Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2018/001295/и

                                

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ДУА ШГС,  дүгээр баг, Х  дугаар байр, тоотод оршин суух, Х овогт Т.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ДТҮ ХК-нд холбогдох

 

"2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1230 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, Б.Ц, гэрч Н.Б, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Н.Зориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Миний бие 2017.05.23-ны өдөр ДТҮ ХК-ийн эдийн засаг төлөвлөлтийн хэлтэст туслах тооцоологчийн ажилд анх томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан 2018.11.14-ний өдрийг хүртэл ажиллаж байсан билээ. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хэвийн сайн гүйцэтгэж ирсэн.

Гэтэл 2018.11.14-ний өдөр намайг уурхайгаас бууж ирэхэд ажил олгогч ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2018.11.14-ний өдрийн 1475 дугаартай Т.О-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гэсэн тушаал гаргасан байсан ба миний бие тус тушаалыг 2018.11.16-ны өдөр гардаж авч танилцсан. Гэтэл тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалт, 131.1.3 дахь заалтыг үндэслээд Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлуулахаар шийдвэрлэсэн байна. Миний бие хэзээ, яг ямар зөрчил гаргасан болох, тус зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэх  гээд тушаалд тусгагдсан ноцтой зөрчил гэх зүйлийг би ерөөсөө ойлгоогүй. Энэ талаар надад танилцуулсан, тайлбар авсан зүйл огт байхгүй. Харин би тушаалтай танилцаад 2018 оны 08 сард уурхайн ажилчдын цагийн бүртгэлтэй холбоотой асуудал гарсан бөгөөд тус асуудлыг ноцтой зөрчил гэж үзсэн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Гэхдээ миний бие 8 сард болсон гэх асуудалд буруутгагдах хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй бөгөөд энэ тухай байр сууриа тухайн үед ч илэрхийлж байсан болно. Ажил олгогч ДТҮ ХК өөрт байгаа давуу эрхээ ашиглаж иргэн миний Үндсэн  хуулиар хамгаалагдаж, Хөдөлмөрийн тухай хуулиар баталгаажсан хөдөлмөрлөх эрхийг минь зөрчиж хууль зүйн ямар ч үндэслэлгүй тушаал гаргаж намайг ажлаас халсанд маш их гомдолтой байна.

Иймд ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2018.11.14-ний өдрийн 1475 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү.

Нэхэмжлэгч Т.О нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...Миний бие ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2018.11.14-ний өдөр 1475 дугаартай Т.О хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж ажилдаа эгүүлэн тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Гэтэл хариуцагч байгууллага нэхэмжлэлийг гардан авч танилцаад шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гээд Т.О намайг ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2018.09.17-ны өдрийн 1230 дугаартай тушаалтай танилцаагүй, ямар үндэслэлээр хэрхэн сахилгын зөрчил гаргасан гэсэн асуудлыг огт мэдэхгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөрөө дамжуулан хариуцагчийн хариу тайлбар, хавсаргаж өгсөн нотлох баримттай танилцах явцдаа л олж мэдлээ. Миний бие тус тушаалыг гардаж аваагүй, ямар үндэслэлээр хэрхэн гарсан болохыг мэдэхгүй хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажил олгогч ажилтантай холбоотой аливаа тушаал шийдвэр гаргасан бол ажилтанд заавал танилцуулах үүрэгтэй гэж ойлгож байна. Мөн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг гаргахдаа ажилтны гаргасан зөрчлийг тогтоох тус ажиллагаанд ажилтныг оролцуулж, тайлбар гаргаж санал хүсэлтээ хэлэх боломжийг олгосон байх ёстой. Гэтэл дээрх 1230 дугаартай тушаалыг хэзээ, хэрхэн, ямар үндэслэлээр гаргасан болохыг миний бие огт мэдэхгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч ДТҮ ХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1230 дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч ДТҮ ХК нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт: ДТҮ ХК болон Т.О нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан Гэ 1624 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т “Хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам, удирдлагын шийдвэрийг чанд мөрдөх мөн гэрээний 7.3.3-т ”удирдах болон захиргааны албан тушаалтнаас холбогдох хуульд нийцүүлэн тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй” бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар тусгажээ.

ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2018.03.01-ний өдрийн А/57 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 4-т дараах зөрчил гаргасан бол ажлаас халах сахилгын арга хэмжээ авна гэж тодорхойлсон.

Үүнд: 8.4.3-т Ёс зүйн зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан нь тогтоогдсон бол 8.4.12-т албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан гэж заасан байна.

Т.О нь тус компанид туслах тооцоочиноор ажиллаж байсан бөгөөд туслах тооцоологчийн ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны үндсэн зорилт хэсгийн 1-т цех хэсгийн өртөг бүрдүүлдэг бүх зардлын төсөл төлөвлөгөөг хийх, өртөг зардал бууруулах ажлыг цехийн удирдлагатай хамтран зохион байгуулах, 3.1.2-т Цех нэгжийн ажиллагсдын цагийн балансыг сар бүр тогтоосон тайлант хугацаанд гаргаж ЭЗТХ-ээр хянуулан хариуцсан Дэд захирлаар батлуулан санхүүд өгөх, ажил албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага хэсгийн 1-т Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүргээ биелүүлээгүй, үйлдвэрийн дотоод журам болон хөдөлмөрийн хууль зөрчсөн, буруу шийдвэр гаргасан, албан тушаалын байдлаа ашиглах байдлаар үйлдвэрт болон хувь хүнд хохирол учруулбал үйлдвэрийн захиргаа, Монгол улсын хуулийн өмнө хариуцлага хүлээнэ гэж заасан.

Хоёрдугаарт: Нэхэмжлэлд ...миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажлыг хэвийн сайн гүйцэтгэж ирсэн гэжээ.

ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2018.09.17-ны 1230 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байсан бөгөөд дээрх сахилгын шийтгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаж байгаагүй нь нэхэмжлэгчийн уг сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрч байсныг нотолж байна.

Гуравдугаарт: Нэхэмжлэгч нь цагийн балансад засвар хийх боломжоо ашиглан өөртөө илүү цаг оруулсан, мөн ноцтой алдааны улмаас ээлжийн амралттай ажилчдад сул зогсолтын олговор бодож балансад тусгасан нь баримтаар тогтоогдож байна.

Хууль зүйн үндэслэл:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчилийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол гэж Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар хуульчилжээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Компанийн Хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан тул ДТҮ ХК-ийн ерөнхий захирлын 2018.11.14-ний 1475 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч ДТҮ ХК нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн тайлбартаа:

“...ДТҮ ХК-ийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн мэргэжилтнүүд нь Компанийн хэмжээний нэгжүүдийн тооцоологч нарт сар бүрийн эцэст байгууллагын дотоод сүлжээгээр арга хэмжээ авагдсан ажилтны жагсаалт болон бусад тушаалын эмхтгэлийг явуулдаг бөгөөд тооцоологч нар нь уг тушаалын эмхтгэлийг үндэслэн санхүүгийн тооцооллоо хийж гүйцэтгэдэг болно.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч ДТҮ ХК-нд холбогдуулан Тус байгууллагын ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1230 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал “...тус үйлдвэрийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1230 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1475 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч Т.О нь ДТҮ ХК-нд туслах тооцоочноор 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилласан бөгөөд түүний ажиллаж байх хугацаанд тус байгууллагын ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1230 дугаартай тушаалаар Т.О сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан,  мөн ерөнхий захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1475 дугаартай тушаалаар Т.О байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцласан байна.

 

ДТҮ ХК-ний Ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1230 дугаартай тушаалд “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, компаний Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн тус компаний Төмөртэй уурхайн туслах тооцоочин Т.О нь ажлын зохион байгуулалт, уялдаа холбоо, хөдөлмөрийн сахилга батын  хяналт сулруулж ажлын хариуцлага алдсан тул сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулж...” шийдвэрлэсэн байна. /хх-22/

 

Нэхэмжлэгч тал “...тус байгууллагын ерөнхий захирлын 1230 дугаартай тушаалтай танилцаагүй, ямар үндэслэлээр хэрхэн сахилгын зөрчил гаргасан гэсэн асуудлыг огт мэдэхгүй. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбар, хавсаргаж өгсөн нотлох баримттай танилцах явцдаа мэдлээ...” гэсэн тайлбарыг гаргаж, уг ерөнхий захирлын 1230 дугаартай тушаалыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан.

 

Хариуцагч тал “...манай байгууллага хөдөлмөрийн гэрээ цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд тушаалыг ажилтанд гардуулдаг, харин бусад сахилгын шийтгэл ногдуулахад мэдэгддэг. Т.Осахилгын шийтгэл ногдуулсан гэдгийг утсаар мэдэгдсэн, мөн түүний ах нь тус байгууллагын хууль зүйн хэлтэст ажилладаг бөгөөд тэр ийм тушаал гарсан гэдгийг мэдэж байсан. Манай байгууллага сар бүрийн сүүлчээр байгууллагаас гарсан бүх тушаалын товчоог туслах тооцоочин нар луу явуулдаг. Т.О өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан гэдгийг мэдэх боломжтой..” гэсэн тайлбарыг гаргаж, уг тайлбартайгаа холбогдуулан гэрчээр Ш.Б шүүх хуралдаан дээр асуулгасан боловч гэрч Ш.Б нь “...Т.О сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан гэдгийг утсаар мэдэгдэж байсан. Хэзээ мэдэгдсэн хугацааг нь санахгүй байна...” гэж мэдүүлсэн.

 

Нэхэмжлэгч Т.О тус байгууллагын захирлын 1230 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг ажил олгогчоос хэзээ мэдэгдсэн, мөн Т.Онь уг тушаалын талаар  мэдсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн тус байгууллагын ерөнхий захирлын 1230 дугаартай тушаалд гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

ДТҮ ХК-ний захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1475 дугаартай тушаалд “...Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Компаний дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12.9, Компаний хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.4.12 дахь заалт, Захирлын зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №8 тоот хурлын тэмдэглэлүүдийг тус тус үндэслэн тус компаний Төмөртэйн уурхайн туслах тооцоочин Т.О нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлаж...” шийдвэрлэсэн байна. /хх-4/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр дээрх хоёр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ “...Т.О нь ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 08 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд үндэслэлгүйгээр өөрийн ажлын цагийг цагийн баланс нь дээр оруулж 212,000 төгрөгийн илүү цалин авч, 2018 оны 09 дүгээр сарын 2-4 өдөр ажилласан өөрийн цагийг хассан, мөн 2018 оны 08 дугаар сарын 19-31 өдрүүдэд уурхайн ажилтан Э ээлжийн амралттай байхад ажилласанд тооцож цалин оруулан, 2018 оны 09 дүгээр сард Эрдэнэ-Очирын ажилласан цагийн баланснаас хасаж тооцсон зөрчлийг гаргасан. Ийм зөрчлүүдийг гаргасан учир Т.О эхлээд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ерөнхий захирлын 1230 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулж, дахин зөрчил гаргасан учир түүнд ерөнхий захирлын 1475 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулсан...” гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлана”, 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.1-т “сануулах”, 131.1.2-т “ажлаас халах” сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан байна.

 

ДТҮ ХК-ний Ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1230 дугаартай тушаал, мөн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1475 дугаартай тушаалын үндэслэлд Т.О хэзээ гаргасан ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд нь сахилгын шийтгэлд тооцон Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх сахилгын арга хэмжээг авсан болохыг зааж тусгаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал Т.О 2018 оны 08, 09 сард байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү гаргасан зөрчлийн талаар дээрх хоёр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурьдаагүй байна.

Дээрх тушаалуудад Т.О хэзээ гаргасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд  сахилгын шийтгэл ногдуулсныг тусгаагүй байгаа учраас шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т  сахилгын зөрчилд арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, 131.1.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан эсэхийг тус тус хянах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр ДТҮ ХК-ний ерөнхий захирлын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1230 дугаартай “Т.О хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулах тухай” тушаал, мөн ерөнхий захирлын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1475 дугаартай “Т.О хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.О ДТҮ ХК-ний Төмөртэй уурхай туслах тооцоочны ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор олгохоор заажээ.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу олговор олгох хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу нэхэмжлэгч Т.О ажилгүй байсан хугацааны цалинг ажлаас халагдахын өмнөх 3 сарын цалингийн дундаж 825,010 төгрөгөөс нэг өдөрт ногдох цалинг 38,372 төгрөг гэж тооцож, ажилгүй байсан буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаа 51 хоногийн цалин нийт 1,964,112 төгрөгийг хариуцагч ДТҮ ХК-иас  гаргуулж, нэхэмжлэгч Т.О олгож, илүү нэхэмжилсэн 6,343 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.О ДТҮ ХК-ний Төмөртэй уурхай туслах тооцоочны ажилд  эгүүлэн тогтоосугай.

 

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч ДТҮ ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин 1,964,112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О олгосугай.  

 

 3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цалингийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ДТҮ ХК-нд даалгасугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.О нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 116,575  /46,375+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

         

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА