Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 102/2020/02488/и |
Дугаар | 001/ХТ2021/00954 |
Огноо | 2021-09-07 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2021/00954
...................-ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02562 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2263 дугаар магадлалтай,
...................-ийн нэхэмжлэлтэй,
......................-т холбогдох
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг оролцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.08-ны өдрийн 102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр ....................-ээс үндсэн зээлд 39,800,000 төгрөг, хүү 16,397,594 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,574,169 төгрөг, нийт 57,771,763 төгрөгийг гаргуулж “....................” -д олгох, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ............. дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, .............тоот орон сууцыг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж нэхэмжлэгч миний өмчлөлийн ................ дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, ........ тоот орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 148 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн захиалгаар “........... ...............” ХХК нь ............... дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж, 27А дугаар байр, .............. тоот орон сууцыг нийт 50,331,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд уг хөрөнгийн үнэлгээний тайланг нэхэмжлэгчид 2020.6.10-ны өдрийн №4-148/22907 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан жишиг үнийн хандлагын аргаар зах зээлийн үнэ цэнийг тодорхойлдог. Олон улсын үнэлгээний стандартад заасны дагуу зах зээлийн үнэ цэнийг тодорхойлохдоо зохистой маркетинг хийсний дараа тухайн үнэлгээний өдөр бие даасан хэлцлийн хүрээнд, сайн дурын худалдагч болон худалдан авагч нь ухамсартайгаар, ухаалгаар мөн ямар ч албадлагагүйгээр хөрөнгөө тооцоолсон дүнгээр тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр саяхан борлогдсон үнэлгээнд хамрагдсан хөрөнгөтэй адил болон ижил төстэй хөрөнгийн борлуулалтын үнийг авч үзэж үнэлж буй хөрөнгийн үнэлгээг гаргах явдал юм. Гэвч Хөрөнгө үнэлгээний тайлангийн 5-т Хөрөнгийн үнэлгээ, 5.В-д Зах зээлийн жишиг үнийн хандлагаар, №27-д ҮХХ-ын үнэлгээ 50, 331,000 төгрөг гэжээ. Үнэлгээний тайлангийн 9 дүгээр хуудасны хүснэгтэд зааснаар жишиг №1-т 48.90 м.кв, жишиг №2-т 34.00 м.кв болон жишиг №3-т 37.26 м.кв талбай бүхий нийт гурав ширхэг орон сууцыг харьцуулсан хөрөнгөөр сонгож жишиг үнийн хандлагын аргаар харьцуулжээ. Мөн тайлангийн 9 дүгээр хуудасны хүснэгтийн №27-д дээрх гурван ширхэг орон сууцны үнэлгээг хэлцлийн үнэ 70,000,000 төгрөг, 55,000,000 төгрөг, 74,000,000 төгрөг гэж харьцуулсан байна. Гэтэл жишиг үнийн хандлагаар үнэлгээний өдөр худалдан борлогдсон, хэлцэл хийгдсэн хөрөнгөтэй харьцуулах ёстой байтал өнөөдрийг хүртэл зарын сайт дээр худалдаалагдаагүй байгаа хөрөнгөтэй харьцуулж, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь үндэслэл муутай бөгөөд өмчлөгчийн эрх, ашгийг хохироохоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан зарын утасны дугаар болох 99..........., 89..........., 88........... гэх дугаар руу утсаар холбогдон үл хөдлөх эд хөрөнгө худалдагдсан эсэх, хэлцэл хийгдсэн эсэхийг тодруулж, худалдан борлуулагдаагүй талаарх мэдээллийг авсан болно. Жишиг үнийн хандлагын аргын гол зорилго нь тухайн үнэлгээний өдөр худалдан борлогдсон, хэлцэл хийгдсэн үнэтэй харьцуулж байж үнэлгээ үнэн бодит гарах явдал юм. Гэтэл үнэлгээний компани болон хариуцагчийн зүгээс зарын сайт дээр хэт доогуур үнээр зар байршуулан, уг зарыг үндэслэн хөрөнгийн үнэлгээг гаргасан байж ч болзошгүй бөгөөд уг харьцуулсан хоёр хөрөнгө дээр биеэр очиж үзлэг хийсэн баримт, хэлцэл хийгдсэн бол тухайн хэлцлийн талаарх баримт бичиг нь хөрөнгө үнэлгээний тайланд хавсрагдаагүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчээс томилсон хөрөнгийн үнэлгээний “........... ...............” ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргахдаа үнэн бодит мэдээлэл ашиглаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний тайландаа худалдах, худалдан авах гэрээ буюу хэлцэл хийгээгүй хөрөнгийг хэлцэл хийсэн гэж үнэлгээ гарган Улаанбаатар хотын төвд байрлах үнэ цэнэ бүхий хөрөнгийг хэт үнэгүйдүүлж байгаа нь өмчлөгчийн эрх, ашгийг хөндөж, хохироохоор байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг байна” гэж заасныг зөрчин бодит байдалд нийцсэн үндэслэл, нотолгоогүйгээр хөрөнгийг үнэлсэн нь хууль бус байна. Ийнхүү Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.6.10-ны өдрийн №4-148/22907 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн ............... дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 27А дугаар байр .............. тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.08-ны өдрийн 102/ШШ2019/00142 дугаар шийдвэрээр ..................-ээс 58,288,772 төгрөгийг гаргуулж “....................” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.5.23-ны өдрийн 19250756 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2020.6.26-ны өдрийн 4-148/24221 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Төлбөр төлөгч ...................-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан .................... дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, Хасбаатарын гудамж 27А дугаар байрны ......... тоотод байрлах эрхийн улсын Ү-2205028591 дугаарт бүртгэлтэй 32.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2019.10.09-ний өдрийн 19250756/1 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020.5.27-ны өдрийн 19250756/02 тоот тогтоолоор хурааж, ...................-ийн 99.................. дугаарын утсаар тус ажиллагааг танилцуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөнд үнийн саналаа өгөх эрхтэйг танилцуулж энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн. Төлбөр төлөгч ...................-ийн бүртгэлтэй боловч оршин суудаггүй хаяг болох ............ дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 27А байрны ........тоот хаяг болон одоо оршин суух тус дүүргийн 8 дугаар хороо, 37 дугаар байрны 70 тоот хаягуудаар тус тус 2020.5.28-ны өдрийн 4/19392 дугаар албан бичгээр үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлж, дахин утсаар мэдэгдсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр төлөгч .................. үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020.6.02-ны өдрийн 6/311 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор “........... ...............” ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 50,331,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020.6.10-ны өдрийн 4-148/22907 дугаар албан бичгээр талуудад мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02562 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох .............. дүүрэг 10 дугаар хороо 3 дугаар хороолол Хасбаатарын гудамж 27А дугаар байрны ........... тоотод байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205028591 дугаарт бүртгэлтэй 1 өрөө орон сууцны үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ............ овогт ................-ийн ................-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2263 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......................-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.09-ний өдрийн 2263 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талын зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт “...орон сууцыг худалдааны хэлцлийн бодит үнээр үнэлээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн авах боломжгүй болно. Учир нь тогтоолд заасан 2 өрөө орон сууцыг ...тухайн бүсчлэлд байрлах 2008, 2008, 2019 онд тус тус ашиглалтад орсон 3 орон сууцыг худалдан борлуулахаар 2020.6.04, 2020.5.28-ны өдөр зарын /www.remax.mn, www.unegui.mn/ сайтад тавигдсан үнийн саналыг үндэслэл болгон үнийн тохируулгыг тодорхой үзүүлэлтүүдээр хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн байна. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т хэд хэдэн аргачлал байх бөгөөд аль аргачлалаар хөрөнгийн үнэлгээ гаргасан болохыг шүүх тодорхой дүгнээгүй ерөнхийд нь “8 дугаар зүйлийг зөрчөөгүй байна ” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ бүхий байна. Учир нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “хөрөнгийн үнэлгээг 1-т “тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан”, 2-т “хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан”, 3-т “олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт”, 4-т “энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд” нийцүүлэн тодорхойлно” гэж заасан. Үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тайланг зөвхөн жишиг үнийн аргыг ашиглан хийсэн байтал шүүх “өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хийнэ” гэсэн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна.
Мөн “олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартад нийцүүлэн тодорхойлно” гэх заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Гэтэл хэдэн оны олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартын хэд дүгээр заалтад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээ хийсэн нь хууль зөрчөөгүй болохыг шүүх тайлбарлаж дүгнээгүй. Зөвхөн сайтад тавигдсан үнийн саналыг үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь сайтад тавигдсан үнийн саналыг үндэслэл болгох тухай эрх зүйн зохицуулалт байхгүй. Сайтад хэн нэгэн орон сууцаа яаралтай худалдах зорилгоор зах зээлийн үнийг бууруулсан үнэ байршуулах боломжтой, үнэлгээчин, төлбөр авагч нар ч сайтад зар байршуулах боломжтой байхад ийнхүү баталгаагүй эх сурвалж ашиглан хөрөнгийн үнэлгээг гаргасан нь хууль зөрчөөгүй гэж шүүх үзэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь 2020.01.31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон 2020 оны Үнэлгээний олон улсын стандартын 104-30.1-т “Зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь зохих маркетинг, сурталчилгаа хийгдсэний дараа талууд тус бүр зохих мэдлэгтэй, бодол төлөвлөгөөтэй бөгөөд албадан шаардлагагүйгээр оролцох тохиолдолд арилжаанд оролцоход бэлэн худалдан авагч ба борлуулагчийн хоорондох харилцан хамааралтай ажил гүйлгээгээр хөрөнгө, өр төлбөрийг арилжвал зохино гэж уг өдрөөр тооцоолсон дүн юм” гэж заасан бөгөөд зах зээлийн хандлагын аргаар хөрөнгийн үнэлгээг хийсний үндсэн дээр зах зээлийн үнэ цэнэ тодорхойлогдох юм. Өөрөөр хэлбэл, үнийн санал гаргагч, санал хүлээн авагч гэж тодорхойлоогүй зөвхөн худалдан авагч, борлуулагч гэж тодорхойлж байгааг огт хайхралгүй орхигдуулж зарын сайтын үнийг үндэслэн шийдвэрлэсэн. 2020 оны Үнэлгээний олон улсын стандартын 104-30.1-т заавал худалдан авагч болон борлуулагч нарын хооронд үүссэн харилцааг ойлгохоор заасан. Тэгвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид үнийг төлөх, хөрөнгийг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна. Талуудын тохиролцсон үнийн санал гэж тодорхойлсон байхад зар байршуулсан санал гаргагчаас үнэлгээчин асуусан үнийн мэдээллээр зах зээлийн үнэлгээг гаргасан нь хангалтгүй. Учир нь үнэлгээчин огт худалдан авагч биш атал ийнхүү талуудын тохиролцсон үнэлгээ мэтээр үнэлгээчин, анхан болон давж заалдах шатны шүүх нь тус тус буруу тайлбарлаж хэрэглэж байгаа нь учир дутагдалтай. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандартыг... удирдлага болгоно ” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Хөрөнгийн үнэлгээг ...олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт ... аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж тус тус зааснаар олон улсын үнэлгээний стандартыг үндэслэн хөрөнгийн үнэлгээ гаргасан үнэлгээний тайланг шалгахдаа огт олон улсын үнэлгээний стандартыг хэрэглээгүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
Хяналтын шатны шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............... болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. нар “нэхэмжлэгч тал төлбөрөө бүрэн төлсөн” гэсэн тайлбар өгснийг дурдах нь зүйтэй.
Шүүхүүдийн дүгнэсэнчлэн, шинжээч маргаан бүхий үнэлгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчөөгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-т “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэсний дагуу нэхэмжлэгчийн орон сууцыг өртгийн, орлогын, зах зээлийн жишиг үнийн аргыг хэрэглэж /үнэлгээний тайлангийн Дөрөв дэх хэсэг буюу хавтаст хэргийн 16-17 дахь тал/, хамгийн өндөр буюу зах зээлийн жишиг үнийн аргаар тооцоолсон дүнг сонгож, 50,331,000,00 төгрөгөөр үнэлснийг хууль бус гэж үзэхгүй.
Иймд, “...үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайланг зөвхөн жишиг үнийн аргыг ашигласан байтал шүүх “өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хийнэ” гэснийг зөрчөөгүй гэж дүгнэсэн, олон улсын хөрөнгийн үнэлгээний стандартад яаж нийцсэн талаар тайлбарлаж дүгнээгүй, зөвхөн сайтад тавигдсан үнийн саналыг үндэслэл болгосныг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай...” гэсэн утгатай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.
Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02562 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2263 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Б.МӨНХТУЯА
Х.СОНИНБАЯР
Б.УНДРАХ