Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 91

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

            Улсын яллагч: А.Намдаг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгч: Д.Улаанаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамдин овогт Должинсүрэнгийн Улаанаад холбогдох 201615000207 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, халх, 24 настай, эмэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эх, 2 дүү, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 баг 149-01 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Дамдин овогт Должинсүрэнгийн Улаанаа /РД: ЙА92110401/

Шүүгдэгч Д.Улаанаа нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 05 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 30-02 тоотод нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Д.Улаанаа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

            Хохирогч Д.Анхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Энэ хэргийн нөхцөл байдал илрээд цагдаагийн байгууллагаас хохирогч томилж өгнө үү гэсэн санал манай байгууллагад ирүүлсэн. Энэ хэрэг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт үйлдэгдсэн байсан. Үүний дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нийгмийн ажилтантай холбогдож тодруулсан. Гэтэл шүүгдэгч нь өөрөө Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багт оршин суудаг байсан. Энэ хэрэгт оролцох болсон шалтгаан нь энэ гэмт хэрэг нь нийтийн буюу нийгмийн сүлжээнд гараад байгаа хэрэг. Иймд хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага байдаг гэдгийг харуулж, энэ хэрэгт оролцох нь зүйтэй гэж үзээд хохирогчоор оролцсон. Ингээд хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг судлаад үзэхэд шүүгдэгч Д.Улаанаа нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон. Гэтэл шүүгдэгч Д.Улаанаа нь 2013 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төрсөн 2 ихэр хүүхэдтэй. Хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын хувьд нэг талаас нярай хүүхдийн амь нас алдагдсан асуудал, нөгөө талаас эхийн асрамжинд 2 хүүхэд байгаа. Ийм учраас хүүхэд гэр бүл хөгжлийн газраас 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр албан бичгийг шүүхэд хүсэлтээр явуулсан байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдож байгаа хэдий ч шүүгдэгч нь 2 хүүхэдтэй. Ийм учраас гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

            Хохирогч Д.Анхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Би юу болсон талаар хараагүй хэдий ч хэргийг шалгаж байгаа байцаагч болон хэрэг болсон газрын айлын хүнээс асууж мөн шинжээчийн дүгнэлтийг үзэхэд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Д.Улаанаа нь айлд байж байгаад гадаа төрчихөөд хүүхдээ алсан юм байна лээ. Би Хүүхэд гэр бүлийн хөгжлийн Өвөрхангай аймаг дахь хэлтсийг төлөөлж уг хэрэгт хохирогчоор орж байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу хүний амьд явах эрх мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхдийн эрхийн конвенцид заасны дагуу тухайн хүүхдийг төрсөн цагаас эхэлж 18 нас хүртлэх хугацааг хүүхэд буюу эрх зүйн этгээд гэж үздэг. Иймээс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т зааснаар хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах явдал төр, гэр бүлийн үндсэн үүрэг байх гэх дараах зарчим болон тус хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан энэ хуулийн үйлчлэх хүрээнд тухайн нярай хүүхэд нь хамаарч байна. Иймд нас барсан нярайг төлөөлж хохирогчоор оролцох хүн байхгүй байгаа тул Өвөрхангай аймаг дахь хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс намайг томилж оролцуулж байна. Тухайн хүүхдийн амьд явах эрх зөрчигдсөн мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хүүхдийн амьдрах эрх зөрчигдсөн байна гэж үзэж байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 28 хуудас/   

Гэрч Б.Должинсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Улаанаа нь 2016 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд хөдөө байдаг Чимэддолгорынд очиж ямаа самнана гэж яваад 14 хоносон. Тэгээд 14 хоногийн дараа ирэхэд Улаанаагийн нүүр нь сэвхдсэн их харласан байхаар нь Улаанаагийн эгч Чанцал бид хоёр Улаанаагаас чи жирэмсэн юм уу? гэхэд Улаанаа би жирэмсэн биш. Миний таван сарын юм ирсэн гээд байхаар нь Чанцал чи үнэнээ хэл гээд аашлахад Улаанаа уйлаад би жирэмсэн биш. Миний ходоод хэсэг хатуураад байгаа. Мөн унжиж өвдөөд байгаа гэхээр нь элэг нь өвдөөд байгаа юм болов уу гээд Чимэддолгор эгчтэй утсаар ярьж байгаад Арвайхээр сум руу явуулсан. Хөдөө байхад Улаанаагийн гэдсийг харахад томорсон зүйлгүй байсан. Тэгээд 06 дугаар сарын 10-ны орчим Чимэддолгор эгчээс Улаанааг асуухад 8 сартай жирэмсэн гэж хэлсэн. /хх-ийн 29-30 хуудас/

            Гэрч Д.Золзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг 2016 оны 05 дугаар сарын эхээр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд байх гэртээ ирээд 1 хонож байхад Улаанаа нь эгч Чимэддолгорынх руу ямаа самнах гээд явсан. Тухайн үед Улаанаа эгчийг жирэмсэн гэдгийг мэдээгүй. Тэгээд би хөдөө ажлаар яваад 20 гаруй хоноод сумын төвд байх гэртээ ирэхэд Улаанаа эгч гэртээ ирчихсэн байсан ба Улаанаа эгчийн царай нь харласан, гэдэс нь томорсон байсан. Тэгтэл ээж Должинсүрэн 2016 оны 02 дугаар сард Улаанаатай хамт цагаан сарын эд зүйл цуглуулаад явж байхад Улаанаагийн биеийн юм нь ирсэн байсан. Улаанаа жирэмсэн биш байх. Элэг нь томорсон юм болов уу. Чи хамт эгчтэйгээ Арвайхээр сум руу яваад эгчийгээ Арвайхээр суманд үлдээгээд цаашаа Улаанбаатар руу явчих гэж надад хэлсэн. Тэгээд би Улаанаа эгчийн хамт 2016 оны 06 дугаар сарын эхээр Арвайхээр суманд ирээд Улаанаа эгчийг Чимэддолгор эмээгийнд үлдээгээд Улаанбаатар руу явсан. Чимэддолгор эмээгийн нэг гэр нь Баруунбаян-Улаан суманд нөгөө гэр нь Арвайхээр суманд байдаг. Намайг Улаанбаатар явдаг өдөр Чимэддолгор эмээгийн бэр Н.Сайнзаяа нь надад хэлэхдээ Улаанааг эмнэлгээр үзүүлэхэд жирэмсэн байна гэнээ гэж хэлсэн. Хүүхдийг хэдэн сартай болон эрэгтэй, эмэгтэй аль нь болохыг хэлээгүй. /хх-ийн 31-32 хуудас/

Гэрч Н.Сайнзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 06 дугаар сарын эхээр манай хадам ээж Чимэддолгорын хамаатан Улаанаа гэх эмэгтэй Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас Арвайхээр суманд ирсэн. Тэгээд би 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу хагас сайн өдөр Улаанааг хувийн эмнэлэгт ЭХО-д харуулахад 8 сартай жирэмсэн байна гэж хэлсэн. Тэгээд эмч нь яаралтай хяналтанд ороорой гэхээр нь 06 дугаар сарын 06-ны өдрөөс Улаанааг хяналтанд оруулах гээд нүд, шүд, мэдрэл, дотрын эмчид үзүүлж, бүх шинжилгээнүүдийг өгсөн. Тэгээд 7 хоног шахам эмнэлэгт дахиж үзүүлээгүй. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 20 минутанд намайг босоход Улаанаа нь манай хадам ээж Чимэддолгорын гэрээс дээл нөмөрсөн, царай нь цонхийсон нэлээн өвдсөн байдалтай гарч ирэхээр нь өвдөөд байна уу? Төрөх гээд байгаа юм уу? гэхэд Улаанаа надад хэлэхдээ бие засч байсан чинь нойлд пүл гээд доош юм уначихлаа гэхээр нь би дотроо төрчиж гэж бодоод хадам ээжийгээ сэрээгээд Улаанаа төрсөн байна гэж хэлсэн. Тэгээд Улаанааг цус алдаж магадгүй гээд эмнэлэг дээр аваачсан. Хүүхдийнхээ талаар надад ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Нярайн зүрхний цохилт, хөдөлгөөн, ус нь хэвийн байна гэж Таалай эмч хэлж байсан. /хх-ийн 33-34 хуудас/

            Гэрч Ч.Таалай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 05 дугаар сард билүү яг cap өдрийг нь санахгүй байна нэг эмэгтэй Должинсүрэнгийн Улаанаа гэдэг охин дагуулж орж ирээд үзүүлж байсан. Тэгээд тэр хүүхдийг үзэхэд Д.Улаанаа нь жирэмсний хяналтанд ороогүй, анх үзүүлж байсан ба жирэмсний тодорхойлолтыг нь гаргаж өгөхөд 32-33-н 7 хоногтой жирэмсэн байсан. Би тухайн хүүхдийн жирэмсний тодорхойлолтыг нь гаргаж өгөөд хяналтанд ороорой гэж хэлээд явуулсан. Дахиж тэр хүүхэд над дээр ирж үзүүлээгүй. Ээж нь юм уу, юу нь мэдэгдэхгүй нэг эмэгтэй дагуулж орж ирээд үзүүлсэн. 32-33 долоо хоногтой эмэгтэй хүн байсан. Биеийн байдал нь гайгүй байсан. Яг хэдний өдөр орж ирсэн талаар мэдэхгүй байна. Жирэмсний тодорхойлолтыг нь гаргаж өгөөд хяналтанд ороорой гэж хэлэхэд гараад явсан. Хяналтанд бол тухайн үед ороогүй байсан. Сүүлдээ эмчийн хяналтанд орсон эсэх талаар мэдэхгүй. Анх үзүүлэхэд хэвийн л жирэмсэн хүүхэн байсан. Ямар нэгэн согог гажиг байгаагүй. 32-33-н 7 хоногтой буюу 8 сартай жирэмсэн байсан байх. /хх-ийн 35 хуудас/

            Шүүгдэгч Д.Улаанаа мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэхдээ:… 2016 оны 06 дугаар сарын 04, 05-ны өдрийн орчим Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас Арвайхээр суманд байх Чимэддолгор эмээгийнд ирсэн. Тэгээд Чимэддолгорын хажуу айлын эгч Сайнзаяагийн хамт БОЭТөвд үзүүлж 4-5 хоног эмнэлгээр явсан. Намайг ЭХО-д үзүүлэхэд 6 capтай жирэмсэн байна гэсэн. Би жирэмсэн гэдгээ тухайн үед мэдсэн. Тэгээд Чимэддолгор эгчийнд 7-8 хоносон. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 04 цагийн орчимд Чимэддолгор эмээгийнд гэрийнх нь зүүн талын орон дээр унтаж байхад шээс хүрээд байхаар нь орноосоо босоод нойлд орж бие засчихаад буцаж гэрт ороод унтсан. Жаахан унтаж байгаад 05 цагийн орчимд дахиж сэрээд гарч нойлд бие засах гээд сууж байхад баас хүрээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд байхаар нь суугаад байсан чинь амьгүй хүүхэд төрсөн. Тэгээд хүүхэд ерөөсөө дуугарахгүй байхаар нь хүйгээ шүдээрээ таслаад хүүхдээ нойлд жаахан барьж суусан. Тэгээд эвгүй санагдаад байхаар нь нойлын ард хашаанд хавчуулсан байсан цагаан өнгийн фудволкоор биеийг нь ороогоод өмсөж байсан хар өнгийн оймсоо толгойд нь углаад өмсөж байсан дотоожоороо хүзүүг нь ороогоод баруун талын эзгүй айлын хашаанд байх нойлд хүүхдээ хийсэн. Тэгээд эмээгийнд ороод унтаж байхад 06 цагийн орчим шээс хүрээд байхаар нь нойлд ороод бие засах гэхэд эхэс гараад нойлд унасан. Тэгээд эмээгийнд орчихоод байж байтал дотор сонин болоод байхаар нь эмээгийн гэрээс гарахад Сайнзаяа эгч хашааныхаа хогийг цэвэрлээд байж байсан ба намайг яасан бэ? гэхээр нь би Сайнзаяа эгчид хүүхэд төрөөд нойлд уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт хэвтсэн. /хх-ийн 64-65, 67-68 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Д.Улаанаагийн нярай нь амьд төрсөн байна. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний дарагдлын ором бүхий өөрчлөлт тогтоогдож байна. Уг өөрчлөлт нь гадны хүчний нөлөөгөөр хагас дутуу материалын үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Талийгаач нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ. /хх-ийн 47-49 хуудас/

            Өвөрхангай аймгийн БОЭТөвийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №39 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч Д.Улаанаа нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэгээр өвдөж байгаагүй. Үзүүлэгч Д.Улаанаа нь сэтгэцийн болон төрөлхийн олдмол өвчин эмгэггүй. Үзүүлэгч Д.Улаанаа нь сэтгэцийн төрөлхийн болон олдмол өвчин эмгэггүй. Үзүүлэгч Д.Улаанаа нь 2016 оны 06 дугаар сарын 21-ний шөнө буюу хэрэг гарах үедээ сэтгэцийн олдмол болон төрөлхийн өвчин эмгэгээр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч Д.Улаанаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Үзүүлэгч Д.Улаанаа нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. /хх-ийн 58 хуудас/  

            Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1, 7-22 хуудас/

            Шүүгдэгч Д.Улаанаагийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн болон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 564 тоот тодорхойлолтууд, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 81, 88, 90-92 хуудас/

            Шүүгдэгч Д.Улаанаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуудас/ зэрэг болно.

            Шүүгдэгч Д.Улаанаа нь сэтгэл санааны гүнзгий хямралын үед буюу 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 05 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг 30-02 тоотод нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүгдэгч Д.Улаанаагийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Анхбаярын энэ хэрэг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багт үйлдэгдсэн байсан. Хэргийн материалтай танилцаад Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг судлаад үзэхэд шүүгдэгч Д.Улаанаа нь энэ гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь тогтоогдсон гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Анхбаярын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Д.Улаанаа нь айлд байж байгаад гадаа төрчихөөд хүүхдээ алсан юм байна лээ. Би Хүүхэд гэр бүлийн хөгжлийн Өвөрхангай аймаг дахь хэлтсийг төлөөлж уг хэрэгт хохирогчоор орж байна. Тухайн хүүхдийн амьд явах эрх зөрчигдсөн гэж үзэж байна. Гэрч Б.Должинсүрэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны орчимд Чимэддолгор эгчээс Улаанааг асуухад 8 сартай жирэмсэн гэж хэлсэн. Гэрч Д.Золзаяагийн Н.Сайнзаяа нь надад хэлэхдээ Улаанааг эмнэлгээр үзүүлэхэд жирэмсэн байна гэнээ гэж хэлсэн. Гэрч Н.Сайнзаяагийн 2016 оны 06 дугаар сарын эхээр манай хадам ээж Чимэддолгорын хамаатан Улаанаа гэх эмэгтэй Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас Арвайхээр суманд ирсэн. Тэгээд би 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу хагас сайн өдөр Улаанааг хувийн эмнэлэгт ЭХО-д харуулахад 8 сартай жирэмсэн байна, нярайн зүрхний цохилт, хөдөлгөөн, ус нь хэвийн байна гэж Таалай эмч хэлж байсан. 2016 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 06 цаг 20 минутанд намайг босоход Улаанаа нь манай хадам ээж Чимэддолгорын гэрээс дээл нөмөрсөн, царай нь цонхийсон нэлээн өвдсөн байдалтай гарч ирэхээр нь өвдөөд байна уу? Төрөх гээд байгаа юм уу? гэхэд Улаанаа бие засч байсан чинь нойлд пүл гээд доош юм уначихлаа гэхээр нь би дотроо төрчиж гэж бодоод хадам ээжийгээ сэрээгээд Улаанаа төрсөн байна гэж хэлсэн. Гэрч Ч.Таалайн Д.Улаанаа нь жирэмсний хяналтанд ороогүй, анх үзүүлж байсан ба жирэмсний тодорхойлолтыг нь гаргаж өгөхөд 32-33-н 7 хоногтой буюу 8 сартай жирэмсэн байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн БОЭТөвийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №39 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч Д.Улаанаагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Д.Улаанаад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Улаанаа нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Д.Улаанаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1.Дамдин овогт Должинсүрэнгийн Улаанааг сэтгэл санааны гүнзгий хямралын үед нярай хүүхдээ төрмөгц алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар шүүгдэгч Д.Улаанаад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Улаанаад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Д.Улаанаа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Улаанаад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Д.Улаанаагийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Д.Улаанаад мэдэгдсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Улаанаад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ