо 11-01 тоотод Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үнэлгээ тогтоолгох хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2019.11.07-ны өдрийн 19090250/09 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар төлбөр авагчид, 2019.11.13-ны өдөр төлбөр төлөгч нарт утсаар мэдэгдэж тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч .................. нь зээлийн барьцаа хөрөнгүүдийг 1,768,000,000 төгрөг, төлбөр төлөгч .............. нь 1,768,000,000 төгрөг, төлбөр авагч Төрийн банк нь 2019.11.08-ны өдрийн 19/6407 дугаар албан бичгээр зээлийн барьцаа хөрөнгүүдийг 1,058,512,928 төгрөгөөр тус тус үнэлэн саналаа ирүүлсэн. Талуудын үл хөдлөх хөрөнгийн үнийн санал зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу 2019.11.14-ний өдрийн 19090250/10 дугаар тогтоолоор ................... ХХК-ийн шинжээч .......................г томилж эрх, үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Шинжээчийн дүгнэлтийг 2019.12.05-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн ба 2019.12.05-ны өдөр төлбөр төлөгч ................, 2019.12.06-ны өдөр төлбөр төлөгч ......................д танилцуулж, хууль сануулан санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөн ажилласан. Төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус суманд байрладаггүй тул 2019.12.05-ны өдрийн 01/698 дугаар албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Дээрх үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг төлбөр төлөгч ............., …......... нар тус сумын Сум дундын шүүхэд 2020.01.08-ны өдөр гаргасан. Сум дундын шүүхийн 2020.03.06-ны өдрийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээний ................... ХХК-ийн үнэлгээтэй холбоотой төлбөр төлөгчийн нэхэмжлэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, уг үнэлгээг дахин хийлгүүлэхээр даалгасан шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийн ............................ ХХК-ийн үнэлгээчин ..................ыг томилж эрх, үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан тайлбарт: ... ............ ХХК-иас үнэлгээний хөлс болох 1,143,233 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 118 дугаар зүйлийн 118.1, 118.2.3-т зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлсөнд тооцогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төлбөр төлөгч нар үнэлгээний хөлсөнд нэг ч төгрөг төлөөгүй ба шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээний хөлсийг төлөхийг мэдэгдэж мэдэгдэл өгөөгүй бөгөөд сануулж аман хэлбэрээр мэдэгдэж байсан болно... гэжээ.

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00261 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2, 55.7, 118 дугаар зүйлийн 118.4-д зааснаар ............................ ХХК-ийн 2020 оны 05 сарын 15, 05 сарын 18-ны өдрүүдийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 1,143,233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00027 дугаар магадлалаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00261 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ................ хяналтын журмаар гаргасан гомдолд: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020.07.30-ны өдрийн 137/ШШ2020/00261 дүгээр шийдвэр, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.26-ны өдрийн 202/МА2020/00027 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Учир нь, нэхэмжлэгч талаас шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа үл хөдлөх, хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний ............................ ХХК-ийн 2020.05.15, 2020.05.18-ны өдрийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, ................... ХХК-ийн үнэлгээ гаргуулахад төлөх байсан төлбөр болох 1,143,233 төгрөгийг гаргуулахыг хүчингүй болгуулах тухай шаардлагуудыг гаргасан.

Анхан шатны шүүх хэргийг 2020.07.30-ны өдөр хянан хэлэлцээд уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага ................... ХХК-ийн төлбөр болох 1,143,233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болголгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн давж заалдах гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх 2020.08.26-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шийдвэрээс зөвхөн нэмэгдүүлсэн шаардлага болох төлбөр төлөгч .................. ХХК-ийн барьцааны эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний зардал болох ................... ХХК-ийн 1,143,233 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

   Нэхэмжлэгч “..........................” ХХК, ......................., ....................... нараас ...................холбогдуулан ............................ ХХК-ийн 2020.05.15, 18-ны өдрийн 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ................... ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 1,143,233 төгрөгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ............................ ХХК-ийн 2020 оны 168/01 тоот дүгнэлтийг хүчингүй болгож, үлдэх хэсэг болох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардалд 1,143,233 төгрөг нэхэмжилснийг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч .................аас дээрх шүүхийн шийдвэр, магадлалын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт буюу “...зөвхөн нэмэгдүүлсэн шаардлага болох төлбөр төлөгч ............. ХХК-ийн барьцааны эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний зардал болох ................... ХХК-ийн 1,143,233 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн хяналтын гомдол гаргасан бөгөөд үндэслэлээ “шүүхийн шийдвэрээр уг ................... ХХК-аар хийлгүүлсэн үнэлгээ хүчингүй болсон тул төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарласан.

 Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, шинжээчдийн дүгнэлт гаргуулсан зардал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2.3.-т зааснаар “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас бусад оролцогч нарын ажлын хөлс” буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарах ба мөн зүйлийн 118.4.-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, улсын төсөв, төлбөр авагч болон бусад оролцогчид олгоно” гэсний дагуу шинжээчийн зардлыг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нар төлөх үүрэгтэй байна. 

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэрээр ................... ХХК-ийн хийсэн үнэлгээ хүчингүй болсонд хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүхүүдийн шийдэл зөв боловч анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй байх тул хяналтын шатны шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 202/МА2020/00027 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 137/ШШ2020/00261 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...42 дугаар зүйлийн 42.1, ...55.2,” гэснийг хасч, “...118 дугаар зүйлийн 118.4...” гэсний дараа  “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т” гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 31,988 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

                                   ШҮҮГЧИД                                                        Г.БАНЗРАГЧ

                                                                                                           Б.МӨНХТУЯА

                                                                                                           Г.ЦАГААНЦООЖ

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД